| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ядамжавын Урнаа |
| Хэргийн индекс | 318/2025/01310/И |
| Дугаар | 318/ШШ2026/00060 |
| Огноо | 2026-01-15 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 318/ШШ2026/00060
| 2026 оны 01 сарын 15 өдөр | Дугаар 318/ШШ2026/00060 | Увс аймаг |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Я.Урнаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б.Д-ийн,
Хариуцагч: Б.Б-т холбогдох,
8,100,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Б.Д,
Хариуцагч Д.Б,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Цогзолмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Нэхэмжлэгч Б.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Б.Д нь Д.Бтэй 2025 оны 4 сард танилцаж, үерхээд 2025 оны 9 сарын 19-нд хуримаа хийсэн. Гэрлэлт бүртгүүлээгүй. Найр, хуримын үеэр шинээр өрх гэр бүл болж буйд зориулан 2 талын ахан дүүсийн биет болон 18000000/арван найман сая/ орчим төгрөгийн бэлэг сэлт цугларсан. Хуримын дараагаар автомашин авъя гэж ярилцаад найраар цугларсан бэлэн мөнгөнөөс 15 сая төгрөгийн урьдчилгаа хийж Д.Бийн нэр дээр "Таван богд" Банк бус санхүүгийн байгууллагаас 13 сая төгрөгийн зээл авч 96-95 УВВ улсын дугаартай Prius-41 маркын автомашин худалдаж авсан бөгөөд машиныг Д.Б эзэмшиж унаж байгаа. Бид үерхэж байх үеэс л Д.Б хэл ам хийж, намайг цохиж зоддог байсан бөгөөд нэг гэрт орж, амьдрал зохиовол арай өөр болох байх гэж итгэж байсан боловч найр хийсний дараа ч байдал өөрчлөгдөөгүй бөгөөд харин ч хэрүүл тэмцэл хийх, намайг цагдах, хардах, цохиж зодох нь ихсэж миний толгой 2 удаа хагалах зэргээр надад бие махбодын болон сэтгэл санааны хүчирхийлэл үйлдэх болсон учир бид цаашид хамт амьдрах боломжгүй болж 11 сарын 03-ны өдрөөс тусдаа амьдарч эхэлсэн. Нэгэнт хамтын амьдарлын үргэлжлүүлэх боломжгүй болсон учир биднийг амьдрал зохиоход зориулж 2 талын ах дүүсийн бэлэг болгон өгсөн мөнгөнөөс машины урьдчилгаанд өгсөн 15 сая төгрөгөөс өөрт ногдох хэсэг болох 7.5 сая төгрөгийг Д.Бээс гаргуулан авах нэхэмжлэл гаргаж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. Мөн хуримын үеэр цугласан мөнгөнөөс Д.Б өөртөө Iphone13 маркийн гар утас худалдаж авсан” гэжээ.
Хариуцагч Д.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие нь Б.Дтай 2025 оны 4 сард танилцаж үерхэж байгаад 2025-9-19нд хуримаа хийсэн үнэн. Би гэр бүл болсны дараа гэрлэлтээ батлуулах гэхээр янз бүрийн шалтаг тоочоод гэрлэлтээ бүртгүүлдэггүй байсан. Миний хувьд Б.Дтай гэр бүл болохдоо өөрийн 2 настай охин Амин- Эрдэнэтэй суусан. Охин А маань миний төрсөн охин юм. Би урьд нь нэг хүнтэй үерхэж байгаад нэг хүүхэдтэй болсон. Дахиад амьдралд алдах ёсгүй гээд Б.Дтай санаа сэтгэл нийлээд сайхан амьдарна гэж бодож гэр бүл болсон. Бидний хурим найрын үеэр 18 сая орчим төгрөгийн бэлэг цугларсан. Энэ мөнгө нь зөвхөн Б.Д бид хоёрын мөнгө биш бөгөөд охин Ад манай аав ээж, ах, дүү нар бас бэлэг болгож өгсөн мөнгө юм. Хуриманд цугларсан мөнгө охин А бид гуравт тэнцүү хуваагдах ёстой гэж үзэж байна. Б.Д нэхэмжлэлдээ үнэнд нийцэх зүйл бичсэн байна. Б.Д надтай үерхэж байхдаа болон гэр бүл болсны дараа ч ердөө ажил төрөл хийдэггүй. Маш залхуу зүгээр гэртээ байдаг байсан. Би хувиараа үсчин хийдэг бөгөөд амьдралаа аваад явах чадвартай. Би ажлаас тараад гэрт очиход намайг хардаж сэрдээд хэрүүл маргаан үүсгэдэг байсан. Миний хувьд Б.Дгийн биед халдаж цохиж зодсон үйлдэл огт гаргаж байгаагүй. Харин Б.Д надтай хамт байх явцдаа царай зүс, хувцаслалт, гадаад байдлыг гоочилж, янз бүрийн үгээр намайг доромжилдог байсан. Нэхэмжлэлд ямар ч үндэслэлгүй худал зүйлүүд бичиж миний нэр хүндийг гутаан доромжилсонд гомдолтой байна. Энэ явдлаас болж сэтгэл санаагаар унаж ажил төрлөө хийх боломжгүй болж сүүлийн 2 сар орлогоо алдаж санхүүгийн хувьд ч хохирч байна. Хуриманд цугларсан мөнгөнөөс 15 сая төгрөгийн урьдчилгаа хийж "Таван богд" банк бус санхүүгийн байгууллагаас 13 сая төгрөгийн зээл авч 9695УВВ улсын дугаартай Prius-41 маркын авто машин худалдаж авсан нь үнэн. Үлдсэн 3 сая орчим төгрөг тухайн гэрт буйр цутгах, 00 ухах, хашааны хайрга гэх мэт гэрийн ахуйн зүйлсэд зарцуулагдсан. Тухайн автомашин миний нэр дээр байгаа. Машины зээлийг би өөрөө төлөөд явж байгаа. Машин авах санааг Б.Д гаргаж өөрөө сонгож авсан. Б.Дгийн нэр дээр зээл гарах боломжгүй байсан учраас миний нэр дээр 72 сарын хугацаатай 13,000,000 (арван гурван сая) төгрөгийн зээл авсан. Энэ зээл нь 72 сарын хугацаанд хүүтэйгээ нийт 29 сая төгрөг болж төлөгдөх хуваарьтай байгаа. Энэхүү машины үнийг би сар бүр төлөөд явж байгаа. Иймд Б.Дгийн нэхэмжлээд байгаа 7500000 (долоон сая таван зуун мянга) тегрегийг төлөх үндэслэлгүй гэж үзэж байна. Найрын мөнгөөр машин ав гээгүй. Би энэ хүнтэй суухаасаа өмнө машин авна гэсэн төлөвлөгөөтэй өөрийн мэдлийн 5 сая төгрөг хадгалчихсан байтал найр болох гэж байна гээд тэр мөнгөөрөө гэр орны тавилга аваад үрчихсэн. Найрын мөнгөөрөө машин авъя гэхээр нь би хуучин машин авчихъя гээд хэлсэн чинь өөрөө тэр чинь эвдрэл гэмтэл гараад байдаг юм гээд өөрөө сонгож авсан. Тэрнээс би авъя гээгүй. Тэгээд энэ хүн тогтсон орлого байхгүй болохоор над дээр зээл гараад би одоо 6 жилийн хугацаанд 21 сая төгрөгийн өрөнд орчихсон байгаа. Энэ бол миний хохирол гэж үзэж байна. Мөн дээрээс нь би машин унах шаардлага байхгүй. Энэ хүн машинаа аваад миний банк бусыг төлөөд надад ноогдох ёстой мөнгийг эсвэл өгөх юм уу? надад энэ машиныг аваад байх шаардлага байхгүй. Манай ээж аав 2 хурим найр хийхэд хоёулаа групп зээлийг жил жилээр нь авчихсан. Ээж, аавтайгаа, охинтойгоо бид 3 амьдардаг. Гэрийн орлого олдог хүн нь л би байна. Би өөрөө ажлынхаа түрээс 600,000 төгрөг, дээрээс нь тог устайгаа 800,000 гаргаж төлөөд, машины 400,000 гаруй төгрөг, дээрээс нь амьдралаа болгоход үнэхээр хэцүү байна. Би өөрийгөө бол 100% хаячихсан байгаа. Өөрийнхөө нэг хэдэн юмаа ээлжлээд л ингээд амьдарч байна. Тэрнээс манай гэрт үнэндээ нүүрс түлээ, хоол унд бүх асуудал над дээр ирчихсэн. Надад ер нь бол сэтгэл санааны хохирол их гарсан. Энэ хүн өөрөө салъя гэсэн болохоор би амьдралынхаа төлөө яах вэ, бид 2 ганц нэг удаа маргалдсан. Гэхдээ би энэ хүнийг цэвэрхэн байгаад өгөөч ээ. Гэр орондоо гоё санаачилгатай, гоё хайртай, халамжтай байгаач ээ гэдэг үүднээс бид нар маргаан үүсдэг байсан. Тэрнээс салах байсан бол би энэ хүнтэй хуримаа хийгээд хар толбо аваад үлдэхгүй. Намайг хүнтэй суугаад салсан юм шиг ийм хар толбо өгчихсөн. Би одоо өр зээлд ороод, сэтгэл санаагаар хохироод уймраад ажил дээрээ уйлаад сууж байтал хүмүүс орж ирэхэд аймаар ичээд эгч ахаа үс засах боломжгүй байна гээд ганцаараа уйлж байгаад гэртээ уймарсан байдалтай очиход ээж аав нар намайг харцнаас хараад л хөөрхий настай хүмүүс чинь хямраад л унана. Тэгээд л гэрийнхэндээ тэрийгээ гаргахгүйн тулд өөрийгөө их хичээж байгаа. Гэхдээ миний сэтгэл зүй маш их эмзэг болсон. Миний нэр хүнд байхгүй болчихсон. Энэ хүн мөнгө л нэхээд байх юм. Би өгөхгүй биш, тодорхой хэмжээгээр тэрийг чинь бас өгье, мэдээж 2 талаас ирсэн юм чинь. Гэхдээ би ганцхан өөрөө хүүхдээ өсгөж байгаа, өвчтэй ээж аавыгаа асарч байгаа, мөнгө төгрөг надад байсан бол өгчихнө, байхгүй, боломжгүй юм надаас нэхээд байна. Тухайн үед би энэ хүнд утас авахад нь утасгүй байсан болохоор хүний хань ижил ийм эвдэрхий таб барьдаг байсан. Би сайн сайхан харуулах гэж л өөрийнхөө утсыг нөгөө 11 про макс өргөн болохоор би хуучин 12 гэдэг утас авсан. Нэхэмжлэл дээр 13 гэчихсэн байсан. Тэр чинь шинэ лацтай утас биш хуучин утас байхгүй юу. Тэгээд тэрийг би жижигхэн болохоор нь өөрөө жижиг гартай болохоор би авчихъя гээд авсан болохоос шунаж юм аваагүй. Үлдэгдэл 3 сая төгрөг нь болохоороо яг энэ дансны хуулган дээр байгаа тухайн гэр оронд зарцуулагдаад, 600 мянган төгрөг нь Б.Д руу шилжиж орсон. Тэгээд яг ингээд 550 мянган төгрөг үлдсэн шүү Даша гээд би хэлээд өөрийнхөө ашигладаггүй данс руу хийгээд бид 2 жижиглэн дээрээс очиж заазуур, янз бүрийн жижиг сажиг юм авсан шүү дээ. Улаан захын нэг давхраас утас уртасгагч тогны янз бүрийн юм хум аваад хамт үрсэн. Тэгээд 100 хэдэн мянган төгрөг үлдэхээр би тэр чинь нөгөө мобайлдаад байхад надад төвөгтэй санагдаад дахиад дахиад өөрийнхөө данс руу хийгээд хулдаас юу ч билээ бас бус зүйл аваад яг гэрт зарцуулагдчихсан. Тэрнээс биш надад хүний мөнгөөр хүүдэгнээд л өөртөө нэг гутал, ээмэг авчихъя гэсэн юм ерөөсөө байхгүй. Би өнөөдөр ч гэсэн өөрөө ажил хийгээд явж байхдаа өөртөө юм авах амьдрал надад алга. Тэгээд ээж аавтайгаа ингээд эрэмдэг зэрэмдэг хүмүүстэй ингээд байгаа ганц ажил хийж байгаа хүн л би. Энэ хүн манай гэрт бас 3 улирал хонож, өнжиж, идэж ууж амраад, миний бие сэтгэл зүйг ингэж хангалттай хэрэглэж эдэлж аваад одоо хэн ч биш юм шиг ингээд хаячхаад мөнгө нэхэмжлээд байгаа. Би өөрийгөө мөнгөөр үнэлмээргүй байна. Гэхдээ та бүхэн миний эмэгтэй хүн, үр хүүхэдтэй хүн гэхээрээ дуртай нэг хүнд бие хаагаараа хохироод байгааг ойлгож шийдэж өгнө үү гэж хүсэж байна” гэв.
Нэхэмжлэгч талаас төлбөрийн даалгавар, улсын тэмдэгтийн хураамж 134,950 төгрөг төлсөн тухай баримт, түүний иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж 20,250 төгрөг төлсөн тухай баримтыг нотлох баримтаар гаргаж өгсөн.
Хариуцагчаас Т б Ф Б-ын 2025 оны 9 сарын 23-ны өдрийн автомашины зээлийн гэрээ ***** дугаартай гэрээний хуулбар, тус зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарь буюу хавсралт №1, фидуцийн гэрээ, депозит дансны дэлгэрэнгүй хуулгыг нотлох баримтаар гаргаж өгсөн.
Нэхэмжлэгчийн хүсэлтээр Х банк ХК-ийн Увс салбараас хариуцагч Д.Бийн Х банк дахь депозит дансны дэлгэрэнгүй хуулгыг нотлох баримтаар бүрдүүлэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгч Б.Д нь хариуцагч Д.Бт холбогдуулан гэр бүл болох зорилгоор хурим найр хийх үед хоёр талын ах дүү нараас бэлэглэсэн мөнгө 8,100,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна.
2.1. Хариуцагч Д.Бтэй 2025 оны 4 дүгээр сард танилцаж, 2025 оны 9 дүгээр сард гэр бүл болох зорилгоор хурим найр хийж, хамт амьдарч эхэлсэн боловч гэрлэлтээ бүртгүүлээгүй байсан. Бидныг хурим хийх үед хоёр талын ах, дүү, төрөл садангийн хүмүүсээс 18,000,000 орчим төгрөг бэлэглэсэн. Тухайн мөнгийг Д.Бийн Хаан банкны дансанд хийсэн. Хамтдаа ярилцаж байгаад хуримын үеэр цугласан мөнгөнөөс 15,000,000 төгрөгийн урьдчилгаа хийж, банк бус санхүүгийн байгууллагаас 13,000,000 төгрөгийн зээл авч, нийт 28,000,000 төгрөгөөр PRIUS 41 маркийн суудлын автомашин худалдаж авсан. Бид хоорондын таарамжгүй харилцааны улмаас 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс хойш тусдаа амьдарч байгаа. Машин Д.Бийн эзэмшилд байгаа тул автомашины урьдчилгаа төлбөрт зарцуулсан 15,000,000 төгрөгөөс өөрт ногдох 7,500,000 төгрөгийг гаргуулна.
2.2. Мөн Д.Б нь хуримын мөнгөнөөс 1,100,000 төгрөгөөр өөртөө Iphone13 маркийн гар утас худалдаж авсан тул тухайн утасны үнэ 1,200,000 төгрөгөөс 600,000 төгрөгийг гаргуулна гэв.
3. Хариуцагч Д.Б нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр татгалзаж байна.
3.1. Хуримын үеэр 17,000,000 гаруй төгрөг цугларсан нь үнэн. Энэ мөнгө зөвхөн бид хоёрын мөнгө биш, миний дагавар хүүхэд Ад бас манай ах дүү нар мөнгө өгсөн учраас хүүхэд ч бас мөнгөнөөс эзэмших эрхтэй.
3.2. Хуримын мөнгөнөөс машин авах шийдвэрийг бид ярилцаад гаргасан. Б.Д ажил хийдэггүй байсан учраас банк бус санхүүгийн байгууллагын зээл миний нэр дээр гарсан. Би одоо 72 сарын хугацаатай, 13,000,000 төгрөгийн зээлтэй, 72 сарын хугацаанд 29,000,000 төгрөг төлөхөөр байна. Б.Д машиныг зээлтэй нь шилжүүлж аваад, надад өгөх ёстой мөнгөө өгч болно.
3.3. Мөн гар утасны тухайд Б.Д эвдэрхий утастай байсан учраас би хань ижил гэх сэтгэлээр хандаж, өөрийн барьж байсан гар утсыг Б.Дд өгөөд, би жижиг гартай учраас арай жижиг Iphone12 маркийн гар утсыг 1,100,000 төгрөгөөр худалдаж авсан. Тухайн 1,100,000 төгрөгөөс 275,000 төгрөг нь миний бөгжөө ломбарданд барьцаалж авсан зээл болон ажил хийж олсон мөнгө байсан. Б.Д нь манай гэрт 3 улирал амьдарч, надаар хоол ундаа бэлдүүлж, хувцасаа угаалгаж, бие сэтгэлийг минь ашигласан тул үүнийг тооцож хасах ёстой гэв.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1. Нэхэмжлэгч Б.Д, хариуцагч Б.Д.Б нар нь гэр бүл болох зорилгоор 2025 оны 9 дүгээр сард хурим найр хийсэн боловч гэрлэлтээ бүртгүүлээгүй, хоорондын таарамжгүй харилцааны улмаас 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс хойш тусдаа амьдарчээ.
Зохигчид хурим найр хийх үед хоёр талын ах дүү, төрөл садангаас нийт 17,900,000 төгрөгийн бэлэн мөнгө бэлэглэсэн, үүнийг хариуцагч Д.Бийн Х банк дахь 5****7 тоот харилцах дансанд хадгалсан болох нь зохигчдын тайлбар, хариуцагчийн Хаан банк дахь депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдож байна.
5. Зохигчид гэр бүл болох зорилгоор хурим хийх үед 17,900,000 төгрөг бэлгэнд ирсэн, үүнээс харилцан тохиролцсоны үндсэн дээр 15,000,000 төгрөгийг хамтын хэрэгцээнд зориулан суудлын автомашин худалдан авахад зарцуулсан, уг автомашин хариуцагч Д.Бийн эзэмшилд байгаа үйл баримтын талаар маргаагүй.
6. Нэхэмжлэгч Б.Д, хариуцагч Д.Б нар нь гэр бүл болох зорилгоор хурим хийж, хамт амьдарсан боловч иргэний гэрлэсний бүртгэлд гэрлэлтээ бүртгүүлээгүй байх тул талуудын маргаанд гэр бүлийн хөрөнгийн эрхийн харилцааг зохицуулсан Иргэний хуулийн 125-133 дугаар зүйлийн зохицуулалт хамаарахгүй.
Өөрөөр хэлбэл, талуудын хооронд гэр бүлийн харилцаа үүсээгүй тул хуримын үеэр бэлгэнд ирсэн 17,900,000 төгрөгийг гэрлэгчид болон гэр бүлийн насанд хүрээгүй гишүүд адил хэмжээгээр өмчлөх эрхтэй гэж дүгнэх үндэслэлгүй ба хариуцагч талаас хуримын үеэр хүүхдэд зориулж хэдэн төгрөг бэлгэнд ирснийг нотолж чадаагүй тул хүүхэд тэнцүү хэмжээгээр өмчлөх эрхтэй гэх хариуцагчийн тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй байна.
Мөн түүнчлэн, зохигчид хурим найр хийх үеэр хэний төрөл садангаас, хэнд зориулж, хэдэн төгрөг бэлэглэсэн талаар тухайн үед тооцоо гаргаагүй, уг үйл баримтыг тогтоох боломжгүй байх тул дээрх 17,900,000 төгрөгөөс нэхэмжлэгч болон хариуцагч, хариуцагчийн дагавар хүүхдэд хэдэн төгрөг ногдохыг тодорхойлох боломжгүй байна.
7. Хэдийгээр зохигчдын хооронд гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн харилцаа үүсээгүй боловч зохигчид гэр бүл болох зорилгоор хурим найр хийсэн, уг үйл явдлын үр дүнд зохигчдын өмчлөлд 17,900,000 төгрөгийн мөнгөн хөрөнгө бий болжээ.
Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсэгт “Хуульд зааснаар, эсхүл хэлцлийн үндсэн дээр хоёр буюу түүнээс дээш этгээд хөрөнгийг дундаа хэсгээр буюу хамтран өмчилж болно” гэж заасан.
Талууд хуримын үеэр бэлгэнд ирсэн 17,900,000 төгрөгийг тус тусдаа, тодорхой хувь хэмжээгээр өмчлөхөөр харилцан тохиролцсон зүйлгүй, хамтын хэрэгцээнд зарцуулахаар тохиролцож хариуцагч Д.Бийн Хаан банк дахь харилцах дансанд хадгалсан үйл баримт тогтоогдож байх тул Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсэгт зааснаар талуудад хэлцлийн үндсэн дээр дундын өмч үүссэн байна.
Улмаар зохигчид хамтын хэрэгцээнд зориулан суудлын автомашин худалдан авахаар тохиролцож, дундын өмч болох 17,900,000 төгрөгөөс автомашины урьдчилгаа 15,000,000 төгрөгийг төлж, үлдэх 13,000,000 төгрөгийг хариуцагч Д.Бийн нэр дээр Т б Б ХХК-иас 72 сарын хугацаатай, 2.6 хувийн хүүтэй зээл авч төлсөн болох нь Хэрэгт авагдсан 2025 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн ****** дугаартай автомашины зээлийн гэрээ, хариуцагчийн харилцах дансны хуулга, зохигчдын тайлбараар талууд нийт тогтоогдож байх тул зохигчдын хооронд Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсэгт зааснаар хэлцлийн үндсэн дээр дундаа хэсгээр өмчлөх өмч үүссэн гэж дүгнэх үндэслэлтэй байна.
Иргэний хуулийн 487 дугаар зүйлийн 487.1 дэх хэсэгт “Дундаа хэсгээр өмчлөгчид харилцан өөрөөр тохиролцоогүй бол өмчлөгч бүр тэнцүү хэмжээгээр өмчлөх эрхтэй бөгөөд өөрт оногдох хэсэгт ногдох үр шимийг өмчлөх эрхтэй” гэж заажээ.
Нэхэмжлэгч Б.Д, хариуцагч Д.Б нар нь 28,000,000 төгрөгөөр автомашин худалдан авах үедээ тухайн автомашиныг хэн, хэдэн хувийг өмчлөх талаар тохиролцоогүй байх тул Иргэний хуулийн 487 дугаар зүйлийн 487.1 дэх хэсэгт зааснаар автомашиныг тэнцүү хэмжээгээр өмчлөх эрхтэй байна.
Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.8 дахь хэсэгт “Дундаа хэсгээр өмчлөгч дундын өмчлөлийн зүйлээс өөрт ногдох хэсгээ салгаж авах, ийнхүү салгахад уг өмчлөлийн зүйлийн зориулалт, иж бүрдэл, бусад чанар алдагдахаар бол ногдох хэсгийнхээ үнийг гаргуулахаар шаардах эрхтэй” гэж заасан.
Зохигчдын худалдан авсан гэх автомашин хариуцагч Д.Бийн эзэмшилд байх бөгөөд Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.8 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Д нь хариуцагч Д.Бээс 7,500,000 төгрөгийг шаардах эрхтэй байх тул зохигчдын дунд өмч болох Prius41 маркийн тээврийн хэрэгслийг хариуцагч Д.Бийн эзэмшилд үлдээж, хариуцагчаас 7,500,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Дд олгох үндэслэлтэй байна.
8. Нэхэмжлэгч талаас хариуцагч Д.Бийг хуримын үеэр бэлгэнд ирсэн мөнгөнөөс 1,200,000 төгрөгөөр өөртөө Iphone13 загварын гар утас худалдаж авсан гэх үндэслэлээр уг 1,200,000 төгрөгийн тал хувь болох 600,000 төгрөгийг шаардсан. Хариуцагч талаас 1,200,000 төгрөгөөр бус 1,100,000 төгрөгөөр iphone12 загварын гар утас худалдаж авсан, үүнээс 275,000 төгрөг нь миний үйл ажиллагааны орлого, бөгжөө барьцаалж зээл авсан мөнгө байсан гэх тайлбар гаргасан. Нэхэмжлэгч талаас хариуцагчийн дээрх тайлбарыг үгүйсгэж мэтгэлцээгүй.
Түүнчлэн, зохигчдын тайлбараар талууд хариуцагч Д.Б нь өөрийн хэрэглэж байсан гар утсыг нэхэмжлэгч Б.Дгийн өмчлөлд шилжүүлж, хариуцагч нь хуримын үеэр бэлгэнд ирсэн 17,900,000 төгрөгөөс 1,100,000 төгрөгөөр гар утас худалдаж авахаар харилцан тохиролцсон, нэхэмжлэгч Б.Дгийн эзэмшиж байсан гар утсыг хариуцагч Д.Бийн хүүхэд эвдэж, гэмтээсэн үйл баримт тогтоогдож байна.
Иймд гар утас худалдаж авсан гэх 1,100,000 төгрөгөөс хариуцагчийн үйл ажиллагааны орлого , бөгж барьцаалж авсан зээл гэх 275,000 төгрөгийг хасч, үлдэх 825,000 төгрөгийн тал хувь 412,500 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгч Б.Дд олгохоор шийдвэрлэлээ.
9. Түүнчлэн, зохигчдын хамтын амьдралтай байх хугацаанд гарсан өдөр тутмын ахуйн зардал, хувийн дотно харилцааг мөнгөөр үнэлж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас хасах буюу харилцан тооцох боломжгүйг дурдах нь зүйтэй.
10. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 7,912,500 төгрөг гаргуулах тухай хэсгийг хангаж, үлдэх 187,500 төгрөг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгов.
11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахв хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 153,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Бээс 141,550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Дд олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.8 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Бээс 7,912,500 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Дд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 187,500 төгрөг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 153,600 /нэг зуун тавин гурван мянга зургаан зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Бээс 141,550 /нэг зуун дөчин нэгэн мянга таван зуун тавь/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Дд олгосугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатын шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Я.УРНАА