| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбодорж Ганбаатар |
| Хэргийн индекс | 2503000000358 |
| Дугаар | 2025/ДШМ/827 |
| Огноо | 2025-07-08 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Г.Нандин-Эрдэнэ |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 07 сарын 08 өдөр
Дугаар 2025/ДШМ/827
2025 07 08 2025/ДШМ/827
Б.Д-ид холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Ц.Оч, шүүгч Г.Ганбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Г.Нандин-Эрдэнэ,
шүүгдэгч Б.Д, түүний өмгөөлөгч Ө.Өлзиймаа,
нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 2025/ШЦТ/1380 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Д-ийн гаргасан гомдолд үндэслэн Б.Д-ид холбогдох 2503 00000 0358 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Ганбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.
Б овгийн Б-ийн Д, **** оны 10 дугаар сарын 12-ны өдөр ****** аймгийн ******* суманд төрсөн, ** настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, уул уурхайн хүнд даацын машинч мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ****** дүүргийн ** дугаар хороо, **/**-* тоотод оршин суух, /РД:************/, Урьд:
- Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 149/ШЦТ/117 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хасаж, 3,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж байсан.
Шүүгдэгч Б.Д- нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ буюу 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 11 цагийн үед ******* дүүргийн *** дугаар хороо Приус центрийн хойд замд “Toyota Harrier” маркийн **-** *** дугаартай тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ жолоодож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
Тээврийн прокурорын газраас: Б.Д-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Б.Д-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Д-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Б.Д-ид оногдуулсан 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.Д-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг хорих ялыг эдэлж дууссаны дараагаас тоолж, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Д-ид урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, цагдан хорьж, хорих ялын хугацааг энэ өдрөөс эхлэн тоолж, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгд эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.Д- давж заалдах гомдолдоо “...Б овогтой Д- миний бие нь Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025/ШЦТ/1380 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 3 жилийн хугацаагаар хасуулж, 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн байдаг. Иймд Б овогтой Д- би энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Би “Орон сууц нийтийн аж ахуй удирдах газар” ажилладаг. Давхар эрүүл мэндийн шалтгаантай, зүрх судасны титэм судасны нарийсалттай, бөөрний цана буюу архаг хууч өвчинтэй. Урьд нь зүрхний шигдээс болж байсан удаатай учир дахин зүрхний шигдээс болох магадлал өндөр тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялаар өөрчлүүлэх хүсэлтэй байна. Би энэхүү шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцох хүсэлтэй байна” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс хэргийн үйл баримт болон хэрэгт авагдсан баримтад үндэслэн Б.Д-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж шийдвэрлэсэнд маргахгүй, харин 6 сарын хорих ял оногдуулсныг түүний эрүүл мэндийн байдлыг харгалзан хөнгөрүүлж өгнө үү. Б.Д-ийн хувьд анхан шатны шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцсон тул хувийн байдлын талаарх нотлох баримтаа хэрэгт гаргаж өгөөгүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд “шүүгдэгч зүрхний титэм судасны нарийсал өвчнөөр группт орсон, ажил эрхэлдэг гэж мэдүүлж байгаа боловч шүүхийн хэлэлцүүлэгт энэ талаарх баримтуудаа гаргаж өгөөгүй, хавтас хэрэгт авагдаагүй тул дүгнэлт хийх боломжгүй байна” гэж дүгнэсэн. Миний бие давж заалдах шатны шүүхийн шатнаас Б.Д-ийн өмгөөлөгчөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож, түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хангах үүднээс Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангид зүрхний эмгэг байгаа эсэхийг тодорхойлсон шинжилгээ болон оношийг гаргаж өгнө үү хүсэлт гаргасан. Б.Д- 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдөр цагдан хоригдсон. Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангийн эмнэлэгт 06 дугаар сарын 23, 24-ний өдрүүдэд шээсний шинжилгээ өгсөн мөн судасны нарийсал 75 хувь, тодосгогчтой зүрхний эхогоор зүүн ховдлын доод ханаар алдагдал илэрсэн, хэвлийн эхогоор 2 бөөрөнд олон тооны уйланхай гэсэн онош тогтоогдсон. Надад эмчийн бодит үзлэг, багажийн болон лабораторийн шинжилгээг үндэслэж тухайн хүний оношийг тогтоохдоо зүрхний хуучин шигдээс, зүрхний ишеми, зүрхний архаг дутагдал “С” үе шаттай, артерийн даралт ихсэх өвчний 2 дугаар зэрэг, 3 дугаар үе шаттай, өндөр эрсдэлтэй 2 бөөрний уйланхайтай гэсэн оношны тодорхойлолт ирүүлсэн. Үүний дараа Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангийн эмнэлэгт хэвтүүлэн эмчилж байгаа. Мөн ар гэрийнхэн нь уулзалтаар очиход алхаж болохгүй, зүрх зогсох эрсдэлтэй гэсэн мэдээллийг өгсөн. Б.Д- 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 1,9 хувийн согтолттой байсан. Иймд түүний эрүүл мэндийн байдлыг харгалзан түүний эдлээгүй үлдсэн хорих ялыг хөнгөрүүлж, нийгмээс тусгаарлахгүй эрүүгийн хариуцлага хүлээлгэж өгнө үү” гэв.
Прокурор Г.Нандин-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон ял шийтгэл оногдуулсан гэж үзэж байгаа тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Хэрэгт шүүгдэгчийн эрүүл мэндийн байдалтай баримтууд авагдаагүй байсан. Шүүгдэгч Б.Д- давтан согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон тул анхан шатны шүүхээс түүний үйлдэлд тохирсон ял шийтгэл оногдуулсан гэж үзэж байна” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж, дүгнэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэх дараах үндэслэлтэй байна. Үүнд :
Эрүүгийн хэрэг цугларч, бэхжигдсэн бүхий л нотлох баримтыг харьцуулан шалгахад:
1.1. Яллах дүгнэлтэд: “...Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ...” гэж “хэзээ” үйлдсэн зөрчлийн улмаас тус эрхийг хэзээ, ямар хугацаанд хасуулсан нь тодорхойгүй буюу яллаж буй гэмт хэргийн шинжийг буруу тогтоосон байдал, түүнчлэн яллах, цагаатгах нотлох баримтыг холимог буюу ойлгомжгүй байдлаар тусгасан” зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөнд тооцогдоно.
1.2. Шийтгэх тогтоолд: Анхан шатны шүүх нь эрүүгийн хэрэгт цугларсан бүхий л нотлох баримтыг харьцуулан шалгаж, үнэлж дүгнээгүй буюу яллах дүгнэлт, хэргийн бодит байдал, зүйлчлэлд гарсан алдааг илрүүлж, зөвтгүүлэхгүйгээр тус шүүгдэгчид холбогдох хэргийг шийдвэрлэсэн байх тул шийтгэх тогтоолыг хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан гэж үзэх боломжгүй.
Тухайлбал, “Шүүгдэгч Б.Д- нь Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 149/ШЦТ/117 дугаар шийтгэх тогтоолоор тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан 01 жилийн хугацаанд дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон, драгер багажаар түүний амьсгал дахь спиртийн агууламж 1.09 промиль хэмжээтэй илэрсэн нь нотлох баримтуудаар тогтоогдсон...” гэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, хэргийн бодит байдлыг тогтоох талаар зарим алдаатай дүгнэлт хийсэн байна.
2. Анхан шатны шүүх, прокурор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн болохыг дараах зарим үндэслэлээр нарийвчлан тодотгож байна.
2.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд “тус гэмт хэргийг давтан үйлдсэн” бол хүндрүүлэн зүйлчлэх зохицуулалт байхгүй” атал Эрүүгийн хуулийг төсөөтэй, буруу хэрэглэснийг зөвтгөх боломжгүй.
2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хууль, түүний үзэл баримтлалаар “гэмт хэргийг давтан үйлдэх мөн ял шийтгүүлсэн этгээдийн ялтай байдал”-д хамаарах 2002 оны Эрүүгийн хууль дахь зохицуулалтыг бүрэн халсан.
Гэвч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэж, улмаар тусгай ангийн 12.1, 12.3 дугаар зүйлд заасан тухайн 2 гэмт хэрэгт хязгаарлалт тогтоосон буюу “урьд энэ бүлэгт заасан гэмт хэрэг үйлдэж гэм буруутайд тооцогдож байсан хүн;” гэсэн хууль зүйн техник, томьёоллоор “тусгай давтан”-г зөвхөн тухайн 2 төрлийн гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинж болгон хуульчилсан, харин өөр бусад гэмт хэрэгт “давтан, ялтай байдал”-ын шинж бүхий зохицуулалт бүрэн халагдсан буюу хязгаарлалт тогтоогоогүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2, 1.3 дугаар зүйлд “хууль ёсны ба шударга ёсны зарчмын утга агуулга”-ыг тус тус тодорхой заасан бөгөөд тус зохицуулалтууд нь олон улсын нийтээр хүлээн зөвшөөрсөн нийтлэг зарчим, хэм хэмжээнд бүрэн нийцдэг.
Тухайлбал, нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулах нь Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 14 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт баталгаажсан байдаг.
Гэтэл анхан шатны шүүх, прокуророос “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд зааснаар “тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан ялын хугацаа” дуусаагүй байхад “согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” нь гэмт хэргийн шинжтэй гэж тус тус дүгнэсэн зэрэг нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэнд тооцогдох үндэслэл болно.
2.2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд оруулсан нэмэлт, өөрчлөлт бүхий шинэ зохицуулалт болох “зөрчлийн давтамж”-аас шалтгаалан зөрчил бус гэмт хэрэгт хувиран шилжих буюу гэмт хэрэгт тооцох үндэслэл, түүний шинж, бодит байдлыг бүрэн нотолж, хууль зүйн дүгнэлт хийхгүй орхигдуулсан байгааг нөхөн гүйцэтгэх боломжгүй.
2.2.1. Эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар “Зөрчлийн тухай хуулийн дагуу тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь хассан хугацаа дуусаагүй буюу сэргээгдээгүй байхад тухайн нэг төрлийн зөрчлийг давтан үйлдсэн бол гэмт хэрэгт тооцох”-оор хуульчлагдсан байна.
Тодруулбал, согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон; эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн жолооч нь дээрх зөрчилд Зөрчлийн тухай хуулиар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсныхаа дараа тус эрх хассан хугацаа дуусаагүй байхад тухайн нэг төрлийн зөрчлийг давтан үйлдсэн буюу дахин согтуурсан эсхүл мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн нь тогтоогдсон бол тухайн үйлдэл бүр гэмт хэрэгт тооцогдохоор Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар тусгайлан зохицуулсан байна.
Монгол Улсын Засгийн газраас боловсруулсан “Эрүүгийн хууль нэмэлт өөрчлөлт оруулах тухай” 2023 оны 10-р сарын 13 өдрийн хуулийн үзэл баримтлал, танилцуулга, төслийн хувилбаруудаас үзэхэд[1]:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийг бүхэлд буюу энгийн болон хүндрүүлэх бүрэлдэхүүний шинж, ял шийтгэл зэргийн хувьд эрс шинэчлэлт хийхээр төслийг боловсруулсан байх ба зөвхөн дээрх эрүүгийн хэрэгт шууд хамааралтай зарим шинэ зохицуулалтыг судлахад:
Төслийн анхны хувилбар нь: “1.Тээврийн хэрэгслийн жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн, эсхүл энэ үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг...хасаж,...ял шийтгэнэ.
2.2.2. Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдэж гэм буруутайд тооцогдож байсан хүн дахин үйлдсэн бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг...хасаж,...ял шийтгэнэ.” гэх зэрэг шинээр болон шинэчлэн зохицуулахаар төсөл боловсруулсан байх боловч УИХ-ын нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлэг, мөн Хууль зүйн байнгын хороо болон ажлын хэсгийн хүрээнд удаа дараа хэлэлцэгдсэнээр анхны хувилбарыг өөрчлөн:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэг:
“Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг...хасаж,... ял шийтгэнэ.”,
Тайлбар: -“Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн" гэдэгт согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг ойлгоно.”гэж өөрчлөн зохицуулахаар шийдвэрлэж, улмаар дэмжигдэж батлагдсан болох нь УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны болон УИХ-ын нэгдсэн хуралдааны тэмдэглэл зэргээр албан ёсоор баталгаажсан байна.
Товч тодотговол, Улсын Их хурлын хууль зүйн байнгын хорооны 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн хуралдааны тэмдэглэл[2] “...Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлийг зөрчлийн хуулиар торгож шийтгэж байгаа. Энэ үйлдлийг гэмт хэрэгт тооцож ял шийтгэх бодлогыг дэвшүүлж байна...”,
УИХ-ын хууль зүйн байнгын хорооны хуралдааны 2023 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн тэмдэглэлд[3]”...Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйл тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журмыг зөрчих гэсэн энэ зүйл хэсэгт хууль санаачлагч 2 зүйл хэсгийг нэмэхээр оруулж ирсэн. Хууль зүйн байнгын хорооноос өгсөн чиглэлийн дагуу анх удаа согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон бол Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлд зааснаар хариуцлага хүлээлгэе. Харин эрх нь сэргээгдээгүй байхад давтан согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон хүнийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр ингэж томьёолол хийе гэсний дагуу ажлын хэсэг ажиллаж, энэ 5 дахь хэсгийн томьёоллыг бол бэлтгэсэн...6 дахь хэсэг нь болохоор...зөрчлийг дахин гаргасан бол гэдэг томьёолол байсан. Тэгэхээр энийг бол ажлын хэсэг хассан. Үндэслэл нь 2015 онд Эрүүгийн хуулийг батлахдаа давтан гэмт хэрэг үйлдсэн гэдэг шинжээр эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх тэр ялын бодлогыг бол халсан байгаа. Дээр нь ялтай байдал гэдэг хууль зүйн ойлголтыг мөн Эрүүгийн хуулиас хассан...”,
Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн тул төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэнд тооцон анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэх...” тухай УИХ-ын нэгдсэн хуралдааны 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн тэмдэглэл[4],
Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлах тухай УИХ-ын нэгдсэн хуралдааны 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн тэмдэглэл[5] зэрэг эх сурвалжаас дэлгэрэнгүй байдлаар судлах боломжтой байх бөгөөд гагцхүү анх зөрчил үйлдэж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хугацааны дотор дахин тухайн нэг төрлийн зөрчлийг давтан үйлдсэн үйлдлийг тус бүр гэмт хэрэгт тооцогдохоор эцэслэн батлагдсан болох нь бодит эх сурвалж, үндэслэлтэй байгааг анхаарвал зохино.
2.2.3. Хууль ёсны зарчим бол хууль тогтоох болон хууль хэрэглэх үйл ажиллагаанд заавал баримтлах суурь үзэл баримтлал болдог.
Хууль ёсны зарчмын дагуу зөвхөн Эрүүгийн хуулиар тусгайлан тогтоосон үйлдэл, эс үйлдлийг гэмт хэрэгт тооцдог, Эрүүгийн хууль нь тодорхой зохицуулалттай ба шууд, яв цав хэрэгжих, хэрэглэгдэх үйлчлэл бүхий имперавтив хэм хэмжээ учраас тус хуулийг төсөөтэй хэрэглэхгүй буюу төсөөтэй байдлаар хуульд байхгүй зүйлийг нөхөн гаргах, шинээр утга агуулга бий болгох зэргээр тайлбарлахыг хориглодог.
Мөн хууль ёсны зарчмын нэг чухал агуулга буюу хуулийг нэг мөр ойлгох шаардлага нь хууль тогтоох ба хууль хэрэглэх үйл явцын хоорондын уялдаа хамааралтай, нэгдмэл, нийцэлтэй байх утга агуулгыг илэрхийлдэг.
Өөрөөр хэлбэл, хуулийг зөв хэрэглэхийн тулд хуулийн бичвэрийн агуулгыг хянаж, зохих арга зүйг ашиглан тайлбарлах боломжтой боловч тухайн хуулийн бичвэрийн утга агуулга, тухайн хуулийг баталсан хууль тогтоогчийн үзэл санаа, зорилгыг гуйвуулж, алдагдуулах байдлаар тайлбарлан хэрэглэх боломжгүй байдаг.
Аутентик тайлбар нь албан ёсны тайлбарын нэг төрөл бөгөөд эрх зүйн хэм хэмжээний акт батлан гаргах төрийн эрх бүхий байгууллага өөрийн батлан гаргасан эрх зүйн актын утга, агуулгыг тодотгон тайлбарлахад чиглэгддэг төдийгүй заавал биелэгдэх шинжийг агуулдаг.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, тус зүйл дэх аутентик тайлбар нь хууль зүйн шалгуурын хувьд ойлгомжтой, хоёрдмол утгагүй байх ба тухайн аутентик тайлбарын зорилго, утга агуулга нь тухайн 27.10 дугаар зүйлийн 5 хэсгийн бичвэрийн утга агуулга, хэрэглэх нөхцөлийг шууд тодорхойлж, баталгаажуулсан байна.
Энгийнээр тайлбарлавал, “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэдэг нь зөвхөн зөрчил үйлдсэний улмаас тээврийн хэрэгсэл жолоодсон эрхээ хасуулсан тухайн этгээдийг ойлгоно.
Гэтэл анхан шатны шүүх, прокурор нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 хэсэг ба тус зүйл дэх аутентик буюу хуульчлагдсан тайлбарын нэгдмэл үзэл санаа, утга агуулга, уялдаа хамаарал, нийцлийн шинжийг зөв тайлбарлан хэрэглээгүй, дүгнэлт хийхгүй орхигдуулсан гэж үзнэ.
2.3. Эрх хасах шийтгэл болон эрх хасах ял, тэдгээрийн хугацааг хэрхэн тоолох түүнчлэн зөрчлийн давтамжаас шууд хамааралтайгаар гэмт хэрэгт тооцогдох үндэслэл, журам, тэдгээрийн ялгаа зааг зэргийг тус тус бодит үндэслэл, нотолгоогүйгээр хийсвэрлэн адилтгах, дүгнэлт хийхгүй орхигдуулах, Эрүүгийн болон Зөрчлийн тухай хууль тогтоомжийг төсөөтэй хэрэглэх байдлаар аливаа этгээдийг гэмт хэрэгт гэм буруутайд тооцох үндэслэлгүй.
Тодруулбал, нэн тэргүүнд анхаарах асуудлын хувьд зөрчлийн давтамжаас шалтгаалан гэмт хэрэгт тооцогдох үндэслэл, журам байх бөгөөд энэ хүрээнд согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас Зөрчлийн тухай хуулийн дагуу тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь хассан хугацааг холбогдох хууль тогтоомжийн дагуу хэзээнээс тоолж, улмаар хэзээ сэргээсэнд тооцсон эсэхэд хамаарах хууль ёсны баримтууд байхгүйгээс гадна энэ талаар анхан шатны шүүх, прокуророос хууль ёсны ба үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй орхигдуулсан байгааг тэмдэглэж байна.
2.4. Эрх хасах ялын эдлээгүй үлдсэнд хамаарах баримтыг цуглуулж, бэхжүүлээгүй, улмаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийг хэрэглэх эсэх асуудлыг орхигдуулсан нь буруу байна.
Өмнөх шийтгэх тогтоолоор эдлээгүй үлдсэн эрх хасах ялын тооцоог албан ёсоор баримтжуулахаас гадна хэд хэдэн шийтгэл тогтоолоор оногдуулсан ялуудыг заавал нэмж нэгтгэх буюу Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийг зөв хэрэглэх зайлшгүй шаардлагатай.
Харин тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг зөрчлийн улмаас хассан шийтгэлийн хугацаа болон гэмт хэргийн улмаас хассан ялын хугацааг тус тус адилтгахгүй, өөр хооронд нэмж нэгтгэхгүй боловч давхардуулахгүй буюу эхэлж хассан цаг хугацааны дарааллаар тасалдуулахгүйгээр үргэлжлүүлэн тоолох үндэслэл, журмыг ялган зааглаж дүгнэх зэргийг орхигдуулах ёсгүй болно.
3. Дээрх үндэслэл, үйл баримтын хүрээнд дүгнэхэд: Хэргийн бодит байдлыг тогтоох ажиллагаа, яллах дүгнэлт болон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь бүхэлдээ хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэлтэй.
Өөрөөр хэлбэл, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 2025/ШЦТ/1380 дугаар шийтгэх тогтоол нь “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, мөн хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-1.4, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-2.4 дэх заалт зэрэгт заасан үндэслэл, журамд нийцээгүй байх тул хүчингүй болгож шийдвэрлэлээ.
Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул шүүгдэгч Б.Д-ийн гаргасан давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.
Шүүгдэгч Б.Д-ийн “эрүүл мэндэд хамаарах зарим баримт” бүхий хүсэлтийг харгалзан түүнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.33, 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь :
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 2025/ШЦТ/1380 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.
2. Шүүгдэгч Б.Д-ид урьд авсан цагдан хорин таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн нэн даруй суллаж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар оролцогч гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ЗОРИГ
ШҮҮГЧ Ц.ОЧ
ШҮҮГЧ Г.ГАНБААТАР