2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 191/ШШ2026/01151

 

 

 

 

 

2026 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 191/ШШ2026/01151

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Баярмаа даргалж, шүүгч Б.Ундраа, Л.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэйг тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 9 дүгээр хороо, 7 хороолол, Алтайн гудамж, ******* байр, ******* тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* *******-ын нэхэмжлэлтэй,

хохирол 10,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , прокурор Я.Болортуяа, иргэдийн төлөөлөгч Д.Адъяадорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тамжид нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Иргэн Д.*******ыг Нийслэлийн прокурорын газрын 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолоор 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр бусадтай бүлэглэн 2023 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр ******* улсын ******* хятад хэлээр ярьж байгаа мэтээр 39 секундын бичлэгийг үзэх нэртэй фэйсбүүк хуудаст нийтэлж бусдын нэр төр, алдар хүндэд халдсан, илт худал мэдээлэл тараасан гэх хэргийг үйлдсэн гэж үзэж ЭХТА-ийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчилж яллагдагчаар татсан.

Хэрэгт шалгагдаж эхэлж байхдаа буюу 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр өмгөөлөгч , нартай шүүхийн шатанд хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний байгуулж урьдчилгаанд 5,000,000 төгрөг бэлнээр, Д.******* нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосны дараа хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд заасны дагуу 5,000,000 төгрөгийг тус тус бэлнээр төлсөн. Улмаар Д.*******т холбоглан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа 2 жил гаруй хугацаанд үргэлжилсний дараа буюу Нийслэлийн прокурорын газрын 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 04 тоот тогтоолоор Эрүүгийн 2*******2000000428 дугаартай хэрэгт яллагдагчаар татсан Б.Мөнхбат, Д.******* нарын үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Өөрөөр хэлбэл, Д.*******ыг гэмт хэрэг үйлдсэн гэж хилсээр гүтгэж 2 жил гаруй хугацаанд хоногийн турш хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, прокурорын байгууллагаас шалгагдсаны эцэст цагаатгагдсан болно. Энэ хугацаанд Д.*******ын хувьд ажил хөдөлмөр эрхэлж гэр бүлээ тэжээн тэтгэх үүргээ бүрэн биелүүлж чадаагүй эд хөрөнгийн болон сэтгэл санааны хохирол амссан.

Хууль зүйн туслалцаа авахдаа өмгөөллийн хөлсөнд нийт 10,000,000 төгрөг төлсөн.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс Д.*******тай утсаар болон биечлэн уулзсан байгаа. Нэхэмжлэгч нь 50 нас дөхөж байгаа хүн, өөрт нь бэлнээр хадгалж байсан мөнгөө өгсөн. Тухайн цаг хугацаанд мөнгө гарсан эсэх баримт байхгүй тул хуурамч баримт бүрдүүлэх боломж байхгүй байна.

Шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөх, баримт бүрдүүлэх ёстой тул өөрсдөө баримтаа бүрдүүлсэн. өмгөөлөгчийн зүгээс гэрлэсний баталгаа, дансны хуулга, холбогдох тайлбараа гаргасан. Өмгөөллийн хөлсийг бэлэн болон бэлэн бусаар авдаг. Бэлнээр аваад ирсэн үйлчлүүлэгчийг та данс руугаа хийгээд миний данс руу шилжүүл гэх боломж байхгүй.

Бэлэн мөнгөний орлогын баримтаа үйлдэж аваад сүүлд эхнэрийнхээ дансруу шилжүүлсэн байгаа. гэх өмгөөлөгч нь бэлэн мөнгөний баримтад өөрөө гарын үсэг зурсан байгаа. Иймд хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд шийдэж өгнө үү. Өмгөөллийн хөлс нөхөн төлүүлэх хууль зүйн үндэслэл байна. Өмгөөллийн хөлс төлсөнтэй холбоотой өөрсдөөс шаардлагатай баримтаа өгсөн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******.2 дугаар зүйлийн 2.3 дэх заалтад яллагдагч гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүйгээс хэргийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд хохирол нөхөн төлуулэх эрх үүсэхээр зохицуулсан байдаг.

Мөн хуулийн *******.3 дугаар зүйлийн 1.6 дах заалтад хууль зуйн туслалцаа авахад төлсөн хөлсийг эд хөрөнгийн хохиролд тооцон нөхөн төлөхөөр зохицуулжээ.

Тиймээс энэхүү хууль зүйн туслалцаа авахдаа төлсөн 10,000,000 төгрөгийг Д.*******т учирсан хохиролд тооцон, холбогдох газраас улсын төсвөөс нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

2.Прокурор Я.Болортуяа шүүхэд болон шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: Өмнөх шүүх хуралдаанд дэлгэрэнгүй тайлбар гаргасан.

Нэхэмжлэгч талаас шинээр нотлох баримт гаргасантай холбоотой өмнөх шүүх хуралдаанд гаргасан тайлбар өөрчлөгдөж байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн гэж Д.*******т холбоглан гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй гэж үзэж, яллагдагчаар татагдаж, цагдан хоригдсон байгаа.

Нэхэмжлэгч тал 10,000,000 төгрөг гарсан гэх баримтаа шүүхэд нотлох баримтаар бүрдүүлж өгснийг үндэслэж хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд төлсөн төлбөрийг гаргуулж болно. Өмнөх шүүх хуралдаанаар нэхэмжлэгчээс 10,000,000 төгрөг гарсан эсэх баримтыг гаргуулахаар шүүх хуралдааныг хойшлуулсан. Гэтэл нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Д.*******ын дансны хуулга биш, эрүүгийн хэрэгт өмгөөлөгчөөр оролцож байсан өөр этгээдийн дансны хуулгыг гаргаж өгч байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан нотлох баримт эх баримт биш, дамжмал хуулбар нотлох баримт, Д.*******аас өмгөөлөгчид шууд байдлаар бэлнээр мөнгө шилжүүлсэн эсэхийг тодруулахаар шүүх хуралдаан хойшилсон. Өнөөдрийн шүүх хуралдаанд өмгөөлөгч гэх хүнээс тайлбар авч, Энхтуяа гэх хүнтэй гэрлэлтийн баталгаатай байсан гэх баримт зэргийг гаргаж өгч, 4 дүгээр сарын 29-ний өдөр 5,000,000 төгрөгийг тус тус авсан гэж тайлбарлаж байгаа.

Дансны хуулганаас харахад 2023 оны 11 дүгээр сард бэлнээр мөнгө аваад 10 сарын дараа 2024 оны 9 дүгээр сард 8,000,000 төгрөгийн орлого ээс эхнэр болох хүний данс руу орсон мөнгийг Д.*******аас авсан өмгөөллийн хөлс гэж үзэх үндэслэлгүй байна.

Шүүхээс онцгой ажиллагааны журмаар хэргийг шийдвэрлэхдээ холбогдох нотлох баримт гаргуулахаар шүүх хуралдааныг хойшлуулсан. 2-3 долоо хоногийн хугацаанд шүүх хуралдаан хойшлогдож байна. Уг хугацаанд Д.*******ын зүгээс өөрөө 10,000,000 төгрөгийн өмгөөллийн хөлсөнд төлсөн баримт гэж нотлох баримт бүрдүүлэх боломжтой гэж үзэж байна. Өнөөдөр шүүх хуралдаанд гаргасан нотлох баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй, үнэлэх боломжгүй баримт байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

3.Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд:

Нэхэмжлэгчээс, иргэний оршин суугаа газрын хаягийн лавлагаа, Нийслэлийн прокурорын газрын 2025 оны 4 сарын 07-ны өдрийн 04 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоол, 2023 оны 11 сарын 22-ны өдрийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 11 сарын 21-ний өдрийн 2023/ШЗ/295 дугаартай цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах прокурорын саналыг хүлээн авахаас татгалзах тухай захирамж, өмгөөлөгч ийн 2024 оны 01 сарын 09-ний өдрийн №21, 2024 оны 4 сарын 03-ны өдрийн №127, 2024 оны 7 сарын 22-ны өдрийн №256, 2024 оны 8 сарын 28-ны өдрийн №*******4, 2024 оны 10 сарын 02-ны өдрийн №334, 2024 оны 10 сарын 21-ний өдрийн №344, 2024 оны 11 сарын 15-ны өдрийн №355, 2024 оны 12 сарын 17-ны өдрийн №372, 2025 оны 01 сарын 02-ны өдрийн №02, 2025 оны 01 сарын 29-ний өдрийн №17, 2025 оны 02 сарын 05-ны өдрийн №18, 2025 оны 3 сарын 07-ны өдрийн №33, 2025 оны 3 сарын 27-ны өдрийн №44, 2025 оны 4 сарын 09-ний өдрийн № 51 тоот албан бичиг, Нийслэлийн прокурорын газрын 2024 оны 4 сарын 19-ний 4/1239 тоот хариу мэдэгдэх хуудас, 2024 оны 01 сарын 17-ны өдрийн 4/279, 2024 оны 8 сарын 09-ний өдрийн 1/2443, 2024 оны 9 сарын 24-ний өдрийн 4/2556, 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 4/*******33, 2024 оны 12 сарын 13-ны өдрийн 4/3319, 2024 оны 12 сарын 25-ны өдрийн 4/35, 2024 оны 11 сарын 05-ны өдрийн 1/3319, 2025 оны 01 сарын 17-ны өдрийн 1/288, 2025 оны 02 сарын 11-ний өдрийн 1/610, 2025 оны 12 сарын 27-ны өдрийн 4/739, 2025 оны 3 сарын 17-ны өдрийн 4/911, 2025 оны 4 сарын 11-ний өдрийн, 1/1234, 2025 оны 4 сарын 17-ны өдрийн 4/1292 тоот албан бичгүүд, Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 4 сарын 29-ний өдрийн 1226 дугаартай захирамж, *******ын өмгөөлөгчдийн холбооны тасалбар, Р.Энхтуяагийн эзэмшлийн Хаан банкны дансны хуулга, гэрлэсний бүртгэлийн лавлагаа зэрэг бичгийн баримтуудыг шүүхэд өгсөн байна.

 

Шүүх хуралдааны үед гаргасан зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч Д.******* нь прокурорын байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас учирсан хохиролд 10,000,000 төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг, түүнд холбоглан үүсгэсэн эрүүгийн 2*******2000000428 дугаар хэргийг Нийслэлийн прокурорын газрын 2025 оны 4 сарын 07-ны өдрийн №04 дугаар тогтоолоор хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул өмгөөллийн хөлсөнд төлсөн 10,000,000 төгрөгийг шаардах эрх үүссэн гэж тайлбарлаж байна.

2.Дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчлэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан Д.*******т холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан Нийслэлийн прокурорын газрын 2025 оны 4 сарын 07-ны өдрийн №04 дугаар тогтоолоор тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн *******.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хохирлыг нөхөн төлүүлэх үндэслэлийг Хүнийг хууль бусаар ял шийтгэсэн, баривчилсан, цагдан хорьсон, тодорхой үйл ажиллагаа явуулах, албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлсэн, эмнэлгийн байгууллагад байлгасан, албадан эмчлэх арга хэмжээ хэрэглэсэн, эрүүдэн шүүсний улмаас учирсан хохирлыг мөрдөгч, прокурор, шүүгчийн гэм бурууг үл харгалзан төр хариуцан арилгана гэж, *******.2 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт тухайн хэрэг нь гэмт хэргийн шинжгүй, эсхүл тухайн хүн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүйгээс хэргийг хэрэгсэхгүй болгосон гэж зохицуулжээ.

Эрх бүхий байгууллагаас нэхэмжлэгч Д.*******т холбогдох эрүүгийн хэргийг гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснээр түүнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******.2 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар хохирол нөхөн төлүүлэх эрх үүссэн байна.

Хэрэгт авагдсан 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, өмгөөлөгч ээс Нийслэлийн прокурорын газарт хүргүүлсэн албан бичгүүд, Нийслэлийн прокурорын газрын хариу мэдэгдэх хуудас зэрэг бичгийн баримтуудаар Ц.******* нь хууль зүйн туслалцааг өмгөөлөгчөөс авсан үйл баримт нотлогдож байна.

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******.3 дугаар зүйлийн 1.6 дахь хэсэгт эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлөх үндэслэлийг зохицуулсан бөгөөд хууль зүйн туслалцаа авахад төлсөн хөлсийг хамааруулахаар байна.

Нэхэмжлэгч нь өмгөөлөгч ийн бэлэн мөнгөний орлогын баримт, түүний хамаарал бүхий гэр бүлийн хүний Хаан банкны дансны хуулга зэрэг бичгийн баримтуудыг шүүхэд ирүүлсэн байх бөгөөд дээрх баримтуудаар нэхэмжлэгчээс 10,000,000 төгрөгийн зардал гарсан гэж эргэлзээгүй дүгнэх боломжгүй байна.

Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд хууль зүйн туслалцаа үзүүлэгчийн бэлэн мөнгөний орлогын баримт, гэр бүлийн гишүүний эзэмшлийн банкны дансны хуулга зэрэг баримтууд нь шууд бус дамжмал бичгийн баримт байх бөгөөд харин хохирогчоос гарсан зардал нь дамжмал бус шууд баримтаар нотлогдсоны үндсэн дээр хохиролд тооцогдохоор байна.

Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1.-д үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол, олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй гэж заасан нь бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх замаар гэм хорыг арилгаж, зөрчигдсөн эрхийг сэргээнэ.

Эд хөрөнгөд учруулсан хохирол гэж эрх зөрчигдсөнөөс түүнийг сэргээн тогтооход гаргах ёстой зардал, түүнчлэн түүний эд хөрөнгийг алга болгосон, хороглсан зэрэг бодит хохирлоос гадна олох ёстой байсан орлого хохиролд тооцогдох учиртай тул үүнийгээ нэхэмжлэгч өөрөөс гарсан гэдгээ баримтаар нотлох үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчээс 10,000,000 төгрөгийн өмгөөлөгчийн зардал гарснаар нэхэмжлэгчид эд хөрөнгийн хохирол учирсан гэж үзэж байгаа тохиолдолд үүнийг дамжмал бус шууд нотлох баримтаар нотлох үүрэгтэй бөгөөд энэ нь баримтаар эргэлзээгүй тогтоогдохыг шаардана.

Нэхэмжлэгчийн хувьд өмгөөлөгчид орлого орсон болон түүнийг зарцуулсан баримтыг гаргаж өгсөн нь нэхэмжлэгчээс ийм хэмжээний зардал гарсан гэж шууд эргэлзээгүй дүгнэх үндэслэл болохгүй юм. Тодруулбал, хэрэгт авагдсан бичгийн баримтаар нэхэмжлэгчийн эд хөрөнгөд бодит хохирол учирсан гэх хуульд заасан үндэслэл тогтоогдохгүй байна.

4.Иргэдийн төлөөлөгчөөс нэхэмжлэгчийг хохироосон нь тодорхой болсон бөгөөд өмгөөлөгчийн төлбөрийг олгох нь зөв юм. Гэхдээ өмгөөллийн хөлсийг тодорхойлох боломжгүй байна... гэх дүгнэлт нь үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иймд Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4., 229 дүгээр зүйлийн 229.2. дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн Засгийн газрын нөөц сангаас өмгөөллийн хөлс 10,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1., 115.2.3. дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4. дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.*******ын хууль зүйн туслалцаа авсан хөлс 10,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БАЯРМАА

ШҮҮГЧИД Б.УНДРАА

Л.ЭНХЖАРГАЛ