Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2019/00629

 

 

 

 

 

2019 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2019/00629

 

 

 

Н.Ганбаатарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Мөнхзул, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 182/ШШ2019/00344 дүгээр шийдвэртэй Н.Ганбаатарын нэхэмжлэлтэй Хүрд ХК-д холбогдох, 6 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баяржаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

Нэхэмжлэгч Н.Ганбаатар түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: Нэхэмжлэгч нь Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Жуулчны гудамж, Капитал центрийн 14 давхар барилгын ажлыг гүйцэтгэсэн бөгөөд уг барилга байрлаж байгаа газрын хууль ёсны эзэмшигч нь юм. Хүрд ХК нь Эрчим хүчний яамтай байгуулсан гэрээний дагуу Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр Урт цагааны орчмын кабелийн шугамын ажлыг хийж гүйцэтгэж байсан бөгөөд кабелийн шуудуу ухах үед зургийн трасс нь авто замын голоор 45 метр ухаж хийхээр байсан. Хүрд ХК-ийн зүгээс ...эзэмшил газар дээгүүрээ кабель шугам явуулах зөвшөөрөл өгөөч гэсэн саналыг нэхэмжлэгчид тавьсан бөгөөд уг саналыг Н.Ганбаатар хүлээн зөвшөөрч улмаар 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр ярианы тэмдэглэл үйлдэн Хүрд ХК нь кабель шугамыг нэхэмжлэгчийн эзэмшлийн газар доогуур тавьсан. Нэхэмжлэгчид 6 000 000 төгрөгийг нэхэмжлэхээр шилжүүлэхээр тохиролцож гарын үсэг зурсан боловч өнөөдрийг хүртэл уг мөнгийг өгөөгүй байгаа учраас Хүрд ХК-иас дээрх мөнгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбат шүүхэд гаргасан тайлбартаа: Манай компани 2017 онд улсын төсвийн хөрөнгөөр баригдах гэр хорооллын хүчдэлийн уналттай болон шинэ суурьшлын бүсийн гэр хорооллын айл өрхийг цахилгаан хангамжаар хангах ажлын үргэлжлэл Багц-17 ажлыг хийж гүйцэтгэхээр Эрчим хүчний яамтай гэрээ байгуулсан. Энэ ажлыг хийж гүйцэтгэх явцад иргэн Н.Ганбаатар байшингийнхаа зүүн талын нийтийн эзэмшлийн явган хүний замыг миний эзэмшлийн газар гээд ажил хийлгэхгүй 7 хоног ажил зогсоож, саад учруулсан бөгөөд яамнаас наад хүнтэйгээ өөрсдөө ярилцаж, тохиролц гэсэн үүргийг өгсөн. Тухайн үед Эрчим хүчний хөгжлийн төвийн хяналтын инженер Б.Мөнхзориг, зургийн автор н.Бээжин, Хүрд ХК-ийн ерөнхий инженер Б.Бат-Эрдэнэ, инженер Ж.Түмэндэлгэр нар газар дээр нь зөвшилцөж авто замын голоор 45 метр явуулах боломжгүй Замын цагдаагийн газар, Авто замын хөгжлийн газар зөвшөөрөл олгохгүй. Цаашид ашиглалтын явцад ямар нэгэн гэмтэл гарах засвар үйлчилгээ хийхэд зориулж явган хүний зам доогуур явуулах нь зүйтэй гэж шийдсэн.

Компанийн зүгээс улсын төсвийн хөрөнгөөр хийж буй ажлыг зогсоохгүйн тулд Н.Ганбаатартай харилцан ярилцаж ...явган хүний зам доогуур норм стандартын дагуу кабель шугам татсан бөгөөд магадалшгүй ажлын зардал орж ирэх юм бол 6 000 000 төгрөгийг шилжүүлнэ гэж тухайн үед ярилцаж тохиролцсон. Ингээд Эрчим хүчний яамнаас магадалшгүй ажлын зардалд оруулж авахаар төлөвлөсөн байсан ч энэ нь хууль зүйн хувьд боломжгүй гэсэн үндэслэлээр уг тохиролцсон 6 000 000 төгрөгийн санхүүжилт олгогдоогүй. Мөн Н.Ганбаатарт ямар нэг материаллаг хохирол учруулаагүй, кабель сунгаж булсан хэсгийн явган хүний замыг бүрэн нөхөн сэргээсэн, барьсан барилгынх нь доогуур кабель шугам татаагүй, нийтийн эзэмшлийн явган хүний зам доогуур татсан бөгөөд манай компани захиалагчийн захиалсан ажлыг хийж гүйцэтгэсэн учраас энэ хэргийн хариуцагч биш юм. Ийм учраас Н.Ганбаатарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5, 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Хүрд ХК-иас 6 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Ганбаатарт олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 111 000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Хүрд ХК-иас 110 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Б.Энхжаргал давж заалдах гомдолдоо: Хүрд ХК нь 2017 онд УБЦТС ТӨХК-ийн хийсэн зураг төсвөөр ЭХА-020/2017 тоот гэрээтэй эрчим хүчний алдагдал бууруулах, ачаалал хөнгөлөх кабель шугамын ажлыг хийж гүйцэтгэсэн. Дээрх ажлын зургийг 2013 онд хийсэн байдаг. Тус кабелийн ажлыг хийх үед Н.Ганбаатарын байшингийн зүүн талын газар нь нийтийн эзэмшлийн авто зам, явган хүний зам болсон байна. Өөрөөр хэлбэл, авторын хийсэн зургаар кабель шугам нь авто замын голоор явхаар болсон. Авто замын зорчих хэсгийн дагуу чиглэлд кабель шугам явахыг хориглодог тул ЭХХТөв-ийн захиалагчийн инженер Г.Энхнасан, Б.Мөнхзориг зургийн автор УБЦТС ТӨХК-ийн инженер н.Бээжин УБЦТС ТӨХК-ийн ЗТТөвийн хяналтын инженер н.Бямбаа, кабелийн инженер н.Отгон, Хүрд ХК-ийн инженер Ж.Түмэндэлгэр нар газар дээр нь үзэж одоогийн трассыг сонгосон. Авто зам, явган хүний замыг нөхөн сэргээх зардлыг магадалшгүй ажлаас санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн боловч эрчим хүчний яамнаас Н.Ганбаатарт санхүүжилт өгөх хууль зүйн хувьд боломжгүй гэж шийдсэн учир санхүүжилт олгогдоогүй. Кабель шугамын ажлыг хийхэд Н.Ганбаатарт ямар нэгэн хохирол учруулаагүй. Нийтийн эзэмшлийн авто болон явган хүний зам юм. Энэ талаар Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүхэд хандсан боловч одоогийн энэ газар нь Н.Ганбаатарын эзэмшлийнх болох эсэх нь тодорхой бус, хэрэв эзэмшлийн гэж үзвэл авто зам явган хүний замаар зорчиж буй механик хэрэгслээс яаж татвар авч байгаа, мөн кабель энэ замын хажуугаар хийгдсэн байхад ямар хохирол учруулсан нь тодорхойгүй. Энэ авто болон явган зам хэний хөрөнгөөр хийгдсэн, хэний ашиглалтад байгааг тодорхой болгож шийдвэрлэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөн, Иргэний хуулийг буруу тайлбарлан хэрэглэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Н.Ганбаатар нь хариуцагч Хүрд ХК-д холбогдуулан 6 000 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хүрд ХК нь 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдөр Эрчим хүчний яамтай байгуулсан, гэр хорооллын хүчдэлийн уналттай болон шинэ суурьшлын бүсийн гэр хорооллын айл өрхийг цахилгаан хангамжаар хангах ажлын үргэлжлэл багц-17 /улсын хэмжээнд/-ын (ХVI.1.1) ажлыг гүйцэтгэх ЭХА-020/2017 дугаар гэрээний дагуу УБЦТС ТӨХК-ийн хийсэн зураг төсвөөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр Урт цагааны орчмын кабелийн шугамын ажлыг хийж гүйцэтгэсэн. Уг эрчим хүчний байгууламжийг 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр улсын комисс ашиглалтад оруулахыг зөвшөөрч УБЦТС ТӨХК-ийн мэдэлд хүлээн авсан зэрэг үйл баримт тогтоогдсон. /хх-ийн 40-41, 42-45 дугаар тал/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянах үүрэгтэй.

Н.Ганбаатар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Хүрд ХК нь кабель шугамыг нэхэмжлэгчийн эзэмшлийн газар доогуур тавьсан, 6 000 000 төгрөгийг шилжүүлэхээр тохиролцож гарын үсэг зурсан тул төлөх ёстой гэж, хариуцагч өөрийн татгалзлаа ... Кабель шугамыг нийтийн эзэмшлийн явган хүний зам доогуур татаж, бүрэн нөхөн сэргээсэн, захиалагчийн ажлыг хийж гүйцэтгэсэн, магадалшгүй ажлын зардалд оруулж 6 000 000 төгрөгийг Эрчим хүчний яамнаас гаргуулахаар төлөвлөсөн боловч санхүүжилт олгогдоогүй, жинхэнэ хариуцагч нь Эрчим хүчний яам, УБЦТС ТӨХК ... гэж тус тус тайлбарлажээ.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага талуудын хоорондын гэрээний үүргийн зөрчилтэй холбоотой агуулгаар, эсхүл Иргэний хуульд заасан өмчлөгчийн өмчлөх эрхийг хязгаарлуулсантай холбоотой төлбөрийг шаардаж байгаагийн аль нь болохыг тодруулах шаардлагатай байна. Талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлох нь ач холбогдолтой бөгөөд маргааныг шийдвэрлэхэд хамааралтай хуулийн зохицуулалтуудыг зөв оновчтой сонгож хэрэглэх нөхцөл бүрдэнэ.

Иргэний хуулийн 138 дугаар зүйлийн 138.1, 138.2 дахь хэсэгт заасны дагуу өөрийн эзэмшил газрын доогуур шугам хоолой тавиулах зөвшөөрөл өгсөнтэй холбоотой шаардлага гэж үзвэл нэхэмжлэлийн шаардлагыг хариуцвал зохих болон уг маргааны талаар талуудын мэтгэлцээнд эрх ашиг нь зөрчигдөж болох гуравдагч этгээдийг оролцуулах эсэх нь тодорхой бус байна. Хариуцагч өөрийн тайлбартаа энэ талаар дурдсан байхад шүүх тодруулаагүй нь буруу юм.

Хариуцагч Хүрд ХК-ийн зүгээс шүүхэд гаргаж буй шугам хоолойн өмчлөгч нь өөр этгээд бөгөөд тэд хариуцах ёстой гэх агуулга бүхий тайлбар нь маргаанд, нотолгооны зүйлд хамааралтай гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл, дээрх нэр дурдагдаж буй байгууллагуудын эрх ашиг, сонирхол нь зөрчигдөж болох эсэхийг тодруулах ёстой.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт Шүүхээс гарах шийдвэр маргааны зүйлийн талаар бие даасан шаардлага гаргаагүй этгээдийн эрх, үүрэгт сөргөөр нөлөөлөхөөр байвал шүүхийн шийдвэр гарахаас өмнө уг этгээдийн өөрийнх нь болон зохигчийн хүсэлтээр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хувиар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж болно гэжээ.

Түүнчлэн, нэхэмжлэгч нь газар эзэмших эрхээ хязгаарлуулсантай холбоотойгоор эрхийг хязгаарласан этгээд буюу өмчлөгчийн эсрэг шаардлага гаргаж байгаа тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талуудын маргааны зүйл болж буй тухайн тавигдсан шугам хоолойн өмчлөгч этгээд хэн болох, 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр 6 000 000 төгрөгийг төлөхөөр тохиролцохдоо Н.Ганбаатар, Хүрд ХК нар нь өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр хэлцэл хийсэн буюу хариуцагч өмчлөгчийг гэрээгээр төлөөлөн хэлцэлд орсон эсэх нөхцөл байдлыг тодорхой болгох, дээрх нөхцөл байдлыг тодруулах нь маргааны үйл баримтыг бүрэн тогтооход ач холбогдолтой гэж үзнэ. Хэрэгт энэ талаар баримтгүй болно.

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасны дагуу талууд чөлөөтэй гэрээ байгуулж, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлон хэлцэл хийсэн гэх үндэслэлийг зааж буй тохиолдолд 6 000 000 төгрөгийн шаардлагыг ямар үйлчилгээ, ажлын хариу төлбөр болохыг буюу гэрээний эрх, үүргийн агуулгыг тодорхойлох учиртай.

Анхан шатны шүүх эдгээрийг тодорхой болгоогүй атал хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь учир дутагдалтай, хэрэгт авагдсан талуудын тайлбар, нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлж чадаагүй байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүхээс залруулах, хэргийн үйл баримтад болон хууль хэрэглээний дүгнэлт хийх боломжгүй болно.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 182/ШШ2019/00344 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн хариуцагчийн 110 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ

 

Б.НАРМАНДАХ