| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбодорж Ганбаатар |
| Хэргийн индекс | 2502002250181 |
| Дугаар | 2025/ДШМ/818 |
| Огноо | 2025-07-03 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | Г.Янжиндулам |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 2025/ДШМ/818
2025 07 03 2025/ДШМ/818
Э.М-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Т.Шинэбаяр, шүүгч Г.Ганбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Г.Янжиндулам,
шүүгдэгч Э.М, түүний өмгөөлөгч М.Сугар, Х.Баатарбилэг,
нарийн бичгийн дарга Э.Даваадулам нарыг оролцуулан,
******, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 2025/ШЦТ/1480 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч М.Сугарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Э.М-д холбогдох эрүүгийн 2502002250181 дугаартай хэргийг 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Ганбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.
Т овгийн Э-ы М, **** оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт ******* дүүргийн * дугаар хороо, ****-** тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /PД: *******/,
Э.М- нь 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдөр ****** дүүргийн 3 дугаар хороо, **** байрны ** тоотод НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг делта-9 тетрагидроканнибинолын агууламж бүхий өвс мэт зүйлийн цэвэр жин нь 2,6 грамм жинтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.
Нийслэлийн прокурорын газраас: Э.М-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ.
******, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: “...Шүүгдэгч Э.М-г “Хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М-г 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М-д оногдуулсан хорих 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг баримтлан Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх хэлтсийн мөрдөн шалгах газарт хадгалагдаж байгаа 2 ширхэг хуйлсан 50 төгрөгийн мөнгөн дэвсгэртүүдийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Монгол банкинд шилжүүлж, дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” мэт зүйлийн цэвэр жин нь 2,6 грамм, цагаан өнгийн шаазан аяга 1 ширхэг, 3 хэсэг сахлын хутганы ир зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц зохих журмын дагуу устгахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Э.М- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Сугар давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Шүүгдэгч Э.М- нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргаагүй тул анхан шатны шүүхийн гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар хийсэн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч, маргаагүй болно. Харин анхан шатны шүүхээс Э.М-д 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь хэргийн байдал болон хувийн байдалд тохироогүй гэж үзэж хүлээн зөвшөөрөхгүй байна.
Э.М- нь өөрийн хийсэн үйлдэлд дүгнэлт хийж, гэмшиж, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч маргаагүй бөгөөд өөрийн үйлдлийн хор уршиг, ур дагаврыг ухамсарласан бөгөөд урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй анх удаа гэмт хэрэг үйлдсэн тул түүнийг нийгмээс тусгаарлахгүйгээр, хорихоос өөр төрлийн ял оногдуулж, нийгмийн орчинд хүмүүжүүлэн нийгэмшүүлэх нь хүний эрх, хууль ёсны зарчимд нийцэхээс гадна давтан гэмт хэрэг үйлдэхээс сэргийлэх арга зам гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүх эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтэд нөлөөлж болох дээрх нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулсан гэж үзэж байгаа тул дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч Э.М-д оногдуулсан хорих ялыг өөрчилж хорихоос өөр төрлийн ялаар сольж, түүнд оногдуулсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Баатарбилэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Э.М-гийн өмгөөлөгч М.Сугарын гаргасан гомдлыг өмгөөлөгчийн зүгээс бүрэн дэмжиж байгаагаа илэрхийлж байна. Эрүүгийн хуулийн хүрээнд эрүүгийн хариуцлага оногдуулахдаа шүүхээс баримтлах хэд хэдэн чухал зарчим, хууль зүйн үндэслэл байдаг. Тухайлбал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хувь хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, мөн гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд чиглэнэ гэж тодорхойлсон. Эрүүгийн хариуцлага оногдуулахдаа гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хор уршиг, хохирлын хэмжээ, гэм буруутай этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь бодитой үнэлж, ял сонгох ёстой гэж хуульд тодорхой заасан байдаг. Гэвч анхан шатны шүүх уг зарчмыг бүрэн гүйцэт хангаагүй гэж өмгөөлөгч үзэж байна. Шүүгдэгч Э.М-гийн хувьд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал зэргийг харгалзан үзвэл, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлд заасан санкцын хүрээнд хорихоос өөр төрлийн, тухайлбал зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх бүрэн боломжтой гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Э.М- нь өмнө нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, анх удаа гэмт хэрэгт холбогдсон, цэргийн албаа хаасан, мөн тухайн хэрэг нь зохион байгуулалттай бус гэмт санаа төлөвшсөн байдал харагдахгүй, тухайн үедээ буруу хүмүүстэй харилцсан, хууль эрх зүйн ойлголт муутай, туршлагагүй, уруу татагдсан нөхцөлд үйлдэгдсэн байж болзошгүй зэрэг нөхцөл байдал нь нотлох баримтуудаар хангалттай илэрч байна. Иймд дээр дурдсан хууль зүйн үндэслэл, нөхцөл байдлыг харгалзан, анхан шатны шүүхээс шүүгдэгчид оногдуулсан нэг жилийн хорих ялыг нэг жилийн хугацаатайгаар зорчих эрхийг хязгаарлах ялаар өөрчилж, хорихоос өөр төрлийн ялаар шийтгэж өгнө үү...” гэв.
Шүүгдэгч Э.М- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Гэм буруутай зүйл хийснээ ойлгож байна” гэв.
Прокурор Г.Янжиндулам тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Э.М-гийн үйлдсэн гэмт хэргийн шинж, түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг харгалзан үзэхэд анхан шатны шүүхээс түүнд нэг жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй, бодит нөхцөл байдалтай нийцсэн шийдвэр байсан гэж прокуророос үзэж байна. Нэгдүгээрт, уг хэрэг нь Монгол Улсын эрүүгийн хуулийн Тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг бөгөөд энэ төрлийн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн хорьдугаар бүлэгт буюу олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэгт хамаардаг. Энэ төрлийн гэмт хэрэг нь зөвхөн өөртөө хэрэглэсэн байхаас гадна бусад хүнийг уруу татах, донтуулах, дахин хэрэглэх зуршил бий болгох өндөр эрсдэлтэй, нийгэмд хор хохиролтой гэж тооцогддог. Иймд мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт эрүүгийн хууль болон олон улсын эрх зүйн хэм хэмжээний дагуу хатуу ялын бодлого баримтлах шаардлага тавигддаг. Хэргийг мөрдөн шалгах явцад тогтоогдсон бодисын төрөл, хадгалсан хэмжээ зэргийг харгалзан үзэхэд шүүгдэгчид оногдуулсан нэг жилийн хорих ял нь тухайн зүйлийн хүрээнд заасан хамгийн бага хугацааны хорих ял бөгөөд энэ нь түүний хувийн байдал буюу өмнө нь ял шийтгэл хүлээж байгаагүй, анх удаа гэмт хэрэгт холбогдсон зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж шийдвэрлэгдсэн болно. Мөн өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгчийг их сургуульд суралцдаг, оюутан гэдгийг онцолж байгаа боловч хэргийн материалд тухайн этгээд нь их сургуульд албан ёсоор суралцаж буйг нотлох баримт байхгүй. Харин түүний өөрийн болон ээжийнх нь мэдүүлгээр байнгын бус, түр хугацааны ажил хийдэг гэж мэдүүлсэн байгаа нь тогтоогдсон. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзвэл, шүүгдэгчид оноосон хорих ял нь Эрүүгийн хуулийн заалтад нийцсэн, үндэслэл бүхий шийдвэр гэж прокуророос дүгнэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэх саналтай байна” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж, дараах байдлаар дүгнэлт хийв. Үүнд:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 16.2 дугаар зүйл, 32.3 дугаар зүйлд зааснаар тухайн шүүгдэгч Э.М-д холбогдох хэргийн бодит байдлыг тогтоох ажиллагаа болон тус хэрэгт цугларч, бэхжигдсэн нотлох баримтын эх сурвалжууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмыг зөрчсөн эсхүл оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэж үзэх үндэслэл, үйл баримт тогтоогдсонгүй.
2. Анхан шатны шүүхээс хэргийн бодит байдлыг тогтоож, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг хянан шийдвэрлэхдээ шүүх хуралдааны оролцогч, талуудын эрхийг хангаж, тэдний шинжлэн судалсан нотлох баримт болон санал, дүгнэлтийг харьцуулан шалгаж, үнэлсний үндсэн дээр шүүгдэгч Э.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон, хэргийн зүйлчлэлийн талаар хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.
Тодруулбал, шүүгдэгч Э.М- нь 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдөр ****** дүүргийн 3 дугаар хороо, **** байрны ** тоотод НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг делта-9 тетрагидроканнибинолын агууламж бүхий, цэвэр жин 2,6 грамм жинтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хадгалсан болох нь:
- гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-06/,
- нэгжлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд “...М-гийн амьдардаг гэх ****** дүүргийн 3 дугаар хорооны **** дугаар байрны ** тоот орон сууцанд...нэгжлэг хийж,...хаалгатай шургуулгын дээд талаас тунгалаг өнгийн гялгар ууттай ногоон өнгийн өвс, ургамал мэт зүйл...тагтны хэсгээс тунгалаг өнгийн гялгар ууттай ногооон өнгийн өвс, ургамал мэт зүйл...угаалгын өрөөнөөс ванны доод талын хэсгээс цагаан өнгийн шаазан аяга, 3 хэсэг сахлын хутганы ир...тагтан дээр байсан цаасан хайрцагнаас 2 ширхэг хуйлсан 50 төгрөгийн мөнгөн дэвсгэрт..зэргийг эд мөрийн баримтаар хураан авч, дугаарласан, жинлэсэн...” /хх08-14/ тухай баримт,
- хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 15-17/,
- хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест дахин ашигласан тухай тэмдэглэлд “...4 дүгээр багана буюу ТHC /Марихуан/ илэрсэн... ” /хх-18, 19/,
- 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдөр прокурорын зөвшөөрөлгүй явуулсан ****** дүүргийн 3 дугаар хороо, ****-** тоотод нэгжлэг хийж, ... хураан авах, иргэн Э.М-гийн биед үзлэг хийж, биеэс биологийн дээж авах ажиллагаануудын нотлох баримтуудыг тус тус хүчинтэйд тооцох тухай прокурорын 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 110 дугаар тогтоол /хх-24-25/,
- эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, гэрэл зургийн үзүүлэлт /хх26-27/,
- шинжээчийн 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн дүгнэлт “…Шинжилгээнд ирүүлсэн шээсний дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Э-ы М- /*******/ гэж хаягласан шээснээс Тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol/ илэрсэн ба тус бодис НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтана, гэрэл зургийн үзүүлэлтүүд” /хх 34-36/,
- шинжээчийн 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн №ЕГО325/2459 дугаар дүгнэлт “…1.2.Ирүүлсэн дээжүүд нь шинжилгээ хийхэд тэнцэж байна … эд мөрийн баримтуудаас делъта 9 тетрагидроканнабинол (delta 9 tethrahydrocannabinol) илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг болно. ...”, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх39-43/,
- шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн 334 дугаартай дүгнэлт /хх51-52/,
- шүүгдэгч Э.М-гийн “...би сүүлийн нэг жил гаруйн хугацаанд “өвс” гэх нэршилтэй мансууруулах бодис хэрэглэж байгаа...2024 оны 08 дугаар сарын сүүлээр Төв аймгийн Борнуур сумын нутаг дэвсгэрт ганцаараа явж байгаад 1 торны хэмжээтэй “өвс” гэх нэршилтэй мансууруулах төрлийн ургамал түүж авсан. Тус түүсэн ургамлыг өөрийн гэртээ ****** дүүргийн 3 дугаар хороо **** байрны 16 давхарт ** тоот өөрийн өрөөний гадна тагтан дээр хадгалж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-55-56, 65-66/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Шүүгдэгч “хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэргийг үйлдсэн болохыг нотолж буй тухайн нотлох баримтын эх сурвалжууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан, эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, эх сурвалжаа харилцан нотолсон, хангалттай байх шалгуурт нийцсэн байх тул тухайн гэмт хэргийн шинж хангагдсан гэж үзнэ.
Тодруулбал, шүүгдэгч нь тухайн хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар хадгалсан буюу өөрийн эзэмшил, хяналтад байлгаж байсан нь тогтоогдсон байх тул түүнд холбогдох хэргийн зүйлчлэл зөв бөгөөд тус гэмт хэргийг үгүйсгэх үндэслэл, нөхцөл байдал тогтоогдоогүй.
Харин шүүгдэгчээс тухайн сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар хадгалсан үйлдэл нь хууль бусаар олж авсныг нэгэн зэрэг хангаж буй нотлох баримтын эх сурвалжтай байх боловч тухайн олж авсан үйлдлийг орхигдуулсан нь хэргийн зүйчлэлд нөлөөлөхгүй байдлыг харгалзан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэсэн болохыг тэмдэглэв.
Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн эсэх нь хуулиар баталгаажуулснаар түүний эрхэд хамаарах ба тус эрхийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд тухай бүр танилцуулж тайлбарласан, зөрчигдөөгүй байх төдийгүй шүүгдэгч нь гэм буруугаа бүрэн хүлээн зөвшөөрсөн нь тус хэрэгт цугларч, бэхжигдсэн бусад нотлох баримтын эх сурвалжаар нотлогдсон байгааг дурдах нь зүйтэй.
3. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан үндэслэл, журмын хүрээнд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын буюу учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг бүх талаас нь харгалзаж, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, шалгууртай байдаг.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзах энэхүү шалгуур, шаардлагыг нотолж буй баримт, талуудын санал, дүгнэлтийг харьцуулан шалгаж, үнэлэх замаар ялын төрөл, хэмжээг хэрхэн оногдуулах нь шүүхэд олгогдсон эрх хэмжээний асуудалд хамаардаг.
Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М-д 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахдаа дээр дурдсанаар харгалзвал зохих шалгуур, шаардлагын талаар дүгнэсэн байх тул түүнд оногдуулсан хорих ял, түүний хэмжээ тухайн шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр зэрэгт тохирсон байна.
4. Дээрх үндэслэл, үйл баримтын хүрээнд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, харин шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан “хорихоос өөр төрлийн ял оногдуулах” агуулга бүхий гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Э.М-гийн 2025 оны 6 дугаар сарын 3-ны өдрөөс 2025 оны 7 дугаар сарын 7-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 34 хоногийг түүний эдлэх хорих ялд оруулан тооцов.
6. Цаашид “сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар хадгалсан үйлдэл” нь дийлэнхдээ хууль бусаар олж авсан үйлдэлтэй шалтгаант холбоотой байх үндэслэлийг үйл баримтын хүрээнд бүрэн шалгаж, үнэлэн дүгнэх, тухайн төрлийн гэмт хэргийг нууц хэлбэрээр үйлдэж буй болон тус хэрэгт бусдыг татан оролцуулсан байж болох этгээд бүрийг аль болох илрүүлэхэд чиглэсэн цогц ажиллагааг нэг мөр, шуурхай хэрэгжүүлж байхад анхаарвал зохино.
Тухайлбал, энэ төрлийн гэмт хэргийг илрүүлэн шалгахдаа сэжиглэгдсэн этгээдийн гар утасны дугаарын орсон, гарсан дуудлага, мэссэж, фэйсбүүк болон бусад цахим хэрэгслээр бусадтай харилцсан мэдээлэл, мөнгөн гүйлгээний баримт зэргийг зохих цаг хугацааг шалгуур болгож, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цаг алдалгүй шалгах, хамаарах бусад ажиллагааг хийх, мөн тухайн төрлийн гэмт хэрэгт хамтран ажиллах боломж нөхцөл, үндэслэлийг шалган тодруулах зэрэг мөрдөн шалгах, хяналтын ажиллагааг цогц байдлаар иж бүрэн явуулж байх нь тухайн төрлийн гэмт хэргийг илрүүлэх, шалгах, хянах ажиллагаанд ач холбогдолтой байж болохыг үгүйсгэхгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь :
1. ******, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 2025/ШЦТ/1480 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүгдэгч Э.М-гийн 2025 оны 6 дугаар сарын 3-аас мөн оны 7 дугаар сарын 7-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 34 хоногийг түүний эдлэх хорих ялд оруулан тооцсугай.
3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар оролцогч гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ
ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР
ШҮҮГЧ Г.ГАНБААТАР