Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 318/ШШ2026/00022

 

 

 

 

 

2025 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 318/ШШ2026/00022

 

Увс аймаг

 

 

 

                                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Я.Урнаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Ж.Б-ийн ,                                                        

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Цогзолмаа оролцов.

Хүсэлт гаргагч Ж.Бийн хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасныг баримтлан түүний эзгүйд хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Ж.Б шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Миний бие 1**9 онд төрсөн. ** настай. Би 1990 онд Дархан хот дахь Усны аж ахуйн техникумын цаг уурч мэргэжлээр төгсөж, 1990 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Байгаль орчиныг хамгаалах газрын цаг уурын Улаангом өртөөнд техникчээр орж ажилласан. Үүнээс цааш тус байгууллагад техникч, инженер, хэлтсийн даргын албан тушаалуудыг хашиж тасралтгүй 34 жил ажиллаад 2024 оны 12 дугаар сарын 01-ний өндөр насны тэтгэвэрт гарсан. Гэтэл Увс аймгийн байгаль орчины хамгаалах газарт 1990 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж байх үеийн ажилд орсон тушаал аймгийн архивд байхгүй байгаа тул уг хугацааны ажилласан жилийн тооцох боломжгүй байгаа тул шүүхэд хандаж байна. Иймд миний байгаль орчныг хамгаалах газарт 1990 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл ажилласан жилийг тогтоож өгнө үү. Тухайн үед хамт ажиллаж байсан Д.М, сургуульд хамт төгсөж ирээд ажилд хамт орж байсан М.О нарыг гэрчээр асууж өгнө үү” гэжээ.                                    

Хүсэлт гаргагчаас түүний иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг төлсөн баримт, Увс аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 53 дугаартай зөвлөмжийн хуудас, хүсэлт гаргагч Ж.Бийн 3***4 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Бүгд Найрамдах  Монгол Ард Улсын Увс аймгийн байгаль орчныг хамгаалах газрын даргын 1990 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 122 дугаартай Техникч авч ажиллуулах тухай тушаалын хуулбар, Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 404 дугаартай тодорхойлолт, гэрч Д.Мын иргэний үнэмлэхийн хуулбар, Д.Мын 3****2 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, М.Огийн иргэний үнэмлэхийн хуулбарыг нотлох баримтаар гаргаж өгсөн.

Шүүхээс хүсэлт гаргагч Ж.Бийн хүсэлтээр гэрч Д.Маас гэрчийн мэдүүлэг авав. Хүсэлт гаргагч Ж.Б нь М.Огээс гэрчээс мэдүүлэг авах хүсэлтээс татгалзсан.

Шүүхийн журмаар Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Ж.Бийн ХААТР-1 маягт, Увс аймгийн Архивын хэлтсээс Увс аймгийн Байгаль орчныг хамгаалах газрын даргын 1991 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 7 дугаартай тушаалын хуулбар, Увс аймгийн Байгаль орчны хяналтын газрын даргын 1991 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн * дугаартай тушаалын хуулбар, Увс аймгийн Байгаль орчны хяналтын газрын даргын 1991 оны 9 дугаар сарын 10-ний өдрийн *** дугаартай тушаалын хуулбарыг нотлох баримтаар бүрдүүлэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хүсэлт гаргагч Ж.Б-ийн хүсэлтийг бүхэлд нь хангах үндэслэлтэй.

2. Хүсэлт гаргагч Ж.Б нь шүүхэд хандаж Увс аймгийн Байгаль орчныг хамгаалах газарт 1990 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл цаг уурчаар ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлт гаргасан.

Шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх заалт, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь заалтыг тус тус баримтлан Ж.Бийн хүсэлтийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэв.

3. Хүсэлт гаргагч Ж.Б нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна.

            Ж.Б нь 1**9 онд төрсөн. 1990 онд Дархан хот дахь Усны аж ахуйн техникумыг цаг уурч мэргэжлээр төгсөж ирээд 1990 оныг 7 дугаар сарын 15-ны өдөр Увс аймгийн Байгаль орчныг хамгаалах газрын Улаангомын өртөөнд техникчээр ажилд орж, 2024 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ажилласан.

Өндөр насны тэтгэвэр тогтоолгох зорилгоор шаардлагатай баримт бичгийг бүрдүүлэхэд Увс аймгийн Байгаль орчны газарт 1990 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж байсныг нотлох ажилд томилсон болон ажлаас чөлөөлсөн тушаал байхгүй байгаа тул дээрх хугацааны ажиллаж байсан байдлыг шүүхийн журмаар тогтоолгох хүсэлтэй байна гэв. 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1. Хүсэлт гаргагч Ж.Бээс нотлох баримтаар гаргаж өгсөн түүний351334 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн 1990 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Усны аж ахуйн техникумаас олгосон байх бөгөөд 1986 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Усны аж ахуйн техникумын цаг уурын 1-р ангид элсүүлэн суралцуулсан тухай, 1990 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Усны аж ахуйн техникумын 4 дүгээр анги төгссөн тул Байгаль орчныг хамгаалах яамны мэдэлд шилжүүлсэн тухай бичилт хийгджээ.

Улмаар 1990 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Байгаль орчныг хамгаалах яамны 06 тоот томилолт үндэслэн Улаангом станцад техникчээр авч ажиллуулсан тухай,

1990 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Байгаль орчныг хамгаалах яамны бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт орсон тул ажлаас чөлөөлж, Байгаль орчны хяналтын газрын мэдэлд шилжүүлж, мөн өдөр Байгаль орчны хяналтын улсын хороо байгуулагдаж, бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт орсон тул байгаль орчны хяналтын газарт авч ажиллуулсан тухай,

1992 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Байгаль орчны хяналтын газарт бүтцийн өөрчлөлт орсон тул Ус, цаг уур, орчны шинжилгэний төвийн мэдэлд шилжүүлсэн тухай болон Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн мэдэлд авч ажиллуулсан тухай бичилтүүд тус тус хийгджээ.

4.2. Шүүхийн журмаар Увс аймгийн Архивын хэлтсээс нотлох баримтаар бүрдүүлсэн Увс аймгийн Байгаль орчныг хамгаалах газрын даргын 1991 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн * дугаартай албан тушаал, цалингийн санг батлах тухай тушаалын хавсралтад Улаангом станц техникч албан тушаалтай Ж.Б гэж тэмдэглэжээ.

Түүнчлэн, Увс аймгийн Байгаль орчныг хамгаалах газрын даргын 1991 оны ээлжийн амралт олгох тухай тушаалын 2 дугаар хавсралтын 19 дүгээрт мөн Ж.Б гэж бичигдсэн байх бөгөөд улсад ажилласан жил 1 гэж тэмдэглэсэн бол Увс аймгийн Байгаль орчныг хамгаалах газрын даргын 1991 оны 7 дугаар сарын 10-ний өдрийн ** дугаартай Баяраар ажиллах хүмүүс, хариуцлагатай эргүүл томилох тухай тушаалын хавсралтад Улаангом 1 дүгээрт Ж.Б гэж тэмдэглэжээ.

4.3. Гэрч Д.М нь 1989-1992 оны хооронд Увс аймгийн Баруунтуруун сумын цаг уурын станцад ажиглагчаар ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан түүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбараар тогтоогдож байна.

Иймд гэрч Д.Мын “...Би 1989 оноос Увс аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвд өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Ж.Б нь 1990 онд Дарханы усны аж ахуйн техникумын цаг уурын ангийг төгссөн. Түүнээс хойш тасралтгүй Увс аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвд ажиллаж байгаад 2025 оны 02 дугаар сард өндөр насны тэтгэвэртээ гарсан...” гэх мэдүүлгийг үнэн зөв бөгөөд эргэлзээгүй талаас нь үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

5. Хэдийгээр Увс аймгийн Архивын хэлтсийн сан хөмрөгт хүсэлт гаргагч Ж.Бийг 1990 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Увс аймгийн Байгаль орчныг хамгаалах газарт цаг уурчаар томилсон тушаалын баримт хадгалагдаагүй байх боловч хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байгаа дээрх үйл баримтад үндэслэн Ж.Бийн 1990 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Увс аймгийн Байгаль орчныг хамгаалах газар, Байгаль орчны хяналтын газар болон Ус, цаг уур, орчны шинжилгээний газарт цаг уурчаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

6. Хүсэлт гаргагч Ж.Бийн хүсэлтийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар үйлийн 133.1.1 дэх заалт, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь заалтыг баримтлан Шаргачид овогт Жамбын Буянхишигийн 1990 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Увс аймгийн Байгаль орчныг хамгаалах газар, Байгаль орчны хяналтын газар болон Ус, цаг уур, орчны шинжилгээний газарт цаг уурчаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Я.УРНАА