| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | О.Цэнд-Аюуш |
| Хэргийн индекс | 191/2025/01157/И |
| Дугаар | 191/ШШ2025/11308 |
| Огноо | 2025-12-04 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 12 сарын 04 өдөр
Дугаар 191/ШШ2025/11308
2025 12 04 191/ШШ2025/11308
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч О.Цэнд-Аюуш даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ..... дүүргийн .... дүгээр хороо, . ...дугаар байр,.....тоотод байрлах, .....ХХК /РД:....../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, ..... дүүргийн. ...дүгээр хороо, ....дугаар хороолол,..... дугаар байр, . ..тоотод байрлах, Х..... ХХК /РД:....../-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Түрээсийн гэрээний үүрэгт 22,600,000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Т
Шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөхөөр нарийн бичгийн дарга Л.Мэндбулган нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч .....ХХК нь хариуцагч Х..... ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Х..... ХХК нь .....ХХК-тай 2021 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр №ТТ-2021-015 дугаартай Техникийн түрээсийн гэрээ байгуулан..... улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2021 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс хойш 30 хоногийн хугацаанд 2 ширхэг асфальт индүүг жолоочийн хамт түрээслэхээр харилцан тохиролцож гэрээ байгуулсан.
Түрээслэгчийн зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж түрээсийн зүйлийг түрээслэгчид шилжүүлж өгсөн. Түрээслэгч нь техникийг 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 17-ний өдрийг хүртэл 24 хоног ашиглаж түрээсийн төлбөрт 37,600,000 төгрөгийг төлөхөөс 15,000,000 төгрөгийг төлж, үлдэгдэл 22,600,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл хугацаанд төлж барагдуулаагүй байх тул хариуцагч Х..... ХХК-аас техникийн түрээсийн гэрээний үлдэгдэл төлбөр болох 22,600,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчийг хохиролгүй болгож өгнө үү гэв.
2.Хариуцагч Х..... ХХК-аас нэхэмжлэлийг эс зөвшөөрч гаргасан хариу тайлбартаа: Х..... ХХК нь 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр техник түрээсийн гэрээ хийсэн. Тус гэрээгээр тээврийн хэрэгслийг ..... аймагт байрлах. х...илийн боомтын зам дээр ашиглах зориулалттай ашиглахаар авсан байдаг. 30 хоногийн хугацаатай боловч нийт 24 хоногийн хугацаанд түрээсийн зүйлийг түрээсэлсэн байдаг.
Тус гэрээг Х..... ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд болох Ц.Амармэнд болон .....ХХК-ийн менежер Б.Ба байгуулсан байдаг. Үүнд бид маргаж байна. Нэхэмжлэгч компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нь Т.Жа байтал менежер гарын үсэг зурснаар гэрээний хүчин төгөлдөр байдал яригдана. Б.Ба нь нэхэмжлэгч байгууллагад ажилладаг юм уу, ямар үйл ажиллагаа явуулдаг нь баримтаар харагдадгүй.
Б.Ба нь тухайн үедээ гэрээ хийсэн нь үнэн гэдэг нэхэмжлэгч компаниас хариу өгсөн боловч түүнийг нэхэмжлэгч компанид менежерээр нь ажилладаг, гэрээг байгуулах бүрэн эрхтэй гэсэн агуулга харагдахгүй байна. Дотоод журмаас менежер нь гэрээ хийх хэлцэл хийх эрхтэй эсэх асуудал мөн тодорхойгүй.
2022 оны 3 дугаар сарын 14-ний өдөр 24 хоногийн хугацаатай техникийг түрээслээд үлдэгдэл 22,600,000 төгрөг байгаа, үүнийг захиалагчаас мөнгө орж ирэхээр нь өгнө гэсэн албан тоотыг өгдөг. 2022 оны 4 дугаар сарын 15-ны өдрөөс хойш буюу 7, 9, 10 дугаар сард нийтдээ 10,000,000 гаруй төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн. Нэхэмжлэгчид 22,600,000 төгрөг биш 12,600,000 төгрөгийг бидний зүгээс төлөх боломжтой. Үлдэгдэл 12,600,000 төгрөг дээр маргаан байхгүй гэв.
3.Нэхэмжлэгч талаас дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:
3.1 Улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-3/,
3.2 Техникийн түрээсийн гэрээ /хх-5-7/,
3.3 Тооцооний үлдэгдэл нийлэх тухай албан бичиг /хх-8/ зэрэг баримтыг бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч .....ХХК нь хариуцагч Х..... ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 22,600,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч .....ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж, үндэслэлээ талууд техникийн түрээсийн гэрээ байгуулан..... улсын дугаартай тээврийн хэрэгслийг, жолоочийн хамт 2021 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс 30 хоногийн хугацаанд түрээслэхээр харилцан тохиролцсон. Нэхэмжлэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, түрээсийн гэрээний зүйлийг түрээслэгчид шилжүүлж өгсөн. Хариуцагч техникийг 24 хоног ашиглаж түрээсийн төлбөрт 37,600,000 төгрөг төлөхөөс 15,000,000 төгрөгийг төлсөн. Иймд нэхэмжлэгч нь хариуцагчаас төлбөрийн үлдэгдэл болох 22,600,000 төгрөгийг шаардах эрхтэй гэж тайлбарлав.
3. Хариуцагч Х..... ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, Х..... ХХК нь 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр техник түрээсийн гэрээ хийсэн. Нэхэмжлэгч компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нь Т.Жа байтал менежер гарын үсэг зурж гэрээ байгуулсан. Менежер нь гэрээ, хэлцэл хийх эрхтэй эсэх асуудал мөн тодорхойгүй. Тус гэрээгээр тээврийн хэрэгслийг Увс аймагт байрлах Боршоо хилийн боомтын зам дээр ашиглах зориулалттай ашиглахаар авсан байдаг. Гэрээний хугацаа 30 хоног боловч 24 хоног түрээсэлсэн. Хариуцагч нь 2022 оны 4 дугаар сарын 15-ны өдрөөс хойш буюу 7, 9, 10 дугаар сард нийтдээ 10,000,000 гаруй төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн гэж татгалзсан.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр талуудын хооронд ТТ-2021-015 дугаартай, Техникийн түрээсийн гэрээ нэртэй гэрээ байгуулагдаж, түрээслүүлэгч .....ХХК нь ......улсын дугаартай, .....арлын дугаартай, ..........н дугаартай, Hamm.HD110 маркийн техникийг жолоочийн хамт, 30 хоногийн хугацаатай түрээсэлж, жолоочийн цалин, нийгмийн даатгалыг хариуцах, түрээслэгч Х..... ХХК-ийн нь 30 хоногийн төлбөрт 47,000,000 төгрөгийг төлөх ба ажил эхлэхэд урьдчилгаа 15,000,000 төгрөг болон ажил дуусахад үлдэгдэл 32,000,000 төгрөг гэж 2 хуваан төлөх, түрээслүүлэгч нь гэрээний үнийн дүнгийн 10 хувийг түрээслэгчид барьцаа болгохоор тус тус харилцан тохиролцжээ.
4.2 Хариуцагч Х..... ХХК нь нэхэмжлэгч .....ХХК-д 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Тооцооны үлдэгдэл нийлэх тухай албан бичгийг хүргүүлсэн байна. /хх8/
Уг албан бичигт Манай компани нь танай байгууллагатай байгуулсан №ТТ-2021-015 тоот гэрээний дугаар бүхий техник түрээсийн гэрээ байгуулсан ба 2021.09.24-с 2021.10.17-ны өдөр хүртэл 24 хоног техник ашиглаж 37,600,000 төгрөгийн төлбөр гарсан ба үүнээс 15,000,000 төгрөгийн урьдчилгаа төлсөн ба үлдэгдэл төлбөр болох 22,600,000 төгрөг төлөгдөөгүй байна. Захиалагч талаас санхүүжилт авч чадаагүйн улмаас үлдэгдэл төлбөр хийгдээгүй байгаа ба 2022.04.15-с өмнө үлдэгдэл төлбөрийг барагдуулах боломжтой байна гэжээ.
5. Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээх талаар Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зохицуулсан.
Хариуцагчийн гүйцэтгэж буй Увс аймаг, Боршоо хилийн боомтын зам талбайн барилгын ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай 2 ширхэг текник буюу асфальт индүүг түрээслэх, хэлэлцэн тохирсон төлбөр төлөхтэй холбоотой тохиролцоог талууд хийснээс үзвэл тэдгээрийн хооронд түрээсийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.
6. Зохигч талууд гэрээний дагуу хариуцагчаас нэхэмжлэгчид 15,000,000 төгрөгийн урьдчилгаа төлбөр төлсөн, гэрээний зүйл болох 2 ширхэг техникийг хариуцагчаас нэхэмжлэгчид буцаан хүлээлгэн өгсөн талаар маргаагүй.
Дээрх гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаж, гэрээг хүчин төгөлдөр бус болох үндэслэлийг төлөөлөх эрхгүй этгээд гэрээ байгуулсан гэж мэтгэлцсэнээс гадна хариуцагчаас гэрээний үүрэгт нэмж 10,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн эсэх, гэрээний зүйл доголдолтой байсан эсэх талаар маргасан.
7. Шүүх талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзлээ.
7.1 Гэрээнд хариуцагчийг төлөөлж захирал Ц.А, нэхэмжлэгчийг төлөөлж менежер Б.Ба гарын үсэг зурж, компанийн тамга дарж баталгаажуулсан байна.
7.2 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч .....ХХК-аас тус компанийн менежер Батбаяр овогтой Батцэнгэл нь гүйцэтгэх захирал Т.Жагаас олгосон үүргийн дагуу компанийн эзэмшил, өмчлөлийн техник, тоног төхөөрөмжийг түрээслүүлэх ажлыг зохион байгуулах, техникийн түрээсийн гэрээ байгуулах, гэрээнд гарын үсэг, түрээсийн төлбөрийн чиг үүрэгтэйгээр ажиллаж байсан. Б.Ба нь компанийг төлөөлж техник түрээсийн гэрээ байгуулах бүрэн эрхтэй гэх тайлбарыг шүүхэд ирүүлсэн.
Нэхэмжлэгч талаас уг баримтыг үндэслэн Иргэний хуулийн 53 дугаар зүйлийн 53.1 дэх хэсэгт зааснаар эрх бүхий этгээдээс хожим дэмжин зөвшөөрсөн тул гэрээ хүчин төгөлдөр гэх тайлбар гаргаж байна.
7.2 Хариуцагч талаас менежерийн албан тушаалд ажиллаж буй ажилтан гэрээ байгуулах эрхтэй талаар байгууллагын дотоод журамд заасан эсэх нь тодорхойгүй, нотлоогүй, түүнд эрх бүхий этгээдээс олгосон итгэмжлэл байхгүй, компаниас хожим тайлбар ирүүлсэн нь ач холбогдолгүй, менежер Б.Ба өөрөө тайлбар гаргаагүй гэж татгалзсан.
7.3 Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.1, 62.3 дахь хэсэгт зааснаар хэлцлийг төлөөлөгчөөр дамжуулан хийж болно, төлөөлөгчийн бүрэн эрх хуулийн дагуу буюу итгэмжлэлийн үндсэн дээр үүснэ.
Нэхэмжлэгч талаас менежер Б.Бад гэрээ байгуулах итгэмжлэл олгоогүй, холбогдох баримт хэрэгт авагдаагүй боловч компанийн тамгыг түүнд ашиглуулсан болон бусад иргэн, хуулийн этгээдтэй техник хэрэгслийн талаар гэрээ байгуулах харилцаанд оролцуулж байсан гэх тайлбараас үзвэл нэхэмжлэгч нь Б.Баийг .....ХХК-ийг төлөөлөх бүрэн эрхтэй гэх ойлголтыг бусдад төрүүлсэн, төлөөлөх бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх нөхцөл үүссэн байна. Талуудын хооронд байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр гэж үзэх үндэслэлтэй байна.
Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт заасан нөхцөл үүссэн байна. Нэг этгээд өөрийгөө төлөөлөх бүрэн эрхтэй гэсэн ойлголтыг нөгөө этгээдэд өгөхөөр нөхцөл бүрдүүлснээс нөгөө этгээд нь төлөөлөх бүрэн эрхтэй гэж ойлгон түүнийг шударгаар төлөөлөн гуравдагч этгээдтэй хэлцэл хийсэн бол өөрийгөө төлөөлүүлэхээр ойлголт өгсөн этгээд төлөөлсөн этгээдийн бүрэн эрхгүй байсныг ашиглаж болохгүй.
Гэрээний нэг талыг .....ХХК гэж тодорхойлсноос үзвэл, менежер Б.Баийг бусдыг төлөөлж байгаагаа мэдэгдэлгүйгээр хэлцэл хийсэн гэж үзэх үндэслэлгүй, хариуцагч нь бусдыг төлөөлж буй этгээдтэй хэлцэл хийж байгаагаа бүрэн мэдэх боломжтой байна.
7.4 Иймд талуудын хооронд байгуулсан гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл буюу анхнаасаа хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэх үндэслэлгүй, хариуцагчийн энэ талаар гаргасан татгалзал үндэслэлгүй байна.
8. Хариуцагч талаас техник хэрэгслийг доголдлын улмаас 24 хоног биш 18-19 хоног ашигласан, 2022 оны 7,9,10 дугаар сард нийт 10,000,000 төгрөг төлсөн талаарх татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар өөрөө нотлох, түүнтэй холбоотой нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлээгүй байн гэж үзлээ.
Шүүх хуралдааны явцад талуудын хооронд мэтгэлцээн явагдсанаар шинээр нотлох баримт шаардлагатай нөхцөл байдал илэрснийг хэргийн оролцогч мэдэгдэж, уг баримтыг гаргуулах хүсэлт гаргасныг шүүх үндэслэлтэй гэж үзсэн тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасан журам хэрэгжинэ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хуралдааны явцад 10,000,000 төгрөг төлсөн эсэх асуудлаар ..Одоо хүсэлт гаргаагүй..., ... хүсэлт гаргах байсан бол хүсэлтийн шатан дээр эсхүл хурлаас өмнө гаргаад өгөх боломжтой байсан... гэж тайлбар гаргасныг дурдах нь зүйтэй байна.
9. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж зохицуулсан.
Хариуцагч Х..... ХХК нь гэрээний 2.1, 2.3-т зааснаар төлбөр төлөх үүргээ бүрэн биелүүлээгүй, 22,600,000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй болох нь хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар тогтоогдсон тул нэхэмжлэгч .....ХХК нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар түрээсийн гэрээний үүргийг шаардах эрхтэй.
10. Иймд хариуцагч Х..... ХХК-аас 22,600,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч .....ХХК-д олгохоор шийдвэрлэв.
11. Нэхэмжлэгч .....ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 271,000 төгрөгөөс 270,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос илүү төлсөн 50 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгч .....ХХК-д олгож, хариуцагч Х..... ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 270,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч .....ХХК-д олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Х..... ХХК-аас 22,600,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч .....ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч .....ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 271,000 төгрөгөөс 270,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос илүү төлсөн 50 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгч .....ХХК-д олгож, хариуцагч Х..... ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 270,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч .....ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ЦЭНД-АЮУШ