Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 2025/ДШМ/783

 

2025                06            25                                        2025/ДШМ/783

 

М.Ц-эд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Ц.Оч, шүүгч Г.Ганбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Л.Төгсжаргал,

шүүгдэгч М.Ц, түүний өмгөөлөгч Н.Эрдэнэбилэг,

нарийн бичгийн дарга Э.Даваадулам нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 2025/ШЦТ/1095 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Эрдэнэбилэгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч М.Ц-эд холбогдох эрүүгийн 2406014060184 дугаар хэргийг 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Ганбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн М-ын Ц, **** оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ** настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт ******** дүүргийн ** дугаар хороо, дунд **** ****** **-****тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: ***********/;

Урьд: Баянзүрх дүүргийн шүүхийн 2001 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 622 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 247 дугаар зүйлийн 1-д зааснаар 30.000 төгрөгөөр торгох ял,

Замын-Үүд дэх Сум дундын 9 дүгээр шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 36 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 175 дугаар зүйлийн 175.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, ялын 1 жилийн хугацаагаар тэнссэн.

Шүүгдэгч М.Ц- нь урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд  оруулж, хуурч 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Г.Н-аас 6,000,000 төгрөгийг залилж авсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: М.Ц-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: “...Шүүгдэгч М.Ц-ийг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хуурч бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ц-ийг 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ц-эд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагаар тогтоож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ц нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлэх ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг анхааруулж, гэмт хэргийн улмаас хохирогч Г.Н-д 6,000,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд тухайн хохирлыг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох тухай Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 101/ШШ2024/05068 дугаартай захирамж хуулийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа болохыг дурдаж, шүүгдэгч М.Ц энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Эрдэнэбилэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...М.Ц нь Сансар худалдааны төвд лангуу түрээслэн үйл ажиллагаа явуулж байх хугацаандаа Г.Н-тай танил болж хэд хэдэн удаагийн үйлдлээр мөнгө зээлсэн байдаг. Тодруулбал, 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 5,000,000 төгрөгийн зээлийг сарын 8 хувийн хүүтэйгээр, 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдөр 8,000,000 төгрөгийн сарын 8 хувийн хүүтэйгээр, 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 6,000,000 төгрөгийн зээлийг буюу нийт 19,000,000 төгрөгийн зээлийг авсан байдаг ба тодорхой хэсгийг буцаан төлсөн. Үүнээс 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Г.Н-аас зээлсэн 6,000,000 төгрөгийн зээлийг авахдаа тухайн зээлээр өөрийн төрсөн эх болох С.О-ы Хаан банктай байгуулсан тэтгэврийн зээлийг хаалгаж, нэмж зээл авахуулан Г.Н- төлөх зээлийн өр төлбөрөө бүхэлд нь төлж барагдуулна гэдгээ илэрхийлсэн. Улмаар авсан зээлээсээ Хаан банкин дахь өөрийн охины эзэмшлийн дансанд шилжүүлж С.О-ы зээлийг хаалгахаар хамт явуулахад С.О- нь тэтгэвэр авдаг банкаа Голомт банкаар солиулснаас үүдэж Хаан банкинд тэтгэврийн зээлийн өрийн хуримтлал бий болж, улмаар Монгол банкин дахь найдваргүй зээлдэгчийн ангилалд шилжсэн байсан.

Тэрнээс үүдэж С.О-д дахин тэтгэврийн зээл гарах боломжгүй нөхцөл байдал үүсч, улмаар Ц- нь Н-с зээлсэн нийт 16,000,000 төгрөгөө төлөх боломжгүй нөхцөл байдал үүссэн. Тэтгэврийн зээл гарах боломжгүй гэх нөхцөл байдлын талаар М.Ц- анхнаасаа мэдээгүй бөгөөд сүүлд банкин дээр очиж уулзахдаа анх олж мэдсэн байдаг. Энэ бүх үйл явдлыг Г.Н- нь М.Ц-ийн хамтаар банкинд очсоноор  мэдсэн бөгөөд энэ тухайгаа шүүх хуралдааны явцад тайлбарласан байдаг. Дээрх үйл баримтаас үзэхэд М.Ц- нь анхнаасаа 6,000,000 төгрөгийн зээлийг буцаан төлөх санаа зорилгогүйгээр бус өмнө нь авсан бусад зээлийн хамтаар төлж барагдуулах хүсэл зоригтой байсан нь илэрхий байхад анхан шатны шүүхээс зээлийн төлбөрийг буцаан төлөх бодит боломжгүй гэдгээ мэдсээр байж боломжтой мэтээр итгүүлж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 6,000,000 төгрөгийг авсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилан мэхлэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна” гэж дүгнэж гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй юм. Мөн талуудын хооронд үүссэн 6,000,000 төгрөгийг өгч, авсан харилцаа нь Иргэний эрх зүйн харилцаа буюу гэрээний үүрэгтэй холбоотой шаардах эрхийн үндсэн дээр үүссэн болох нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 101/ШШ2024/05068 дугаар захирамжаар шууд нотлогддог. Тус захирамжаас үзэхэд Г.Н- нь нийт 16,000,000 төгрөгийн зээлийг М.Ц-ээс шаардсаныг М.Ц- нь хүлээн зөвшөөрч төлж барагдуулахаа илэрхийлсэн тул дээрх Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж гарснаар зээлийн гэрээнээс үүдэлтэй Иргэний эрх зүйн харилцаа болох нь нотлогдож байна. Нэгэнт зээлийн төлбөр гээд иргэний журмаар шаардаж шийдвэрлүүлсэн зээлийг эрүүгийн гэмт хэргийн хохирол төлбөр гэж үзэх боломжгүй тул гэмт хэргийн улмаас Г.Н-д 6,000,000 төгрөгийн хохирол учирсан гэх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй байна. Дээрх үндэслэлээр М.Ц-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангахгүй байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү ...” гэв.

Шүүгдэгч М.Ц- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Банк дээр очиход зээлийн ангилал буурсан талаар мэдээгүй. Гэтэл ээжийн төрийн банкны дансанд өөрийг нь мэдээгүй байхад орчихсон байсан ба Хаан банкнаас 2 сарын төлөлт хийгдээгүй байна гэсэн. Хаан банкнаас уг асуудлыг талаар тодруулахад 2 сарын төлөлт хийгдээгүй тул зээлийн ангилал буурсан байсан. Зарим мөнгө нь зээлийн хүүтэй, зарим нь хүүгүй гэх мэт ялгаатай. Түүний тооцоолол хэрэгтэй байсан. Мөн манай дүү 10 дугаар сард хавдартай болсон гээд хувийн байдалтай холбоотой байсан. Би өнгөрсөн 12 дугаар сард мөнгөө төлж чадахгүй байна гэсэнд барьцаа өг гэсэн. Тэгэхээр нь нотариат дээр очин газар шилжүүлэх эрхээ батлуулж өгсөн...” гэв.

Прокурор Л.Төгсжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч М.Ц-ийн өмгөөлөгчийн зүгээс уг маргаан нь иргэний эрх зүйн харилцааны хүрээнд хамаарч байгаа, учир нь хохирогч Г.Н- 6,000,000 төгрөгийг зээлийн хэлбэрээр өгсөн бөгөөд энэ асуудлыг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2024 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн захирамжаар шийдвэрлэсэн тул ижил агуулгатай асуудлыг давхар эрүүгийн журмаар шийдвэрлэж буй нь хууль зүйн үндэслэлгүй байна гэж тайлбарлаж байна. Гэсэн хэдий ч прокурорын зүгээс дүгнэхдээ, тодорхой төрлийн гэмт хэргийг эрүүгийн журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн харилцаа иргэний журмаар хөндөгдсөн эсэхээс үл хамааран Эрүүгийн хуулиар хамгаалагдаж буй нийгмийн харилцааг зөрчсөн, гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй эсэхийг тогтоох шалгуурт тулгуурлан явагддаг үйл явц юм. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар иргэд хоорондын эдийн болон эдийн бус эрх, үүргийн маргааныг зохицуулдаг бол эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн этгээд гэмт хэрэг үйлдсэн эсэх, үйлдэл нь хуульд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнд нийцэж байгаа эсэх, түүний сэдэл, арга, санаа зорилго зэргийг үндэслэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг шийдвэрлэдэг. Шүүхээс уг хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа, нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчийн үйлдэл нь залилах гэмт хэргийн шинжийг агуулсан байна гэж дүгнэж, гэм буруугийн асуудлыг шийдвэрлэсэн. Харин хохирлын хэмжээг тогтоох, хохирлыг барагдуулах асуудал нь тухайн гэмт хэргийн хор уршгийн үр дагавар тул шүүхээс гэм буруугийн асуудлыг эхлээд шийдсэний дараа хохирол нөхөн төлүүлэх шаардлагын талаар шийдвэр гаргах нь зүй ёсны хэрэгжилт болно. Мөн шүүхийн шийдвэрт “иргэний журмаар хохирлыг барагдуулах асуудал шийдвэрлэгдсэн учраас давхардуулан шийдвэрлэх шаардлагагүй” гэж дүгнэсэн нь тухайн хохирол хоёрдогч асуудал бөгөөд гол нь гэмт хэргийн үйлдэл, санаа зорилго, төөрөгдүүлсэн үйлдлийн мөн чанарт дүгнэлт өгсөнтэй холбоотой юм.  Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан нотлох баримт, мөрдөн шалгах ажиллагааны үр дүн, Эрүүгийн хуулийн холбогдох заалтуудад нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй шийдвэр болсон гэж прокурорын зүгээс үзэж байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж, дүгнэхэд шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх хууль ёсны шаардлагыг хангаагүй байх бөгөөд шүүгдэгчид холбогдох залилах гэмт хэргийг  цагаатгаж шийдвэрлэх дараах үндэслэл, үйл баримт тогтоогдож байна. Үүнд:  

1. Яллах ба цагаатгах талын бүхий л нотлох баримтыг харьцуулан шалгаж, үнэлэн дүгнэхэд шүүгдэгчид холбогдох залилах гэмт хэргийн шинж бүрэн нотлогдож тогтоогдоогүй байна.

1.1. М.Ц- нь зээлийн үйл ажиллагаа явуулж байсан Г.Н-аас хүсэл зоригоо тухай бүр харилцан чөлөөтэй, бодитой илэрхийлж, тохиролцсоны үндсэн дээр 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 5,000,000 төгрөгийн зээлийг сарын 8 хувийн хүүтэй, 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдөр 8,000,000 төгрөгийн зээлийг сарын 8 хувийн хүүтэй, 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 6,000,000 төгрөгийн зээлийг мөн хүүтэй нийт 19,000,000 төгрөгийг зээлээр авсан болох нь:   

- хохирогч Г.Н-ийн“... Би 2021 оны 06 дугаар сарын үед Сансар худалдааны төвд танилаараа дамжуулан Ц- гэх хүнтэй танилцсан. Тухайн эмэгтэй Сансар худалдааны төвд лангуу түрээслэн ажиллуулдаг байсан. Тэр цагаас хойш тухайн эмэгтэй надаас мөнгө зээлээд эргүүлж өгөөд явж байсан. 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Ц “өөрийн охиндоо өгөх хэрэгтэй байна” гээд өөрийн банкны дансанд 5,000,000 төгрөг шилжүүлэн авсан. Тухайн мөнгөө өгөөгүй байж байгаад дахиад мөнгө хэрэгтэй гээд 8,000,000 төгрөг авсан. Тухайн мөнгөнөөсөө надад эргүүлэн 3,000,000 төгрөг буцаан өгсөн. Дээрх мөнгийг бид хоёр харилцан тохиролцсоны үндсэн дээр шилжүүлсэн. Түүний дараа буюу 2024 оны 01 дүгээр сарын 29-нд өдөр Ц “өөрийн чинь мөнгийг төлье, яаралтай 6,000,000 төгрөг шилжүүлчих, би ээжийнхээ тэтгэврийн зээлийг хаагаад Голомт банкнаас зээл аваад өөрийн чинь мөнгийг 2 дугаар сарын 2-ны өдөр гэхэд төлж барагдуулна.” гэхээр нь би Голомт банк үнэхээр зээл өгч байгаа эсэхийг тодруулахад зээл өгч байгаа гэсэн хариу аваад Ц-ийн хаан банкны дансанд өөрийн данснаас 6,000,000 төгрөг шилжүүлсэн.../хх-20-21, 50/...Зээл авахдаа үйл ажиллагааныхаа зардалд зарцуулна гэдэг байсан.../хх-117/,

- М.Ц-ийн гэрч, яллагдагчаар: “Н хүмүүст хүүтэй мөнгө зээлдэг юм. Тухайн үеэсээ эхлэн би Н-аас 8 хувийн хүүтэй мөнгө зээлж эхэлсэн. Мөнгө зээлээд буцааж өгөөд явж байгаад 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр надад мөнгөний хэрэг гараад Н- гэх хүнээс 6,000,000 төгрөг зээлсэн. Би тухайн мөнгийг ээж О-ы тэтгэврийн зээл аваад 2024 оны 02 дугаар сарын 05-ны үеэр өгнө гэж зээлсэн. Би тухайн мөнгийг өөрийн хаан банкны дансаар шилжүүлж авсан. Тэрнээс хойш би Н-ийн мөнгийг эргүүлэн өгөх гээд ээжийнхээ тэтгэврийн зээлийг авах гэсэн боловч хэвийн бус зээлдэгч гээд зээл нь гарахаа больчихсон байсан. Би Н-ийн мөнгөний оронд өөрийнхөө ********** дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр ******** байх 699 мкв талбайтай зуслангийн газрын эзэмших гэрчилгээг өгчихсөн байгаа.../хх-25, 47/...Анх лангуу ажиллуулж байснаа болиод гэрийн боорцог хийх ажлыг өөр газарт түрээсэлсэн байсан боловч ажлаа хийж чадаагүй, дүү 2024 оны 1 сард хавдар туссан тул эмнэлгээр дүүгээ дагуулж явсан, мөн оны 8 сард бэр нь менингит тусч, эмнэлгээр явсаар өр төлбөрөө төлж чадаагүй /хх-113-114/ гэх мэдүүлэг,

- М.Ц-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээ, тус эзэмших эрхээ шилжүүлэх гэрээ /хх-35,36/ зэрэг үйл баримттай байна.   

1.2. Залилах гэмт хэргийн сэдэлт, зорилгыг эргэлзээгүй бөгөөд хангалттай нотолсон баримтгүй буюу нотлогдоогүй байх тул залилах гэмт хэрэгт гэм буруутайд тооцохгүй зарчим үйлчилнэ. 

1.2.1. Анхнаасаа залилах гэмт хэргийн сэдэлт, зорилготой байсан гэж үзэх үндэслэлгүй, харин иргэд хооронд хийгдсэн зарим зээлийн эргэн төлөлтийн зохих маргаан үүсэж, улмаар иргэний хэргийн анхан шатны шүүхээр эцэслэгдэн шийдвэрлэгдсэн байтал дээрх зээлийн нийт дүнгээс зарим зээлийг тусгаарлан авч, залилах гэмт хэргийн шинжтэй гэж яллах үндэслэл тогтоогдсонгүй.   

Тодруулбал, М.Ц- нь Г.Н- нарын урьд өмнө богино бус хугацаанд зээл өгөх, авах харилцаатай байсан байх ба өөр хооронд үүссэн зарим зээл, түүний хүүний  эргэн төлөлтийн асуудалд маргаан үүссэн боловч тус маргааныг иргэний шүүхээр эцсийн байдлаар хянан шийдвэрлэсэн буюу Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 101/ШШ2024/05068 дугаар захирамж хүчин төгөлдөр үйлчлэлтэй байна.   

Тус захирамжаас үзвэл: М.Ц- нь Г.Н-аас 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 5,000,000 төгрөгийн зээлийг сарын 8 хувийн хүүтэй авч, 4.400.000 төгрөг, 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдөр 8,000,000 төгрөгийн сарын 8 хувийн хүүтэй авч, үндсэн зээлийн төлбөрт 3000,000 төгрөг, хүүд 2.360.000 төгрөг төлсөн, 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 6,000,000 төгрөгийн зээл төлөгдөөгүй, газар эзэмших эрхээ шилжүүлэх гэрээг байгуулсан боловч Сүхбаатар дүүргийн газар зохион байгуулалтын албанаас шилжүүлэх боломжгүй гэж мэдэгдсэн хэмээн тайлбар гаргаж, улмаар төлөгдсөн хүүг оруулахгүйгээр хасаж, нийт 16.226.189 төгрөг нэхэмжилснийг М.Ц- хүлээн зөвшөөрснөөр, тэдний эвлэрлийг баталж, эцэслэн шийдвэрлэгдсэн /хх-94-95/ байна.      

1.2.2. М.Ц- газар эзэмших эрхээ Г.Н-д шилжүүлсэн нь   баримттай байх тул энэ нь зээлээ төлөх хүсэл зориг, арга зам, талуудын тохиролцоог илэрхийлнэ, харин төрийн эрх бүхий байгууллагаас тус эрхийг шилжүүлээгүй үндэслэл, шалтгааны талаарх баримтгүй боловч энэ нь М.Ц-ээс үл хамаарах  нөхцөл байдал учраас залилах гэмт хэргийн сэдэлт, зорилгыг илэрхийлэхгүй болно.

1.2.3. М.Ц- нь тухайн авсан зээлээ хэрхэн зарцуулсан нь анхнаасаа буцаан өгөхгүй байх гэмт сэдэлт, зорилготой байсан гэж үзэх үндэслэл болохгүй байна.       

Хэргийн үйл баримтаас үзэхэд, М.Ц-ийн хувьд “лангуу” түрээслэн ажиллуулдаг байсан гэх ба энэ талаар буюу дээрх зээлийг үйл ажиллагаандаа зарцуулна гэж авсан тухай хохирогч мэдүүлсэн байхаас гадна хамгийн сүүлд 6 сая төгрөг зээлсэн өдрөө 3.800.000 төгрөгийг бараа /гүйлгээний утга/ гэж шилжүүлсэн баримт /хх-71/ байх төдийгүй М.Ц- шүүх хуралдаанд“...тус лангуугаа болиод гэрийн боорцог хийх ажлыг өөр газарт түрээсэлсэн байсан боловч ажлаа хийж чадаагүй, дүү 2024 оны 1 сард хавдар туссан тул эмнэлгээр дүүгээ дагуулж явсан, мөн оны 8 сард бэр нь менингит тусч, эмнэлгээр явсаар өр төлбөрөө төлж чадаагүй /хх-113-114/ талаар мэдүүлсэн байна.  

Мөн 2 тал Голомт банкнаас “тэтгэврийн зээл гарна” гэсэн ерөнхий мэдээлэл авсан, улмаар энэ дагуу М.Ц- үлдэгдэл зээл ба зээлийн хүүг төлөхийн тулд Голомт банкнаас 75 настай ээжийнхээ 500.000 төгрөгийн үнийн дүн бүхий тэтгэврийг барьцаалан 16.000.000 төгрөгийн зээл авахаар хандсан байх /хх-114/ боловч Монгол банкны зээлийн мэдээллийн сангийн түүхэнд ангилал буурсан, хэвийн бус ангилалд хамаарсан, түүнчлэн тийнхүү тэтгэврийн 16 сая төгрөгийн зээл олгогдоогүй бусад үндэслэл, шалтгааны хувьд өндөр настны тэтгэврийн зээлийн хэмжээнд тавигдах зохих хязгаарлалт бүхий шийдвэртэй эсхүл тэтгэврийн хэмжээ ба их хэмжээний зээлийн дүнгийн харьцаа зэрэгтэй холбоотой эсэхийг нотолж тогтоогоогүй байна.       

Өөрөөр хэлбэл, М.Ц-ийн хувьд анхнаасаа бусдаас авсан зээлийг зохих үйл ажиллагаандаа зарцуулсан нь үгүйсгэгдээгүй байх төдийгүй ар гэрийн амьдрал ахуй, хамаарал бүхий хүмүүсийнх нь эрүүл мэндийн байдалтай холбоотойгоор буюу түүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлаас шалтгаалан зээлийн зарим хэсгийг өөр зүйлд  зарцуулах, өр төлбөр төлөх хугацаа алдах, өр төлбөрөө төлөх арга зам, эх сурвалж, үйл ажиллагаанд нь зохих саад бэрхшээл учирсан зэрэг тохиолдол үүссэн байх нь иргэд хоорондын гэрээ, хэлцлийн биелэлтэд учирсан эрсдэлт нөхцөлд хамаарах үндэслэл болно.            

Тийм учраас, тус эрүүгийн хавтаст хэрэгт эргэлзээгүй бөгөөд хангалттай нотлох баримтгүй байхад М.Ц-ийг анхнаасаа залилах гэмт хэрэг үйлдэх сэдэлт, зорилготой байсан гэж таамаглах буюу эрх зүйн байдлыг нь дордуулан дүгнэх боломжгүй, хэргийн бодит байдал, үүний дотор сэдэлт зорилгод хамаарах үйл баримтыг тогтоох асуудал нь мөрдөгч, прокурорын чиг үүрэгт хамаарах боловч тус гэмт сэдэлт, зорилго хөдөлбөргүйгээр нотлогдоогүй байна.       

2. Хууль ёсны зарчим бол хууль хэрэглэх үйл ажиллагаанд заавал баримтлах суурь үзэл баримтлал болдог.      

Хууль ёсны зарчмын дагуу зөвхөн Эрүүгийн хуулиар тусгайлан тогтоосон үйлдэл, эс үйлдлийг гэмт хэрэгт тооцдог, Эрүүгийн хууль нь тодорхой зохицуулалттай ба шууд, яв цав хэрэгжих, хэрэглэгдэх үйлчлэл бүхий имперавтив хэм хэмжээ учраас тус хуулийг төсөөтэй хэрэглэх буюу үзэл бодол, төсөөлөх байдлаар тайлбарлан хэрэглэх боломжгүй.

Тодруулбал, зөвхөн хуулийн нэр томъёоны тодорхойлолтоор аливаа гэмт хэргийн шинжийг төсөөлж дүрслэн нотлох эсхүл үгүйсгэх боломжгүй бөгөөд тухайн гэмт хэргийн шинжийг тогтоохын тулд :     

- эрүүгийн хэрэгт цугларч, бэхжигдсэн, судлан шинжлэгдсэн яллах болон цагаатгах талын бүхий л нотлох баримтын эх сурвалжуудыг тус хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хангалттай, нотолгооны чадвартай, эргэлзээгүй эсэх зэрэг нотолгооны стандарт шаардлагын дагуу бүрэн, нягт, бүрэн, бүх талаас нь харьцуулан шалгаж, үнэлж дүгнэсний эцэст хэргийн болж өнгөрсөн жинхэнэ нөхцөл байдлыг бүрэн, бодитой сэргээн тогтоож, энэ  тухай хууль ёсны ба үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх,

- нотолгооны стандарт шаардлагыг бүрэн хангаж буй яллах эсхүл цагаатгах аль нэг талын нотлох баримтын эх сурвалжид бүрэн тулгуурлаж, улмаар гэмт хэрэг зүйлчлэх онол, эрүүгийн хуулийг тайлбарлах арга зүйг ашиглаж, тухайн залилах гэмт хэргийн шинж бүрэн нотлогдсон эсхүл үгүйсгэгдэн няцаагдаж байгаа эсэхийг эргэлзээгүй бөгөөд хангалттай үндэслэлээр дүгнэсэн байх шаардлага тавигддаг.    

Гэтэл прокурор, анхан шатны шүүхээс “М.Ц-эд холбогдох хэргийн бодит байдал буюу залилах гэмт хэргийн шинж” хангагдсан эсэхийг тогтоохдоо зөвхөн яллах нэг талыг барьсан, харин иргэний эрх зүйн маргааны шинжийг нотолсон буюу цагаатгах талын нотлох баримтын эх сурвалжууд авагдсан байтал тэдгээрт тулгуурлан дүгнэлт хийгээгүй буюу үгүйсгэж няцааж чадаагүй, мөн иргэд хоорондын зээл төлөлтийн маргааныг эцэслэн шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр гэж үзсэн атлаа иргэний эрх зүйн маргаанаас залилах гэмт хэргийн шинжийг ялган зааглахгүйгээр холимог буюу ойлгомжгүй байдлаар зарим дүгнэлт хийсэн байх бөгөөд цагаатгах талын нотлох баримтын эх сурвалжууд хангалттай байх ба тэдгээрийг үгүйсгэн няцаах боломжгүй буюу яллах талын нотлох баримт хангалтгүй болох нь дээрх 1 дэх хэсэгт заасан нотлох баримт бүхий үндэслэлүүдээс илэрхийлэгдэж байна.            

3. Дээрх үндэслэл, үйл баримтын хүрээнд:

Шүүгдэгч М.Ц-ийг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд  оруулж, Г.Н-аас 6,000,000 төгрөгийг залилж авсан гэмт хэрэг үйлдсэн болохыг хөдөлбөргүй нотолж  чадаагүй буюу эргэлзээгүй бөгөөд хангалттай нотлох баримтгүй, харин М.Ц- ба Г.Н- нарын хооронд үүссэн зээлийн харилцаа, түүний эргэн төлөлтийн маргаан нь Иргэний хуульд заасан буюу иргэний эрх зүйн маргааны шинжтэй болох нь нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасан залилах гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр түүнд холбогдох гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иймд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 2025/ШЦТ/1095 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч шийдвэрлэлээ.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар шүүгдэгч М.Ц-эд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.   

2. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 2025/ШЦТ/1095 дугаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгосугай.  

3. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

                            ШҮҮГЧ                                                           Ц.ОЧ

 

                            ШҮҮГЧ                                                           Г.ГАНБААТАР