Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 158

 

Д.Цид холбогдох

  эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ш.Одонсүрэн, шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Атарцэцэг, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 165 дугаар цагаатгах тогтоол, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 86 дугаар магадлалтай, Д.Цид холбогдох 1831003660090 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч болон түүний өмгөөлөгч Р.Атарцэцэг нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1988 оны 7 дугаар сарын 8-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Борлууд овогт Дамирангийн Цэнд-Аюуш нь Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан прокуророос Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Цид холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн байна.

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Д.Ц, түүний өмгөөлөгч Р.Атарцэцэг нар хамтран гаргасан гомдолдоо: “...Анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй. Давж заалдах шатны шүүх … прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Учир нь шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.2-т зааснаар дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан гэж үзэж эсэргүүцлийг хүлээн авч хэргийг прокурорт буцаасан байдаг. Магадлалд дурдсан зүйл заалт нь чухам ямар байдлыг орхигдуулсан, ноцтойгоор нөлөөлөх ямар үндэслэл, нөхцөл байдал байсныг анхан шатны шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан зэрэг байдлыг тодорхой бичээгүй нь магадлал учир дутагдалтай ойлгомжгүй гарсан гэж үзэхээр байгаа.

Прокурор хэргийг зүйлчлэн гэм буруутайг тогтоолгохоор шүүхэд шилжүүлсэн, шүүх тус яллах дүгнэлтийн хүрээнд үнэлэлт дүгнэлт өгсөн. Гэтэл прокурор зүйлчлэл маргаантай гэж эсэргүүцэлдээ бичсэн нь яллах дүгнэлтээс тэс өөр байхад шүүх эсэргүүцлийг хангаж байгаа нь буруу гэж үзэж байна.

Прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлд зааснаар хэргийг шүүхэд шилжүүлэх үндэслэлтэй гэж үзэн яллах дүгнэлт үйлдэн, дүгнэлтийн хувийг яллагдагчид гардуулсан. Мөн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана гэсэн заалтыг давж заалдах шатны шүүх зөрчиж хэргийн нөхцөл байдлыг хүндрүүлэх, цагаатгагдсан этгээдийн эрх зүйн байдлыг дордуулах байдлыг бий болгосонд туйлаас гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Атарцэцэг хэлсэн саналдаа: “Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлал нь Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн. Анх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлд зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн бөгөөд дүгнэлтийн хувийг яллагдагчид гардуулсан баримт хэрэгт бий. Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана гэсэн заалтыг давж заалдах шатны шүүх зөрчсөн. Эрүүгийн хуульд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг заасан байсныг 2019 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн нэмэлт өөрчлөлтөөр хүндрүүлэх заалтыг хүчингүй болгосон. Гэтэл зүйлчлэлийг хүндрүүлэхээр прокурорт буцаасан нь хуулиар олгогдоогүй эрхийг эдэлсэн байна. Иймд цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор Ш.Одонсүрэн хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “...Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан нөхцөл байдлыг харгалзаагүй. Мөн Д.Цийн буруутай үйлдэл байгаа ч малчин хүний хувьд өвсийг мал идэж дуусахаас нь өмнө хамгаалсан үйлдэл байна гэж дүгнэсэн боловч Э.Г нь хадсан өвсөө бороо орсон учир тээвэрлэж чадалгүй орхиж явахдаа боож, хүн хэрэглэх зориулалтын болгож бэлтгэсэн байсан. Тэгэхээр цагаатгах тогтоол нь яллаж буй нотлох баримтыг үгүйсгэсэн дүгнэлт хийгээгүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна. Мөн хяналтын шатны шүүх хуралдаанд оролцож буй прокурорын зүгээс энэ хэргийг хулгайлах гэмт хэргийн шинжтэй гэж үзэж байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч Р.Атарцэцэг нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн Д.Цид холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Прокуророос шүүгдэгч Д.Цийг Ц.Жамбалын эзэмшлийн 24-36 УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан 2018 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн орчим Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Цөх 3 дугаар багийн нутаг Нарийнхөндий гэх газар иргэн Э.Гийн хадаж бэлтгэсэн 195 боодол өвсийг завшиж, 975.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 Анхан шатны шүүх шүүгдэгч Д.Цийн үйлдэл нь гэмт хэргийн шинжийг хангахгүй, зөрчлийн шинжтэй, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл дутуу, нотолбол зохих асуудлыг бүрэн нотлоогүй, зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохироогүй гэж дүгнэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн байна.

Харин давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцлийг үндэслэн хэргийг хянан хэлэлцээд мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан гэмт хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн нотлоогүй байхад анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.2-т заасан заалтыг зөрчсөн гэж дүгнэн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг ноцтой зөрчөөгүй гэж үзэв.

Хяналтын журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа шүүх нь анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдоогүй, эсхүл үгүйсгэгдсэн нөхцөл байдлыг тогтоох, түүнийг нотлогдсон гэж үзэх, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцох эрхгүй тул шүүгдэгч болон түүний өмгөөлөгч Р.Атарцэцэг нарын хамтран гаргасан “Цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэсэн гомдлыг хэрэгсэхгүй болгож, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 86 дугаар магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Ц, түүний өмгөөлөгч Р.Атарцэцэг нарын хяналтын журмаар хамтран гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                                       ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                                       ШҮҮГЧ                                                         Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                                            Б.БАТЦЭРЭН

                                                                                                            Д.ГАНЗОРИГ

                                                                                                            Ч.ХОСБАЯР