Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2019/00667

 

 

 

 

 

2019 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2019/00667

 

 

 

М.Ариунболдын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 182/ШШ2019/00266 дугаар шийдвэртэй М.Ариунболдын нэхэмжлэлтэй Мобиком кропораци ХХК-д холбогдох, 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Гар утас, төхөөрөмж хөнгөлөлттэй болон хүүгүй зээлийн нөхцөлөөр худалдах, худалдан авах, үйлчилгээний багц ашиглах хугацаатай гэрээний 3 дугаар зүйлийн 3.8 дах хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцуулах, торгуульд төлсөн 332 951 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Өлзийсайхан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ариунболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.

Нэхэмжлэгч М.Ариунболд шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Мобиком корпораци ХХК-тай харилцан тохиролцож Гар утас, төхөөрөмж хөнгөлөлттэй болон хүүгүй зээлийн нөхцөлөөр худалдах, худалдан авах, үйлчилгээний багц ашиглах тухай гэрээ-г байгуулсан. Тус гэрээгээр худалдан авагч гэрээнд заагдсан гар утасны үнэ 799 000 төгрөгийг 24 сарын хугацаанд тохирсон графикийн дагуу төлөх, гэрээнд заасан хойшлуулсан болзол биелүүлсний дараагаар HUAWEI Р9 LITE BLAСК маркийн гар утсыг миний өмчлөлд шилжүүлж, гэрээний хүчин төгөлдөр хугацаанд My Mobi багцын үйлчилгээ үзүүлэхээр харилцан тохиролцсон. Ийнхүү харилцан тохиролцсоны үндсэн дээр миний бие гар утасны үнийг тогтсон графикийн дагуу 4 cap тасралтгүй төлсний эцэст үлдэгдэл төлбөрийг хугацаанаас нь өмнө урьдчилан төлж дуусгасан. Гэтэл худалдагч тал хугацаанаас өмнө үүргээ гүйцэтгэсний төлөө дээрх гэрээний 3 дугаар зүйлийн 3.8-д заасныг үндэслэж торгуульд 332 951 төгрөгийг гаргуулсан. Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1 дэх хэсэгт заасны дагуу зохих ёсоор гүйцэтгэсэн байхад нэмж торгууль гаргуулсныг хүлээн зөвшөөрөхгүй тул гэрээний анз болгож төлсөн 332 951 төгрөгийг дараах үндэслэлээр буцаан шаардаж байна. Гэрээний 3.8-д тусгагдсан торгууль нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлд тусгагдсан анзийн нэг төрөл болох бол анз нь үүргийн гүйцэтгэлийг хангах арга болно. Өөрөөр хэлбэл, торгууль үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгэгчид хариуцлага хүлээлгэх, үүргээ бүрэн гүйцэтгэх хууль зүйн хөшүүрэг болдог.

H0340150 гэрээ нь хойшлуулсан болзол бүхий худалдах, худалдан авах гэрээ болон My Mobi багцын үйлчилгээ үзүүлэх нэрлэгдээгүй гэрээ /Иргэний хуулийн 189.5/-ийн шинжийг давхар агуулсан холимог гэрээ /Иргэний хуулийн 198.5/-ийн төрөл болно. Иймд үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн гэж үзэх нөхцөл нь зөвхөн гар утасны төлбөрийг урьдчилан төлж дуусгахаас гадна давхар My Mobi багцын үйлчилгээг хугацаанаас нь өмнө цуцалсан байдлаар тодорхойлогдоно. Гэтэл гap утасны төлбөрийг төлж дуусгасан ч гэрээнд заагдсан My Mobi багцын үйлчилгээг өнөөдрийг хүртэл ашигласаар байтал хариуцагч нь гэрээний агуулга, үүргийн мөн чанарыг бүхэлд нь харгалзаж үзэлгүйгээр үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн гэж үзсэн нь Иргэний хуулийн 222 дугаар зүйл болон 232 дугаар зүйлийн зорилго, үүргийн зөрчил болон түүнд хүлээлгэх хариуцлагын зохицуулалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн үйлдэл болсон.

Иргэний хууль дахь торгуулийн заалтыг хууль зүйн зорилгынх нь дагуу ашиглах ёстой атал үүргээ өнөөдрийг хүртэл зохих ёсоор гүйцэтгэж /Иргэний хуулийн 206.1/, төлөх ёстой гар утасны төлбөрөө бүрэн төлсөн, My Mobi үйлчилгээг өнөөдрийг хүртэл ашигласаар байтал, нэмэлт төлбөр оногдуулж буй нь үүргийн гүйцэтгэл хангах аргын хууль зүйн зохицуулалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасны дагуу хууль зөрчсөн, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хүчин төгөлдөр бус нөхцөл байна. Иймд 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдөр талуудын хооронд байгуулагдсан Гар утас, төхөөрөмж хөнгөлөлттэй болон хүүгүй зээлийн нөхцөлөөр худалдах, худалдан авах, үйлчилгээний багц ашиглах тухай гэрээ-ний 3 дугаар зүйлийн 3.8 дахь хэсгийг Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.2.8 дахь заалт, 56 дугаар зүйлийн 56.1.1 дахь заалт, Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсгийг тус тус үндэслэн хүчин төгөлдөр буст тооцож, хариуцагчаас 332 951 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ариунболд шүүхэд гаргасан тайлбартаа: Талуудын хооронд 2017 оны 10 сарын 13-ны өдөр 40340150 дугаартай Гар утас, төхөөрөмж хөнгөлөлттэй болон хүүгүй зээлийн нөхцөлөөр худалдах, худалдан авах, үйлчилгээний багц ашиглах гэрээ байгуулагдсан. Энэхүү гэрээ нь хэрэглэгч өөрийн дугаарт сонгосон багцыг гэрээгээр тохирсон хугацаанд буюу 24 cap тасралгүй ашиглах, 24 сарын хугацаанд гар утас болон багцын төлбөрийг төлснөөр сонгон авсан гар утсаа хүүгүй зээлийн нөхцөлөөр өөрийн өмчлөлд бүрэн шилжүүлэн авах зээлээр худалдах худалдан авах гэрээний харилцаа /ИХ 262 дугаар зүйл/ байсан. Өөрөөр хэлбэл, манай зүгээс хэрэглэгчид манай үйлчилгээний багцыг 24 cap тасралтгүй ашигласнаар сонгон авсан гар утасныхаа төлбөрийг багц ашиглах хугацаанд хуваан төлөөд гар утсыг хүүгүй зээлээр авах санал тавьсныг хэрэглэгч зөвшөөрснөөр энэ гэрээ байгуулагдсан. Хэрэглэгч хэрэглэсэн сарын багцын төлбөрийг гар утасны сард оногдох төлбөрийн хамт 24 сарын турш cap бүр тохирсон хугацаанд төлөх үүрэгтэй гэрээ байсан бөгөөд 24 cap сонгосон багцыг ашиглаагүй гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан, төлбөрөө 2 сараас дээш хугацаагаар төлөөгүй тохиолдолд торгууль тооцохоор тохиролцсон ойлгомжтой гэрээ байсан. Гэрээний 3 дугаар зүйл 3.8-д Хүүгүй зээлийн нөхцөлөөр гар утас, төхөөрөмж хугацаатай гэрээгээр худалдан авсан хэрэглэгч гэрээг хугацаанаас өмнө цуцлах тохиолдолд зээлийн төлбөрийн зөрүү дээр гэрээний хавсралт 1-д заасан торгуулийг нэмж төлөх үүрэгтэй гэж харилцан тохиролцсон худалдан авагч гэрээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч гарын үсгээр баталгаажуулсан.

М.Ариунболд нь хэдийгээр гар утасны үнийг хугацаанаас нь өмнө төлсөн боловч гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн гэж үзэх үндэслэлгүй бөгөөд торгуульд төлсөн төлбөрийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй шаардлага юм. 40340150 дугаартай Гар утас, төхөөрөмж хөнгөлөлттэй болон хүүгүй зээлийн нөхцөлөөр худалдах, худалдан авах, үйлчилгээний багц ашиглах гэрээний 3 дугаар зүйл 3.8-д Иргэний хуулийн 202 дугаар зүйл 202.2.8-д зааснаар нөгөө талын үүргээ гүйцэтгэх, эрхээ хэрэгжүүлэхээс татгалзах хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан буюу үгүйсгэсэн гэсэн үндэслэлээр хүчингүй болгуулах шаардлага гаргасан нь үндэслэлгүй.

Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1 дэх хэсэгт зааснаар стандарт нөхцөлийг гэрээнд тусгасан ч тэр нь харилцан итгэлцэл, шударга ёсны зарчимд харш, уг нөхцөлийг хүлээн зөвшөөрөгч нөгөө талдаа хохиролтой бол уг нөхцөл хүчин төгөлдөр бус байна. Энэ тохиолдолд стандарт нөхцөлийг гэрээнд тусгах болсон нөхцөл байдал, талуудын ашиг сонирхол болон бусад нөхцөл байдлыг харгалзан үзнэ гэсэн байдаг. Мобиком корпораци ХХК-ийн зүгээс өөрийн үйлчилгээг сонгон хэрэглэж байгаа үнэ цэнэтэй хэрэглэгчдээ сэтгэл ханамжтай байлгах үүднээс шинээр зах зээлд нэвтэрч байгаа үйлдвэрлэгчийн баталгаатай гар утас, төхөөрөмжийг бусад оператор байгууллагуудаас харьцангуй хямд үнээр, урьдчилгаа төлбөргүй, хүүгүй зээлийн нөхцөлөөр, боломжийн хугацаанд хуваан төлөх зэрэг олон ашигтай саналыг санал болгодог. Ийм үйлчилгээг нэвтрүүлснээр компанид санхүүгийн багагүй хохирол учирдаг учир нь олох ёстой байсан орлого алдах, rap утас нийлүүлэгчид гар утасны төлбөрийг бүрэн төлсөн байдгаас хамаарч мөнгөн хөрөнгийн эргэлтээ алдах зэрэг олон хохирол учирдаг мөн хэрэглэгчид энэхүү боломжуудыг ашиглан гар утас аваад гэрээгээ цуцалж өөр бусад операторыг сонгох зэрэг эрсдэлүүд үүсдэг. Хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл гэх энэхүү заалт нь ямар хуулийг зөрчсөн, ямар зан суртахууны хэм хэмжээнд харшилсан гэж үзэж байгаа нь тодорхойгүй ойлгомжгүй байна. Мөн үүргээ гүйцэтгэсэн гэж тайлбарладаг. Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж хуулиар зохицуулсан байдаг гэтэл хэрэглэгч гэрээгээр тохирсон хугацаандаа зохих ёсоор төлөөгүй. Гүйцэтгэх хугацааг хууль буюу гэрээгээр тогтоосон бол үүрэг гүйцэтгүүлэгч хугацаанаас өмнө үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхгүй. Үүрэг гүйцэтгүүлэгч татгалзаагүй бол үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанаас нь өмнө гүйцэтгэх эрхтэй. М.Ариунболд нь өнөөдрийг хүртэл MyMobi үйлчилгээг ашиглаж байгаа гэсэн байдаг. Гэтэл тэрээр 40340150 тоот гэрээгээ хугацаанаас нь өмнө өөрийн хүсэлтээр цуцлаад багц ашиглаж байсан 99119636 дугаараа Газар капитал партнерс ББСБ ХХК-д 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр буюу гэрээ цуцалсан өдрөө шилжүүлсэн. Хэрэглэгч анх гэрээ байгуулахдаа гэрээний нөхцөл зүйл заалттай танилцан хүлээн зөвшөөрч гэрээ байгуулсан. Мөн гэрээ цуцлахдаа гэрээний дагуу торгуулийг хүлээн зөвшөөрч төлсөн байдаг тул М.Ариунболд болон Мобиком корпораци ХХК-ийн хооронд байгуулсан гэрээ болон эрх үүрэг дуусгавар болсон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 56 дугаар зүйлийн 561.1.1-д зааснаар хариуцагч Мобиком корпарци ХХК-д холбогдуулан 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Гар утас, төхөөрөмж хөнгөлөлттэй болон хүүгүй зээлийн нөхцөлөөр худалдах, худалдан авах, үйлчилгээний багц ашиглах хугацаатай гэрээ-ний торгуульд төлсөн 332 951 төгрөг гаргуулах, уг гэрээний 3 дугаар зүйлийн 3.8 дахь хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцуулахыг хүссэн нэхэмжлэгч М.Ариунболдын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 34 370 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч М.Ариунболд давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт ... гар утасны үлдэгдэл төлбөр 665 830 төгрөг, торгууль 332 951 төгрөг нийт 998 744 төгрөг байна. М.Ариунболд нь 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 998 744 төгрөгийг төлсөн. Уг төлбөрийг төлсөн тухайд талууд маргаагүй... гэж тусгасныг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь хариуцагч байгууллагаас ногдуулсан гэрээний торгууль болох 332 951 төгрөгийг анхнаас нь хүлээн зөвшөөрөөгүй. Тодруулбал, Капитал партнерс ББСБ ХХК-иас зээл авах шаардлага үүссэн ба зээлийн барьцаанд 99119636 дугаарын эзэмших эрхийг шилжүүлэх шаардлагатай болсон. Улмаар дээрх нөхцөл байдлын талаар тус байгууллагад мэдэгдэхэд тус компани нь 99119636 дугаарын эзэмших эрхийг барьцаанд тавихын тулд дугаар НО340150 гэрээний төлбөрийг төлж дуусгавар болгосон байх шаардлага тавьсан тул аргагүйн эрхэнд торгуулийн мөнгөн төлбөрийг шилжүүлсэн. Ийнхүү өөрийн хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас 332 951 төгрөгийг шилжүүлсэн ч энэ нь дээрх торгуулийг зөвшөөрөөгүйн илэрхийлэл болгож дугаар НО340150 гэрээний 3.8 дахь заалтыг Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.2.8-д заасан заалт болон мөн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасны дагуу хүчин төгөлдөр буст тооцуулахаар шүүхэд хандсан.

Мөн шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт үргэлжлүүлэн Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт зааснаар талууд гэрээнд заасан хугацаанд үүргийг гүйцэтгэх үүрэгтэй ба гар утасны үнийг тогтсон графикийн дагуу, тогтоосон хугацааны дотор төлөх үүргээ нэхэмжлэгч биелүүлээгүй... гэж заасныг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь худалдагч талтай харилцан тохиролцож байгуулсан гэрээ нь хойшлуулсан болзол бүхий худалдан, худалдан авах гэрээ болон My Mobi багцын үйлчилгээ үзүүлэх нэрлэгдээгүй гэрээ-ний шинжийг давхар агуулсан холимог гэрээ-ний төрөл болно. Иймд худалдан авагч намайг үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн гэж үзэх нөхцөл нь зөвхөн гар утасны төлбөрийг урьдчилан төлж дуусгахаас гадна давхар My Mobi багцын үйлчилгээг хугацаанаас нь өмнө дуусгавар болгосон байдлаар тодорхойлогдоно. Гэтэл гар утасны төлбөрийг төлж дуусгасан ч гэрээнд заагдсан My Mobi багцын үйлчилгээг өнөөдрийг хүртэл ашигласаар байгаа ба Иргэний хуулийн 208 дугаар зүйл болон 222 дугаар зүйлд заагдсан үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлэх нөхцөл байдал үүссэн гэж үзэхгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасны дагуу хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байх тул өөрчлөлт оруулах шаардлагатай байна.

Нэхэмжлэгч М.Ариунболд нь хариуцагч Мобиком кропораци ХХК-д холбогдуулан 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Гар утас, төхөөрөмж хөнгөлөлттэй болон хүүгүй зээлийн нөхцөлөөр худалдах, худалдан авах, үйлчилгээний багц ашиглах тухай гэрээ-ний 3 дугаар зүйлийн 3.8 дах хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцуулах, торгуульд төлсөн 332 951 төгрөгийг гаргуулахыг шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Мобиком корпораци ХХК болон М.Ариунболд нар нь 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Гар утас, төхөөрөмж хөнгөлөлттэй болон хүүгүй зээлийн нөхцөлөөр худалдах, худалдан авах, үйлчилгээний багц ашиглах тухай 40340150 дугаар гэрээ байгуулсан. Уг гэрээгээр талууд утасны үнэ 799 000 төгрөгийг 24 сарын хугацаанд тохирсон графикийн дагуу төлөх, төлбөр төлөгдсөнөөр HUAWEI Р9 LITE BLAСК маркийн гар утсыг өмчлөлд шилжүүлж, гэрээний хүчин төгөлдөр хугацаанд My Mobi багцын үйлчилгээ үзүүлэхээр харилцан тохиролцсон үйл баримт хэрэгт авагдсан гэрээний хуулбар, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдсон. /хх-ийн 6-7 дугаар тал/

Талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт нийцсэн болно.

Харин анхан шатны шүүх үйлчилгээний багцыг гар утасны төхөөрөмжийн хамт худалдах, худалдан авах агуулгатай гэрээний зарим хэсгийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоох шаардлагад хамааралтай Иргэний хуулийн зарим зохицуулалтыг буруу тайлбарлаж хэрэглэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь алдаатай байх бөгөөд хэрэгт авагдсан баримтын хүрээнд дүгнэлт хийн залруулах боломжтой байна.

Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах талаар хариуцагчид мэдэгдсэн байна. Талууд харилцан тохиролцож төлбөрийг урьдчилан бүрэн төлж, гэрээг цуцласан, My Mobi үйлчилгээний багцыг ашиглах гэрээг бусдад шилжүүлсэн зэрэг нь хэрэгт авагдсан төлбөрийн баримт, гэрээ цуцлах болон гэрээ шилжүүлсэн тухай баримт зэргээр тус тус нотлогдсон. /хх-ийн 4, 22-23 дугаар тал/

Талуудын хоорондын гэрээ нь Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1 дэх хэсэгт заасан стандарт нөхцөл бүхий гэрээ болно.

Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.2.8-т Аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэггүй иргэнтэй гэрээ байгуулахаар санал гаргаж байгаа тал нь нөгөө талын үүргээ гүйцэтгэх, эрхээ хэрэгжүүлэхээс татгалзах хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан буюу үгүйсгэсэн нөхцөлийг гэрээний стандарт нөхцөлд тусгасан бол тэр нь хүчин төгөлдөр бус байх-аар заасан. 

Ийм учраас, гар утас, төхөөрөмж хөнгөлөлттэй болон хүүгүй зээлийн нөхцөлөөр худалдах, худалдан авах, үйлчилгээний багц ашиглах тухай гэрээний 3.8-д ... хэрэглэгч гэрээг хугацаанаас өмнө цуцлах тохиолдолд зээлийн төлбөрийн зөрүү дээр гэрээний Хавсралт 1-т заасан торгуулийг нэмж төлөх үүрэгтэй. ... гэх стандарт нөхцөл нь Иргэний хуулийн дээрх зохицуулалтыг зөрчсөн учир хүчин төгөлдөр бус байна.

Гэрээний талууд харилцан зөвшөөрсний үндсэн дээр гэрээг хугацаанаас өмнө дуусгавар болгосон атал гэрээний нэг тал нөгөө талд торгууль ногдуулсан мөнгө төлүүлэх нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1, 232.5 дахь хэсэгт нийцээгүй. Утасны төлбөрийг урьдчилан төлсөн, үйлчилгээний багцыг ашиглах гэрээг бусад этгээдэд шилжүүлэхийг худалдагч өөрөө зөвшөөрч хийсэн, үүний улмаас гэрээний талуудад сөрөг үр дагаваргүй байна.

Түүнчлэн, Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар талууд харилцан зөвшилцөн, эсхүл нэг тал үүргээ зөрчсөнтэй холбоотой гэрээг цуцлах, гэрээнээс татгалзах, хугацаанаас нь өмнө дуусгавар болгох эрхтэй байхад Гар утас, төхөөрөмж хөнгөлөлттэй болон хүүгүй зээлийн нөхцөлөөр худалдах, худалдан авах, үйлчилгээний багц ашиглах тухай гэрээ-ний 3.8-т гэрээг хугацаанаас нь өмнө цуцлахыг хориглосон, торгууль төлөхийг үүрэгжүүлсэн агуулга бүхий стандарт нөхцөл тогтоосон нь нэг талын хуулийн дагуу хэрэгжүүлэх эрхийг хязгаарласан гэж үзнэ.

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон тохиолдолд буцаан шаардах эрхтэй байх-аар зохицуулсан ба нэхэмжлэгч М.Ариунболд нь торгуульд төлсөн 332.951 төгрөгөө уг зүйлийг олж авсан этгээд болох хариуцагч Мобиком корпораци ХХК-аас хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг нь хожим хүчин төгөлдөр бус болсон гэх үндэслэлээр буцаан шаардах эрхтэй болно.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй бөгөөд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5, 492.1 дугаар зүйлийн 492.1.1-т тус тус заасантай нийцэх юм.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 182/ШШ2019/00266 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 56 дугаар зүйлийн 56.1.1, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Мобиком корпораци ХХК, М.Ариунболд нарын хоорондын Гар утас, төхөөрөмж хөнгөлөлттэй болон хүүгүй зээлийн нөхцөлөөр худалдах, худалдан авах, үйлчилгээний багц ашиглах тухай гэрээ-ний 3.8 дах хэсгийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, Мобиком корпораци ХХК-аас 332 951 төгрөгийг гаргуулж М.Ариунболдод олгосугай гэж, 2 дахь заалтын үлдээсүгэй гэснийг үлдээж, хариуцагч Мобиком корпораци ХХК-аас 34 370 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай гэж тус тус өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгчийн 34 370 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Ц.ИЧИНХОРЛОО

 

Б.НАРМАНДАХ