Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 2025/ДШМ/833

 

2025             07            08                                       2025/ДШМ/833

 

 

Л.З-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Н.Батсайхан, шүүгч Г.Ганбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Мөнхтулга,

нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нарыг оролцуулан,

Баянзүрх, **********, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 2025/ШЦТ/1127 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.З-гийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 2406027801929 дугаар хэргийг 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Ганбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Х овгийн Л-гийн З-, **** оны 12 дугаар сарын 13-ны өдөр ************ хотод төрсөн, ** настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт ********** дүүргийн ** дугаар хороо, ******** * дугаар байр**** тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: ***********/;

Урьд, ********** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2007 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 230 дугаарт шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 150 цаг албадан ажил хийлгэх ял шийтгүүлсэн,

********** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 274 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын баривчлах ял шийтгүүлсэн,

Баянзүрх, **********, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдөр 509 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял шийтгүүлсэн,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 754 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар зарын 20-ны өдөр 125 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 цагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 624 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 9 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлж, 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 2025/ШЗ/123 дугаар захирамжаар эдлээгүй үлдсэн 7 сар 08 хоногийг хорих ялаар сольсон,

Шүүгдэгч Л.З- нь 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Цагдаагийн академийн автобусны буудлын ойролцоо байхдаа хохирогч Б.Э-гийн халааснаас “Айфоне 13” загварын гар утсыг хулгайлан авч, хохирогчид 1.325.000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Л.З-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх, **********, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: “...Шүүгдэгч Л.З-г хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар бусдын эд хөрөнгийг хулгайлан авч, бусдад бага бусаас дээш хэмжээний хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Л.З-г 1 /нэг/ жилийн хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгүүдийг баримтлан Л.З-д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялд, урьд шийтгэх тогтоолоор оногдуулсан 9 /ес/ сарын зорчих эрх хязгаарлах ялыг 7 /долоо/ сар 8 /найм/ хоногийн хорих ялаар солиулснаас эдлээгүй үлдсэн 6 /зургаа/ сар 10 /арав/ хоногийг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх хорих ялыг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сар 10 /арав/ хоногоор тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Л.З-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг баримтлан энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 /нэг/ ширхэг сидиг хэрэгт үлдээж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй дурдсугай, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 3, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Л.З-гаас 1.325.000 /нэг сая гурван зуун хорин таван мянга/ төгрөгийг гаргуулан, хохирогч Б.Э- /РД:***********/-д олгуулж, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч Л.З-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Л.З- давж заалдах гомдолдоо: “...би 2018 оноос эхлэн О.Н-тэй хамтран амьдарсан, өдий ** нас хүртлээ үр хүүхэдтэй болж байгаагүй. 2025 оны 06 дугаар сарын 01-ний өдөр охин үртэй болсон. Би өөрт холбогдох хэрэгтэйгээ маргаагүй гэм бурууг үнэн зөвөөр хүлээн зөвшөөрсөн мөрдөн байцаалт болон бүх шатанд хүндрэл учруулаагүй. Мөн хохирол төлбөрөө төлж барагдуулахыг илэрхийлсэн зэргийг минь харгалзан үзэж дөнгөж төрсөн охин үрдээ 1 хоногийн өмнө ч гэсэн очиж харж хандаж аавын хайр халамжаар дутаагүй өсгөх болон эцэг байх үүргээ биелүүлэх боломжоор хангаж надад оноосон ял шийтгэлээс минь хасаж хөнгөлж өгнө үү. Иймд уламжилж буй хүсэлтийг минь хүлээн авч эрх зүйн байдлыг минь харгалзан үзэж хүнлэг байдлаар хандан хүлээн авч шийдвэрлэж өгнө үү хэмээн хичээнгүйлэн хүсэж байна. Уг гэмт хэргийг үйлдэж бусдыг хохироож гэм хор учруулсандаа маш ихээр гэмшиж байна. ...” гэжээ.

Прокурор Б.Мөнхтулга тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Улсын яллагчийн зүгээс анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэх санал гаргасан бөгөөд анхан шатны шүүхээс улсын яллагчийн гаргасан саналыг үндэслэлтэй гэж хүлээн авч шийдвэрлэсэн. Л.З-гийн хувьд өмнө энэ төрлийн гэмт хэрэгт үйлдэж 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр тус шүүхийн шийтгэх тогтоолоор зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлж, тус ялаа эдлэхээс зайлсхийсэн тул хорих ялаар сольсон. Түүнд оногдуулсан ялыг тус тусад нь эдлүүлэх боломжгүй тул анхан шатны шүүхээс ялыг нэмж нэгтгэсэн нь үндэслэлтэй. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж, дараах байдлаар дүгнэлт хийв. Үүнд:      

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 16.2 дугаар зүйл, 32.3 дугаар зүйлд зааснаар тухайн шүүгдэгчид холбогдох хэргийн бодит байдлыг тогтоох ажиллагаа болон тус хэрэгт цугларч, бэхжигдсэн нотлох баримтын эх сурвалжууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмыг зөрчсөн эсхүл оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэж үзэх үндэслэл, үйл баримт тогтоогдсонгүй.          

2. Анхан шатны шүүхээс хэргийн бодит байдлыг тогтоож, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг хянан шийдвэрлэхдээ шүүх хуралдааны оролцогч, талуудын эрхийг хангаж, тэдний шинжлэн судалсан нотлох баримт болон санал, дүгнэлтийг харьцуулан шалгаж, үнэлсний үндсэн дээр шүүгдэгч Л.З-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, хэргийн зүйлчлэлийн талаар хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Тодруулбал, шүүгдэгч Л.З- нь 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Цагдаагийн академийн автобусны буудлын ойролцоо байхдаа хохирогч Б.Э-гийн халааснаас “Айфоне 13” загварын гар утсыг хулгайлан авч, хохирогчид 1.325.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

- насанд хүрээгүй хохирогч Б.Э-гаас гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл “2024.05.08-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Э- өөрийн айфоне-13 маркийн гар утсаа алдсан гэх гомдлыг хүлээн авч, тэмдэглэл үйлдэв.” /хх5/,

- насанд хүрээгүй хохирогч Б.Э-гийн “2024 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 15:30 цагийн орчимд Дотоод хэргийн их сургуулиас гарч, У-26 дугаартай Тоосгоны үйлдвэр-Жанжин клуб чиглэлийн автобусанд суугаад өөрийн айфоне 13 маркийн гар утсаа өөрийн хүрэмний халааснаасаа гаргах гэтэл байгаагүй...” гэсэн мэдүүлэг /хх10-12, 13/,

- ***** ХХК-ны хөрөнгийн үнэлгээний тайлан “...айфоне-13 маркийн БНСУ, 2024.05.05-ны өдөр авсан гар утас 1,325,000 төгрөг” /хх27-29/,

- хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэлд “...ерөнхий боловсролын сургуулийн хүүхдийн форм өмссөн эмэгтэй хүүхэд автобус руу орох гэж байхад хар хөх өнгийн саравчтай малгай, цэнхэр өнгийн цагаан канттай бомбер куртик өмссөн, доогуураа хар өмдтэй сэжигтэй этгээд зүүн гартаа цагаан өнгийн тор бариад хохирогчийн ардаас ойртоод түүний баруун талын халааснаас гар утсыг нь аваад буцаж байгаа харагдаж байна...” /хх 52-53/

- шүүгдэгч Л.З-гийн “...Би 2024.05.08-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Цагдаагийн академийн буудал дээрээс 15:30 цагийн үед Тоосгоны үйлдвэр, Жанчин клуб чиглэлийн автобусанд суух гэж байсан 10 жилийн охины халааснаас айфоне-13 маркийн гар утсыг хулгайлсан....” гэсэн мэдүүлэг /хх22-24, 49-50, 97-98/ зэрэг нотлох баримтаар нотлогдсон байна.   

Шүүгдэгч Л.З- нь хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болохыг нотолж буй нотлох баримтын эх сурвалжууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан, эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хангалттай байх зэрэг нотолгооны шалгуурт нийцсэн байх тул түүний үйлдсэн тухайн гэмт хэргийн шинж хангагдсан гэж үзнэ.

Шүүгдэгчийн үйлдсэн дээрх гэмт хэргийн шинж, хэргийн бодит байдлыг үгүйсгэх үндэслэл, үйл баримт тогтоогдоогүй болно.    

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн эсэх нь  хуулиар баталгаажуулснаар түүний эрхэд хамаарах ба тус эрхийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд тухай бүр танилцуулж тайлбарласан, зөрчигдөөгүй байгааг тэмдэглэх нь зүйтэй. 

3. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан үндэслэл, журмын хүрээнд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн аюулын буюу учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг бүх талаас нь харгалзаж, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, шалгууртай байдаг.

Тус эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзах шалгуур, шаардлагыг нотолж буй баримт, талуудын санал, дүгнэлтийг харьцуулан шалгаж, үнэлэх замаар ялын төрөл, хэмжээг хэрхэн оногдуулах нь шүүхэд олгогдсон эрх хэмжээний асуудалд хамаардаг.

Баянзүрх, **********, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхээс: Шүүгдэгч Л.З-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял оногдуулахдаа дээр дурдсанаар харгалзвал зохих шалгуур, шаардлагын талаар дүгнэлт хийсэн, энэ нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, гэм буруугийн хэлбэр зэрэгт тохирсон талаарх прокурорын санал, дүгнэлтийг тус тус үгүйсгэх боломжгүй гэж үзнэ.

Түүнчлэн анхан шатны шүүхээс шүүгдэгчийн урьд үйлдсэн гэмт хэрэгт шийтгүүлсэн ял шийтгэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасныг баримтлан нэмж нэгтгэсэн нь хууль зөрчөөгүй, хуулийг зөв тайлбарласан байгааг дурдах нь зүйтэй. 

4. Анхан шатны шүүх нь шүүгдэгчийг цагдан хорьж, түүний эдлэх ялыг тоолох талаар шийтгэх тогтоолд тусгаагүй байх тул энэ талаар өөрчлөлт оруулах нь зүйтэй.  

5. Дээр дурдсан үндэслэлийн хүрээнд: Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зохих өөрчлөлт оруулж, бусад заалтыг бүхэлд нь хэвээр үлдээж, харин шүүгдэгч Л.З-гийн гаргасан “...ял хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.  

Шүүгдэгч Л.З-гийн 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс мөн оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүртэл 67 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь :   

1. Баянзүрх, **********, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 2025/ШЦТ/1127 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

6 дахь заалтын : “...дурдсугай.” гэснийг “...дурдаж, шүүгдэгч Б.З-г цагдан хорьж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.” гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.       

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.З-гийн цагдан хоригдсон 67 /жаран долоо/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.     

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар оролцогч гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Б.АРИУНХИШИГ

 

                          ШҮҮГЧ                                                               Н.БАТСАЙХАН

 

                          ШҮҮГЧ                                                               Г.ГАНБААТАР