Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 318/ШШ2026/00013

 

 

 

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Я.Урнаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Д.Б,

Хариуцагч: Увс аймгийн Зүүнговь сумын 5 дугаар баг, Залуус гудамж, 6-3 тоот хаягт оршин суух, Тайж овогт Мяцагийн Цагаанд холбогдох,

Газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: Д.Б / цахимаар/

Хариуцагч: М.Ц,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Сумъяабазар нарыг оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хариуцагч М.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Тус газар манай талийгаач нөхрийн нэр дээр байсан байна. Би өөрийн нэр дээр өвлүүлж авах ёстой байсан. Гэтэл би хашаа байшингийн гэрчилгээг зээлийн барьцаанд тавьсан. Газрын алба, Иргэний бүртгэлийн газраас тодруулахад надад өвлүүлэхгүйгээр Д.Бд шилжүүлээд өгье, 2026 он гарахад асуудал шийдэгдэнэ гэж хариу хэлсэн. Тиймээс би 2026 оны 01 дүгээр сар гэхэд газар эзэмших эрхийн гэрчилгээг Д.Б-ы нэр дээр шилжүүлж өгөхийг зөвшөөрч байна ” гэжээ.

Нэхэмжлэгч Д.Б хариуцагчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх талаар шүүхэд гаргасан тайлбартаа: “Тайлбаргүй” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хариуцагч М.Ц нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4 дэх хэсэгт “Хариуцагч шүүхийн шийдвэр гарах хүртэл нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь буюу зарим хэсгийг хүлээн зөвшөөрөх буюу зохигч эвлэрч болно”, 106.5 дахь хэсэгт “Энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх хариуцагчийн зөвшөөрөл, нэхэмжлэгчийн татгалзал, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана” гэж заажээ.

Хариуцагч М.Ц нь шүүх хуралдаанд цахимаар оролцож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа талаар тайлбарыг гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр шүүх хуралдаанаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Ц-аас 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Бд олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэг, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Хариуцагч М.Ц нь ************** дугаартай газрын эзэмших эрхийн гэрчилгээг 2026 оны 01 дүгээр сарын дотор нэхэмжлэгч Д.Б-гийн нэр дээр шилжүүлэхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч Д.Б-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Ц-аас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Бд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжид зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Я.УРНАА