2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 191/ШШ2025/09727

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025  11  11  191/ШШ2025/09727

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч О.Цэнд-Аюуш даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ..... дүүрэг, ..... дугаар хороо, ...... гудамж, ...... хотхон, ...... байр, .... тоотод оршин суух, ...../РД:...../-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, ....... дүүрэг, ...... дүгээр хороо, ........, өөрийн байранд байрлах, ..... банк ХК /РД:....../-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ам

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Ер

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Тэ, Г.Тө

Шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөхөөр нарийн бичгийн дарга Л.Мэндбулган нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Д.С нь хариуцагч ..... банк ХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:  Д.С миний бие 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр ...... банканд анх ажилд орж 3 жилийн хугацаанд ажилласан бөгөөд ажиллах хугацаандаа хичээл зүтгэлтэй ажилласны үндсэн дээр байгууллагын шилдэг ажилтнаар шалгарч байсан. Улмаар 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр ..... банкны ....салбарт салбарын захирлын албан тушаалд томилогдон ажиллаж байгаад 2023 оны 8 дугаар сараас эхлэн ..... салбарт салбарын захирлын үүрэгт ажилд томилогдон ажиллаж эхэлсэн.

Миний бие ..... банкны салбарын захирлын албан тушаалыг хашиж байх хугацаандаа ямар нэгэн ажлын хариуцлага алдаж байгаагүй, сахилгын шийтгэл авч байгаагүй, Хөдөлмөрийн тухай хууль, ..... банк ХК-ийн Хөдөлмөрийн дотоод журам, ажил олгогчтой байгуулсан Хөдөлмөрийн гэрээ болон Ажлын байрны тодорхойлолт-оор хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж ажиллаж байсан юм. Гэтэл ажилтан Д.С намайг ..... банк ХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн Д.Сыг ажлаас халах тухай Б-24/1143 дугаартай тушаалаар ажлаас халж, бодит байдалд нийцээгүй, хууль бус шийдвэр гаргасан.

Д.С намайг ажлаас халсан дээрх тушаалд нийт 9 үндэслэл дурдсан боловч энэхүү үндэслэлүүд нь ойлгомжгүй, тодорхойгүй, маш ерөнхий утгатай байна. Нэхэмжлэгчийг зарим нэг хэрэгт буруутгах, таамаглал дэвшүүлэх байдлаар, зарим үйлдлийн хувьд гаргасан байж болзошгүй гэдэг үндэслэлээр ажлаас чөлөөлсөн.

Ажил олгогч ..... банк ХК нь ажилтан Д.С намайг буруутгаж, ажлаас халах болсон үндэслэлээ танилцуулаагүй тул миний бие ямар үндэслэлээр буруутгагдаж, ажлаас халагдаж байгаагаа ойлгохгүй байна.

Дээрх тушаалаас үзвэл ажил олгогч нь нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4 дэх хэсэгт зааснаар давтан зөрчил гаргасан эсхүл ноцтой зөрчил гаргасан гэж үзсэн аль болох нь тодорхойгүй байна.

Миний бие Д.С 2024 оны 5 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл ажилдаа алдаа дутагдал гаргалгүй ажиллаж байсан бөгөөд ..... банк ХК-ийн нийт салбарын захирлуудын дунд ажлын үзүүлэлтээр тэргүүлж ирсэн. Үүний нотолгоо нь 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Гүйцэтгэх захирлын тушаалаар ажилтан Д.С намайг ажилдаа амжилт гарган, хамт олноо манлайлан ажилласан гэж үзэн БНХАУ-ын Хайнань арлын аялалд хамруулсан явдал билээ. Гэтэл дээрх байдлаар намайг ажилдаа амжилт гаргасан гэж үнэлсэн атлаа удалгүй сахилгын ноцтой зөрчил гаргасан гэж үзэн ажлаас халж байгаад гомдолтой байна.

Миний бие тушаалыг эс зөвшөөрч ..... банк ХК-ийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс болон Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргасан боловч талууд харилцан зөвшилцөж эвлэрээгүй тул ийнхүү шүүхэд хандаж байна.

Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны тэмдэглэл 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдөр гарсныг 2024 оны 6 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авсан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8 дахь хэсэгт Сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны энэ хуулийн 154.5-д заасан тэмдэглэлийг хүлээн авснаас хойш, эсхүл энэ хуулийн 154.7-д заасан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор маргалдагч тал шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй. гэж заасны дагуу хуулийн хугацаанд нэхэмжлэл гаргасан.

Иймд нэхэмжлэгчийг ..... банк ХК-ийн ..... салбарын захирлын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, дэвтэрт нөхөн бичилт хийхийг ажил олгогчид даалгаж өгнө үү.

Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг Ажилтны дундаж цалин хөлс тодорхойлох журмын дагуу тооцож үзэхэд 1 өдрийн цалин 317,800 төгрөг, нийт 120,446,200 /1 өдрийн цалин 317,800 төгрөг * 379 хоног/ төгрөг болж байна гэв.

 

2. Хариуцагч ..... банк ХК нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа:  Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна. 1.Д.Сын үйлдсэн зөрчлүүдийн тухай

 

1.1. Ажилтан өөрийн хамаарал бүхий этгээдийг өөрийн удирдлагад цалинтай дадлага хийлгэсэн, хамаарал бүхий этгээдийн талаар хүний нөөцийн газарт мэдэгдээгүй.

Нэхэмжлэгч Д.С нь 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрөөс 2023 оны 8 дугаар сарын 07-ны өдрийг хүртэлх хугацаанд ..... банкны .... салбарын захирлаар ажиллаж байх хугацаандаа Гүйцэтгэх захирлын 2023 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн Б-23/1376 тоот тушаалаар Г.Хи 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдрөөс 7 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд ..... банкны ....салбарт цалинтай дадлага хийлгэхээр болжээ.

Гэтэл, Г.Хиийн оюутны дадлага хийхийг хүсэгчийн өргөдлийн маягтыг баталгаажуулахад Ураг төрлийн байдал хэсэгт Д.Сыг авга эгч гэж бичсэн боловч хаана, ямар албан тушаалд ажилладаг талаарх мэдээллийг бөглөөгүй байсан. Энэхүү үйлдлээс үзвэл, нэхэмжлэгч Д.С нь Г.Хи өөрийн хамаатны дүүг мэдсээр байж, өөрийн удирдлага дор цалинтай дадлага хийлгэсэн байна. Энэ талаар ..... банк ХК-ийн Хүний нөөцийн газарт ажиллаж байх хугацаандаа мэдэгдээгүй байдаг.

Нэхэмжлэгч Д.С нь энэхүү үйлдлээрээ ..... банкны Ёс зүйн дүрэм-ийн 4 дүгээр зүйлийн 4.4-т Банк ажилтны гэр бүлийн гишүүн, төрлийн болон садангийн холбоотой хүнийг нэг газар, хэлтэс, нэгжид ажилд авахгүй. Түүнчлэн нэг нь нөгөөдөө шууд хяналт тавих ажилд авахыг хориглоно. Ажилтан өөрийн холбогдох этгээдийн талаарх мэдээлэл, хэрэв ажлын явцад удирдлага, хяналтын зөрчил үүсэхээр бол Хүний нөөцийн газарт мэдэгдэж, туслалцаа авч, тухайн асуудлыг зохицуулан шийдвэрлэнэ гэж заасныг зөрчсөн.

 

1.2. Ажлын бус шаардлагаар 28 харилцагчийн нууцтай холбоотой мэдээлэл буюу дансанд 7600 удаа хандалт хийсэн. ..... банкны Дотоод Аудитын газар нь 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд Банкны нэгжийн зарим захирлуудын аудитыг хийж гүйцэтгэсэн бөгөөд Аудитын тайлан 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдөр албан ёсоор гарч тус тайлангаар Д.Сын гаргасан зөрчил болох ажлын бус шаардлагаар 28 харилцагчийн нууцтай холбоотой мэдээлэл буюу дансанд 7600 удаа хандалт хийсэн нь баталгаажсан.

Банкны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.8, Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.10 дахь хэсэгт заасны дагуу банк нь ..... банкны нууцын заавар баталсан. Уг зааврын 2 дугаар зүйлийн 2.1.8.6 дэх дэд заалтад Маш нууц: Задарвал хүний эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгөд бодитойгоор хохирол учруулж болохуйц мэдээлэл: Тухайлбал харилцагчийн хувийн хэргийн мэдээлэл, дансны үлдэгдлийн талаарх мэдээлэл, гүйлгээний хуулга, гадаад болон дотоод гуйвуулга, гэрээ, зээлийн холбогдолтой мэдээллүүд, АТМ, мөнгөн зөөврийн мэдээллүүд; гэж харилцагчийн дансны мэдээллийн Маш нууц төрөлд хамааруулсан байдаг.

Гэтэл, нэхэмжлэгч Д.С нь Ажилтны аудит хамрах хугацаанд суурь бүртгэлийн программын 13110004-Депозит дансны дэлгэрэнгүй лавлагаа цонхоор харилцагчийн дансанд хандсан нийт 27,067 удаагийн хандалтын лог бичилтийг баталгаажуулахад ажлын бус шаардлагаар 30 харилцагчийн дансанд 17,659 удаа, ажлын шаардлагаар хандсан эсэх нь тодорхойгүй 4 харилцагчийн 110 хандалт, өөрийн холбоотой 10 этгээдийн дансанд 10,021 удаа хандсан байна.

Нэхэмжлэгч Д.С нь энэхүү үйлдлээрээ Хөдөлмөрийн дотоод журмын 2 дугаар зүйлийн 2.13.5 дахь заалтад Ажилтан нь ажил олгогч, ажилтан болон харилцагчийн нууц гэж үзсэн аливаа мэдээлэл, дансны мэдээлэл задруулсан, өөрийн ажил үүрэгт хамааралгүй дансанд нэвтэрсэн, албан тушаалаа урвуулан ашигласан, ашиг сонирхлын зөрчил гаргасан, ёс зүйн ноцтой зөрчил гаргасан үйлдэл нь тогтоогдсон гэж, ..... банкны Ёс зүйн дүрэм-ийн 4 дүгээр зүйлийн 4.9.4.а заалтад Ажилтан нь гүйцэтгэх захирлын тушаалаар батлагдсан Банкны нууцын жагсаалтад дурдагдсан мэдээлэл болон доорх мэдээллийн нууцлалыг чандлан хадгална. Үүнд: Харилцагчийн мэдээлэл: Ажилтан нь ажил үүргээ биелүүлэхээс бусад ямар ч тохиолдолд харилцагчийн мэдээлэлд нэвтрэх, гуравдагч этгээдэд дамжуулахыг хориглох бөгөөд мэдээллийн нууцыг хадгалж, аюулгүй байлгана гэж, ..... банкны Нууцын заавар-ын 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэг Ажил үүрэгтэй хамааралгүй нууц баримт бичиг, материалыг сонирхох, танилцах гэж заасныг тус тус зөрчсөн байна.

 

1.3. Банкны харилцагчийн үйлчилгээний стандарт тайланг хувийн шаардлагаар өөрийн хамаарал бүхий этгээдийн и-мэйлд илгээж, задруулсан тухай,

Нэхэмжлэгч Д.С нь өөрийн дүү хамаатны дүү Г.Хиийн и-мэйл хаяг /....../-т 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдөр ХҮСтандарт 7-р cap.pdf гэх файлыг илгээсэн байх ба уг файл нь банкны үйл ажиллагаатай холбоотой дараах олон төрлийн мэдээллийг агуулсан байна. Үүнд:

Харилцагчийн үйлчилгээний стандарт (2023 оны 07 дугаар сар), Тандалт, хяналтын мэдээлэл, анхаарах зүйлс, санал хүсэлт, гомдол, талархал, банкны нэгжийн CSAT оноо, Харилцагчийн хүлээлэгтэй холбоотой дугаар дуудагчийн тайлан зэрэг мэдээлэл хамаарч байна.

Энэ талаар нэхэмжлэгч Д.Саас тодруулахад Дадлагын тайланд шаардлагатай байсан тул дүү рүүгээ илгээсэн гэсэн тайлбарыг өгсөн.

Нэхэмжлэгч Д.С нь энэхүү үйлдлээрээ Хөдөлмөрийн дотоод журам 2.13.9 дэх заалт Банкны заавар, журам, гарын авлага, аливаа бусад бичиг баримтыг зөвшөөрөлгүйгээр банкнаас гаргах, өрсөлдөгч болон аливаа гуравдагч аж ахуйн нэгж, байгууллага, тэдгээрийн ажилтнуудад цаасаар болон электрон хэлбэрээр өгсөн гэж, Ёс зүйн дүрэм-ийн 3 дугаар зүйлийн 3.2.5 дахь заалт "Өөрийн албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглахаас татгалзах гэж, 4 дүгээр зүйлийн 4.9.3 дахь заалт Ажилтан нь зөвхөн Банкны эрх бүхий албан тушаалтны зөвшөөрлөөр, холбогдох хууль, тогтоомж, Банкны дүрэм, журам, зааварт нийцүүлэн Банкны болон харилцагчийн мэдээллийг эрх бүхий этгээдэд өгч болно гэж, 5 дугаар зүйлийн 5.15.2 дахь заалт Ажилтан нь ажил, үүргийнхээ хувьд дотоод мэдээллийг шууд болон шууд бусаар авах боломжтой, эсхүл ажлын шаардлагаар мэддэг давуу байдлаа ашиглан, уг мэдээллийг гуравдагч этгээдэд мэдээлэх, хувийн ашиг сонирхлын үүднээс шууд болон шууд бусаар ашиглахыг хориглоно гэж заасныг тус тус зөрчсөн.

 

1.4. Харилцагчийн валют арилжаалах үйл ажиллагаанд оролцсон тухай, Монголбанкнаас арилжааны банкнуудад нийлүүлэх валютын хязгаарлалттай холбоотойгоор Арилжааны хэлтсээс валют арилжааны лимит тогтоосон үед ажилтан Д.Сын дүү Д.Э, бэр У.Ба, хамаатан Г.Хи нарын данснаас ....салбарт ам.долларын бэлэн зарлагын гүйлгээ хийгдэж, тухайн гүйлгээнүүдийн дараа ..... ББСБ ХХК-ийн ам.долларын дансанд орлогын гүйлгээ хийж байсан. Ёс зүйн дүрэм-ийн 3 дугаар зүйлийн 3.2.5 дахь заалтад гэж Өөрийн албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглахаас татгалзах гэж заасан байдаг.

Гэтэл, нэхэмжлэгч Д.С нь өөрийн давуу байдлыг ашиглан ..... банкны Арилжааны хэлтсээс валют арилжааны лимитийг тогтоосон үед ..... ББСБ ХХК-ийн ам.долларын дансанд орлогын гүйлгээ хийж байсан байна. Дээрхээс дүгнэвэл, нэхэмжлэгч Д.С нь Ёс зүйн дүрэм-ийн 3 дугаар зүйлийн 3.2.5 дахь заалтыг зөрчсөн байна.

 

1.5. Өөрийн хамаарал бүхий этгээд болон ашиг сонирхлын зөрчил үүсэх зээлүүдэд санал өгсөн шийдвэрлэсэн тухай:

...Ёс зүйн дүрмийн 3 дугаар зүйлийн 3.2.4 дэх заалтад Банкны нэр хүндийг эрхэмлэн үзэж, харилцагчийн итгэлийг дааж, ашиг сонирхлын зөрчил үүсэхүйц нөхцөл байдлаас ангид байж ажиллах гэж, 3.2.5 дахь заалтад Өөрийн албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглахаас татгалзах гэж, 5 дугаар зүйлийн 5.5.1 дэх заалтад Ажилтан нь өөрийн ашиг сонирхол болон Банк, түүний хувьцаа эзэмшигч, харилцагчийн ашиг сонирхлын хооронд зөрчил үүсгэж болохуйц аливаа нөхцөл байдлаас ангид байна гэж, 5.8.2 дахь заалтад Ажилтан бусдаас авлига, шан харамж авахгүй, бусдад эдийн болон эдийн бус ашигтай байдлыг бий болгохгүй, авлигыг санал болгохгүй, амлахгүй, өгөхгүй, зуучлахгүй байхыг баримтална гэж, 5.15.3 дахь заалтад Ажилтан Банкны хууль ёсны ашиг сонирхлыг бусад ашиг сонирхлоос өмнө тавих үүрэг хүлээх ба өөрийн байр суурь, мэргэжлийн хэлхээ холбоо болон Банкны гэрээ хэлцлийг өөрийн хувийн асуудлаа шийдвэрлэх, хувьдаа ашиг олох зорилгоор ашиглахыг хориглоно гэж,

..... банкны Зээлийн хороодын ажиллах журам-ын 4 дүгээр зүйлийн 4.24 дэх хэсэгт Зээлийн хороодын дарга, дэд дарга, гишүүд, ЗХНБД, ЗЭШ, ЗХА нь өөрсдийн холбоотой этгээдийн болон ашиг сонирхлын зөрчил үүсэх зээлийн хүсэлттэй холбоотой асуудлуудыг шийдвэрлэх үйл ажиллагаанд оролцохгүй гэж тус тус заажээ.

Гэтэл, нэхэмжлэгч Д.С нь холбоотой этгээд болон ашиг сонирхлын зөрчил үүсэх дараах зээлдэгчийн зээлд санал өгсөн, шийдвэрлэжээ. Үүнд:

Өөрийн хамаатан болох Г.Гүнсэнпилийн зээл, өөрийн дүү Д.Эрдэнийн эхнэр У.Багийн үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авч буй Ж.Товуудоржийн зээл, нэхэмжлэгч Д.Сын найз болох М.Лх зээл, нэхэмжлэгч Д.Сын найз болох М.Лха дүү болох М.На зээлд тус тус санал өгсөн байна.

Дээрхээс дүгнэвэл, хэрэв ажилтан ашиг сонирхлын зөрчил үүсэхүйц нөхцөл байдал байвал тухайн нөхцөл байдлаас татгалзах үүрэгтэй ба ашиг сонирхлын зөрчил үүсгэхийг хориглох талаар Банк нь дотоод заавар, журамдаа тусгадаг байдаг. Гэтэл нэхэмжлэгч Д.С нь холбоотой этгээд болон ашиг сонирхлын зөрчил үүсэх дараах зээлдэгчийн зээлд санал өгсөн, шийдвэрлэсэн байгаа нь Ёс зүйн дүрмийн 3 дугаар зүйлийн 3.2.4, 3.2.5 дахь заалт, 5 дугаар зүйлийн 5.5.1, 5.8.2, 5.15.3 дахь заалт, ..... банкны Зээлийн хороодын ажиллах журам-ын 4 дүгээр зүйлийн 4.24 дэх хэсгийг тус тус зөрчсөн.

 

1.6. Шан харамж авсан байж болзошгүй гүйлгээ илэрсэн тухай:

...Банкны харилцагчийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн салбарт итгэлийг болгохын тулд ..... банк нь харилцагчид үйлчилгээ үзүүлснийхээ төлөө ямар нэгэн байдлаар шан харамж авахгүй байх талаар өөрийн дотоод заавар, журамд зохицуулсан байдаг бөгөөд Ёс зүйн дүрэм-ийн 3 дугаар зүйлийн 3.2.5 дахь заалтад Өөрийн албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглахаас татгалзах гэж, 4 дүгээр зүйлийн 4.8.5-д Ямар ч тохиолдолд үйлчилгээ үзүүлсний төлөө ажилтан шан харамж авах, өөртөө давуу байдал бий болгохыг хориглоно гэж,

5 дугаар зүйлийн 5.8.2 дахь заалтад Ажилтан бусдаас авлига, шан харамж авахгүй, бусдад эдийн болон эдийн бус ашигтай байдлыг бий болгохгүй, авлигыг санал болгохгүй, амлахгүй, өгөхгүй, зуучлахгүй байхыг баримтална гэж тус тус заажээ.

Гэтэл, нэхэмжлэгч Д.С нь Аудитын тайлангаар шан харамж авсан байж болзошгүй гүйлгээ илэрсэн. Эдгээр гүйлгээг тодруулбал:

-Д.С (нэхэмжлэгч Д.Сын дүү) нь зээлдэгч ......орон сууцаа 127,400,000 төгрөгөөр худалдаж байгаа гэсэн гэрээг байгуулан банк зөрүү 89,200,000 төгрөгийг МИК-ийн орон сууцны зээлээр санхүүжүүлсэн. Зээлдэгч Э.Ар нь 2022 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр ..... банктай Орон сууцны зээлийн гэрээ-г байгуулсан. Гэтэл энэхүү зээлийн гэрээ байгуулснаас 3 хоногийн дараа Э.А нь 20,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Д.Сын төрийн банкны 360000161714 тоот дансанд шилжүүлсэн байдаг. Улмаар, нэхэмжлэгч Д.С нь тус мөнгийг (1) Д.Сгийн дансанд 14,900,000 төгрөг, (2) Д.С өөрийн Төрийн банкан дахь ....... зээлд 1,200,000 төгрөг, (3) Өөрийн охин . дансанд 1,000,000 төгрөгийг т......ус тус шилжүүлж, үлдэх 2,900,000 төгрөгийг өөрийн дансанд үлдээсэн байна. Эдгээрээс дүгнэвэл, нэхэмжлэгч Д.С нь зээлдэгч . ямар нэгэн холбо......о хамааралгүй атлаа зээлдэгчээс 20,000,000 төгрөгийг өөрийн дансанд авч, байрыг худалдаж буй .... данс руу 14,900,000 төгрөгийг шилжүүлсэн байх ба үлдсэн мөнгө болох 5,100,000 төгрөгийг шан харамж болгон авсан гэж үзэхээр байна.

Зээлдэгч Д.Ою нь ..... банктай 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Тэтгэврийн зээлийн гэрээ-г байгуулж 4,160,000 төгрөгийн зээлийг олгосон байна. Зээлдэгчийн Д.Оюы ..... банканд гаргасан зээлийн хүсэлтийг үзэхэд Д.Ою нь 3,000,000 төгрөгийн зээлийн хүсэлтийг явуулсан атал 4,160,000 төгрөгөөр зээл олгосон байна. Улмаар Зээлдэгчээс зээл олгогдсон өдөр 1,000,000 төгрөгийг Д.Сын хамаатан Г.Хиийн...... тоот дансанд ЕВ -О, маш их баярлалаа гэсэн гүйлгээний утгатай шилжүүлсэн байх тул шан харамж авсан гэж дүгнэхээр байна.

Дээрхээс дүгнэвэл, Банкны харилцагчийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн салбарт итгэлийг болгохын тулд ..... банк нь харилцагчид үйлчилгээ үзүүлснийхээ төлөө ямар нэгэн байдлаар шан харамж авахгүй байх талаар зохицуулсан атал нэхэмжлэгч Д.С нь зээлдэгч Д.Ою, Э.А нараас шан харамж авсан байгаа нь Ёс зүйн дүрмийн 3 дугаар зүйлийн 3.2.5, 4 дүгээр зүйлийн 4.8.5, 5 дугаар зүйлийн 5.8.2 заалтыг тус тус зөрчсөн.

 

1.7. Харилцагч өөрийн биеэр ирээгүй байхад гүйлгээний баримтыг ажилтан бөглөн гарын үсэггүй болон гарын үсэгтэй баримтаар зарлагын гүйлгээ хийлгэсэн 52 тохиолдол илэрсэн тухай: ..... банкны Теллерийн ажиллах заавар-ын 1 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт Харилцагчийн иргэний үнэмлэхийг төхөөрөмжид уншуулж, иргэний үнэмлэхгүй тохиолдолд Зааврын 1.2.6-д заасан бусад баримт бичиг, баталгаат гарын үсэг, тамга тэмдэг, зураг зэрэг мэдээллийг суурь бүртгэлийн программд бүртгэлтэй мэдээлэлтэй тулгаж баталгаажуулсны дараа гүйлгээ хийж, нэмэлт үйлчилгээ үзүүлнэ. Цахим тодорхойлолтыг үндэслэн гүйлгээ хийсэн тохиолдолд тус тодорхойлолтыг хэвлэхгүй бөгөөд Документ менежмент систем (цаашид ДМС гэх)-ийн холбогдох хавтаст оруулан хадгална. Цаасан тодорхойлолтыг үндэслэн гүйлгээ хийсэн тохиолдолд тус тодорхойлолтыг ДМС-д цахимжуулахгүй бөгөөд гүйлгээний баримтад хавсарган үднэ гэж заасан байдаг.

Теллерийн өдрийн гүйлгээний нэгтгэл тайлангаар баталгаажуулахад харилцагчдын ам.долларын данснаас 9 өдөр нийт 49 удаагийн бэлэн зарлагын гүйлгээ хийхдээ ....салбарын Ахлах теллер Б.Өн (Одоо СБХХ-ийн СБХА) иргэний үнэмлэх уншуулахгүй, гүйлгээг дараалан минут хүрэхгүй хугацааны зайтай хийжээ.

Эдгээр бэлэн гүйлгээнүүд болон харилцагчдын дансанд хандсан талаар захирлаас тодруулахад ..... ББСБ болон бусад нэлээд олон валют арилжааны байгууллагуудтай депозит татах зорилгоор уулзаж, заримд нь хадгаламж нээсэн. Салбарын зарим харилцагчид тусдаа өрөөнд үйлчлүүлэх сонирхолтой байдаг бөгөөд АХУА (ахлах теллер)-д иргэний үнэмлэх уншигч төхөөрөмж байгаагүй. Би дээрх валют арилжааны гүйлгээтэй хамааралгүй гэсэн тайлбарыг өгсөн.

Мөн, энэ талаар СБХХ-ийн СБХА Б.Өнс тодруулахад ....салбарт 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдрөөс ахлах теллерээр ажилласан бөгөөд хэсэг хугацаанд Pinpad төхөөрөмжгүй ажилласан. Ахлах теллер болоод салбарын VIP харилцагч нарын гүйлгээг хүсэлтийн дагуу гарын үсэггүй хийж, нөхөж зуруулдаг байсан. Валют арилжаа хийдэг ....... зэрэг харилцагч нарын хувьд захирлаар дамжуулан гарын үсэгтэй болон гарын үсэггүй баримтаар гүйлгээ хийж, нөхөж зуруулдаг байсан. Валют арилжаатай холбоотой гүйлгээг салбарын захирал, СБХА нар мэддэг байсан. Харилцагч байхгүй үед гүйлгээ хийж болохгүй талаар мэддэг байсан ба захирлын хамааралтай болон зөвхөн салбарын VIP харилцагч нарын гүйлгээг хийдэг байсан болно гэсэн тайлбарыг өгсөн байдаг.

....салбар нь 09:00-17:00 цагийн хооронд харилцагчид үйлчилдэг бөгөөд 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр салбар нээгээгүй байхад 08:51 цагт харилцагч Д.......тоот данснаас 24,000,000 төгрөгийн бэлэн зарлагын гүйлгээ хийж, 08:55-08:58 хугацаанд 5 харилцагчийн дансанд 23,700,000 төгрөгийн орлого тушаажээ.

Эдгээр 52 баримтын хувьд зарлагын маягтад зурсан харилцагчийн гарын үсгээс бусад бичвэр нь нэхэмжлэгч Д.Сын бичгийн хэвтэй ижил, салбар нээгээгүй байхад гүйлгээ хийсэн зэргээс үндэслэн харилцагч нар салбарт өөрийн биеэр ирээгүй байхад нэхэмжлэгч Д.С нь харилцагчдын өмнөөс баримтыг бөглөн, гүйлгээг хийлгэж, гарын үсгийг өмнө нь эсвэл дараа нь зуруулдаг байсан гэж дүгнэхээр байна. Мөн өдрийн гүйлгээний нэгтгэл тайлангаас баталгаажуулахад эдгээр арилжаа хийсэн өдрүүдэд бусад харилцагчдын иргэний үнэмлэхийг Pin pad төхөөрөмжид уншуулсан байгаа тул ажилтны өгсөн дээрх тайлбар үндэслэлгүй юм.

Дээрхээс дүгнэвэл, нэхэмжлэгч Д.С нь ..... банкны Теллерийн ажиллах заавар-ын 1 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэг, Ёс зүйн дүрэм-ийн 3 дугаар зүйлийн 3.2.5 дахь заалтыг тус тус зөрчсөн байна.

 

1.8. Харилцагчтай дансаар олон удаагийн давтамжтай харилцсан гүйлгээ илэрсэн тухай:

...Ёс зүйн дүрмийн 3 дугаар зүйлийн 3.2.4 дэх заалтад Банкны нэр хүндийг эрхэмлэн үзэж, харилцагчийн итгэлийг дааж, ашиг сонирхлын зөрчил үүсэхүйц нөхцөл байдлаас ангид байх ажиллах гэж, 5 дугаар зүйлийн 5.15.3 дахь заалтад, Өөрийн албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглахаас татгалзах гэж тус тус зохицуулсан. Гэтэл, ..... банкны Дотоод Аудитын газар нь 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд Банкны нэгжийн зарим захирлуудын аудитыг хийж гүйцэтгэсэн бөгөөд Аудитын тайлан 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдөр албан ёсоор гарч тус тайлангаар Д.Сын гаргасан зөрчил болох харилцагчтай дансаар олон удаагийн давтамжтай харьцсан гүйлгээ илэрсэн.

Тодруулбал, нэхэмжлэгч Д.Сын болон холбоотой этгээдийн данснаас харилцагч Д.Мөнхсувд, М.Лхагвадулам нарын дансанд нийт 405,140,000 төгрөгийг буцаан шилжүүлжээ. Энэ талаар ажилтнаас тодруулахад ..... нь миний хамаатан ба бид хоорондоо шаардлага гарсан тохиолдолд мөнгө зээлдэг. Харин ......нь багын найзын маань дүү, олон жил харилцаж байгаа, шаардлагатай үед мөнгө түр зээлж байсан гэсэн байдаг.

Дээрхээс дүгнэвэл, ....... нар нь ..... банкны харилцагч ба Ёс зүйн дүрэмд зааснаар ажилтан нь харилцагчтай ашиг сонирхлын зөрчил үүсэхээс ангид байх үүрэгтэй. Нэхэмжлэгч Д.С нь өөрийн тайлбартаа харилцагчтай буюу .......нартай дансаар олон удаагийн давтамжтай харьцсан гүйлгээ илэрснээ хүлээн зөвшөөрдөг.

Иймд, нэхэмжлэгч Д.С нь Ёс зүйн дүрмийн 3 дугаар зүйлийн 3.2.4 дэх заалт, 5 дугаар зүйлийн 5.15.3 дахь заалтыг тус тус зөрчсөн байна.

 

2. Дээрх зөрчлүүд нь ажил олгогчийн санаачилгаар Д.Стай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах болсон.

2.1. Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан тухай: Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх заалтад ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан бол ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж болохоор хуульчилсан. Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 33 дугаар тогтоолын 15.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэдэгт хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа гаргасан байхыг ойлгоно. Зөрчил бүр тус тусдаа тогтоогдсон байх шаардлагатай боловч тус бүрд нь сахилгын шийтгэл заавал ногдуулсан байхыг шаардахгүй гэжээ.

Дээр дурдсанчлан нэхэмжлэгч Д.С нь хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа гаргасан болох нь Аудитын газрын 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн ТА-2023/06 дугаарт тайлангаар илэрсэн байдаг.

Дээрхээс дүгнэвэл, нэхэмжлэгч Д.С нь хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа гаргасан тул тус бүрд нь сахилгын шийтгэл ногдуулахгүйгээр Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх заалтыг үндэслэн түүнийг ажлаас чөлөөлж, ажил олгогчийн санаачилгаар түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахаар байна.

2.2. Хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчлийг үйлдсэн тухай: Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж хуульчилсан.

..... банк ХК нь нэхэмжлэгч Д.Стай 2023 оны 8 дугаар сарын 07-ны өдөр О-23/050 тоот бүхий Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ-г байгуулсан ба тухайн гэрээний 12 дугаар зүйлийн 12.4 дэх хэсэгт ноцтой зөрчил гэж үзэх тохиолдлуудыг нэрлэн заасан.

Банк нь нэхэмжлэгч Д.Сыг Гүйцэтгэх захирлын 2024 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн Б-24/1143 тоот "Д.Сыг ажлаас халах тухай тушаалаар ажлаас халсахдаа түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 12 дугаар зүйлийн 12.4.1, 12.4.5, 12.4.6, 12.4.10, 12.4.13 заалтыг тус тус үндэслэсэн.

 

Дээрхээс дүгнэвэл, Банк нь тусгайлсан хуулиар зохицуулагддаг ба бусдын хөрөнгөөр үйл ажиллагаа явуулдаг тул харилцагчийн итгэлийг дааж, ашиг сонирхлын зөрчил үүсэхүйц нөхцөл байдлаас ангид байх шаардлагатай байдаг. Гэтэл нэхэмжлэгч Д.С нь хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчлүүдийг үйлдсэн байх ба энэхүү үйлдэл нь Банканд итгэх харилцагчийн итгэлийг эвдэх, Банканд сөрөг нөлөөлөл бий болгох үйлдлүүд байсан тул ажлаас халсан.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3 Нэхэмжлэгч талаас дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:  Иргэний үнэмлэхийн лавлагаа /1хх-3/, 2024.05.08-ны өдрийн Б-24/1143 дугаар Гүйцэтгэх захирлын тушаал /1хх-4/, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /1хх-5/, Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын хуралдааны тэмдэглэл /1хх-6/, Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны тэмдэглэл/шийдвэр /1хх-7-9/, Үүрэг дуусгавар болсон тухай гэрээ /2хх-198/, Э.Агийн тайлбар /2хх-199/, Төрийн банк ХК-ийн тодорхойлолт /2хх-216/,

 

4. Хариуцагч талаас дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: 2023.02.01-ний өдрийн Д.Оюд олгох 0010/000820/2023 дугаартай Тэтгэвэрийн зээлийн шийдвэр /1хх-49/, Депозит дансны хуулга /1хх-50-52/, 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Э.Атай байгуулсан ЗГ-ВСС220823002-1 дугаартай Орон сууцны зээлийн гэрээ /1хх-53-57/, 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Э.Атай байгуулсан 3Б/ВСС220823002-1-1 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ /1хх-58-60/, 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн Д.Стай байгуулсан 0-23/050 дугаар Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ /1хх-61-71/, ..... банкны нууцын заавар /1хх-72-80/, ..... банкны Зээлийн хороодын ажиллах журам /1хх-81-90/, 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Хөлсөөр ажил үүрэг гүйцэтгүүлэх тухай Б- 23/1376 дугаар Гүйцэтгэх захирлын тушаал /1хх-91-92/, 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн Д.Сыг ажилд томилох тухай Гүйцэтгэх захирлын Б-20/839 дугаар тушаал /1хх-93/, 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн Д.Сыг ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай Гүйцэтгэх захирлын Б-23/1697 дугаар тушаал /1хх-94/, Г.Хиийн Оюутны дадлага хийхийг хүсэгчийн өргөдлийн маягт /1хх-95-96/, 13. Д.Сын ..... банкны Дотоод аудитын газарт бичсэн тайлбар /1хх-97-102/, ..... ..... банкны Дотоод аудитын газарт бичсэн тайлбар /1хх-103-104/, Г.Хи ..... банкны ....салбарт 2023 оны 06 дугаар сарын 06-ний өдрөөс 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн хугацаанд дадлага хийсэн тухай тодорхойлолт /1хх-105/, 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Г.Хитай байгуулсан 23/41 дугаартай 2023 оны зуны улиралд оюутнуудыг дадлага хийлгэх тухай зөвшөөрөл /1хх-106/, Хөлсөөр ажиллуулах гэрээ /1хх-107-110/, Хөлсөөр ажил гүйцэтгэгчийн гүйцэтгэх ажил, үүрэг /1хх-111-112/, 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 8 цаг 51 минутад хийгдсэн ......н гүйлгээний баримт /1хх-113/, Д.Сын ажилтны анкет /1хх-114-120/, Нууцын баталгаа /1хх-121-122/, ..... банкны Хөдөлмөрийн дотоод журам /1хх-123-135/, удалдаа, хөгжлийн банкны Ёс зүйн дүрэм /1хх-136-154/, Харилцагчийн үйлчилгээний стандартын 7 дугаар сарын хяналтын тайлан /1хх-155-182/, ..... банкны Теллерийн ажиллах түр заавар /1хх-183-199/, ..... банкны Теллерийн ажиллах заавар"-т нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Гүйцэтгэх захирлын А-22/641 дугаар тушаал /1хх-200-203/, 2020.06.29-ний өдрийн 2/360 дугаартай Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай гэрээ /2хх-111-112/, Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ /2хх-113-119/, Д.Сын дотоод аудитын газарт гаргасан тайлбар, дотоод аудитын тусгай аудитын хэлтэст гаргасан тайлбар /2хх-120-122/, ..... банкны бүтэц зохион байгуулалт /2хх-123/, тодорхойлолт /2хх-162-167/,

 

5. Хэргийн оролцогчийн хүсэлтийг үндэслэн шүүхийн журмаар цуглуулсан баримт. Үүнд: Улсын бүртгэлийн ерөнхий газраас Д.С /РД: ...../-ын гэрлэсний бүртгэлийн лавлагаа /1хх-226-227/, Иргэний нисэхийн ерөнхий газраас ...... ...... нар ажиллаж байсан эсэх, албан тушаалын тодорхойлолт /1хх-229-250, 2хх-1-2, 85-91/, ..... банк ХК-аас нэхэмжлэгч Д.Сад хөдөлмөрийн дотоод журам танилцуулсан талаар баримт, тодорхойлолт, Жижиг зээлийн заавар, Жижиг, дунд зээлийн үйл ажиллагааны заавар /2хх-20-73/, ..... банк ХК-аас Гүйцэтгэх захирлын 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Б-23/2790 дугаар Зарим ажилтнуудыг гадаад улсад аялуулах тухай тушаал, /2хх 134-135/ ..... банк ХК-ийн дүрэм /2хх-136-152/, 2023 оны 4 дүгээр улиралд тус банкны ..... салбарын үйл ажиллагаатай холбоотой гарсан аудитын дүгнэлт болон ..... банк ХК-ийн шагналын журам /2хх-192-196/, ..... салбарт хийгдсэн А-2023/38 дугаартай тайлан /2хх-240-249, 3хх-1-32/ зэрэг баримтууд цугларсан байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Д.С нь хариуцагч ..... банк ХК-д холбогдуулан урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, баталгаажуулахыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж, үндэслэлээ, Д.С нь ..... банк ХК-ийн салбарын захирлаар ажиллаж байх хугацаандаа ажлын хариуцлага алдаж байгаагүй, сахилгын шийтгэл авч байгаагүй, банкны нийт салбарын захирлуудын дунд ажлын үзүүлэлтээр тэргүүлж ирсэн. Үүний нотолгоо нь захирлын тушаалаар ажилтан Д.С намайг ажилдаа амжилт гарган, хамт олноо манлайлан ажилласан гэж үзэн БНХАУ-ын Хайнань арлын аялалд хамруулсан.

Гүйцэтгэх захирлын Д.Сыг ажлаас халах тухай тушаал нь бодит байдалд нийцээгүй, хууль бус шийдвэр байснаас гадна тушаалд заасан 9 үндэслэл ойлгомжгүй, тодорхойгүй, маш ерөнхий утгатай, таамаглал дэвшүүлэх байдлаар буруутгасан, мөн гаргаж болзошгүй гэх үйлдэл байсан.

Ажил олгогч нь 2023 оны 8 дугаар сарын 07-ны өдөр Д.Стай байгуулсан хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулж, ..... салбарын захирлаар ажиллуулсан. Гэвч шинэчлэн байгуулсан хөдөлмөрийн гэрээний хүрээнд биш өмнө байгуулсан гэрээний хүрээнд буюу ....салбарын захирлаар ажиллаж байх үедээ алдаа зөрчил гаргасан үндэслэлээр ажлаас халсан нь үндэслэлгүй. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. гэх агуулгаар тайлбарлав.

3. Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, үндэслэлээ Нэхэмжлэгч нь ажил үүргээ гүйцэтгэх явцдаа хөдөлмөрийн гэрээ, Хөдөлмөрийн дотоод журам, Компанийн дүрэм, ..... банкны Ёс зүйн дүрэм, Нууцын заавар, Зээлийн хороодын ажиллах журам, Жижиг зээлийн заавар, Жижиг, дунд зээлийн үйл ажиллагааны заавар, ..... банкны теллерийн ажиллах заавар, ..... банкны Жендэрийн эрх тэгш байдлын бодлого, ..... банкны Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх талаар баримтлах бодлого, TDB соёлын стандарт зэрэг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллах дүрэм, журмыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргасан. Түүнийг ажлаас халах тушаалд дурдсан 9 зөрчил нь банкны хяналт шалгалтаар тогтоогдсон учир ажлаас халсан тушаал үндэслэлтэй гэж татгалзаж байна.

4. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2 дахь хэсэгт Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй, 154.2.1-т хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор гэж зохицуулсан.

Нэхэмжлэгч нь ажил олгогчоос гаргасан тушаалыг эс зөвшөөрч, ажлаас үндэслэлгүй чөлөөлөгдсөн гэж үзэн хуульд заасан хугацаанд ..... банк ХК дахь Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, Сүхбаатар дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандсан байх бөгөөд хуралдаанаас талууд харилцан тохиролцоогүй гэсэн шийдвэр гаргасны дагуу шүүхэд хандсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8, 158 дугаар зүйлийн 158.1.1-т заасантай нийцсэн байх тул нэхэмжлэлийг шүүх хүлээн авч, шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн болно.

5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

5.1 ..... банк ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн Б-20/839 дугаар тушаалаар Д.Сыг тус банкны ....салбарын захирлаар 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн томилж, түүнтэй Контракт, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай гэрээ байгуулан ажиллахыг Захиргаа, хүний нөөцийн газарт үүрэг болгожээ.

Улмаар ажилтан, ажил олгогчийн хооронд 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай гэрээ, 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр 0-22/063 дугаартай Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан байна. /2хх 111-119/

5.2 2023 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн ..... банк ХК-ийн гүйцэтгэх захирлын Б-23/1697 дугаар тушаалаар Д.Сыг ....салбарын захирлын үүрэгт ажлаас 2023 оны 8 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн чөлөөлж, түүнтэй байгуулсан О-22/063 тоот Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээг цуцалж, дуусгавар болгон мөн өдрөөс эхлэн ..... салбарын захирлаар томилж, талууд 2023 оны 8 дугаар сарын 07-ны өдөр 0-23/050 дугаартай Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ байгуулжээ. /1хх 61-71, 94/ 

5.3 Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт Ажил олгогч, ажилтан харилцан тохиролцож, хөдөлмөрийн гэрээ байгуулна, 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт Өмчлөгч буюу түүнээс эрх олгогдсон этгээд нь өмчлөх эрхийнхээ тодорхой хэсгийг ажилтнаар дамжуулан хэрэгжүүлэх, аж ахуйн нэгж, байгууллагын гүйцэтгэх удирдлагын түвшний ажил үүрэг гүйцэтгүүлэх зорилгоор тухайн ажилтантай онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ байгуулж болно гэж зааснаас үзвэл, талуудын хооронд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүсэж, онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан байна.

5.4 Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээний дагуу нэхэмжлэгч Д.С нь ..... ХК-ийн ..... салбарын захирлаар ажиллаж байх хугацаанд тус компанийн гүйцэтгэх захирлын 2024 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн Б-24/1143 дугаар тушаалаар Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1, 43.1.4, 78 дугаар зүйлийн 78.1.9, 80 дугаар зүйлийн 80.1.4, 123 дугаар зүйлийн 123.2.5, 123.3, ..... банк ХК-ийн дүрмийн 11 дүгээр зүйлийн 11.6.11, ..... банкны Хөдөлмөрийн дотоод журмын 7 дугаар зүйлийн 7.2.5, 7.3, Д.Стай байгуулсан 2023 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 0-23/050 дугаартай Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.1.5-т заасныг тус тус үндэслэн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалж, дуусгавар болгон Д.Сыг ажлаас халсан байна.

6. Талууд тэдгээрийн хооронд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн талаарх дээрх үйл баримтад маргаагүй боловч нэхэмжлэгч Д.Сыг ажлаас халсан тушаалын хууль зүйн үндэслэлийн талаар маргасан.

7. Зохигчид хариуцагч компанийн гүйцэтгэх захирлын 2024 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн Б-24/1143 дугаар тушаалын үндэслэл бүрээр маргаж байх тул эдгээрт холбогдуулан дүгнэлт өгөх нь зүйтэй байна.

8. Харилцагчийн валют арилжаалах үйл ажиллагаанд оролцсон гэх үндэслэлийн тухайд:

8.1 Нэхэмжлэгч талаас ...Хариуцагчаас ажилтны бус түүний хамаарал бүхий этгээдийн мөнгө орсон гарсныг тайлбарладаг. Гэтэл Д......... нарыг танина. Найзууд, өөр ямар харилцаатай байсан юм мэдэхгүй тэр хүрээндээ доллар шилжүүлдэг байсныг Д.С мэдэхгүй, тайлбарлах үүрэггүй. Мөн хөөн хэлэлцэх хугацааны асуудал яригдана .... гэж,

хариуцагч талаас ...Монголбанкнаас арилжааны банкуудад нийлүүлэх валютын хязгаарлалттай холбоотойгоор Арилжааны хэлтсээс валют арилжааны лимит тогтоосон үед ажилтын Д.Сын дүү Д.Э, бэр У.Ба, хамаатан Г.Хи нарын данснаас ....салбарт ам.долларын бэлэн зарлагын гүйлгээ хийгдэж, тухайн гүйлгээнүүдийн дараа ..... ББСБ ХХК-ийн ам.долларын дансанд орлогын гүйлгээ хийгдсэн. ..... банкны ёс зүйн дүрмийн 3.2.5, Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээний 12.4.5-д заасныг зөрчсөн... гэж тус тус тайлбарлаж байна.

8.2 Хариуцагч компаниас хийсэн аудитын хяналт шалгалтаар, ..... ББСБ ХХК-ийн валют арилжааны гүйлгээг судалж, Д.Сын дансаар валют арилжаатай холбоотой гүйлгээ дамжаагүй боловч ..... ББСБ ХХК-ийн шилжүүлсэн мөнгөнөөс 1,500,000 төгрөгийг Д.Сын болон холбоотой этгээдийн дансанд шилжүүлсэн, ..... ББСБ ХХК болон Т...... дансанд нийт 37 удаа, бусад харилцагчдын ам.долларын дансанд нийт 117 удаа хандсан үндэслэлээр нэхэмжлэгч Д.Сыг валют арилжаалах үйл ажиллагаанд оролцсон гэж дүгнэжээ. /1хх170-182/

8.3 Гэвч Аудитын ТА-2023/06 дугаартай тайлан, хэрэгт авагдсан баримтаар Монголбанкнаас арилжааны банкнуудад нийлүүлэх валютын хязгаарлалт, түүний дагуу ..... банк ХК-ийн Арилжааны хэлтсээс валют арилжааны талаар хэдий хугацаанд, хэдий хэмжээний лимит тогтоосон нь тодорхойгүй, аудитын тайланд дурдаж буй гүйлгээ нь хэдий хэмжээгээр хэтэрсэн болох нь тогтоогдохгүй байна.

Ажил олгогчоос Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээний 12.4.5-д заасан Ажилтан өөрийн хамаарал бүхий этгээд буюу төрөл садан, найз нөхөд, танилын харилцаатай этгээд, нэгдмэл сонирхолтой этгээдэд Банкны бүтээгдэхүүн үйлчилгээг Банкны заавар, журам, удирдлагаас өгсөн зөвшөөрөлгүйгээр хөнгөлөлттэй эсхүл үнэ төлбөргүйгээр үзүүлэх, тэдэнд ашигтай шийдвэр гаргах зэрэг (үүгээр хязгаарлагдахгүй) үйлдэл, эс үйлдэхүй гаргах ноцтой зөрчил, ..... банкны ёс зүйн дүрмийн 3.2.5-т заасан Өөрийн албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглахаас татгалзах зөрчлийг ажилтан гаргасан гэж үзэн сахилгын шийтгэл ногдуулсан байна.

8.4 Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар ажилтныг сахилгын зөрчил гаргасан гэж үзвэл ажил олгогч нь сахилгын шийтгэлийн ногдуулах эрхтэй бөгөөд энэхүү эрхээ хэрэгжүүлэхдээ мөн зүйлийн 123.4, 123.5 дэх хэсэгт заасан хугацааг баримтална.

Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4 дэх хэсэгт Сахилгын зөрчил гаргасан өдрөөс, эсхүл зөрчил үргэлжилсэн тохиолдолд зөрчил гаргасан сүүлийн өдрөөс хойш зургаан сар, ажил олгогч түүнийг илрүүлснээс хойш нэг сарын дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна,

123.5 дахь хэсэгт Эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээх ажилтны хувьд сахилгын зөрчил гаргасан өдрөөс, эсхүл зөрчил үргэлжилсэн тохиолдолд зөрчил гаргасан сүүлийн өдрөөс хойш нэг жилийн дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна гэж тус тус зохицуулсан.

Ажил олгогч, ажилтны хооронд 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай гэрээ байгуулагдсан ба гэрээг шинэчлэн байгуулаагүй байна.

Хариуцагч нь нэхэмжлэгчийг ажлаас халах тушаалд харилцагчийн валют арилжаалах үйл ажиллагаанд оролцсон гэх хугацааг тодорхой тусгаагүй, аудитын тайланд 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдрөөс 29-ний өдрийн хооронд 1,500,000 сая төгрөгийг Д.Сын болон холбоотой этгээдийн дансанд шилжүүлсэн, тайланг 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хийж эхэлсэн гэснээс үзвэл хариуцагч Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.5 дахь хэсэгт заасан хугацааг зөрчиж нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулсан байна.

8.5 Мөн аудитын тайланд дурдсан 37, 117 удаагийн хандсан гэх гүйлгээний хугацаа тодорхойгүй байгааг дурдах нь зүйтэй байна.

Иймд нэхэмжлэгч Д.Сыг харилцагчийн валют арилжаалах үйл ажиллагаанд оролцсон зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлгүй.

9. Харилцагч өөрийн биеэр ирээгүй байхад гүйлгээний баримтыг ажилтан бөглөн гарын үсэггүй болон гарын үсэгтэй баримтаар зарлагын гүйлгээ хийлгэсэн 52 тохиолдол илэрсэн гэх үндэслэлийн тухайд:

9.1 Хариуцагч талаас ...Теллерийн өдрийн гүйлгээний нэгтгэл тайлангаар баталгаажуулахад харилцагчдын ам.долларын данснаас 9 өдөр нийт 49 удаагийн бэлэн зарлагын гүйлгээ хийхдээ ....салбарын Ахлах теллер .....г иргэний үнэмлэх уншуулаагүй, гүйлгээг дараалан минут хүрэхгүй хугацааны зайтай хийсэн. Салбар нээгээгүй байхад Д...... данснаас 24,000,000 төгрөгийн бэлэн зарлагын гүйлгээ хийж, 5 харилцагчийн дансанд 23,700,000 төгрөгийн орлого тушаасан. 52 баримтын хувьд зарлагын маягтад зурсан харилцагчийн гарын үсгээс бусад бичвэр нь ажилтан Д.Сын бичгийн хэвтэй ижил, салбар нээгээгүй байхад гүйлгээ хийсэн. ..... банкны Теллерийн ажиллах зааврын 1.4, ..... банкны Ёс зүйн дүрмийн 3.2.5, Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээний 12.4.5-д заасныг зөрчсөн гэж тайлбарлав.

нэхэмжлэгч талаас ...Ахлах теллерүүд 52 удаагийн гүйлгээ хийсэнд нэхэмжлэгч буруугүй, 52 удаагийн гүйлгээ хийсэн гэх боловч түүнтэй холбоотой баримтыг ирүүлээгүй, нотлогдохгүй байна. Баримт ирснээр харилцагч ирсэн, ирээгүй гэх нөхцөл тогтоогдохоос шалгалтын тайланд бичсэнээр нотлогдсон гэх үзэхгүй. Мөн Д.С нь гүйлгээ хийдэг албан тушаалтан биш... гэж татгалзаж байна.

9.2 ..... банкны Теллерийн ажиллах зааврын 1.4Харилцагчийн хүсэлтийн дагуу аливаа бүртгэл, гүйлгээ хийхдээ харилцагчийн иргэний үнэмлэхийг төхөөрөмжид уншуулах, иргэний үнэмлэх байхгүй тохиолдолд гадаад паспортын мэдээллийг суурь бүртгэлийн программд бүртгэгдсэн мэдээлэлтэй тулгаж, баталгаажуулсны дараа үйлчилгээг үзүүлнэ. Гадаадын иргэдийг харилцагчаар бүртгэх, данс нээх тохиолдолд гадаад паспорт болон Монгол Улсад оршин суух зөвшөөрлийн үнэмлэхийг хамтад нь хүлээн авах, харин бүтээгдэхүүний нэмэлт үйлчилгээ үзүүлэх болон гүйлгээ хийх тохиолдолд гадаад паспортыг үндэслэж болно гэж заасныг үндэслэн нэхэмжлэгч Д.Сыг буруутгах үндэслэлгүй байна.

Тушаалд дурдсан 52 удаагийн гүйлгээг нэхэмжлэгч хийсэн гэж үзэх баримтгүйн гадна нэхэмжлэгч тухайн үйлдлийг хийх үүрэгтэй талаарх баримтгүй байна.

Онцгой нөхцөл бүхий гэрээний 1.5-д Ажилтны ажлын байрны тодорхойлолт болон Бизнес төлөвлөгөө нь гэрээний салшгүй нэг хэсэг байх талаар тохиролцсон хэдий ч шүүх хуралдааны явцад талууд хэн аль нь ажлын байрны тодорхойлолтыг гаргуулах хүсэлт, тайлбар байхгүй, хариуцагч талаас тухайлсан ажлын байрны тодорхойлолт энэ ажилтан дээр байхгүй, ажилтны хувийн хэрэгт байгаагүйн улмаас гаргаж өгөх боломжгүй талаар тайлбарласан.

9.3 Ахлах теллер нь ..... банкны Теллерийн ажиллах зааврын 5.27-д зааснаар теллерийн кассын гүйлгээний орлого, зарлагын баримтуудыг хянаж шалган гарын үсэг зурж баталгаажуулах, тэнцлийн гадуурх дансанд бүртгэлтэй хадгалсан үнэ бүхий зүйлсийн бүртгэл тооцоо, хангалт болон бусад бүртгэл тооцоонуудыг хариуцаж ажиллахаар байна.

Уг зааврын 5.1, 1.2.9-д Ахлах теллер эсвэл касс хариуцсан теллер нь ахлах ажилтан түүний эзгүйд Банкны нэгжийн захирлын шууд удирдлага дор теллерийн өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулж ажиллах талаар зохицуулжээ.

Иймд аудитын тайланд дурдсан, ахлах теллерийн 49 удаагийн бэлэн зарлагын гүйлгээ, Д.Эрдэнийн ....салбараар 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 08 цаг 51 минутад хийсэн гүйлгээнд нэхэмжлэгчийг шууд буруутгах үндэслэлгүй. Нэхэмжлэгчийг Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээний 12.4.5-д заасан ноцтой зөрчил, ..... банкны Ёс зүйн дүрмийн 3.2.5-т заасныг зөрчсөн гэж эргэлзээгүй дүгнэх боломжгүй байна.

9.4 ТА-2023/06 дугаартай аудитын тайланд ...зарлага болон орлогын маягтад дансны дугаар, мөнгөн дүн бичсэн бичгийн хэв нь хоорондоо ижилхэн 52 тохиолдол, харилцагчийн баталгаат гарын үсэг зурсан балны өнгө болон дансны дугаар, мөнгөн дүн бичсэн балны өнгө зөрүүтэй 5 тохиолдол... илэрсэн гэх боловч 51 тохиолдол цаг хугацааны хувьд хэзээ үйлдэгдсэн болох нь бүрэн тогтоогдохгүй байна.

10. Ажилтан өөрийн хамаарал бүхий этгээдийг өөрийн удирдлагад цалинтай дадлага хийлгэсэн, хамаарал бүхий этгээдийн талаар Хүний нөөцийн газарт мэдэгдээгүй гэх үндэслэлийн тухайд:

10.1 нэхэмжлэгч талаас ...Г.Х..... нь нэхэмжлэгчийн ажиллаж байсан ..... салбарт ажиллаж, дадлага хийж байгаагүй. Өөрөөр хэлбэл, ....салбарт Г.Хи ажилласны төлөө ..... салбарын захирлыг албан тушаалаас нь халж болохгүй. Д.С нь Г.Хи авч ажиллуулаагүй, гүйцэтгэх захирлын тушаалаар Г.Хи нь цалинтай дадлага хийсэн...

хариуцагч талаас ...Д.С нь ....салбарын захирлаар ажиллаж байх хугацаандаа өөрийн хамаарал бүхий этгээд болох хамаатны дүү Г.Хи мэдсээр байж өөрийн удирдлага дор цалинтай дадлага хийлгэж, энэ талаар банкны Хүний нөөцийн газар мэдэгдээгүй, Ёс зүйн дүрмийн 4.4, Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээний 12.4.13-т заасныг тус тус зөрчсөн. ... гэж тус тус тайлбарлаж байна.

10.2 ..... банк ХХК нь Г.Хитай 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдөр хөлсөөр ажиллах гэрээ байгуулан, 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн 2023 оны 7 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл Г.Хи тус банкны ....салбарт ажиллуулахаар тохиролцож, ..... банк ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн Б-23/1376 дугаар тушаалаар Г.Хи ....салбарт ажиллуулахаар шийдвэрлэжээ.

Хүмүүнлэгийн Ухааны их сургуулийн Эдийн засгийн ангийн оюутан Г.Хи нь дээрх хугацаанд банкны ....салбарт дадлага хийж ажилласан болох нь ..... банк ХХК-аас Хүмүүнлэгийн Ухааны их сургуульд дадлага хийх явцад банкны дүрэм журмыг дагаж мөрдөн, дадлагыг 96 хувийн үнэлгээтэй гүйцэтгэсэн гэх тодорхойлолт, хөлсөөр ажиллах гэрээ, тушаал, талуудын тайлбар зэрэг баримтаар тогтоогдож байна.

10.3 Талуудын хооронд 2023 оны 8 дугаар сарын 07-ны өдөр байгуулагдсан Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ-ий 12.4-т гэрээний 12.2.4 дэх заалтад заасан Ноцтой зөрчил гэж доор тусгайлан тодорхойлсон зөрчлийг ойлгох ба ажилтан доорх зөрчил гаргасан тохиолдолд банк нэг талын санаачилгаар энэхүү гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж болно. Үүнд,

12.4.13-т Ажилтан хамаарал бүхий буюу нэгдмэл сонирхолтой этгээдийн мэдээллийг санаатайгаар дутуу орхигдуулсан, буруу бөглөсөн, өөрийн хамаарал бүхий этгээдтэй холбоотой ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүсэх нөхцөл байдал бий болоход Хүний нөөцийн газарт мэдэгдээгүй гэж тохиролцсон байна.

10.4 Хариуцагчаас ажилтан өөрийн хамаарал бүхий этгээдийг өөрийн удирдлагад цалинтай дадлага хийлгэсэн, хамаарал бүхий этгээдийн талаар Хүний нөөцийн газарт мэдэгдээгүй гэх зөрчлийг Банкны нэгжийн зарим захирлуудын талаар 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хийсэн ТА-2023/06 дугаартай аудитын тайлангаар тогтоогдсон гэж тайлбарлав.

Аудитын тайланд дурдсанаар Г.Хиийн оюутны дадлага хийхийг хүсэгчийн өргөдлийн маягтыг авч баталгаажуулахад Ураг төрлийн байдал хэсэгт Д.Сыг авга эгч гэж бичсэн боловч хаана, ямар албан тушаалд ажилладаг талаарх мэдээллийг бөглөөгүй,

дадлагажигч нарыг банкны нэгжид хуваарилахдаа ямар зарчмыг баримталдаг талаар ХНҮАХ-ийн ахлах мэргэжилтэн У.Энхчимэг нь тодруулахад ...сонгон шалгаруулалтын процессын явцад анхан шатны ярилцлага болон анкетын мэдээлэлд тулгуурлан төрөл садангийн холбоотой хүнийг нэг газар, хэлтэс, нэгжид хуваарилахгүй байх бодлогыг баримталж холбогдох захирлуудад тухай бүр танилцуулж шийдвэрлэдэг. Банкны нэгжийн орон тооны нөхөн хангалт, ажлын ачаалал болон салбарын захирлуудаас ирүүлсэн хүсэлтийг харгалзан дадлагажигч нарын хуваарилалтыг хийдэг гэжээ.

 

10.5 Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нь Дотоод Аудитын газарт зөрчлийн талаар тайлбар гаргахдаа Дадлагын оюутан хомс байдаг байсан тул хамаатны дүү Г.Хи ХНГ-т санал болгон дадлага хийлгэж, салбарын ажилд туслуулсан гэснээс үзвэл Г.Хи дадлага хийлгэх саналыг нэхэмжлэгч анх Хүний нөөцийн газарт тавьсан байна.

10.6 Нэхэмжлэгч нь ..... банкны ажилтны анкет-д Г.Хиийн талаарх мэдээллийг бичээгүй боловч Г.Хи дадлагын ажил хийхээс өмнө буюу 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр анкетыг бөглөсөн, мөн анкетад бүх төрөл, садангийн хүнийг бичих өгөгдөл байхгүй тул ажилтан хамаарал бүхий буюу нэгдмэл сонирхолтой этгээдийн мэдээллийг санаатайгаар дутуу орхигдуулсан, буруу бөглөсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Ажилтны хувьд өөрийн хамаарал бүхий этгээдтэй холбоотой ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүсэх нөхцөл байдал бий болоход Хүний нөөцийн газарт мэдэгдээгүй нь ноцтой зөрчилд тооцогдоно.

Хөдөлмөрийн дотоод журам, Компанийн дүрэм, Ёс зүйн дүрэм зэрэг хариуцагч компанид мөрдөгдөж буй дүрэм журмуудад ажилтны хамаарал бүхий этгээд гэдэгт хэнийг ойлгох талаар тодорхойлоогүй, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3.1.5-т заасантай харьцуулан үзвэл Г.Хи хамаарал бүхий этгээд гэж үзэхэд учир дутагдалтай байна.

Түүнчлэн ..... банкны Ёс зүйн дүрмийн 2.2.5, 5.5-т заасан ашиг сонирхлыг зөрчил нэр томъёо, агуулгыг тайлбарласнаас харьцуулан үзвэл нэхэмжлэгчийн хувьд Г.Хитай ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн, үүсэх нөхцөлийг бий болгосон гэж дүгнэх боломжгүй тул нэхэмжлэгчийг Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ-ий 12.4.13-т заасан ноцтой зөрчлийг гаргасан гэж үзэх үндэслэлгүй байна.

10.7 ..... банкны Ёс зүйн дүрмийн 4.4-т Банкны ажилтны гэр бүлийн гишүүн, төрлийн болон садангийн холбоотой хүнийг нэг газар, хэлтэс, нэгжид ажилд авахгүй. Түүнчлэн нэг нь нөгөөдөө шууд хяналт тавих ажилд авахыг хориглоно. Ажилтан өөрийн холбогдох этгээдийн талаарх мэдээлэл, хэрэв ажлын явцад удирдлага, хяналтын зөрчил үүсэхээр бол Хүний нөөцийн газарт мэдэгдэж, туслалцаа авч, тухайн асуудлыг зохицуулан шийдвэрлэнэ гэж заасан.

Аудитын тайланд дурдсанаар ажил олгогч нь дадлагажигч нарыг банкны нэгжид хуваарилахдаа сонгон шалгаруулалтын процессын явцад анхан шатны ярилцлага болон анкетын мэдээлэлд тулгуурлан төрөл, садангийн холбоотой хүнийг нэг газар, хэлтэс, нэгжид хуваарилахгүй байх бодлогыг баримталж холбогдох захирлуудад танилцуулдаг гэх боловч анхан шатны ярилцлагын үеэр энэ талаар тодруулсан эсэх, хөлсөөр ажиллах гэрээний үндсэн дээр ажиллаж буй дадлагын оюутны гэрээнд зааснаар хийж гүйцэтгэх ажил нь салбарын захирлын шууд хяналт тавих ажил эсэх нь тодорхойгүй байна.

Иймд нэхэмжлэгчийг өөрийн хамаарал бүхий этгээдийг өөрийн удирдлагад цалинтай дадлага хийлгэсэн, хамаарал бүхий этгээдийн талаар Хүний нөөцийн газарт мэдэгдээгүй зөрчлийг гаргасан гэж үзэх үндэслэлгүй байна.

11. Банкны харилцагчийн үйлчилгээний стандарт тайланг хувийн шаардлагаар өөрийн хамаарал бүхий этгээдийн и-мэйлд илгээсэн гэх үндэслэлийн тухайд

11.1 Нэхэмжлэгч талаас Г.Хид Харилцагчийн үйлчилгээний стандартыг хувийн шаардлагаар илгээсэн, энэ нь Нууцын зааврын 2.1.8 Б-г зөрчсөн гэх боловч мэйлээр юу явуулсан нь тодорхойгүй, нээгдэх боломжгүй байдаг. Хариуцагч илгээсэн мэйлийн нэрээр таамаглаж нэхэмжлэгчийг буруутгах боломжгүй. Г.Хитай байгуулсан хөлсөөр ажиллуулах гэрээний хавсралт дээр харилцагчийн үйлчилгээний стандартын журмыг танилцаж, мөрдөөд ажиллах талаар зохицуулалт байдаг. Уг стандартыг банкны нууцтай холбоотой гэж үзсэн ч 7 сард дадлага хийсэн хүн ажилласан хугацааныхаа тайлантай танилцахад дүрэм, журам зөрчсөн гэж үзэхгүй гэж татгалзаж байна.

Хариуцагч талаас ...Нэхэмжлэгч Д.С нь өөрийн дүү хамаатны дүү Г.Хиийн и-мэйл хаяг /....../-т 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдөр ХҮСтандарт 7-р cap.pdf гэх файлыг илгээсэн . Уг файл нь Нууцын зааврын 2.1.8Б-д зааснаар нууцад хамаарах банкны үйл ажиллагаатай холбоотой олон төрлийн мэдээллийг агуулсан баримт юм. Д.С нь энэхүү үйлдлээрээ Хөдөлмөрийн дотоод журам-ын 2.13.9, Ёс зүйн дүрэм-ийн 3.2.5, 4.9.3, 5.15.2 гэж заасныг тус тус зөрчсөн гэж тайлбарласан.

11.2 Шүүх нэхэмжлэгчийг харилцагчийн үйлчилгээний стандартын 7 дугаар сарын тайланг өөрийн хамаарал бүхий этгээдийн и-мэйлд илгээсэн гэх зөрчил тогтоогдохгүй байна гэж үзлээ.

11.3 Банкны нэгжийн зарим захирлуудын талаар хийсэн ТА-2023/06 дугаартай аудитын тайланд ...Ажилтан нь өөрийн хамаатны дүү Г.Хиийн и-мэйл хаягт ХҮСтандарт 7-р cap.pdf файл хавсаргасан и-мэйлийг илгээсэн байв.., ...Ажилтан нь тайланг гадагш илгээхдээ бүхлээр нь эсвэл хэсэгчлэн илгээсэн эсэхийг баталгаажуулах боломжгүй байв гэжээ.

Нэхэмжлэгч энэ талаар Дотоод аудитын газарт 2024 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр ...Дадлагын тайланд шаардлагатай байсан ХҮС-ийн жагсаалтыг дүү рүүгээ явуулсан гэх тайлбар гаргасан.

Шүүхээс 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр явуулсан үзлэгийн ажиллагааны тэмдэглэлд ...2023.01.01-10.31-ний байдлаар гадагш илгээсэн мэйлийг гаргахад ...... гэх хаягт .......хаягаас мэйл 2023.08.30-ны өдөр мэйл илгээсэн. Илгээсэн мэйлийг нээж үзэх боломжгүй байв... гэж тэмдэглэгдсэн байна.

11.4 ..... банк ХК-аас Г.Хитай байгуулсан хөлсөөр ажиллуулах гэрээний хавсралтын 2.2-т зааснаар нь Г.Хи нь ажил үүрэг гүйцэтгэхдээ Харилцагчид үйлчлэх үйлчилгээний бодлоготой танилцаж, харилцагчтай харилцах, үйлчилгээ үзүүлэхэд ХХБ-ны Харилцагчид үйлчлэх үйлчилгээний журам-ын Хавсралт 1 болох ХХБ-ны харилцагчийн үйлчилгээний стандарт-ыг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахаар байна.

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нь Г.Хид и-мэйл хүргүүлж байсан үйл баримт тогтоогдох боловч, Харилцагчийн үйлчилгээний стандартын 7 дугаар сарын тайланг илгээсэн эсэх, илгээсэн бол бүрэн илгээсэн эсэхийг тогтоох боломжгүй, аудитийн тайлан гарах үед энэ нөхцөл байдал тогтоогдоогүй, нэхэмжлэгч зөрчлийг гаргасан гэдгийг шууд нотлох баримт байхгүй байна.

Нэхэмжлэгчийн ХҮС-ийн жагсаалтыг дүү рүүгээ явуулсан гэх тайлбарыг эргэлзээгүй тайлан эсхүл стандартыг и-мэйлээр хүргүүлсэн гэж дүгнэх боломжгүй.

Иймд нэхэмжлэгчийг дээрх үйлдлийн улмаас Хөдөлмөрийн дотоод журам-ын 2.13.9, Ёс зүйн дүрэм-ийн 3.2.5, 4.9.3, 5.15.2-т заасныг зөрчсөн эсэх талаар дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзлээ.

12. Өөрийн хамаарал бүхий этгээд болон ашиг сонирхлын зөрчил үүсэх зээлүүдэд санал өгсөн, шийдвэрлэсэн гэх үндэслэлийн тухайд

12.1 Нэхэмжлэгч талаас ...зээлийг судлах, шийдвэрлэх нь тусдаа ойлголт юм. Анхан шатны баримт байхгүй хариуцагч нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй. Зээлийн хороо нь холбогдох журмаараа 3,5,9 гишүүнтэй ба хамтын зарчимд үндэслэн шийдвэр гаргаж байхад нэхэмжлэгчийг дангаар буруутгаж байгаа нь үндэслэлгүй гэж,

хариуцагч талаас ...нэхэмжлэгч нь өөрийн хамаатан Г.Гүнсэнпилийн зээл, өөрийн дүү Д.Эрдэнийн эхнэр У.Багийн үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авч буй Ж.Товуудоржийн зээл, найз М.Лхагвадуламын зээл, М.Лхагвадуламын дүү болох М.Нандинцэцэгийн зээлд санал өгсөн. Ажилтан ашиг сонирхлын зөрчил үүсэх зээлд санал өгсөн, шийдвэрлэсэн нь банкны заавар, журмыг зөрчсөн... гэж тус тус тайлбарлаж байна.

12.2 Хариуцагчийн тайлбар, аудитын тайлан, шүүхээс 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр явуулсан үзлэгийн ажиллагааны тэмдэглэлээс үзвэл, Г.Гүнсэнпил нь ..... банк ХК-аас 2023 оны 8 дугаар сарын 18-ны өдөр ..... банк ХХК-аас 7,3000,000 төгрөгийн Цалингийн зээлийг 30 сарын хугацаатай, 20,76 хувийн хүүтэй зээлж авсан болох нь тогтоогдож байна.

Нэхэмжлэгч нь үзлэгийн тэмдэглэлээр Г.Гүнсэнпилд зээл олгосон үйл баримт тогтоогдоогүй гэж маргах боловч үзлэгийн тэмдэглэлийн хавсралтыг хэргийн баримттай харьцуулан үзвэл Г.Гүнсэнпилийн нэрийг орхигдуулж, түүний овог болох Гантөмөр гэж бичсэн нь Г.Гүнсэнпилд олгосон зээлийг үгүйсгэх үндэслэл болохгүй юм.

12.3 Ажлаас халах тушаалд нэхэмжлэгчийг Зээлийн хороодын ажиллах журмын 4.24 дэх хэсэг, ..... банкны Жижиг зээлийн зааврын 4.15 дахь хэсэг, ..... банкны Жижиг, дунд зээлийн үйл ажиллагааны зааврын 9.8-д заасныг зөрчсөн гэж дүгнэсэн.

Зээлийн хороодын ажиллах журамд 4.24 дэх хэсэг байхгүй, хариуцагчийн тайлбарт буй хэсэг нь уг журмын 4.21-т зохицуулагдсан байна. Өөрөөр хэлбэл, журмын 4.21-т Зээлийн хороодын дарга, дэд дарга, гишүүд, ЗХНБД, ЗЭШ, ЗХА нь өөрсдийн холбоотой этгээдийн болон ашиг сонирхлын зөрчил үүсэх зээлийн хүсэлттэй холбоотой асуудлуудыг шийдвэрлэх үйл ажиллагаанд оролцохгүй.... гэж заажээ.

Үзлэгийн ажиллагаагаар Зээлийн зөвлөлийн дарга Д.С нь зөвшөөрсөн санал өгсөн байна. Зээлийн хороодын ажиллах журмын 1.2-д зааснаар Зээлийн хороод нь Зээлийн зөвлөл, Зээлийн дэд хороо, Зээлийн хорооноос бүрдэнэ.

Нэхэмжлэгч нь Зээлийн зөвлөлийн даргын хувьд холбоотой этгээдийн болон ашиг сонирхлын зөрчил үүсэх зээлийн хүсэлттэй холбоотой асуудлуудыг шийдвэрлэх үйл ажиллагаанд оролцохгүй байх нийтлэг зарчмыг үйл ажиллагаандаа мөрдөнө.

Харин нэхэмжлэгчийг ..... банкны Жижиг зээлийн зааврын 4.15 дахь хэсэг, ..... банкны Жижиг, дунд зээлийн үйл ажиллагааны зааврын 9.8-д заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна. Заавруудад ДХА буюу данс хариуцсан мэргэжилтэн, ЗМ буюу зээлийн мэргэжилтэнд өөрийн холбоотой этгээдийн эсхүл холбоогүй боловч ашиг сонирхлын зөрчил үүсэхээр зээлийг судлах, мөн зээлийн хүсэлтийг өөрөө судлахгүй бөгөөд бусад ДХА, ЗМ-ээр зээлийн судалгааг хийлгэж, зээлийн хүсэлтийг шийдвэрлүүлэхээр зохицуулжээ.

Нэхэмжлэгч нь ДХА, ЗМ-д хамаарах этгээд биш тул уг зааврын холбогдох хэсэг хамааралгүй байна.

12.4 Нэхэмжлэгчийн хамаарал бүхий этгээдэд зээл олгоход зөвшөөрсөн санал өгснийг тушаалд заасан Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.4-т заасан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан гэх үндэслэлд хамаарахгүй байна. Мөн Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээний 12.4.5-д заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзэх нөхцөл бүрдээгүй байна.

Зээлийн зөвлөлийн гишүүн, эрсдэлийн шинжээч Б.Баярмаа нь анх зээлийг судалж зөвшөөрсөн санал оруулсан ба нэхэмжлэгч хянан үзэж зөвшөөрсөн санал гаргасныг банкны бүтээгдэхүүн үйлчилгээг удирдлагаас өгсөн зөвшөөрөлгүйгээр хөнгөлөлтэй эсхүл үнэ төлбөргүйгээр үзүүлэх, ашигтай шийдвэр гаргасан гэж үзэхээргүй байна.

12.5 Бусад зээлд зөвшөөрөл өгсөн тухай аудитын тайланд дараах байдлаар дүгнэсэн.

Ж.Товуудорж (Бэр У.Багийн үл хөдлөх хөрөнгийг худалдан авагч) нь 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр ..... банк ХХК-аас 81,000,000 төгрөгийн Урт хугацаат үл хөдлөх хөрөнгийн зээлийг 180 сарын хугацаатай, 19,2 хувийн хүүтэй зээлж авсан, зээлийн зөвлөлөөр шийдвэрлэсэн.

М.Лхагвадулам нь 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хөгжлийн банк ХХК-аас 30,000,000 төгрөгийн ПОС-ын орлого барьцаалсан зээлийг 24 сарын хугацаатай, 21,6 хувийн хүүтэй зээлж авсан, зээл хаагдсан,

2021 оны 6 дугаар сарын 18-ны өдөр ..... банк ХХК-аас 50,000,000 төгрөгийн Ажлын байрыг дэмжих зээлийг 36 сарын хугацаатай, 3 хувийн хүүтэй зээлж авсан, ЗДХ-оор шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч Зээлийн зөвлөлийн даргын хувьд санал өгсөн.

2021 оны 6 дугаар сарын 08-ны өдөр ..... банк ХХК-аас олгосон 200,300,000 төгрөгийн 300 сарын хугацаатай, 6 хувийн хүүтэй, МИК-ийн орон сууцны зээлийн хамтран зээлдэгчээр оролцож зээлийн зөвлөлөөр шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч Зээлийн зөвлөлийн даргын хувьд санал өгсөн.

М.Нандинцэцэг (М.Лхагвадуламын дүү) нь 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр ..... банк ХХК-аас олгосон 77,000,000 төгрөгийн 240 сарын хугацаатай, 6 хувийн хүүтэй, МИК-ийн орон сууцны зээлийг авч, зээлийн зөвлөлөөр шийдвэрлэсэн. М.Нандинцэцэг нь М.Лхагвадуламын төрсөн дүү бөгөөд М.Лхагвадулам нь тухайн зээлд батлан даагчаар орсон тул ашиг сонирхлын зөрчилтэй зээлд нэхэмжлэгч санал өгсөн гэжээ.

12.6 Хариуцагч дээрх зээлтэй холбоотой асуудалд нэхэмжлэгчийг зөрчил гаргасан гэж үзэж, сахилгын шийтгэл ногдуулахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.5 дахь хэсэгт заасныг зөрчсөн байна.

12.7 Иймд нэхэмжлэгч Д.Сыг өөрийн хамаарал бүхий этгээд болон ашиг сонирхлын зөрчил үүсэх зээлүүдэд санал өгсөн, шийдвэрлэсэн гэж үзэн сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлгүй байна.

13. Шан харамж авсан байж болзошгүй гүйлгээ илэрсэн гэх үндэслэлийн тухайд:

13.1 Нэхэмжлэгч талаас Д.Сын шан харамж авсан эсэх нь тогтоогдоогүй байтал ажил олгогч болзошгүй гүйлгээ илэрсэн гэх агуулгаар шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй. Д.С түүний дүү Д.Сү.хооронд ху....вийн зээлийн харилцаанууд байдаг. Д.Сгийн ипотекийн зээлийг Д.С төлж байсан. Д.....болон Д.Оюаас гэрчийн мэдүүлэг авсан ба гэрчүүд шан харамж өгөөгүй талаар мэдүүлдэг. Хариуцагч шан харамж авсан байж болзошгүй гүйлгээ илэрсэн гэх үндэслэлээр ажлаас халсан нь үндэслэлгүй гэж татгалзсан.

Хариуцагч талаас ...Аудитын тайлангаар нэхэмжлэгч Д.Сын шан харамж авсан байж болзошгүй гүйлгээ илэрсэн. Тодруулбал, нэхэмжлэгч Д.С нь зээлдэгч Э.Агаас 20,000,000 төгрөгийг өөрийн дансанд авч, байрыг худалдаж буй дүү Д.Сү..... данс руу 14,900,000 төгрөгийг шилжүүлж, үлдэх 5,100,000 төгрөгийг шан харамж болгон авсан гэж үзэхээр байна. Зээлдэгч Д.Ою нь 3,000,000 төгрөгийн зээлийн хүсэлтийг явуулсан байхад 4,160,000 төгрөгөөр зээл олгогдож, тэр өдрөө 1,000,000 төгрөгийг Д.Сын хамаатны дүү Г.Хиийн дансанд ЕВ -Ос....., маш их баярлалаа гэсэн гүйлгээний утгатай шилжүүлсэн байх тул шан харамж авсан гэж дүгнэхээр байна.

Банкны харилцагчийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн салбарт итгэлийг олохын тулд ..... банк нь харилцагчид үйлчилгээ үзүүлснийхээ төлөө ямар нэгэн байдлаар шан харамж авахгүй байх талаар зохицуулсан атал нэхэмжлэгч Д.С нь зээлдэгч Д.Ою, Э.А нараас шан харамж авсан байгаа нь Хөдөлмөрийн гэрээний 12.4.6, Ёс зүйн дүрмийн 3 дугаар зүйлийн 3.2.5, 4 дүгээр зүйлийн 4.8.5, 5 дугаар зүйлийн 5.8.2 заалтыг тус тус зөрчсөн гэх тайлбар гаргаж байна.

 

13.2 Нэхэмжлэгч Д.Сын зээлдэгч Э.Агаас шилжүүлсэн 20,000,000 төгрөгийг өөрийн дансанд авч, Д.... данс руу 14,900,000 төгрөгийг шилжүүлж, 5,100,000 төгрөгийг дансандаа үлдээсэн, зээлдэгч Д.Ою 3,000,000 төгрөгийн зээлийн хүсэлт явуулсан атал 4,160,000 төгрөгийн зээл олгогдож, 1,000,000 төгрөгийг Д.Сын хамаатан Г.Хиийн дансанд шилжүүлсэн үйлдлийг ажил олгогч, ажилтны хооронд байгуулсан Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ-ий 12.4.6-д заасан ноцтой зөрчил гэж үзсэн ажил олгогчийн шийдвэр үндэслэлгүй байна.

Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ-ий 12.4.6-д ажил ажил үүргээ гүйцэтгэхтэй холбоотойгоор бусад этгээдээс шан харамж, авлига, хээл хахууль, үнэ төлбөргүй үйлчилгээ авсан, залилан, хууль бус үйлдэлд оролцсон нь тогтоогдсон бол ноцтой зөрчил гаргасан гэж үзэх талаар зохицуулсан. Ажил олгогч нь шан харамж авсан нь тогтоогдсон гэж үзээгүй, шан харамж авсан байж болзошгүй гүйлгээ илэрсэн гэх үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй байна.

13.2.1 Хэрэгт авагдсан Үүрэг дуусгавар болсон тухай гэрээ, Э.Агийн тайлбараас үзвэл, Э.А нь Д.Сын дүү .....й Орон сууц барилгыг захиалан бариулах гэрээ-ийн эрх шилжүүлэх гэрээг байгуулж, нийт үнийг 127,474,500 төгрөгөөр тохиролцсон, .... 20,000,000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байсан, Д.....н орон нутагт байгаа тул сүлжээ болохгүй байна, төлбөрийг Төрийн банкны 360000161725 данс руу шилжүүлээрэй гэсэн мессежний дагуу 2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр тус дансанд мөнгө шилжүүлсэн байна.

Энэ талаар гэрч Д.С ...2022 онд би шинэ нисэх буудал дээр ажиллаж байсан. Одоо ч ажиллаж байгаа. Тухайн үед шинэ нисэх буудал дээр сүлжээ байдаггүй байсан. Би Жимобайлтай байдаг байсан. 20,000,000 төгрөг шилжүүлэх болох үед би сүлжээгүй учраас утсаар ярьж болохгүй, дансаа шалгаж болохгүй байсан. Ийм учраас эгчийнхээ дансыг өгсөн..., ...Шагнал гэсэн зүйл байхгүй..., ... Тэр үед эгчийн хүүхэд ирчихсэн байж байгаад явах болоод тийзний асуудлаар 5,000,000 төгрөг зээлээч гэхээр 5,000,000 төгрөгийг үлдээсэн. Дараа нь цувуулаад 1 сая, 2 сая төгрөгөөр аваад дууссан... гэж мэдүүлсэн.

Аудитын тайланд ...Зээлдэгч Э.Агаас зээл олгогдсоноос хойш 3 хоногийн дараа буюу 2022.09.05 өдөр Д.Сын Төрийн банкны 360000161725 тоот дансанд 5 удаагийн гүйлгээгээр нийт 20 сая төгрөг шилжүүлсэн /ХХБ-аас 3.0 сая, Хаан банкнаас 17.0 сая/, Аудитын баталгаажуулалтаар Д.С нь зээлдэгч Э.Ад орон сууцаа 127.4 сая төгрөгөөр худалдаж байгаа гэсэн гэрээг байгуулан банк зөрүү 89.2 сая төгрөгийг МИК-ийн орон сууцны зээлээр санхүүжүүлсэн байв. Гэтэл бодитоор 147.4 сая төгрөгөөр худалдсан бөгөөд зээл олголт хийгдсэний дараа Д.Сын Төрийн банкны дансанд 20.0 сая төгрөг хүлээн авснаас, ажилтан 5.1 сая төгрөгийг авчээ. /шан харамж авсан байж болзошгүй/ гэсэн.

Дээрх баримт, талуудын тайлбараар нэхэмжлэгч Д.С зээлдэгч Э.Агаас шилжүүлсэн 20,000,000 төгрөгийг өөрийн дансанд авч, дүү Д.Сгийн данс руу 14,900,000 төгрөгийг шилжүүлж, үлдэх 5,100,000 төгрөгийг шилжүүлээгүй үйл баримт тогтоогдох боловч энэ үйлдлийг шан харамж авсан гэж эргэлзээгүй дүгнэх боломжгүй.

13.2.2 Хөдөлмөрийн тухай хуулийн 123.5 дахь хэсэгт Эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээх ажилтны хувьд сахилгын зөрчил гаргасан өдрөөс, эсхүл зөрчил үргэлжилсэн тохиолдолд зөрчил гаргасан сүүлийн өдрөөс хойш нэг жилийн дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна гэж тус тус зохицуулсан.

Хариуцагч нь 2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр Д.Сын дансанд зээлдэгч Э.Агаас 20,000,000 төгрөг шилжин орж, дүү Д.Сгийн данс руу 14,900,000 төгрөгийг шилжүүлж, үлдэх 5,100,000 төгрөгийг шилжүүлээгүй үйлдэлд 1 жилийн дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулаагүй, аудитыг 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хийж эхэлсэн байна.

Хариуцагч уг хугацааг зөрчиж нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.5 дахь хэсэгт нийцэхгүй байна.

14. Ажлын бус шаардлагаар 28 харилцагчийн нууцтай холбоотой мэдээлэл буюу дансанд 7600 удаа хандалт хийсэн гэх үндэслэлийн тухайд:

14.1 Хариуцагч нь ...Д.С нь ажлын бус шаардлагаар 28 харилцагчийн нууцтай холбоотой мэдээлэл буюу дансанд 7600 удаа хандалт хийсэн нь аудитын тайлангаар баталгаажсан, ..... банкны нууцын зааврын 2.1.8б дэд заалтаар харилцагчийн дансны мэдээлэл нь маш нууц төрөлд хамаарч байна. ажлын бус шаардлагаар 30 харилцагчийн дансанд 17,659 удаа, ажлын шаардлагаар хандсан эсэх нь тодорхойгүй 4 харилцагчийн 110 хандалт, өөрийн холбоотой этгээдийн дансанд 10,021 удаа хандсан... гэх тайлбар гаргаж байна.

Нэхэмжлэгч нь ...Д.Сыг 7600 удаа хандалт хийсэн гэх боловч ажлын шаардлага эсхүл ажлын бус шаардлагаар хандсан эсэх нь тодорхойгүй байдаг. Ажил олгогч үүнийг хэрхэн ялгаж байгаа баримтыг шүүхэд ирүүлээгүй. Мөн хугацаа нь тодорхой бус байна, нарийвчилж тогтоох ёстой. Хөөн хэлэлцэх хугацааг тогтоож, сахилгын шийтгэл ногдуулах ёстой байсан... гэж татгалзав.

14.2 Нэхэмжлэгч нь өөрийн нөхөр Н.М дансанд 2023 оны 01 дүгээр сарын байдлаар 35 удаа, 2023 оны 6 дугаар сард Н.Мн дансанд 5 удаа, Д.Сгийн дансанд 1 удаа, .....дансанд 2 удаа, 2023 оны 10 дугаар сард ....дансанд 5 удаа, Иргэний нисэхийн ерөнхий газрын н.Бямбасүрэнгийн дансанд 1 удаа, Э.... дансанд 17 удаа, Д.Сгийн дансанд 3 удаа, ..... дансанд 2 удаа хандсан болох нь шүүхээс 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн үзлэгийн ажиллагааны тэмдэглэлээр, ажлын бус шаардлагаар банкны харилцагч, өөрийн хамаарал бүхий этгээдийн дансанд хандаж байсан болох нь аудитын тайлангаар тус тус тогтоогдож байна.

14.3 Банкны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т банк гэж хувьцаа эзэмшигчдийн оруулсан мөнгөн хөрөнгөөс бүрдсэн хувь нийлүүлсэн хөрөнгөтэй, хувьцаа эзэмшигч нь эзэмшиж байгаа хувьцааны хэмжээгээр хариуцлага хүлээдэг, бусдын мөнгөн хөрөнгийг хуримтлуулан хадгалж, өөрийн нэрийн өмнөөс зээл олгох, төлбөр тооцоо хийх зэрэг санхүүгийн зуучлалын үйл ажиллагааг Монголбанкны зөвшөөрөлтэйгээр эрхэлдэг, ашгийн төлөө хуулийн этгээдийг, 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт Банк, түүний харилцагч болон гуравдагч этгээд нууц гэж үзсэн аливаа мэдээллийг дор дурдсанаас бусад тохиолдолд бусдад гаргаж өгөх, задруулах, ашиглахыг банкны хувьцаа эзэмшигч, төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүн, гүйцэтгэх удирдлага, хянан шалгах зөвлөл, ажилтанд хориглоно гэж заажээ.

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.8 дахь хэсэгт Банк, эрх бүхий хуулийн этгээд энэ хуульд заасан үйлчилгээний гэрээ байгуулах бүх үе шатанд "харилцагчийн нууц" гэж үзсэн мэдээллийг хадгалах, аливаа хэлбэрээр ашиглахгүй байх үүрэгтэй гэж зохицуулсан.

Банк нь харилцагчийн мөнгөн хөрөнгийг хуримтлуулан хадгалж, өөрийн нэрийн өмнөөс зээл олгох, төлбөр тооцоо хийх зэрэг санхүүгийн зуучлалын үйл ажиллагааг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр явуулах хуулийн этгээдийнхээ хувьд харилцагчийн хадгалуулсан хөрөнгийн талаарх нууцлалыг чандлан хадгалах, ашиглахгүй байх үүрэгтэй.

14.4 Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.11-т хүний хувийн мэдээлэл гэж хүний эмзэг мэдээлэл болон хүний эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, төрсөн он, сар, өдөр, төрсөн газар, оршин суугаа газрын хаяг, байршил, иргэний бүртгэлийн дугаар, хөрөнгө, боловсрол, гишүүнчлэл, цахим тодорхойлогч, хүнийг шууд болон шууд бусаар тодорхойлох, эсхүл тодорхойлох боломжтой бусад мэдээллийг, 4.1.10-т хөрөнгийн мэдээлэл гэж мэдээллийн эзний өмчилж, эзэмшиж, ашиглаж байгаа эд хөрөнгийн талаарх мэдээллийг гэж зохицуулсан. Банкны харилцах данс нь хүний хөрөнгийн мэдээлэлд хамаарч байна.

Мөн ..... банкны нууцын зааврын 2.1.8а-д зааснаар дансны үлдэгдлийн талаарх мэдээлэл, гэрээ зээлтэй холбогдолтой мэдээллүүд нь маш нууц байхаар тогтоожээ.

14.5 Нэхэмжлэгч нь Дотоод Аудитын газарт өгсөн тайлбартаа ...14. Нэр бүхий 22 харилцагчийн дансанд олон удаа хандсан тухайд: Сайн санахгүй байгаа ч ажлын шаардлага болон харилцагчийн хүсэлтийн дагуу хандаж байсан. ИНЕГ нь салбарын том харилцагч байсан ба павигацын орлого болох доллараа сард 1-2 удаа арилжаа хийж төгрөгийн данс руугаа шилжүүлдэг байсан. Тухайн үед аль өндөр ханш өгсөн банк руу мөнгөө шилжүүлдэг байсан тул дансны үлдэгдлийг харж байгаад ХЗТ-аас ханш авч б/гын ня-бо, даргатай ярьдаг байсан. ИНЕГ-ын дарга нар болон ........нар утсаар данс, тохиргоо, карт захиалга, гадаадад явах үедээ дансны битүүмжлэлээ шалгуулдаг байсан тул дансанд нь хандаж байсан..., ...17. өөрийн хамаарал бүхий хүмүүсийн дансанд хувийн зорилгоор хандсан... гэсэн байна.

Үүнээс үзвэл, нэхэмжлэгчийг харилцагчийн дансанд нэвтэрч, эд хөрөнгийн мэдээллийг олж авсан гэж үзнэ. Нэхэмжлэгч өөрийн хамаарал бүхий этгээд байсан ч тухайн хүмүүсийн дансанд хувийн зорилгоор хандах үйлдэл нь банкны үйл ажиллагаандаа мөрдөж буй хууль, дүрэм, журмаар зөвшөөрөгдөөгүй байна. Ажил хэргийн хүрээнд нэхэмжлэгч нь харилцагчийн зөвшөөрлийн үндсэн дээр хандалт хийж байсан гэх боловч тусгай зөвшөөрөл бүхий этгээдийн эрхлэх үйл ажиллагааны хүрээнд хүний хувийн хөрөнгийн мэдээллийг олж авч буй тохиолдолд ажилтан нь холбогдох дүрэм, журмыг сахин биелүүлэх үүрэгтэй, банкинд өөрийн биеэр ирж холбогдох журмын дагуу үйлчилгээ авахыг тайлбарлах үүрэгтэй байна.

14.6 Шүүхээс нэхэмжлэгчийг Онцгой нөхцөл бүхий гэрээний 12.4.10-д заасан ноцтой зөрчлийг гаргасан гэж үзээгүй ба нууцтай холбоотой мэдээллийг бусдад задруулсан, ажиллаж байх хугацаандаа олж авсан мэдээллийг хувийн ашиг сонирхлын үүднээс ашигласан гэж үзэх үндэслэлгүй байна. Харин нэхэмжлэгчийг үйлдлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т зааснаар сахилгын давтан зөрчил гаргасан гэж үзлээ.

15. Нэхэмжлэгч Д.С нь олон харилцагчтай дансаар олон удаагийн давтамжтай харьцсан гүйлгээ илэрсэн, харилцагч нарын хоорондын зээлийн эргэн төлөлтөөс ажилтан болон түүнтэй холбоотой этгээдүүдийн дансаар мөнгө хүлээн авсан гэх үндэслэлийн тухайд:

15.1 Нэхэмжлэгч нь ...Олон удаагийн давтамжтай гүйлгээ илэрсэн, харилцагчидтай дансаар олон удаагийн давтамжтай харилцсан гүйлгээ илэрсэн гэдэг. Гэвч энэ нь хэзээний ямар гүйлгээг илэрсэн зөрчил гэж үзсэн нь тодорхойгүй байна... гэж

хариуцагч нь ...нэхэмжлэгч Д.Сын болон түүний хамаарал бүхий этгээдийн данснаас харилцагч Д.Мөнхсувд, М.Лхагвадулам нарын дансанд нийт 405,140,000 төгрөгийг буцаан шилжүүлсэн байна. ..... банкны Ёс зүйн дүрмийн 3.2.4, 5.15.3-т заасныг зөрчсөн... гэж тайлбарлаж байна.

15.2 Хэрэгт авагдсан аудитын тайлан, гэрчийн мэдүүлэг, талуудын тайлбараар Д.С нь ...... нартай дансаар харилцаж байсан үйл баримт тогтоогдох боловч харилцсан гүйлгээ болгоныг зөрчил гэж үзэх боломжгүй, Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээний 12.4.5-т заасан ноцтой зөрчил гэж дүгнэх үндэслэлгүй байна.

15.3 Ажил олгогчоос ажлаас халах тушаалд харилцагч нарын хоорондын зээлийн эргэн төлөлтөөс ажилтан болон түүнтэй холбоотой этгээдүүдийн дансаар мөнгө хүлээн авсан гэх үндэслэлийг заасан ба аудитын тайланд энэ талаар зээлдэгч Глобалбизнес линк ХХК, Ч.Анхбаяр нар болон түүнтэй холбоотой этгээдүүдэд харилцагч ...... нараас хүүтэй мөнгө зээлж, эргүүлэн төлсөн, ажилтан нь харилцагч Д..... нартай хамтран эсвэл тэдэнд харилцагчдаа зуучилж мөнгө зээлүүлэх үйл ажиллагаанд оролцдог гэж дүгнэжээ.

Хариуцагч энэ талаар бичгээр тайлбар гаргаж мэтгэлцээгүй ба уг үндэслэл нь хэрэгт авагдсан баримтаар бүрэн тогтоогдохгүй, нэхэмжлэгч Д.Сыг Д..... нартай хамтран эсвэл тэдэнд харилцагчдаа зуучилж мөнгө зээлүүлэх үйл ажиллагаанд оролцдог гэж эргэлзээгүй дүгнэх боломжгүй байна.

16. Хариуцагчийн татгалзал, тайлбарт нэхэмжлэгчийг Ёс зүйн дүрмийн холбогдох заалтыг өөрийн үйлдэл, эс үйлдэхүйгээр зөрчсөн гэх боловч талуудын хооронд үүссэн хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд нэхэмжлэгчийн ёс зүйн асуудлаар хариуцагч компанийн Ёс зүйн хороонд гомдол ирсэн, хандсан, дүгнэлт гаргаж байсан талаарх баримтгүй байгааг дурдах нь зүйтэй байна.

17. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч нь ажлын бус шаардлагаар харилцагчийн нууцтай холбоотой мэдээлэл буюу дансанд хандалт хийсэн сахилгын зөрчил гаргасан болох нь хэргийн баримтаар тогтоогдсон тул түүнийг ажлаас халсан гүйцэтгэх захирлын 2024 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн Б-24/1143 дугаартай тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-д заасан үндэслэлд нийцсэн байна. Иймд нэхэмжлэгчээс урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

18. Нэхэмжлэгч Д.Сын урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул ажилд эгүүлэн тогтоолгохтой холбоотой үр дагаврыг арилгуулахаар тодорхойлсон ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагуудад тухайлан дүгнэлт хийх шаардлагагүй, үндэслэлгүй гэж үзэн бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

19. Нэхэмжлэгч Д.Сын нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Сын хариуцагч ..... банк ХК-д холбогдуулан гаргасан урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгч Д.Сын шүүхэд гаргасан нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасан гомдолд хамаарах тул түүний нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ЦЭНД-АЮУШ