Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 182

 

 “Ө” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад

холбогдох захиргааны хэргийн тухай

 

            Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч, шүүгч:          Ч.Тунгалаг,

            Шүүгчид:                         Г.Банзрагч,

                                                   М.Батсуурь,

                                                   Д.Мөнхтуяа,

            Илтгэгч шүүгч:               Б.Мөнхтуяа,

            Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал

Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Засаг даргын 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн А/293 дугаар захирамжийг бүхэлд нь илт хууль бус болохыг тогтоолгох”

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2019/0922 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 155 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.Х нарыг оролцуулж,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Өмнөх шүүхийн шийдвэр:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2019/0922 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1, Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ө ХХК-ийн Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “... Нийслэлийн Засаг даргын 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн А/293 дугаар захирамжийг бүхэлд нь илт хууль бус болохыг тогтоолгох тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 155 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 922 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн.

Хяналтын журмаар гаргасан гомдол:

3. “Ө” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 155 дугаар магадлалыг нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Энхтайван би шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, мөн хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн тул эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.

4. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн бөгөөд Нийслэлийн Засаг даргын 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн А/293 дугаар захирамж нь илт хууль бус захиргааны актын шинжийг агуулаагүй байна гэж дүгнэсэн.

5. Шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тухай: Давж заалдах шатны шүүх Хянавал хэсэгтээ “...захиргааны актыг “илт хууль бус”-д тооцох үндэслэл нь тухайн актыг ямар ч хүн харсан эрх зүйн илэрхий алдаатай байхыг ойлгоно”, “...хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлэх зорилгоор аж ахуйн нэгжийн эзэмшил газрын хэмжээг өөрчилсөн энэ тохиолдолд хариуцагчийг илт хууль бус захирамж гаргасан гэж дүгнэх боломжгүй байна..”, “...Газрын тухай хуулиар аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх ашиглуулах асуудлыг шийдвэрлэх эрх Засаг даргад олгогдсон тул маргаан бүхий захирамжийг хэн ч харсан илэрхий, ноцтой алдаатай буюу “захиргааны актыг гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.. иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэж тус тус дүгнэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн.

6. Дээрх дүгнэлт тайлбарууд нь 3ахиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсэг буюу “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэснийг буруу тайлбарлан хэрэглэснийг илэрхийлнэ. Хэдий Газрын тухай хуулиар газар эзэмшүүлэх ашиглуулах асуудлыг Засаг дарга шийдвэрлэх эрхтэй боловч, нэгэнт бусдад олгосон газрыг, эзэмшигчийнх нь ямар нэгэн зөвшөөрөл, хүсэлтгүйгээр шууд өөр хувийн өмчийн хуулийн этгээдэд шилжүүлэх эрх хэмжээ, харилцааг зохицуулаагүй. Өөрөөр хэлбэл анхан болон давж заалдах шатны шүүхүүд Засаг дарга газар эзэмших ашиглах эрх олгох эрхтэй л юм чинь бусдад олгогдсон газар ч байсан тэрхүү газартай холбоотой ямар ч шийдвэр гаргаж болгоно гэсэн хууль байхгүй.

7. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан “Иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэдэг хуулийн ойлголт нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд “захиргааны актыг гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэсэн нэр томъёогоор хуульчлагдсан байсан бөгөөд эдгээр ойлголтууд нь хуулийн шинэчлэлийн хүрээнд нэршил нь өөрчлөгдсөн адилхан агуулгатай захиргааны эрх зүйн онолын ойлголтууд билээ. Тийм ч учраас давж заалдах шатны шүүх “...Газрын тухай хуулиар аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх ашиглуулах асуудлыг шийдвэрлэх эрх Засаг даргад олгогдсон тул маргаан бүхий захирамжийг хэн ч харсан илэрхий, ноцтой алдаатай буюу “захиргааны актыг гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна..” гэж дүгнэлтээ “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэдэг хуулийн нэршлээр бус “захиргааны актыг гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэдэг хуулийн нэршил хэллэгээр хийсэн.

8. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсэг буюу ”иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэдэг ойлголтыг тайлбарласан хуулийн тодорхойлолт болон албан ёсны хуулийн тайлбар байхгүй. Юу гэж ойлгон хэрэглэхийг хууль тайлбарлах онолыг баримтлан тайлбарлах ёстой бөгөөд хэл зүйн тайлбараар харахад захиргааны акт гаргах хуульд заасан үндэслэл байгаагүй бол илт хууль бус захиргааны акт гэж үзнэ гэжээ. Тэгвэл Газрын тухай хуульд бусдын эзэмшиж байгаа газрыг эзэмшигчийнх нь хүсэлт зөвшөөрөлгүй өөр этгээд рүү шилжүүлэх ямар ч хуулийн зохицуулалт байхгүй тул илт хууль хууль захиргааны акт мөн юм.

9. Түүнчлэн эрх зүйн түүхэн уламжлал, хууль тайлбарлах эрх бүхий этгээдийн тайлбар ашиглан тайлбарлахад илт хууль бус захиргааны акт мөн болох нь тодорхойлогдож байна. Учир нь “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” буюу “захиргааны актыг гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэдгийг Улсын дээд шүүхийн 2006 оны 37 дугаар тогтоолоор “захиргааны байгууллага, албан тушаалтан тухайн харилцааг хуулиар зохицуулаагүй байхад болон хуулиар тогтоосон хязгаарлалтыг зөрчих, түүнчлэн хуулиас гадуур нэмэлт хязгаарлалт тогтоох, бүрэн эрхээ хэтрүүлэх зэргээр захиргааны акт гаргасныг ойлгоно” гэж тайлбарласан байдаг.

10. Шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн тухай: Анхан шатны шүүх дараах дүгнэлтийг хийсэн бөгөөд давж заалдах шатны шүүх уг дүгнэлтийг үнэн зөв гэж дүгнэсэн. Үүнд: Шүүхийн шийдвэрт “...Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэх хуульд заасан үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзлээ. Яагаад гэвэл Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д “..төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх шийдвэрийг...тухайн шатны Засаг дарга гаргана” гэж зааснаар сургууль, цэцэрлэгийн зориулалтаар бүрэн эрхийнхээ хүрээнд газар эзэмшүүлсэн хариуцагчийн шийдвэрийг буруутгах боломжгүй...” гэж дүгнэн, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон.

11. “Б” ХХК нь Компанийн тухай хуульд зааснаар үүсгэн байгуулагдсан, хувийн өмчийн компани байхад, төсөвт байгууллага гэж үзээд, бүр Газрын тухай хуулийн 33.1.1 дэх хэсэгт зааснаар төсөвт байгууллага болох “Б” ХХК-д зайлшгүй хэрэгцээтэй газрыг нь Засаг дарга олгосон нь зөв гэж дүгнээд байгаа нь огт үндэслэлгүй болохыг бэлхнээ харуулна. Нийслэлийн Засаг даргын 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн А/293 дугаар захирамж нь илт хууль захиргааны акт болох нь дараах байдлаар тогтоогдсон. Учир нь хариуцагч Ө ХХК-ийн газраас 8500 м.кв газрыг “Б” ХХК-д шилжүүлэх шийдвэр гаргахдаа ямар ч дээд байгууллагын шийдвэр болон Ө ХХК, Б ХХК-ийн аль алиных нь өргөдөл хүсэлтийг үндэслээгүй, бүр захирамжийнхаа 1-р заалтад бичсэн “Нийслэлийн газрын албаны дэргэдэх Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн 2017 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн хурлын дүгнэлт”-д “Ө” ХХК-ийн асуудал багтаагүй нь холбогдох нотлох баримтаар тогтоогдсон. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгон, нэхэмжлэлийг хангаж өгнө үү.

ХЯНАВАЛ:

12. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

13. Нэхэмжлэгч “Ө” ХХК нь “Нийслэлийн Засаг даргын 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн А/293 дугаар захирамжийг бүхэлд нь илт хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “...Засаг даргын энэхүү шийдвэр нь илт хууль бус бөгөөд тус компани газрын хэмжээгээ багасгуулах, гэрчилгээгээ хүчингүй болгуулах талаар ямар нэгэн хүсэлт гаргаагүй байхад Газрын тухай хуулийг ноцтой зөрчиж, ...илт хууль бус захиргааны акт гаргасан” гэж маргасан.

14. Нийслэлийн Засаг даргын 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн А/293 дугаар захирамжаар, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4, 33 дугаар зүйлийн 33.1.1-д заасныг үндэслэн, нэхэмжлэгч “Ө” ХХК-ийн эзэмшил газрын хэмжээг 8500 м.кв-аар багасгаж 4280 м.кв, гуравдагч этгээд “Б” ХХК-ийн эзэмшил газрын хэмжээг мөн хэмжээгээр нэмэгдүүлж 13500 м.кв газрыг тус тус эзэмшүүлэхээр, газрын хэмжээг өөрчилж шийдвэрлэжээ.

15. Маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн А/293 дугаар захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан илт хууль бус захиргааны актад хамаарахгүй гэсэн дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон 2 шатны шүүхийн шийдэл зөв байна.

16. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд, Нийслэлийн Засаг даргын 2015 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн А/452 дугаар захирамжаар нэхэмжлэгч “Ө” ХХК-д Сонгинохайрхан дүүрэгт орон сууцны зориулалтаар 12780 м.кв газрыг 1 жил 9 сарын хугацаатай эзэмшүүлж, 2015 оны 6 дугаар сарын 08-ны өдөр газар эзэмшүүлэх гэрээг мөн хугацаагаар байгуулж, 000314249 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон байх боловч нэхэмжлэгч нь Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасны дагуу эрхийн гэрчилгээний хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө хугацаа сунгуулах хүсэлтийг /холбогдох баримтуудын хамт/ тухайн шатны Засаг даргад гаргаагүй нь тогтоогджээ.

17. Тодруулбал, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлэхээр, 39 дүгээр зүйлийн 39.1.1-д газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй тохиолдолд газар эзэмших эрх дуусгавар болохоор тус тус заасан,  өөрөөр хэлбэл газар эзэмшигч газрыг гэрээний үндсэн дээр эзэмшиж, газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх, мөн газар эзэмших эрхийн гэрчилгээ болон гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргах, газрын эзэмшил, ашиглалттай холбогдуулан эрх бүхий байгууллагын тавьсан  шаардлагыг биелүүлэх үүрэгтэй байхад нэхэмжлэгч нь газар эзэмших эрхийн гэрчилгээ болон гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй тул хуульд зааснаар тус компанийн газар эзэмших эрх дуусгавар болсон байна.

18. Түүнчлэн, хариуцагч Нийслэлийн Засаг дарга нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад хуульд заасан журмын дагуу газар эзэмшүүлэх, ашиглуулах талаар шийдвэр гаргах эрхтэй бөгөөд хариуцагчаас маргаан бүхий А/293 дугаар захирамжийг гаргахдаа Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4, 33 дугаар зүйлийн 33.1.1-д заасныг үндэслэж, мөн газар эзэмших эрх нь дуусгавар болсон нэхэмжлэгч компанийн эзэмшил газраас 8500 м.кв газрыг гуравдагч этгээд “Б” ХХК-д “сургууль, цэцэрлэг”-ийн зориулалтаар нэмж эзэмшүүлснийг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй юм.

19. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд захиргааны акт илт хууль бус байх үндсэн шинжийг тодорхойлсон бөгөөд мөн зүйлийн 47.1.6-д иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй тохиолдолд захиргааны актыг илт хууль бус акт гэж үзэхээр заасан, хуульд заасан үндэслэл, тогтоогдсон нөхцөл байдлуудаас дүгнэхэд Нийслэлийн Засаг даргын 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн А/293 дугаар захирамжийг илт хууль бус захиргааны акт гэж үзэх үндэслэлгүй, энэ талаар 2 шатны шүүхийн хийсэн дүгнэлт хуульд нийцсэн байна.

20. Иймд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “...шүүх Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах”-аар гаргасан хяналтын гомдлыг хангахгүй орхиж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2019/0922 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 155 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.  

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ч.ТУНГАЛАГ

                                     ШҮҮГЧ                                                                   Б.МӨНХТУЯА