Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 318/ШШ2026/00037

 

 

 

 

 

2026 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 318/ШШ2026/00037

 

Увс аймаг

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

                                         хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

            Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Я.Урнаа би,

            Нэхэмжлэгч: М.А,

            Хариуцагч: Л.Т холбогдох,

            3,790,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч М.А нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 2024 оны 08 дугаар сарын 25-нд Увс аймаг явж групп сунгуулсан юм. Хамаатан Л.Т гэдэг айлд 7 хонов. Явахдаа би Б.Ч-гийн хашаанд байгаа машины сэлбэгээс хавар кропыг нь явуул, би очихоор нь мөнгийг нь төлөөд авъя гэв. 2025 оны 01 дүгээр сард Ч-тэй ярихад Т нь Г гэдэг жолоочоор таны сэлбэгийг хот явуулна гээд бүгдийг нь ачаад явсан гэж хэлэв. 2 сард миний дүү Увс явж сэлбэгийг авах гэсэн боловч Т эхнэрийн хамт Баян-Өлгий явсан байсан. Амбаар саванд нь машины сэлбэг алга гэж ирэв. Ц цагаан сарын өдөр Т-тай ярихад кропыг нь машинд тавьсан гээд утсаа тасалсан.

Үүнд: 1. Мотор-1,000,000

2. Хойд бөгс-500,000

3.Урд бөгс-400,000

4.Кроп-500,000

5.Перда диск-200,000

6.Моторын доод анги-200,000

7.Дугуй хөрөө харуул-200,000

8. 5.5кв 380-н мотор-550,000

9. Дугуй хөрөөний бул-200,000

10. Эко халаагч-200,000

11. Суга таяг-40,000

Нийт-3,790,000 эдгээр зүйлсийн хохирол барагдуулна уу” гэжээ.

            Хариуцагч Л.Т шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие М.Атэй эвлэрэн хэлэлцэж нэхэмжилсэн 3,790,000 төгрөгөөс 1,200,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, 2026 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2026 оны 6 дугаар сарын 05-ны өдөр хүртэл төлж барагдуулахаар тохирсон тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

            Нэхэмжлэгч М.А шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Миний бие хариуцагч Л.Тын хариу тайлбартай танилцаж, хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй.

            2. Хариуцагч Л.Т нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 1,200,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, 2026 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2026 оны 6 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл хугацаанд төлж барагдуулах тухай тайлбар гаргаж, нэхэмжлэгч М.А нь нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,590,000 төгрөг гаргуулахаас татгалзах тухай тайлбарыг бичгээр үйлдэж, гарын үсэг зурж баталгаажуулан тус шүүхэд ирүүлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3 дахь хэсэгт нийцсэн байна.

            3. Зохигчид эвлэрсэн нь Иргэний хуульд нийцсэн бөгөөд гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэг, 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хэргийг хэрэгсэхгүй болгов.

            4. Хариуцагч Л.Т нь энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.

            5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, 56 дугаар зүйлийн 56.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч М.Аийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 75,590 төгрөгийн тавин хувь болох 37,795 төгрөгийг улсын орлогод хэвээр үлээж, Төрийн сангийн 1***********1 тоот данснаас 37,795 төгрөг, хариуцагч Л.Таас 16,675 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч М.Ад олгох нь зүйтэй.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч М.А нь хариуцагч Л.Таас 2,590,000 төгрөг гаргуулахаас татгалзаж, хариуцагч нь 1,200,000 төгрөгийг 2026 оны 3 дугаар сар 01-ний өдрөөс 2026 оны 6 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл хугацаанд төлж барагдуулахаар зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, 56 дугаар зүйлийн 56.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч М.Аийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 75,590 /далан таван мянга, таван зуун ерэн/ төгрөгийн тавин хувь болох 37,795 / гучин долоо мянга, долоон зуун ерэн таван/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлээж, Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 37,795 / гучин долоо мянга, долоон зуун ерэн таван/ төгрөг, хариуцагч Л.Таас 16,675 / арван зургаан мянга, зургаан зуун далан тав/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч М.Ад олгосугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Л.Т нь энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 

 ШҮҮГЧ                          Я.УРНАА