Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 212/МА2019/00048

 

АХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Мөнхөө, шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй хийж,

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 130/ШШ2019/00430 дугаар шийдвэртэй, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 26 дугаар хороо, С таун ..-И байр .. тоотод байршилтай, АХХК-ийн нэхэмжлэлтэй, Толбо сумын 5 дугаар баг Х гол, А.Ж-1 гудамж, А .. айлын орон сууцны байр, .. давхар .. тоотод оршин суух овогт Х-рийн Х-д холбогдох иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 8 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар К.Еркежан, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Достыхбек, хариуцагч Х.Х, хариуцагчийн өмгөөлөгч Х.Бакен нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: 183,300,000 төгрөгийг гаргуулах тухай.

Нэхэмжлэлд: Манай компани 2018 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр "Агуу тогоруу" ХХК-тай ямаа худалдан авч борлуулах, хамтран ажиллах гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээний дагуу манай компанийн үүсгэн байгуулагч БНХАУ-ын иргэн Цай Шен Руны дансанд 599 сая 690 мянган төгрөгийг шилжүүлсэн. "Алтай дөрвөн зүг" ХХК-ыг төлөөлж ямаа худалдан авах гэрээ хийх бэлтгэн нийлүүлэгчийг сонгон авах эрхийг Д.Мт өгч итгэмжлэл олгосны дагуу Д.М нь 2018 оны 9 сарын 12-ны өдөр X.Хтай "Ямаа худалдан авах, хамтран ажиллах гэрээ" байгуулж түүнд нийтдээ 410 сая төгрөг шилжүүлсэн. Гэрээний хугацаа дуусаж бэлтгэсэн ямаагаа хүлээн авахаар Баян-Өлгий аймагт ирэхэд Х.Х нь гэрээнд заасны дагуу ямааг бэлтгээгүй, бэлтгэсэн ямааны тоо, чанар гэрээний шаардлагыг хангаагүй байсан тул бид ярилцаж мөнгөө буцааж авахаар тохирсон. X.Х 2019 оны 01 дүгээр сарын 15-нд багтааж мөнгийг чинь ашгийн хамт гаргаж өгнө гээд "Нэмэлт гэрээг байгуулж" алданги төлөхөөр тохирсон боловч одоог хүртэл авсан мөнгөө гүйцэд шилжүүлээгүй. X.Х 2019 оны 01 дүгээр сарын 30-нд Улаанбаатар хотод ирж бидэнтэй уулзахдаа үлдсэн мөнгийг алдангитай хамт 2019 оны 3 дугаар сарын 01-ний дотор төлнө гэж өөрийн гараар тайлбар бичиж өгсөн. Х.Хад өгсөн 410 сая төгрөгөөс одоогийн байдлаар нийт 314 сая төгрөгийг буцааж шилжүүлсэн. Иймд үлдэгдэл 96.000.000 төгрөгийг гаргуулна. Нэмэлт гэрээнд заасны дагуу алданги тооцвол авах мөнгөнөөсөө их хэмжээнд хүрсэн тул манай компанийн зүгээс "Агуу тогоруу" ХХК-д төлсөн нийт 41.800.000 төгрөгийн алдангийг төлүүлэх хүсэлтэй байна. Мөн X.Х нь 410 сая төгрөгөөр ямааг бэлтгэсэн байсан бол манай компани багадаа 30 хувийн цэвэр ашиг олохоор тооцож байсан. Цэвэр ашгийг хамгийн багаар 10 хувиар бодож 41.000.000 төгрөгийг X.Хаас гаргуулна. Бид Баян-Өлгий аймаг руу X.Хаас мөнгөө авахаар 2 удаа машинаар, 2 удаа онгоцоор очсон. Машинаар болон онгоцоор очсон зардалд онгоцны тийз, бензин, хоол буудал нийт 4.500.000 төгрөг болсон байна. Иймд X.Хаас нийт 183.300.000 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байгаа тул шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

 

Хариуцагчийн тайлбарт: Би нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Улаанбаатар хотын иргэн Д.М, Монгол нэрийг Б гэх өвөр монгол хүн бид хоорондоо ямаа цуглуулах талаар гэрээ байгуулсан. Тухайн гэрээнд Д.М бид хоёр гарын үсэг зурсан. Надад нийт дүнгээр 409.000.000 төгрөг шилжиж ирсэн. Би ямаа цуглуулах болж дүү А.Е, эхнэрийн дүү С.Е нараар туслуулан Баяннуур, Дэлүүн, Толбо, Буянт, Алтай, Ногооннуур сумын Ачит нуур, Ховд голын чиглэлээр, мөн Увс аймгийн Наранбулаг, Өмнөговь, Ховд сумуудаар ямаа цуглуулах ажлыг хийсэн. Гэрээний хавсралтын 3-д Худалдан авсан ямаа 1000 ширхэг хүрэх тутам А тал газар дээр нь очиж тооллого хийнэ гэж заасны дагуу Д.М, Б нар 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр өөрсийн машинаар ирж цуглуулсан ямааг үзээд ингэж авч байвал болох юм байна, ямаагаа авч байгаарай гээд хот руу буцсан. Тэгээд Толбо сумаас Е, Ах, А, Е, Ам нарын хүмүүсийг авч дахин ямаа цуглуулсан. Би М нарт гэрээний дагуу дахин цуглуулсан ямааг ирж үзээрэй гэж удаа дараа утасдахад өөр аймгуудад явж байна, түрүүн үзсэн юм чинь одоо шаардлагагүй гэсэн. Өдөр ирэх тусам ямааны ханш өсөж байсан ба энэ байдлыг би тухай бүрд М, Б нарт мэдэгдэж байсан ба тэд тэр ханшаар нь авч бай гэсэн. Цуглуулсан ямаануудаа хүн хөлслөн 2-3 сар тус тусад нь хөлс өгч хүмүүсээр хариулуулсан. Би М, Б нарт газар дээр нь хүрээд ир, цаг агаар хүйтэрч мал турж эхэлж байна, ямааг нядлах хэрэгтэй байна, зарим нь хүйтэнд дарагдаж үхэж эхэлж байна гээд дарагдсан ямааны зургийг хүртэл явуулж байсан. Тэд ирэхгүй болохоор нь 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс ямааг миний мал нядлах үйлдвэрийн хашаанд нядалж эхэлсэн. Мал нядлах ажлыг Толбо сумын иргэн М.Ергазыд хариуцуулж сумаас 20-иод залууг хөлсөлж авсан. Нэг ямааг 4000 төгрөгөөр нядлахаар тохиролцсон. Мөн гэдэс доторх арилгахад 5 эмэгтэйг хоногийг нь 10.000 төгрөгөөр хөлсөлж авсан. Тэгээд 11 дүгээр сарын 25-ны үеэр Б, түүний эхнэр, мөн танихгүй нэг залуу, нэг эмэгтэйтэйн хамт дөрвүүлээ ирсэн. Бид тухайн үед 300 орчим ямаа нядалсан байсан. Бгийн эхнэрийг Ма гэж байсан. Тэд газар дээр нь ирж үзээд ерөнхийдөө ямаа жижиг биетэй, туранхай байна, бид нар авахыг хүсэхгүй байна гэж хэлсэн. Ма нь 120.000.000 төгрөг дагаж ирсэн найз нарынх, үлдсэн мөнгө бидний мөнгө, бид энэ махыг авч чадахгүй, та өөрөө зах зээл олж борлуулаад бидний мөнгийг гаргаж өг, хэрэв ашиг гарвал 60%-ыг бид авъя, 40%-ийг та ав гэсэн. Би тэдний саналыг хүлээж авч гараас баримт бичиж өгсөн. Би тэгж тохирох болсон шалтгаан нь Б би чиний эзэмшил газарт үйлдвэр барьж өгнө, чи төслөө бэлдэж бай, хоёулаа хамтарсан компани, үйлдвэр байгуулъя, цаашид ч хамтран ажиллана гэж Жан гэгч хятадыг дагуулж ирээд миний газрыг үзэж зохих судалгааг хийсэн. Би тэгээд цаашид хамтарч ажиллах юм чинь хэрүүл үүсгээд яахав гээд тохирсон. Ма нар маргааш нь яваад Б үлдсэн. Тэр мал нядлах бүх үйл ажиллагааг өөрөө биечлэн үзсэн. Эхний нядалсан ямаануудын бөөр, өлөн гэдэс, гүзээ зэрэг дайвар бүтээгдэхүүнийг Жан гэгч хятадад худалдаж мөнгийг өөрийн дансанд оруулж аваад хот руу явсан. Бид ямааг 12 дугаар сарын 20 хүртэл нядалсан. Би 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр нядалсан ямааны арьсыг аймгийн төвийн ченж Аад худалдаж 100.000.000 төгрөгийг, Ховд аймгийн иргэн Батцэнгэлд 1 кг махыг 3800 төгрөгөөр өгөхөөр тохиролцож орж ирсэн 60.000.000 төгрөгийг тус тус Магийн данс руу шилжүүлсэн. Дараа тэр хүмүүс ямааны махны зарим төлбөр тооцоонд үхрийн мах өгье, бэлэн мөнгөгүй боллоо гэхээр би аргагүй байдалд орж 10 тонн үхрийн махыг кг-ыг нь 6200 төгрөгөөр үнэлж авсан. Мах авахаасаа өмнө М, Б хоёрт мэдэгдсэн. Тэгээд уг махыг Толбо суманд байгаа өөрийн чанах үйлдвэрт чанаж Ержаны аэро автобусаар хот руу ачсан. Цагаан сарын дараа өөрийн танил Баяндалай, Соёлоо гэх өвөр монгол залуу ирж махыг авахаар болсон. Тэр үед Б руу бас яриулж байгаад үнийг тохиролцсон. Маргааш нь орсон урьдчилгаа 31,0 сая төгрөгийг Магийн данс руу хийж өгсөн. Баяндалай, Соёлоо нараас одоогоор мөнгө орж ирээгүй байна. Дараа нь мөнгө орж ирэхээр тухай бүрд нь Мад шилжүүлж байсан. Тэгээд би Баян Өлгий руу буцаж ирээд үлдэгдэл төлбөр тооцоогоо дүү нартай хийж, энэ тэндээс авах авлага, төлбөр тооцоогоо хурдан ойрын хугацаанд дуусгах арга хэмжээ авсан. Намайг Улаанбаатар хотод явж байхад Ма нь Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газарт намайг залилан мэхэлсэн гэж өргөдөл өгсөн. Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газраас хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж, аймгийн Прокуророос гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Бид гэрээ байгуулахдаа туувар, хариулга, нядалгаа, тээвэрлэлтийн зардал зэрэг зардлыг М нар хариуцахаар тохиролцсон. Би энэ асуудалтай холбоотой зардлуудын тооцоог одоо хүртэл хийгээгүй байгаа. Би тэднээс авсан мөнгөний үлдэгдэл 96.0 сая төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Тэд гэрээнээс буцсанаас болж алдагдал хүлээсэн учир төлж чадаагүй. Харин алданги 41.800.000 төгрөг нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй. Мөн ашигт 41.000.000 төгрөг нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй. гэв.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 130/ШШ2019/00430 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232.6-д заасныг баримтлан Х.Хаас үлдэгдэл төлбөр болох 96,000,000 төгрөг, хугацаа хэтрүүлсний алданги 81,800,000 төгрөг, нийт 177,800,000 төгрөгийг гаргуулан АХХК-д олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 4,500,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн давж заалдах гомдолд: Миний бие иргэн Д.Мтай 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Ямаа худалдан авах, хамтран ажиллах гэрээ байгуулсны дагуу нийтдээ 3900 толгой ямаа цуглуулж бэлдсэн. Гэрээний дагуу 2018 оны 11 дүгээр сар хүртэл Д.М нар нь хүрэлцэн ирээгүй тул ямаа нядалж эхэлсэн ба тэд 2018 оны 11 дүгээр сарын 23-ны үеэр ирж бидний цуглуулсан ямааг үзээд гэрээнд заасан шаардлага хангахгүй байгаа үндэслэлээр гэрээнээс татгалзаж мөнгөө буцааж авахаар болсон. Гэрээнээс татгалзсан асуудлаар талууд маргаагүй. Гэтэл анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ энэ талаарх харилцааг зохицуулсан Иргэний хуулийн 204, 205 дугаар зүйл, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсгийн заалтуудыг огт баримтлахгүйгээр зөвхөн 2018 оны 12 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан нэмэлт гэрээг үндэслэн 81.800.000 төгрөгийн алданги гаргуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой. Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-т аль нэг тал нь гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэхээр зохицуулсан. Нэхэмжлэгч Ч нар нь 2018 оны 11 дүгээр сарын 23-ны үеэр өөрсдийн биеэр ирж цуглуулсан ямаа, нядалсан махыг үзээд гэрээнд заасан шаардлага хангаагүй үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж мөнгөө буцааж авах болсноо надад мэдэгдсэнээр гэрээнээс татгалзсан гэж үзэх ёстой. Гэрээний аль нэг тал гэрээнээс татгалзсан бол тухайн гэрээний үүргийн харилцаа буюу гэрээний үүргээс үүдсэн шаардах эрх дуусгавар болдог учир гэрээний үүрэг болох алданги гаргуулах үндэслэлгүй. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-т заасны дагуу миний бие ямар нэгэн алданги төлөх ёсгүй, харин гэрээний биелэлтийг биет байдлаар нь , түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг буцааж өгөх үүрэгтэй. Ч нар нь гэрээний биелэлтийг биет байдлаар хүлээн авахаас татгалзсан учир миний бие тэдний надад шилжүүлсэн мөнгийг буцаан өгөхөөр тохиролцсон.Үүний дагуу орсон мөнгийг тухай бүрд нь шилжүүлж өгч байсан ба одоо 96.0 сая төгрөгийн үлдэгдэлтэй.Би үүнийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа. Гэрээ биелснээс олсон ашгийн хувьд талууд гэрээнээс татгалзах үед ямааны мах, ямааны арьс, дайвар бүтээгдэхүүнийг борлуулсны дараа гарах цэвэр ашгийн 60 хувийг Ч нар, 40 хувийг би авахаар тохиролцсон.Гэвч миний бие ямааны мах, ямааны арьс, дайвар бүтээгдэхүүнийг борлуулах үед ашиг биш алдагдал хүлээсэн. Бид гэрээнээс татгалзах үеийн тооцоогоор 3900 ширхэг ямааны арьсны нэг ширхгийг 36.000 төгрөгөөр борлуулж 140.400.000 төгрөг олно гэж тооцсон боловч нийтдээ 108.175.000 төгрөгөөр борлуулж арьснаас 32.225.000 төгрөгийн алданги хүлээсэн. 3900 ширхэг гулууз махыг дунджаар 13 кг-аар тооцож нийт жин 50.700 кг, зарах үнэ 3800 төгрөгөөр борлуулж 192.660.000 төгрөг олно гэж тооцсон боловч мөн алданги хүлээсэн. Би ямааны 3900 ширхэг гулууз махыг Ховд аймгийн иргэн Д.Батцэнгэл гэгчид худалдсан ба түүнээс мөн алданги хүлээсэн.Энэ талаарх холбогдох нотлох баримтууд хэрэгт бүрэн авагдсан. Ийм байхад анхан шатны шүүх алданги тооцож нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэл муутай байна.

Анхан шатны шүүх алданги гаргуулахдаа 2018 оны 12 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан нэмэлт гэрээг үндэслэл болгосон. Энэ нэмэлт гэрээ нь талууд гэрээнээс татгалзсан учир нэхэмжлэгч талын шилжүүлсэн мөнгийг буцааж өгөх асуудлыг тусгасан. Энэ гэрээ ёсоор миний бие шилжүүлсэн мөнгөний үлдэгдлийг 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл төлж өгөхөөр тохиролцсон. Гэвч ямааны мах, арьсыг тооцоолж байсан үнээр, тооцоолсон хугацаанд борлуулж чадаагүй алдагдал хүлээсэн учир дээрх хугацаанд төлж чадаагүй.Тэгээд талууд 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод уулзаж үлдэгдэл мөнгийг 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүртэл төлж өгөхөөр харилцан тохиролцож би нэхэмжлэгчид гар баримт бичиж өгч байсан.Энэ нь хэрэгт нотлох баримтаар авагдсан байгаа.

Хэрэв намайг нэмэлт гэрээний дагуу алданги төлөх ёстой гэж үзвэл алданги тооцох хугацааг 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс биш талуудын харилцан тохиролцож тогтоосон нэмэлт хугацаа болох 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдөр хүртэлх хугацаанд тооцох ёстой. Миний бие 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 40.0 сая төгрөг, 2019 оны 3 дугаар сарын 03-ны өдөр 30.0 сая төгрөг, 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 40.0 сая төгрөг, 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдөр эхлээд 49.0 сая төгрөг, дараа нь 15.0 сая төгрөг, нийтдээ 154.0 сая төгрөгийг 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс хойш төлсөн.Эдгээрийг нарийн тооцож үзвэл би 81.800.000 төгрөгийн алданги төлөх ёсгүй. Улсын Дээд шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн Гэрээний эрх зүйн маргааны хууль хэрэглээ болон гэрээг цуцлах, гэрээнээс татгалзахад анхаарах асуудлууд нэртэй 3 дугаар зөвлөмжид гэрээнээс татгалзах асуудлын талаар тодорхой тусгасан бөгөөд гэрээний үүрэг болох анз гаргуулсан хууль хэрэглээний алдаа гаргаж байгаа талаар тодорхой дурдсан байдаг. Иймд миний гомдлыг зохих ёсоор хянаж анхан шатны шүүхийн шийдвэрээр хариуцагч Х.Х надаас хугацаа хэтрүүлсний алданги 81.800.000 төгрөг гаргуулан АХХК-д олгохоор шийдвэрлэснийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүх Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг буруу хэрэглэсэн, зохигчдын хооронд үүссэн гэрээний харилцааны төрлийг зөв тогтоогоогүй алдаа гаргаснаар шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй учир шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч АХХК нь хариуцагч Х.Хад холбогдуулан шилжүүлсэн мөнгөний үлдэгдэл 96.000.000.00 төгрөг, алданги 82.800.000.00 төгрөг, бусад зардал 4.500.000.00 төгрөг нийт 183.300.000.00 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, хариуцагч үлдэгдэл төлбөр 96.000.000.00 төгрөгийг төлж өгөхийг хүлээн зөвшөөрч, алданги болон бусад зардлыг эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч АХХК нь хариуцагч Х.Хтай 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Ямаа худалдан авах, хамтран ажиллах гэрээ байгуулж гэрээний дагуу 410.000.000.00 төгрөгийг шилжүүлж, Х.Х нь уг мөнгөөр ямаа худалдаж авч бэлтгэхээр тохиролцжээ. Х.Хын бэлтгэсэн ямааны тоо, чанар гэрээний шаардлагыг хангаагүй тул АХХК нь гэрээнээс татгалзаж шилжүүлсэн мөнгөө буцааж авахаар болж, хоорондоо тохиролцож 2018 оны 12 дугаар сарын 22-ны өдөр нэмэлт гэрээ байгуулж үлдэгдэл мөнгө болох 290.000.000.00 төгрөгийг 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн дотор Х.Х нь буцааж төлөхөөр болжээ. Уг үүргээ биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги төлөхөөр тохиролцож одоогийн байдлаар үлдэгдэл мөнгө болох 96.000.000.00 төгрөгийг хариуцагч төлж өгөхийг хүлээн зөвшөөрсөн үйл баримт тогтоогдсон бөгөөд уг үйл баримт нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болон зохигчдын тайлбараар нотлогджээ.

Шүүх зохигчдын хооронд байгуулагдсан гэрээг худалдах-худалдан авах гэрээ гэж дүгнэн Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-т заасан зохицуулалтыг баримталсан нь алдаатай болсноос гадна нэхэмжлэгч гэрээний үүргийн биелэлтийг бус харин гэрээнээс татгалзаж, өгсөн мөнгөө буцаан шаардсан байгааг анхаараагүй нь буруу болжээ.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-т заасан худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. Зохигчдын гэрээний зүйл болох эд хөрөнгө нь хариуцагчийн өмчлөлийн зүйл биш, уг эд хөрөнгийг бусдын өмчлөлөөс нэхэмжлэгчид шилжүүлэх үүрэг хүлээсэн байх тул хариуцагчийг худалдагч гэж үзэх үндэслэлгүй. Хариуцагч нэхэмжлэгчийн нэрийн өмнөөс худалдах-худалдан авах гэрээ байгуулж, эд хөрөнгийг гуравдагч этгээдийн өмчлөлөөс нэхэмжлэгчид шилжүүлэх үүрэг хүлээснээр түүнийг даалгавар гүйцэтгэгч гэж үзнэ. Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1.-т заасан даалгаврын гэрээгээр даалгавар гүйцэтгэгч нь даалгавар өгөгчийн нэрийн өмнөөс, түүний зардлаар тодорхой үйлдэл хийх, хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол даалгавар өгөгч нь хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг. Мөн зүйлийн 399.4.-т зааснаар ямар ч үед даалгавар өгөгч даалгавраа цуцлах эрхтэй байна. Иргэний хуулийн 405 дугаар зүйлийн 405.1.1.-т зааснаар даалгавар өгөгч даалгавраа цуцалсан бол даалгаврын гэрээ дуусгавар болдог.

Даалгаврын гэрээ нь хиймэгц биелэх бус тодорхой хугацаанд гүйцэтгэгддэг тул урт хугацааны гэрээг цуцлах хуулийн зохицуулалт тухайн гэрээний харилцаанд хамааралтай. Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1, 221.3.-т зааснаар хүндэтгэн үзэх үндэслэл байвал урт хугацаатай гэрээний талууд гэрээ дуусгавар болох хугацааг харгалзахгүйгээр гэрээнээс татгалзаж болох ба гэрээний үүргийг зөрчсөн нь түүнийг цуцлах үндэслэл болж байвал зөвхөн энэ хуулийн 219.3, 225.2-т заасан зөрчил арилгах буюу урьдчилан сануулах хугацаанд гэрээг цуцалж болдог.

Хариуцагч Х.Х нь даалгаврын гэрээний үүргээ 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр гүйцэтгэх байсан боловч тодорхой шалтгааны улмаас үүргийн зарим хэсгийг гүйцэтгэж чадаагүй ба нэхэмжлэгч 2018 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүртэл хүлээснээс үзэхэд Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.2-т заасан шаардлага хангагдсан гэж үзнэ.

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-т зааснаар аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй тул гэрээнээс татгалзаж буй нэхэмжлэгч нь хариуцагчид шилжүүлснээс үлдсэн 96.000.000.00 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардах эрхтэй.

Зохигчид 2018 оны 12 дугаар сарын 22-ны өдөр нэмэлт гэрээ байгуулж шилжүүлсэн 290.000.000.00 төгрөгийг 2019 оны 01 дүгээр сарын 15-ны дотор буцааж төлөхөөр болж хугацаа тогтоож, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-т зааснаар хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэх бөгөөд гэрээний 4-т 0.5 хувийн алданги төлнө гэж заажээ.

Өөрөөр хэлбэл Х.Х нь хугацаандаа мөнгөө шилжүүлээгүй тохиолдолд алданги төлөхөөр тохирсон 2019 оны 01 дүгээр сарын 15-ны дотор мөнгөө төлөөгүй тул алданги төлөх үүрэгтэй. Гэвч хариуцагч тодорхой хугацаанд 194.000.000.00 төгрөгийг төлсөн байх тул энэ байдлыг харгалзан алдангийг биелүүлээгүй үүрэг болох 96.000.000.00 төгрөгөөс тооцон, түүний 50 хувь буюу 48.000.000.00 төгрөг төлөх үүрэгтэй гэж үзнэ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагаас 144.000.000.00 төгрөгийн шаардлагыг хангаж, 39.300.000.00 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авч шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

Хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авсан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 566.950.00 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгоно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 130/ШШ2019/00430 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг 1. Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6.-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагч Х.Хаас үлдэгдэл төлбөр 96.000.000.00 төгрөг, алданги 48.000.000.00 төгрөг, нийт 144.000.000.00 /нэг зуун дөчин дөрвөн сая/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч АХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 39.300.000.00 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,

2 дахь заалтын 1.046.950 гаргуулан гэснийг 877.950.00 төгрөг гаргуулан гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээж авсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 566.950.00 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ӨМИРБЕК

 

ШҮҮГЧИД Д.МӨНХӨӨ

Д.КӨБЕШ