| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбодорж Ганбаатар |
| Хэргийн индекс | 2101000640186 |
| Дугаар | 2025/ДШМ/819 |
| Огноо | 2025-07-03 |
| Зүйл хэсэг | 22.1.1., 22.1.2., |
| Улсын яллагч | Ц.Хулан |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 2025/ДШМ/819
2025 07 03 2025/ДШМ/819
Л.Ц, В.Л, Б.Б, Ж.Б нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Т.Шинэбаяр, шүүгч Г.Ганбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Ц.Хулан,
яллагдагч Л.Ц, түүний өмгөөлөгч Ч.Болд,
яллагдагч В.Л-ын өмгөөлөгч Э.Баасанжаргал,
яллагдагч Б.Б-ийн өмгөөлөгч Б.Буянжаргал,
яллагдагч Ж.Б-гийн өмгөөлөгч О.С,
нарийн бичгийн дарга Э.Даваадулам нарыг оролцуулан,
*******, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 2025/ШЗ/3614 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Ц.Хулангийн бичсэн 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 56 дугаар эсэргүүцлийг үндэслэн Л.Ц, В.Л, Б.Б, Ж.Б нарт холбогдох 2101000640186 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Ганбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Д овгийн Л-ийн Ц, **** оны 01 дүгээр сарын 15-ны өдөр ******* аймагт төрсөн, ** настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, нөхөр, хүүхдүүдийн хамт ******* дүүргийн ** дугаар хороо, *******2 дугаар байрны 15 тоотод оршин суух хаягтай, /РД:*******/,
******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 725 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн.
2. А овгийн В-ийн Л, **** оны 07 дугаар сарын 30-ны өдөр ******* аймагт төрсөн, ** настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, хүүхдүүдийн хамт ******* дүүргийн ** дугаар хороо, ******* хотхоны *** дүгээр байрны 10 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /РД:*******/.
4. Б овгийн Ж-ийн Б, **** оны 12 дугаар сарын 26-ны өдөр ******* аймагт төрсөн, ** настай, эмэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, ******* ХХК-д захирал ажилтай, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт ******* аймгийн ******* сумын 5 дугаар баг ******* гудамжны *** тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /РД:*********/.
1. Л.Ц- нь ******* дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргаар буюу Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.1 дэх заалтад заасан нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа:
Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.7-д “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх”-ийг хориглоно гэж заасныг,
Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зуйлийн 37.1 дэх хэсгийн 37.1.1-д “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх”, 37.1.13-т “албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах", 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсгийн 39.1.4-д “албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах...”-ыг хориглоно гэж заасныг,
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт “Албан тушаалтан нь хууль дээдлэх зарчимд захирагдан, албан үүргээ иргэдийн итгэл хүлээхүйц, тэгш, шударга, хариуцлагатайгаар гүйцэтгэж, албаны ёс зүйг сахина” 6.4 дэх “Албан тушаалтан иргэний болон хуулийн этгээдийн зүгээс тавьсан албан үүрэгтэй нь зөрчилдөх хувийн ашиг сонирхлын асуудал болон зан байдлыг тэвчиж, албан үүргээ гүйцэтгэхдээ нийтийн ашиг сонирхлыг хувийн болон тусгай ашиг сонирхлоос илүүд үзнэ” гэж заасныг тус тус зөрчиж, албан үүрэг, бүрэн эрх албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж,
******* дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн халамжийн сан хариуцсан мэргэжилтэн В.Л, *********” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч Б.Б- нартай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн,
“*********” ХХК-ийн “*********” гэх амралтын газарт ахмад настнуудыг хөнгөлөлттэй үнээр амраагаагүй байхад 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд ******* дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн халамжийн сангаас тус компанийн Голомт банк дахь ********* дугаарын, Төрийн банк дахь ********* дугаарын данснууд руу нийт 157,350,000 төгрөгийг,
2018 оны 3 дугаар сарын 28-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ортопедийн болон тусгай хэрэгсэл нийлүүлэх үйлчилгээ үзүүлээгүй байхад ******* дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн халамжийн сангаас дээрх чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар Б.Б-ийн үүсгэн байгуулсан “*********” ХХК-ийн Голомт банк дахь ********* дугаарын, Төрийн банк дахь ********* дугаарын данснууд руу нийт 110,400,000 төгрөгийг,
Б.Б-тай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн хооронд “хөдөлмөрт бэлтгэх, хөдөлмөр эрхлэлтийн ур чадвар олгох” хөтөлбөрийн дагуу сургалт явуулаагүй байхад ******* дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас хөдөлмөрийн насны залуусыг мэргэжлийн сургалтад хамруулах, ажил олгогчтой хамтран ажиллах чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар Б.Б-ийн үүсгэн байгуулсан “*********” Нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагын Голомт банк дахь ********* дугаарын, Төрийн банк дахь ********* дугаарын данснууд руу нийт 57,850,000 төгрөгийг тус тус шилжүүлж,
Улмаар дээрх мөнгөн хөрөнгөөс бэлнээр болон Б.Б-, өөрийн төрсөн эх Л.Д, төрсөн хүү П.Х нарын дансаар дамжуулан авч, өөртөө болон бусдад эдийн давуу байдал бий болгосны улмаас ******* дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст 325,600,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон,
2. В.Л- нь ******* дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн халамжийн сан хариуцсан мэргэжилтнээр буюу Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.1 дэх заалтад заасан нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа:
Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.7-д “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх”-ийг хориглоно гэж заасныг,
Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсгийн 37.1.1-д “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх”, 37.1.1З-т “албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах”, 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсгийн 39.1.4-д “албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах...”-ыг хориглоно гэж заасныг,
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт “Албан тушаалтан нь хууль дээдлэх зарчимд захирагдан, албан үүргээ иргэдийн итгэл хүлээхүйц, тэгш, шударга, хариуцлагатайгаар гүйцэтгэж, албаны ёс зүйг сахина”, 6.4 дэх хэсэгт “Албан тушаалтан иргэний болон хуулийн этгээдийн зүгээс тавьсан албан үүрэгтэй нь зөрчилдөх хувийн ашиг сонирхлын асуудал болон зан байдлыг тэвчиж, албан үүргээ гүйцэтгэхдээ нийтийн ашиг сонирхлыг хувийн болон тусгай ашиг сонирхлоос илүүд үзнэ” гэж заасныг тус тус зөрчиж, албан үүрэг, бүрэн эрх албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, ******* дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга Л.Ц-, “******” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч Б.Б- нартай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн,
“******” ХХК-ийн “*********” гэх амралтын газарт ахмад настнуудыг хөнгөлөлттэй үнээр амраагаагүй байхад 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд ******* дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн халамжийн сангаас тус компанийн Голомт банк дахь ********* дугаарын, Төрийн банк дахь ********* дугаарын данснууд руу нийт 157,350,000 төгрөгийг,
2018 оны 3 дугаар сарын 28-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ортопедийн болон тусгай хэрэгсэл нийлүүлэх үйлчилгээ үзүүлээгүй байхад ******* дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн халамжийн сангаас дээрх чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар Б.Б-ийн үүсгэн байгуулсан “*********” ХХК-ийн Голомт банк дахь ********* дугаарын, Төрийн банк дахь ********* дугаарын данснууд руу нийт 110,400,000 төгрөгийг,
Ж.Б-тай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр “*******” ХХК-ийн “******” амралтын газарт ахмад настнуудыг хөнгөлөлттэй үнээр амраах үйлчилгээ үзүүлээгүй байхад ******* дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн халамжийн сангаас тус компанийн Төрийн банк дахь ****** дугаарын дансанд “ахмадын тусламж, хөнгөлөлтийн үйлчилгээ”-г үзүүлсэн гэж 10,800,000 төгрөгийг тус тус шилжүүлж,
Улмаар дээрх мөнгөн хөрөнгөөс Б.Б-, Ж.Б-, өөрийн хамаарал бүхий хүмүүс болох З.Д, 3.З нарын дансаар дамжуулан авч, өөртөө болон бусдад эдийн давуу байдал бий болгосны улмаас ******* дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст 278,550,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон,
3. Б.Б- нь ******* дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга Л.Ц-, тус хэлтсийн халамжийн сан хариуцсан мэргэжилтэн В.Л- нартай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн,
“******” ХХК-ийн “*********” гэх амралтын газарт ахмад настнуудыг хөнгөлөлттэй үнээр амраагаагүй байхад 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд ******* дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн халамжийн сангаас тус компанийн Голомт банк дахь ********* дугаарын, Төрийн банк дахь ********* дугаарын данснуудад нийт 157,350,000 төгрөгийг,
2018 оны 3 дугаар сарын 28-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ортопедийн болон тусгай хэрэгсэл нийлүүлэх үйлчилгээ үзүүлээгүй байхад ******* дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн халамжийн сангаас дээрх чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар өөрийн үүсгэн байгуулсан “*********” ХХК-ийн Голомт банк дахь ********* дугаарын, Төрийн банк дахь ********* дугаарын данснуудад нийт 110,400,000 төгрөгийг,
Л.Ц-тэй урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн хооронд “хөдөлмөрт бэлтгэх, хөдөлмөр эрхлэлтийн ур чадвар олгох” хөтөлбөрийн дагуу сургалт явуулаагүй байхад ******* дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас хөдөлмөрийн насны залуусыг мэргэжлийн сургалтад хамруулах, ажил олгогчтой хамтран ажиллах чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар өөрийн үүсгэн байгуулсан “*********” Нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагын Голомт банк дахь ********* дугаарын, Төрийн банк дахь ********* дугаар данснуудад нийт 57,850,000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч,
Улмаар дээрх мөнгөн хөрөнгөөс өөрийн эзэмшлийн Төрийн банк дахь ************* дугаарын, Хаан банк дахь ************* дугаарын данснууд, болон Л.Ц-, В.Л- нарын хамаарал бүхий харилцаатай хүмүүсийн дансаар дамжуулан тэдгээрт өгч, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө, бусдад эдийн давуу байдал бий болгосны улмаас ******* дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст 325,600,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,
4. Ж.Б- нь ******* дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн халамжийн сан хариуцсан мэргэжилтэн В.Л-тай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн,
2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр “*******” ХХК-ийн “******” амралтын газарт ахмад настнуудыг хөнгөлөлттэй үнээр амраах үйлчилгээ үзүүлээгүй байхад ******* дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн халамжийн сангаас тус компанийн дансанд “ахмадын тусламж, хөнгөлөлтийн үйлчилгээ”-г үзүүлсэн гэж 10,800,000 төгрөгийг шилжүүлэн авч,
Улмаар дээрх мөнгөн хөрөнгөөс В.Л-ын хамаарал бүхий этгээд болох З.Дийн эзэмшлийн “Хаан” банк дахь ************* дугаарын дансаар 4,000,000 төгрөг дамжуулан өгч, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө эдийн давуу байдал бий болгосон гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Нийслэлийн прокурорын газраас: Л.Ц-, В.Л- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг,
Б.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг,
Ж.Б-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.
*******, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: “хэрэгт авагдсан нотлох баримтуудаар ******* дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн халамжийн сан, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас ****** ХХК, ****** ХХК, ******* ХХК, ********* НҮТТБ байгууллагын данс руу мөнгө шилжүүлсэн, уг данснаас яллагдагч нар өөрийн хамаарал бүхий хүн болох Л.Д, П.Х, З.Д, 3.З нарын дансыг ашиглан менгийг еертее авсан уйл баримт тогтоогдсон байна.
Прокурорын яллах дүгнэлэд бичигдсэнээс үзэхэд дээрх гэмт хэргийг холбогдох сангийн данснаас хуулийн этгээдийн данс руу мөнгө шилжүүлсэн огноогоор төгссөн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “гэмт хэрэг гарсан байдал буюу гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн”-г нотолно гэж заасан бөгөөд нэр бүхий хуулийн этгээдийн данснаас өөртөө оногдох мөнгийг хэзээ авснаар уг гэмт хэрэг төгсөж, хаана авснаар хэргийг шийдвэрлэх шүүхийн харъяалал тогтох учиртай. Иймд О.С өмгөөлөгчөөс гаргасан яллах дүгнэлт хуулийн шаардлага хангаагүй, бусдын дансаар мөнгө шилжүүлэн авсан цаг хугацааг тодорхой заагаагүй гэсэн агуулгыг хүлээн авч, харин дансаа ашиглуулсан хүмүүсийг хамтран оролцсон эсэхийг шалгах нь хэрэгт ач холбогдолтой гэж үзэв. Тус шүүхэд яллагдагч Л.Ц-, В.Л-, Б.Б-, Ж.Б- нарт холбогдох эрүүгийн ************ дугаартай энэ хэргээс гадна Л.Ц-, Г.М, Ц.Д нарыг шүүхэд шилжүүлсэн шүүгдэгч статустай эрүүгийн ************* дугаартай өөр хэрэг хянагдаж байгаа нөхцөл байдал тогтоогджээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад “Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх тухай шийдвэрт зарим хэргийг тусгаарлах, нэгтгэх эсэх асуудлыг тусгана” гэж шүүхийн шатанд хэрэг нэгтгэх зохицуулалтыг хуульчилсан.
Дээрх зохицуулалтаар яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатанд яллагдагчид холбогдох хэргүүдийг нэгтгэхээс биш яллагдагчид холбогдох хэрэгт шүүгдэгчид холбогдох хэргийг нэгтгэх боломжгүй, мөн ингэж нэгтгэснээр гэмт хэрэг тус бүрт Л.Ц-тэй хамтран оролцсон гэх этгээдүүдийн эрх ашиг хөндөгдөхөөр байна.
Л.Ц-д холбогдох энэ гэмт хэрэг 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хугацаанд үйлдэгдсэн бол нөгөө гэмт хэрэг нь энэ хэргийн үргэлжилсэн цаг хугацааны дунд буюу 2021 оны 07 дугаар сард үйлдэгдсэн, Л.Ц- нь дээрх 2 хэргийг үйлдэх үедээ ******* дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргаар ажиллаж байсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг зүйлд заасан 2 гэмт хэрэгт холбогдсон, шүүхээр шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож шүүхэд шилжиж ирсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан холбогдох хэргүүдийг нэгтгэн үргэлжилсэн нэг гэмт хэрэгт тооцож шийдвэрлэх нь нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна гэсэн шударга ёсны зарчимд нийцэх боловч процесс зохицуулалтын хувьд боломжгүй байгааг тэмдэглэх нь зүйтэй. Иймд хэрэгт нотлогдвол зохих байдал буюу гэмт хэрэг гарсан байдлыг бүрэн тогтоох ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй үндэслэлээр яллагдагч Л.Ц-, В.Л-, Б.Б-, Ж.Б- нарт холбогдох эрүүгийн ************ дугаартай хэргийг Нийслэлийн прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.
Прокурор Ц.Хулан бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар ******* дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргаар ажиллаж байсан Л.Ц-, тус хэлтсийн халамжийн сан хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан В.Л- нар нь албан үүрэг, албан тушаалын байдлын эрх мэдлээ хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэхэд ашиглаж хийх ёсгүй үйлдэл хийсэн буюу ******* дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсээс ****** ХХК, ********* ХХК, ********* НҮТББ, ****************** ХХК-ууд руу нийт 336,400,000 төгрөгийг шилжүүлж, уг үйлдэлд Б.Б-, Ж.Б- нар хамжигчаар хамтран оролцсон нөхцөл байдал тогтоогдсон. Яллагдагч нар албан үүрэг, албан тушаалын байдлын эрх мэдлээ хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэхэд ашиглаж хийх ёсгүй үйлдэл хийснээр гэмт хэргийг төгссөн гэж үзэх ба яллах дүгнэлтэд уг хугацааг тодорхой бичсэн байна. Мөн энэ хэргийг яллагдагч Л.Ц-ийн шүүгдэгч статустай эрүүгийн ************ дугаартай хэрэгт нэгтгэх хууль зүйн үндэслэлгүй болохыг анхан шатны шүүхээс тодорхой дүгнэсэн боловч уг эрүүгийн хэргүүдийг нэгтгэх үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан нь ойлгомжгүй байна. Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэв.
Яллагдагч Л.Ц- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийнхөө тайлбарыг дэмжиж байна” гэв.
Яллагдагч Л.Ц-ийн өмгөөлөгч Ч.Болд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тухайн шүүхийн захирамжид, миний үйлчлүүлэгчтэй холбоотой хэрэгт хэргийг нэгтгэх боломжтой гэж үзсэнтэй санал нэг байна. Гэвч нэг талаас шүүгдэгч, нөгөө талаас яллагдагч гэсэн ялгаатай процессын эрх зүйн статус байгаа нь тухайн хэргийг шүүхийн шатанд нэгтгэх боломжгүй гэсэн дүгнэлтэд хүргэсэн байгааг онцлон тэмдэглэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “энэ тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаа давтан үйлдсэн бол үргэлжилсэн нэг гэмт хэрэгт тооцно” гэж, мөн 1.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Нэг гэмт хэрэгт нэг л удаа ял оногдуулна” хэмээн эрүүгийн хариуцлагын шударга ёсны зарчмыг тодорхой хуульчилсан байдаг. Үүний зэрэгцээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дугаар хэсэгт яллагдагчийг шүүхэд шилжүүлэх тухай шийдвэрт зарим хэргийг тусгаарлан нэгтгэх асуудлыг тусгана гэж заасан нь шүүхийн шатанд ч хэргийг нэгдэх эрх зүйн үндэслэл байгааг харуулж байна. Хэргийн материалд дурдагдсанчлан, хэрэв уг хэргийг прокурорт буцаавал эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 2.6 дугаар хэсэгт заасан мөрдөн байцаалтыг сэргээх, нэгтгэх, тусгаарлах зэрэг ажиллагаа явуулах хууль зүйн боломж үүсэх тул миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулах бус, сайжруулах боломж бүрдэх нөхцөл бий болно гэж үзэж байна. Мөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар нотлогдох ёстой “нотлох асуудлууд”, тухайлбал гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, бүрэн гүйцэд байдал, холбогдох мөнгөн гүйлгээний цаг хугацаа, хэнд, хэзээ ашигтай нөхцөл бүрдүүлсэн зэрэг асуудлыг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байгаа тул хэргийг буцаах нь хууль зүйн хувьд үндэслэлтэй юм. Түүнчлэн илтгэгч шүүгчийн тайлбарт дурдагдсанчлан, өөртөө давуу байдал бий болгосон цаг хугацаа, мөнгөн дүнгийн хэмжээг яллах дүгнэлтэд заавал тусгасан байх шаардлагатай тул, одоогийн яллах дүгнэлт нь хууль зүйн талаасаа тодорхой бус, нэмэлт засвар хийх шаардлагатай гэж үзэж байна. Иймд яллагдагч Л.Ц-д холбогдох хэргийг холбогдох хэрэгтэй нэгтгэх хууль зүйн боломжийг бүрдүүлж, хэргийг прокурорт буцаан нэгтгэж шийдвэрлэх нөхцөлийг бүрдүүлэх хүсэлтэй байна” гэв.
Яллагдагч В.Л-ын өмгөөлөгч Э.Баасанжаргал тус шүүх хуралдаанд: “...хэлэх тайлбаргүй” гэв.
Яллагдагч Б.Б-ийн өмгөөлөгч Б.Буянжаргал тус шүүх хуралдаанд: “...хэлэх тайлбаргүй” гэв.
Яллагдагч Ж.Б-гийн өмгөөлөгч О.С тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Яллагдагчийн өмгөөлөгч миний бие анхан шатны шүүхэд хандан, шүүхээр урьдчилсан хэлэлцүүлэг хийх хүсэлт гаргасан бөгөөд уг хүсэлтийн үндэслэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 заалтад “нотолбол зохих байдал”-д хамаарах гэмт хэрэг хэзээ гарсан, гарсан цаг хугацааг бүрэн тогтоогоогүй асуудалтай холбогдож байна. Тухайлбал, мөрдөн байцаалтын шатанд хэрэг үүсгэх, яллагдагчаар татах, яллах дүгнэлт үйлдэх ажиллагааны явцад гэмт хэрэг гарах болсон цаг хугацааны хүрээ тодорхой бус, он сар өдөр нь бүрэн тусгагдаагүй, онгорхой үлдээсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлд заасан яллах дүгнэлтийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Тухайн яллах дүгнэлтийн 13 дугаар талд дурдагдсан нөхцөл байдал болон 16 дугаар талд шүүгдэгч Ж.Б-д холбогдуулан дурдсан "18,800,000 сая төгрөгийг компанийн дансаар хүлээн авсан" гэх мэдээлэл нь хэргийн бодит байдал, гэмт хэргийн бүрэлдэхүүнд зайлшгүй шаардлагатай хууль зүйн үндэслэлийг бүрэн хангаагүй, мөн үүнд хамаарах нотлох баримт хавтаст хэрэгт бүрэн тусгагдаагүй байна. Мөн яллах дүгнэлт нь гэмт хэрэгтэн өөртөө давуу байдал бий болгосон, хориглосон хууль зүйн заалтыг зөрчсөн, хэргийн бүрэлдэхүүнд хамаарах цаг хугацааны заалтыг тодорхой тусгаагүй бөгөөд энэ нь яллагдагчаар татсан тогтоолд ч мөн адил тусгагдаагүй байгаа нь яллах дүгнэлтийн хууль зүйн шаардлага зөрчигдсөн гэж үзэх үндэслэл болж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу шүүх хуралдаанд нотлох баримтыг нөхөн цуглуулах, эсхүл өөрчлөлт оруулах эрх прокурорт хадгалагддаг тул энэ нь прокурорын бүрэн эрхийн хүрээ болохыг анхаарах нь зүйтэй. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар хэргийг прокурорт буцаасан нь хууль зүйн үндэслэлтэй, бүрэн зөв шийдвэр байсан гэж өмгөөлөгч миний бие үзэж байгаа бөгөөд тус захирамжийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь :
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж, дүгнэхэд анхан шатны шүүхийн шүүгчийн “хэргийг прокурорт буцаах тухай” захирамжийг хүчингүй болгох дараах үндэслэл, үйл баримт тогтоогдов. Үүнд :
1. Хэргийн үйл баримтуудыг харьцуулан шалгахад тус хэргийг прокурорт буцаах үндэслэл буюу шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Анхан шатны шүүх урьдчилсан хэлэлцүүлгээс хэргийг буцаахдаа “зарим яллагдагч нарт холбогдох гэмт хэргийн шинж”-д нэмэлт тодотгол хийх буюу “давуу байдал олж авсан цаг хугацаа, үйлдлийн давтамж, хохирлын дүн”-д хамаарах утга агуулга бүхий дүгнэлт хийсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт заасан “яллагдагчийн гэм буруутай холбоотой асуудлыг хэлэлцэхгүй” гэсэн үндэслэл, журамд нийцээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3, 7.2 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно, яллагдагчийн гэм буруугийн талаар хөтөлбөргүй үнэн гэж урьдчилан тогтоосон ямар ч нотлох баримт байж болохгүй гэж заасан тул гэмт хэргийн шинжид хамаарах аливаа асуудлын талаар урьдчилан хэлэлцүүлгээс дүгнэх боломжгүй.
2. Албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэж үзсэн тохиолдолд тухайн үйлдэл яллагдагч тус бүрийн хувьд гэмт үйлдлүүд нь хэзээ төгссөн эсэх асуудал нь зөвхөн гэм буруугийн шүүх хуралдааны хүрээнд шийдвэрлэгдэх учраас мөн үүнтэй холбоотойгоор хэргийн харьяалал өөрчлөгдөх асуудлыг урьдчилан төсөөлөн дүгнэх боломжгүй.
Гэхдээ нийтийн албан тушаалтан нь тухайн албан тушаалыг хашиж байхдаа “давуу байдлыг өөртөө удаа дараагийн үйлдлээр бий болгосон” гэж үзэхэд түүний тухайн албан тушаалыг хашиж байсан байгууллага, албан тушаалын байдал өөрчлөгдөөгүй байх тул энэ байдал нь хэргийн харьяалалд шууд нөлөөлөхгүй болох үндэслэл, үйл баримтыг анхаарч, дүгнэх шаардлагатай болно.
3. Хэргийн баримтыг бүхэлд нь хянахад тус хэргийг прокурорт буцаах өөр бусад үндэслэл тогтоогдоогүй байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх, хэрэв хууль зүйн үндэслэл бүхий тохиолдолд шүүх хуралдаанаас зарим асуудлыг прокурорт даалгасны эцэст шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзнэ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3, 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоох ба ингэхдээ шүүх хуралдаанд оролцвол зохих тал, бусад оролцогчийг оролцуулж, улмаар нотлох баримтын стандарт шаардлагын хүрээнд яллах ба цагаатгах талын бүхий л нотлох баримтуудыг шинжлэн судлах, харьцуулан шалгаж, үнэлэн дүгнэх замаар прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хэрэв тус гэм буруугийн шүүх хуралдааны явцад “гэмт хэргийн зүйлчлэл” хүндрэн өөрчлөгдөх, эсхүл гэм буруу, хохирол, хор уршиг зэргийг хянан шийдвэрлэхэд шууд хамаарах нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлэх үндэслэл, журам зөрчигдсөн, оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан үндэслэл, үйл баримт тогтоогдсон гэж үзэх тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5, 6 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааныг хойшлуулж, прокурорт даалгах нь зөвхөн анхан шатны шүүхэд олгогдсон эрх хэмжээ болно.
Гэм буруугийн шүүх хуралдааны явцад яллах дүгнэлт хууль ёсны ба үндэслэл бүхий байдлаар бичигдээгүй, эсхүл өмнө тус хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн зарим нотлох баримтын эх сурвалж хуульд заасан үндэслэл, журамд нийцээгүй гэж үзэх тухайн тохиолдолд энэ нь “мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэх” үндэслэлд хамааралгүй, харин мөрдөгч, прокурорын хувьд хэргийн бодит байдлыг тогтоохдоо зөрчилгүй, зөрүүгүй байдлаар нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх улмаар шалгах үндэслэл, журмыг биелүүлээгүй, холбогдох зарим оролцогчийн эрхийг хязгаарласанд хамаарч болохыг тодотгох нь зүйтэй.
3. Дээрх үндэслэлээс үзэхэд:
3.1. Хэргийг прокурорт буцаах тухай анхан шатны шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалт, 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан үндэслэл, журамд нийцээгүй гэж дүгнэв.
Яллагдагч Л.Ц-, В.Л-, Б.Б-, Ж.Б- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээсэн болно.
3.2. Харин анхан шатны шүүхээс “хэргийг нэгтгэх асуудлаар хэргийг прокурорт буцаагаагүй” байх тул эсэргүүцэл дэх тухайн үндэслэл буруу болно.
Түүнчлэн нийтийн албан тушаалтны хувьд албан тушаалаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон шийдвэр гаргах, улмаар тус хууль бус давуу байдал бий болгосны улмаас мөн өөртөө давхар давуу байдал олж авсан буюу удаа дараа мөнгө авсан үйлдлүүд хийсэн тухайн тохиолдолд энэ нь цаг хугацаа, үйлдлийн давтамж, мөнгөн дүнгийн хувьд ялгаа заагтай бөгөөд ойлгомжтой, тодорхой байдлаар заавал дүгнэгдэн бичигдэх ёстой асуудалд хамаарахыг прокурор анхаараагүй байгааг тэмдэглэж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.33, 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. *******, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 2025/ШЗ/3614 дугаартай захирамжийг хүчингүй болгосугай.
2. Яллагдагч Л.Ц-, В.Л-, Б.Б-, Ж.Б- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ
ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР
ШҮҮГЧ Г.ГАНБААТАР