Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 318/ШШ2026/00078

 

 

 

 

 

2026 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 318/ШШ2026/00078

Увс аймаг

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Я.Урнаа би,           

Нэхэмжлэгч: О.А-гийн,

Хариуцагч: М.Б- холбогдох,

8,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь: 

Хариуцагч М.Б шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Би шүүхдээд яваад байя гэж бодсон боловч байнга залгаж дууддаг их төвөгтэй юм байна. Нэхэмжлэгч 8,500,000 төгрөг нэхэмжилсэн боловч 5,000,000 төгрөгийн үнийн дүн дээр эвлэрье гэсэн санал гаргасан байгаа. Би урьдчилгаагаа авсан, энэ хүн байраа авсан боловч эцэст нь ийм зүйл болоод яваад байна. 5 сая төгрөгийг би өөрт дарамтгүйгээр төлж барагдуулах нөхцөл байвал төлөөд энэ маргааныг дуусгах саналтай байна. Сар бүр 500,000 төгрөг өгөөд яваад байх боломж байна” гэв.

Нэхэмжлэгч О.А шүүхэд гаргасан тайлбартаа: “Би тэгвэл зөвшөөрч байна” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4 дэх хэсэгт “хариуцагч шүүхийн шийдвэр гарах хүртэл нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь буюу зарим хэсгийг хүлээн зөвшөөрөх буюу зохигч эвлэрч болно” гэж заажээ.

            Хариуцагч М.Б нь нэхэмжлэгч О.А-гийн 8,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас 5,000,000 төгрөгийг сар бүр 500,000 төгрөгөөр 10 сарын хугацаанд төлж барагдуулах, нэхэмжлэгч нь үлдэх 3,500,000 төгрөгөөс татгалзаж зохигчид эвлэрсэн нь Иргэний хуульд нийцсэн бөгөөд гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгов.

3. Зохигчид эвлэрэх замаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болсон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэг, 59 дүгээр зүйлийн 59.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 150,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 5,000,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 94,950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч О.А-д олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Хариуцагч М.Б нь нэхэмжлэгч О.А-д 5,000,000 төгрөгийг 2026 оны 02 дугаар сараас эхлэн 10 сарын хугацаанд сар бүр 500,000 төгрөгөөр төлж барагдуулах, нэхэмжлэгч О.А нь нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,500,000 төгрөг гаргуулах тухай хэсгээс татгалзаж, зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэг, 59 дүгээр зүйлийн 59.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 150,950 /нэг зуун тавин мянга есөн зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Бгээс 94,950 /ерэн дөрвөн мянга есөн зуун тавь/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч О.Ад олгосугай.

3. Хариуцагч нь энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

Энэхүү захирамжид зохигчид давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Я.УРНАА