| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбодорж Ганбаатар |
| Хэргийн индекс | 2408000001178 |
| Дугаар | 2025/ДШМ/863 |
| Огноо | 2025-07-22 |
| Зүйл хэсэг | 10.1.2.8., |
| Улсын яллагч | Ж.Цээрүүгүндүү |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 07 сарын 22 өдөр
Дугаар 2025/ДШМ/863
2025 07 22 2025/ДШМ/863
Б.Б-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Т.Шинэбаяр, шүүгч Г.Ганбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Ж.Цээрүүгүндүүг,
шүүгдэгч Б.Б-ы өмгөөлөгч К.Манлай,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Б-ийн өмгөөлөгч Г.Золбаяр,
нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, ************ дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 2025/ШЦТ/1354 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Б-, түүний өмгөөлөгч К.Манлай нарын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Б.Б-д холбогдох эрүүгийн 2408000001178 дугаар хэргийг 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Ганбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.
Б овогт Б-ын Б-, **** оны 08 дугаар сарын 12-нд ****** аймаг ******* суманд төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, дүү нарын хамт ******* аймгийн ******* сумын 1 дүгээр баг, ***** ****** **-*тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:**********/,
Урьд, 2009 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр ******* аймаг дахь сум дундын шүүхийн 32 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол биелүүлэхийг 6 сарын хугацаагаар хойшлуулсан,
2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр ******* аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 229 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гурван зуун цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэгдсэн,
2021 оны 02 дугаар сарын 16-ны өдөр ******* аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 41 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зургаан зуун цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэгдсэн, 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр ******* аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 1081 дугаар захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосон,
Шүүгдэгч Б.Б- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдөр ************ дүүргийн ** дугаар хороо, ****** *** *****гэх газарт гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох Ч.Ч-тэй маргалдан нүүр хэсэгт цохиж толгой хэсгээр нь газар унагааж, эрүүл мэндэд нь зүүн дух зулай, чамархайн дагзны дэлбэнгийн хатуу хальсан доорх цусан бүлэн, зүүн дух зулай чамархай дагзны хэсгийн аалзан хальсан доорх тархмал цус харвалт, тархи дарагдал зэрэг гавал тархины битүү гэмтэл учруулан хүнийг алах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
************ дүүргийн прокурорын газраас: Б.Б-ы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, ************ дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: “...Б.Б-ыг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад гэмт хэрэгт 17 /арван долоо/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Б-ы цагдан хоригдсон 101 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Б-ы цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар Б.Б-аас оршуулгын зардалд 3.607.250 төгрөг, сэтгэцийн хор уршгийн зардалд 15.173.400 төгрөг, нийт 18.780.650 төгрөгийг гаргуулж амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Б-т олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.Б- давж заалдах гомдолдоо: “....Миний бие хийсэн хэрэгтээ маш их харамсаж байгаагаа илэрхийлж байна. Мөн талийгаачийн хууль ёсны төлөөлөгч болох түүний төрсөн дүү н.Б-т сэтгэл санааны болон оршуулгын зардлыг бүрэн төлж барагдуулах болно. Талийгаач бид 2 архи уудаг архины хамааралтай байсан хэдий ч хамтдаа цаашид ирээдүйгээ төлөвлөн хүнээс дутахгүй амьдрах сэтгэл зорилго хэн хэнд маань байсан. Би талийгаачийг гэр бүлийн хүрээнд хүчирхийлэл дарамтад байлгаж байгаагүй. Бид хоёрын 6 жил хамт амьдарсан хугацаанд болсон эр, эм, эхнэр, нөхрийн ам мурийх ганц нэг асуудлыг байнга хүчирхийлэл дарамтад байсан мэтээр ойлгуулж ялласанд гомдолтой байгаа тул эдлэх ялаас минь хасаж эргэн нэг хэргийг минь шүүж өгөөч гэж давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж байна. ...” гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч К.Манлай давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “....Миний үйлчлүүлэгч Б.Б-ыг 2024 оны 08 дугаар сарын 14-нд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ************ дүүргийн **-р хорооны нутаг дэвсгэрт байрлах ***** *** ****** гэх газар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай Ч.Ч-ийг цохиж, зодож хүнийг алах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэмт хэрэгт буруутган ************ дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, ************ дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлсэн. Шүүх хуралдааны явцад шүүгдэгч Б.Б- болон өмгөөлөгч миний зүгээс гэм буруу дээр маргаагүй, хохирол, сэтгэл санааны хохирлыг төлж барагдуулахаа илэрхийлж оролцсон. Баянгол, Хан-Уул, ************ дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 1354 дугаар тогтоолыг 2025 оны 6 дугаар сарын 3-ний өдөр шууданд хийснийг 2025 оны 06 дугаар сарын 05-ний өдөр хүлээж авч танилцаад тогтоох хэсгийн 2 дугаар заалтыг буюу оногдуулсан 17 жилийн хорих ялыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр Баянгол, Хан-Уул, ************ дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 1354 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. …” гэв.
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Б-ийн өмгөөлөгч Г.Золбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэгдүгээрт, анхан шатны шүүхээс шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэл тохирсон. Хоёрдугаарт, хохирол төлбөрт 500.000 төгрөг төлсөн бөгөөд хохирол бүрэн төлөгдөөгүй. Тиймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гэж үзэж байна” гэв.
Прокурор Ж.Цээрүүгүндүү тус шүү хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс хавтас хэрэгт авагдсан баримтад хууль зүйн дүгнэлт хийж үндэслэл бүхий шийдвэр гаргасан тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Хавтас хэрэгт авагдсан баримтаар хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Шүүгдэгч Б.Б- нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан болох нь хэрэгт авагдсан өмнөх шийтгэх тогтоолуудаар тогтоогдож байгаа” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах журмаар гаргасан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж, дараах байдлаар дүгнэлт хийв. Үүнд:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 16.2 дугаар зүйл, 32.3 дугаар зүйлд зааснаар тухайн шүүгдэгчид холбогдох хэргийн бодит байдлыг тогтоох ажиллагаа болон тус хэрэгт цугларч, бэхжигдсэн нотлох баримтын эх сурвалжууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмыг ноцтой зөрчсөн эсхүл оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэж үзэх үндэслэл, үйл баримт тогтоогдсонгүй.
2. Анхан шатны шүүхээс хэргийн бодит байдлыг тогтоож, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг хянан шийдвэрлэхдээ шүүх хуралдааны оролцогч, талуудын эрхийг хангаж, тэдний шинжлэн судалсан нотлох баримт болон санал, дүгнэлтийг харьцуулан шалгаж, үнэлсний үндсэн дээр шүүгдэгч Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, хэргийн зүйлчлэлийн талаар хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.
- гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл: “2024 оны 08 дугаар сарын 15-ны өдөр ************ дүүргийн ** дугаар хороо *****ын *** ******ийн 1-78 тоот хаягаас Ч.Ч- ГССҮТ-д ухаангүй хүргэгдэн ирсэн” гэх /xх-1, 2/,
- хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Б-ийн “...Б- нь өөрөө надтай холбогдож яриагүй...” гэх мэдүүлэг /хх-99/,
- гэрч Ч.Б-ийн “...2024 оны 08 дугаар сарын 14-ний өдөр 13 цагийн орчимд Б- над руу залгаад “...Ч-ийн дүү болох Б-ийн хашаанд хоол хийж байна та хоёр хүрээд ир гэхээр нь Э бид 2 очсон...2 шил, 0.5 литрийн архи бид 4 архи хувааж уусан, 17 цагийн орчимд Э бид хоёр гэртээ харьсан. Маргааш нь 09 цагийн орчимд Э бид хоёрыг унтаж байтал Б- ирээд “Ч- сонин болчихлоо, та хоёр очоод үзээдхээч” гэж хэлсэн, бид хоёрыг дагуулаад манай гэртэй ойролцоо байх уулын жалганд очиход Ч- эгч ямар нэгэн хөдөлгөөнгүй, нүд, дух хэсэг нь хавдаж хөхөрсөн, гар хөл нь хүйтэн, манай гэрийн гадаа байсан гудас хөнжлийг дэвсэж хучсан байдалтай...хурхираад унтаад байсан. Б-аас юу болсон талаар асуухад “...өчигдөр согтуудаа маргалдаж байгаад би нүд рүү нь нэг удаа цохисон.” гэж хэлсэн. Би түргэн дуудъя гэж хэлтэл Б- “жаахан хүлээж байгаад зүгээр болохгүй бол түргэн дуудъя, танай гэрт очий” гэхэд нь зөвшөөрсөн. Ч- эгч ямар нэгэн хариу үйлдэл үзүүлэхгүй, ярьж чадахгүй, унтаад байгаа юм шиг байсан...Тэгээд 15 цаг хүртэл зүгээр болохгүй байхаар нь би эмч дууд гэж хэлээд Б- 103-т дуудлага өгсөн. Хэсэг хугацааны дараа 103 эмч ирээд биеийн байдал маш муу гэж хэлээд гэмтлийн эмнэлэг рүү аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-15-16/,
- гэрч М.Э-ын “...тухайн үед Б- “Ч-ийн нүд руу цохисон чинь унаад ийм аймар болчихлоо, босож чадахгүй юм ярьж чадахгүй байна” гэж хэлсэн, Б- тэгэхэд түргэн дуудъя гэхэд хэсэг байж бай, бие нь зүгээр болчих байх гэж хэлээд манайх руу авч явахаар болсон...” гэх мэдүүлэг /хх-18-19/,
- шинжээчийн дүгнэлт: “1.Ч.Ч-ийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээгээр зүүн дух, зулай, чамархайн дагзны дэлбэнгийн хатуу хальсан доорх цусан бүлэн, зүүн дух, зулай, чамархай, дагзны хэсгийн аалзан хальсан доорх тархмал цус харвалт, тархи дарагдал, тархи дарагдал чөлөөлөх мэс заслын дараах байдал, нүдний дээд доод зовхи, баруун чихний дэлбээ, цээж, баруун, зүүн мөр, зүүн бугалга, хэвлий, зүүн өвдөгт цус хуралт, бүсэлхий нуруу, баруун зүүн өвдөгт зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих, цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Талийгаач нь гавал тархины битүү гэмтлийн улмаас тархи дарагдаж нас баржээ. Амь хохирогчийн цус нь B/lll/-p бүлгийн харьяалалтай байна. Амь хохирогчид эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлсэн боловч амь нас аврагдах боломж багатай байна...” /хх-79/,
- шүүгдэгч Б.Б-ы “...2024 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Э, Б-, Ч- бид 4 Б-ийн хашаанаас гарч яваад Ч- бид хоёр Б-ийн гэрийн зүүн талд байх задгай модон хашаатай, модон байшинтай хашаанд үлдсэн...Бид 2 маргалдаад байсан, ямар асуудлыг санахгүй...Би Ч-ийн нүд хэсэг рүү цохиход Ч- хойшоо газар унаад, босож ирсэн. Би хаагуураа яаж унасныг мэдэхгүй...тэнд хоносон. Маргааш өглөө нь Ч- сонин дуу гаргаад, бие нь муу юм шиг байхаар нь Б-ийн гэрт очоод тэр хоёрыг дуудсан. Тэгээд Ч-ийн бие ерөөсөө зүгээр болохгүй, хөдлөхгүй байхаар нь өдөр 15 цагийн үед 103-т дуудлага өгсөн, эмч нар аваад явсан…Ч-тэй 2018 онд танилцаж, хамтран амьдарч байгаа, тодорхой оршин суух хаяггүй, гэр түрээсэлж амьдарч байсан…” гэх мэдүүлэг /хх-21-22, 51/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна.
Тухайн нотолгооны эх сурвалжууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан, эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, эх сурвалжаа харилцан нотолсон буюу хангалттай байх шалгуурт нийцсэн байх тул шүүгдэгчийн үйлдсэн “хүнийг алах” гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн шинж хангагдсан гэж үзнэ.
Тодруулбал, хохирогч Ч.Ч- нь учрах үедээ амь насанд аюултай хүнд гэмтлүүдийн улмаас амь насаа алдсан нь шүүгдэгч Б.Б-ы гэм буруугийн санаатай хэлбэрийн хүрээнд хийсэн гэмт үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой болох нь нотлогдсон, харин өөр бусад шалтгаан, нөхцөл байдал нөлөөлөөгүй байна.
Шинжээчийн дүгнэлт, мөн хэргийн газарт болон цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, мэс ажилбар хийгдсэн үйл баримт зэргээс үзэхэд:
Шүүгдэгчийн үйлдсэн шууд санаатай цохих хүчний үйлчлэл бүхий үйлдлийн улмаас хамтран амьдрагч болох Ч.Ч-ийн эрүүл мэндэд олон тооны хүнд болон бусад гэмтлүүд учирсан, үүний дотор учрах үедээ амь насанд аюултай хүнд гэмтлийн улмаас Ч.Ч- тэр даруйд ухамсарт ухаанаа алдаж эхэлсэн буюу үхэлд хүргэх процесс явагдсан, харин амь насыг нь аврахад чиглэгдсэн мэс ажилбар шуурхай хийгдсэн боловч амь аврагдаагүй байх бөгөөд эдгээр нөхцөл байдал нь шүүгдэгчийн үйлдсэн “хүнийг алах” гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэмт хэргийн шинж, түүний утга агуулгыг нэгэн зэрэг бодитой илэрхийлж буй үндэслэл болно.
Тухайн үед шүүгдэгч, хохирогч нар хамтран амьдрагчид болох нь тогтоогдсон байх тул Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.6, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.1.2-т зааснаар шүүгдэгч ба хохирогч нар нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүст хамаарах төдийгүй шүүгдэгчээс хохирогчийн бие махбодод халдсан үйлдэл нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн тооцогдоно.
Гэмт хэрэг үйлдэгдэх үед шүүгдэгч, хохирогч нарын хэн аль нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, харилцан маргалдсан гэх зэрэг нь гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан болсон байх боловч энэ нь “хүнийг алах” гэмт хэргийн зүйлчлэлийг өөрчлөх үндэслэл болохгүй болно.
Шүүгдэгчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар баталгаажуулсан эрхийг нь шүүхийн өмнөх шат, шүүх хуралдаанд тухай бүр танилцуулж, тайлбарласан байх ба шүүгдэгч өөрийн үйлдлийг зөвшөөрч мэдүүлсэн нь бусад нотлох баримтаар тогтоогдсон байгааг дурдах нь зүйтэй.
3. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт хамаарах “гэм хорын төлбөр”-ийн талаар шүүгдэгч, өмгөөлөгч нар гомдол гаргаагүй, шүүгдэгч төлөхөө илэрхийлсэн байх тул сэтгэцийн гэм хор гаргуулсан хэмжээ, үндэслэлийн талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болно.
Цаашид анхан шатны шүүх, прокурор нь сэтгэцийн гэм хорын асуудлыг хянан шийдвэрлэхдээ: Хүнийг алахаас бусад гэмт хэргийн улмаас хохирогчид өөрт нь учирсан сэтгэцийн гэм хор ба хохирогч нас барсан тохиолдолд түүний гэр бүлийн гишүүнээс шаардах сэтгэцийн гэм хорын ялгаа, түүнчлэн хохирол, хор уршиг шаардах эрхийн үндэслэл, тэднийг гэр бүлийн гишүүд гэж үзэх эсэх зэрэг нотолбол зохих асуудлын талаар холбогдох хууль тогтоомжийн хүрээнд зөв дүгнэлт хийж байхыг анхаарвал зохино.
4. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан үндэслэл, журмын хүрээнд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын буюу учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг бүх талаас нь харгалзаж, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, шалгууртай байдаг.
Тус эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзах шалгуур, шаардлагыг нотолж буй баримт, талуудын санал, дүгнэлтийг харьцуулан шалгаж, үнэлэх замаар ялын төрөл, хэмжээг хэрхэн оногдуулах нь шүүхэд олгогдсон эрх хэмжээний асуудалд хамаарна.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад зааснаар 17 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахдаа дээр дурдсанаар харгалзвал зохих шалгуур, шаардлагын талаар зохих дүгнэлт хийсэн, тус оногдуулсан ялын хэмжээ нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, аюулын хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр зэрэгт тохирсон байх бөгөөд энэ талаарх прокурорын санал, дүгнэлтийг үгүйсгэх боломжгүй.
5. Дээрх үндэслэл, үйл баримтын хүрээнд: Шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн нарын гаргасан “оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэх агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Харин анхан шатны шүүхийн шийтгэл тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтад “Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Б-ы цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.” гэж утга найруулгын шинжтэй алдаа гаргасан байгааг зөвтгөх үндэслэлтэй гэж үзнэ.
Шүүгдэгч Б.Б-ы 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөс 2025 оны 07 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 64 хоногийг түүний эдлэх хорих ялд оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь :
1. Баянгол, Хан-Уул, ************ дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 2025/ШЦТ/1354 дүгээр шийтгэх тогтоол тогтоох хэсгийн:
5 дахь заалтыг: “Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч Б.Б-ыг цагдан хорьж, эдлэх ялыг нь энэ өдрөөс эхлэн тоолсугай.” гэж өөрчилсүгэй.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ы 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөс 2025 оны 07 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 64 /жаран дөрөв/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.
4. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар оролцогч гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР
ШҮҮГЧ Г.ГАНБААТАР