| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбодорж Ганбаатар |
| Хэргийн индекс | 2403006770118 |
| Дугаар | 2025/ДШМ/864 |
| Огноо | 2025-07-22 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | П.Итгэл |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 07 сарын 22 өдөр
Дугаар 2025/ДШМ/864
2025 07 22 2025/ДШМ/864
А.О-холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Т.Шинэбаяр, шүүгч Г.Ганбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор П.Итгэл,
шүүгдэгч А.О, түүний өмгөөлөгч О.Мягмарсүрэн,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б-ий өмгөөлөгч В.Ганболд,
нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нарыг оролцуулан,
Баянзүрх, **********, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 2025/ШЦТ/933 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч О.Мягмарсүрэнгийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн А.О-холбогдох эрүүгийн 2403006770118 дугаар хэргийг 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Ганбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.
Б овогт А-ын О, **** оны 05 дугаар сарын 13-ны өдөр ************ хотод төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “*******” ХХК-д худалдааны төлөөлөгч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ******* дүүргийн ** дүгээр хороо, * дугаар хороолол, ******* гудамж, ** дүгээр байрны ** тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч ******* дүүргийн 1 дүгээр хороо, ******* ***гудамж, *** * байрны *** тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ************/,
Тээврийн прокурорын газраас: А.О-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх, **********, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: “...Шүүгдэгч А.О-ыг “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.О-ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 06 /зургаа/ жилийн хугацаагаар хасаж, 02 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.О-ад шүүхээс оногдуулсан байнга оршин суух ******* дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол уг ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, шүүгдэгч А.О-ад оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын арга хэмжээний биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.О-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 06 /зургаа/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг ял оногдуулсан үеэс эхлэн тоолж, тус хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч А.О-нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Эрүүл мэндийн даатгал тусламж үйлчилгээний зардалд 298.260 төгрөг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид оршуулгын зардалд 19.000.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3, 511.5 дахь хэсэг, Улсын Дээд Шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай тогтоолыг тус тус баримтлан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хор уршигт 99.000.000 /ерэн есөн сая/ төгрөгийг шүүгдэгч А.О-аас гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Бд олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 /хоёр/ ширхэг компакт дискийг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Мягмарсүрэн давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “....Шүүгдэгч А.О-анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн ба огт маргаагүй болно. Гэмт хэргийн улмаас учирсан бодит хохиролд мөрдөн шалгах ажиллагаанд 9.000.000 төгрөг, хэрэг шүүхэд шилжсэний дараа 10.000.000 төгрөг, хохирогчийн Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөр болох 298.620 төгрөгийг төрийн санд төлж барагдуулсан байгаа. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.О-ад оногдуулсан байнга оршин суух ******* дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол уг ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж...” шийдвэрлэсэн. Шүүгдэгч А.О-нь хэрэгт холбогдох үедээ ''*******” ХХК-нд худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байсан ба шүүх хуралдааны дараа түүний ажлын газар солигдож /энэ талаар шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарласан/ Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт ажил, хөдөлмөр эрхлэх зайлшгүй шаардлага үүслээ. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч А.О-урьд эрхэлж байсан ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж, өөр ажилд орсон ба түүний шинээр ажилд орсон газар нь Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт хамаарч байгаа юм. А.О-нь ам бүл 4, эхнэр, бага насны 2 хүүхдийн хамт амьдардаг ба гэр бүлээсээ ганцаараа ажил хөдөлмөр эрхэлдэг. Шүүхийн шийтгэх тогтоолд дурдсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хор уршигт 99.000.000 /ерэн есөн сая/ төгрөгийг бүрэн төлж барагдуулахын тулд тэрээр ажил хөдөлмөр эрхлэх зайлшгүй хэрэгцээ шаардлага гарч байгаа учраас шүүхээс оногдуулсан 2 жил зорчих эрхийг хязгаарлах ялыг ******* дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглож гэснийг өөрчилж, Улаанбаатар хотын хэмжээгээр буюу Улаанбаатар хотоос гарахыг хориглож гэж тогтоож өгнө үү хэмээн гомдол гаргаж байгаа тул шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтанд өөрчлөлт оруулж өгнө үү. …” гэв.
Шүүгдэгч А.О-тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би гэмт хэрэг үйлдсэндээ харамсаж гэмшиж байна. Цаашид хохирол төлбөрөө төлөхөө илэрхийлээд явж байгаа. Би нутаг дэвсгэрээ томсгож чадвал хохирол төлбөрөө төлөх боломж бүрдэх юм болов уу гэж найдаж гомдол гаргасан...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б-ийн өмгөөлөгч В.Ганболд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэгдүгээрт, шүүгдэгчийн зүгээс хохирол төлбөр төлөх үндэслэлээр гомдол гаргасан учраас татгалзах нь үйлчлүүлэгчийнхээ эрх зүйн байдлыг дордуулах болов уу гэж үзэж байна. Хоёрдугаарт, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт ажилд орсон гэх боловч ямар ажилд орсон, ямар албан тушаалтай, хэдэн төгрөгийн цалинтай гэдэг нь нотлох баримтаар нотлогдохгүй байгаа. Нөгөөтэйгөөр, шүүгдэгч нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарахаас өмнө уян налархай байсан бөгөөд шийтгэх тогтоол гарснаас хойш хохирол төлбөр төлөх боломжгүй гэсэн зүйл яриад байгаа. Үүнд гомдолтой байгаа гэдгийг миний үйлчлүүлэгч уламжлуулахыг хүссэн” гэв.
Прокурор П.Итгэл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт тохирсон ял шийтгэл оногдуулсан. Улсын дээд шүүхээс зорчих эрхийг хязгаарлах ялыг хэрхэн хэрэглэх зөвлөмж гарсан байгаа. Өөрөөр хэлбэл, ажлаа сольсон бол шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хандаж маршрут тогтоолгох боломжтой. Тиймээс давж заалдах шатны шүүхээр зорчих эрхийг хязгаарлах ялын нутаг дэвсгэрийг тогтоолгох үндэслэлгүй. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж, дараах байдлаар дүгнэлт хийв. Үүнд:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 16.2 дугаар зүйл, 32.3 дугаар зүйлд зааснаар тухайн шүүгдэгчид холбогдох хэргийн бодит байдлыг тогтоох ажиллагаа болон тус хэрэгт цугларч, бэхжигдсэн нотлох баримтын эх сурвалжууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмыг зөрчсөн эсхүл оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэж үзэх үндэслэл, үйл баримт тогтоогдсонгүй.
2. Анхан шатны шүүхээс хэргийн бодит байдлыг тогтоож, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг хянан шийдвэрлэхдээ шүүх хуралдааны оролцогч, талуудын эрхийг хангаж, тэдний шинжлэн судалсан нотлох баримт болон санал, дүгнэлтийг харьцуулан шалгаж, үнэлсний үндсэн дээр шүүгдэгч А.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, хэргийн зүйлчлэлийн талаар хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.
Тодруулбал, шүүгдэгч А.О-нь ********** дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр ******* ********урд талын замд 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 02 цагийн үед “Тоуоtа Сrown” маркийн **-** ***улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас явган хүний гарцаар зам гарч байсан явган зорчигч Я.Баттулгыг мөргөж, түүний амь насыг хохироосон болох нь:
- гэмт хэргийн талаарх гомдол хүлээн авсан тэмдэглэл /1хх9-10/,
- зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /1хх11-14, 16-21/,
- жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /1хх23-24/,
- цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх15, 70-73/,
- камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх77-78/,
- Тээврийн цагдаагийн албаны мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахмад М.Бат-Эрдэнийн 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 79 дугаартай магадлагаа: “Toyota Crown маркийн **-** ***улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч А.О-нь Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. 3амын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино: 12.1. Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дурэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна, 12.2. Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна, 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна, 12.4. Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 60 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно… 16.1 Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогоож зам тавьж өгнө Замын хөдөлгөөний дүрмийн 4 дүгээр хавсралт тав Гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл 5.2, Хол, ойрын гэрлийн тусгалын тохиргоо алдагдсан гэсэн заалтуудыг зөрчсөн нь зам тээврийн осол гарах үндсэн шалтгаан болсон гэх үндэслэлтэй байна. Явган зорчигч: Я,Баттулга нь Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн эсэх нь тогтоогдохгүй байна” /1хх-217/,
- жолоочийн нэгдсэн сан, автотээврийн хэрэгслийн нэгдсэн сангийн буртгэлийн лавлагаа /1хх52, 155/,
- автотээврийн Үндэсний төвийн ******* техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн дүгнэлт:“...Уг автотээврийн хэрэгслийг тоног төхөөрөмж дээр хэмжилт хийж шалгахад...урд их гэрлийн зүүн ойр, хол болон баруун ойрын гэрлийн тусгалын чадал стандартын шаардлага хангахгүй байна...эдгээр нь хуучин эвдрэл, гэмтэл байна.../1хх117-123/,
- шинжээч Г.Уртнасангийн гаргасан 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 2972 дугаар “шинжилгээнд ирүүлсэн дүрс бичлэг нь дүрс бичлэгийн шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн … 2024-08-30 01:41:19 секундийн хоорондох дүрслэгдсэн **-** ***улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь /”1” “2” гэж тэмдэглэсэн 27 метр зайг ойролцоогоор-(83.7931-86.78571) км/цаг/, /“3”-“4”/ гэж тэмдэглэсэн 22.40 метр зайг ойролцоогоор-(87.6521-91.63) км/цагийн хурдтайгаар туулсан гэж тооцоологдож байна.” гэх шинжилгээний дүгнэлт /1хх167-173/,
- ШУТИС-ийн Механик Тээврийн сургуулийн шинжээч И.Базаррагчаа, Н.Мөнхзул, Г.Удвал нарын 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 08/89 дугаартай “Хавтаст хэрэгт авагдсан материалууд, хэмжилтийн бүдүүвч зураг, фото зураг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, явган зорчигчийн унасан цэг, автомашинд үүссэн эвдрэл гэмтэл зэргээс үзэхэд явган хүний гарц дээрх ул мөрөөр авсан “А” цэгийг үндэслэлтэй авсан гэж үзэж байна.” гэх дүгнэлт /1хх212-213/,
- шинжээчийн дүгнэлт: Я.Баттулгын цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээгээр архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Амь хохирогч нь гавал тархи, нүүр, цээж, хэвлий, мөчдийн хавсарсан олон гэмтлийн улмаас нас баржээ. Цогцост хийсэн анхны гадна үзлэгээр нас бараад 6-10 цаг болсон гэжээ, нас барах үедээ дунд зэргийн согтолттой байжээ. Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй байна.” гэх дүгнэлт /1хх128-132/,
- хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б-ийн “2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр би Солонгос улсад байж байхад 11 цагийн үед манай эгч Б.Г над руу фэйсбүкээр залгаад аав зам тээврийн осолд орсон юм шиг байна гэж надад хэлсэн...Гомдолтой, сэтгэцэд учирсан хохирол, мөн бодит хохирлыг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /1хх30/,
- гэрч Л.Т-гийн “...2024 оны 08 дугаар сарын 29-нд шөнийн цагийн орчим...Гарьд намайг гэрт хүргэхээр циркийн хойд талаас хөдлөөд Урбанек уулзвараас нарны замаар орсон, ******* ********урд замд явж байсан чинь урд салхины шил хагарах үед би хүүе гээд хэлэх үед тээврийн хэрэгслийг зогсоосон. Тэгээд бид 2 авто машинаас зэрэг буугаад эргээд харсан чинь зам дээр хүн уначихсан байсан. Тэгээд О-тэр хүн дээр түрүүлээд яваад очсон...нөгөө хүнээ аваад шууд эмнэлэг руу явсан, хэрэг болсон газарт очсон...”гэх мэдүүлэг /1хх39-41/,
- шүүгдэгч А.О-ын “...би 2024 оны 08 дугаар сарын 30-ны шөнийн 01 цаг 30 минутын үед ********** дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Циркийн ертөнцийн зүгээр хойд талд байдаг авто зогсоол дээр байсан **-*****улсын дугаартай тээврийн хэрэгслийг аваад жолоо бариад найз Т-г гэрт нь хүргэж өгөх гээд Нарны замаар ертөнцийн зүгээр баруунаас зүүн зүг чиглэлтэй явж байгаад ******* ********урд зам дээр явж байсан чинь ертөнцийн зүгээр урд талаас хойд зүг чиглэлтэй нэг юм бүртэлзээд гараад ирсэн. Тэгээд би тээврийн хэрэгслийн хүрдийг баруун гар тийшээ дараад, зүүн талын толь хэсгээрээ нэг юм мөргөсөн гэж бодсон. Тэгээд би тээврийн хэрэгслээс буугаад гараад ирсэн чинь зам дээр нэг хүн хэвтэж байсан...Наад хүнээ эмнэлэг рүү аваад яваач гээд хүмүүс орилоод байсан...найз Т-бид хоёр нөгөө хүнээ 1 дүгээр эмнэлэгт хүргэж өгсөн. Тэгээд би эмнэлэг дээр байх үедээ 102 дугаар руу залгаж мэдэгдсэн. Би 60-80 км/цагийн хурдтай явж байсан, явган зорчигчийг зам хөндлөн гарч байгааг хараагүй...”гэх мэдүүлэг /1хх49, 231/ зэрэг нотлох баримтаар нотлогдсон байна.
Тухайн нотолгооны эх сурвалжууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан, эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, эх сурвалжаа харилцан нотолсон буюу хангалттай байх шалгуурт нийцсэн байх тул шүүгдэгч А.О-ын үйлдсэн “тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэргийн шинж хангагдсан гэж үзнэ.
Замын хөдөлгөөний дүрэм нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нийцүүлэн гаргасан буюу мөн хуулийн 2 дугаар зүйлийн 2.1, 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2, 4.3, 13 дугаар зүйлд зааснаар “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг нэгдсэн журмаар тусгайлан зохицуулсан хэм хэмжээний акт” бөгөөд шүүгдэгч нь тээврийн хэрэгслийн жолоочийн хувьд хүний амь бие, эрүүл мэндэд ноцтой аюул учруулж болох авто тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний дүрмээр хүлээлгэсэн үүргийг ноцтой зөрчсөн болох нь тогтоогдсон, тусгай мэдлэг шаардсан асуудлын хүрээнд эргэлзээ, маргаан бүхий байдал үүсээгүй байна.
Тодруулбал, шүүгдэгчийн эс үйлдэл ба хохирогчийн амь нас хохирсон хохирол хоорондын шалтгаант холбоог нотолж буй дээрх нотлох баримтуудыг үгүйсгэн няцаах үндэслэл тогтоогдсонгүй.
Шүүгдэгчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар баталгаажуулсан эрхийг нь шүүхийн өмнөх шат, шүүх хуралдаанд тухай бүр танилцуулж, тайлбарласан байх ба шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн нь бусад нотлох баримтаар тогтоогдсон байгааг дурдах нь зүйтэй.
3. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан үндэслэл, журмын хүрээнд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын буюу учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг бүх талаас нь харгалзаж, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл шалгууртай байдаг.
Тус эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзах шалгуур, шаардлагыг нотолж буй баримт, талуудын санал, дүгнэлтийг харьцуулан шалгаж, үнэлэх замаар ялын төрөл, хэмжээг хэрхэн оногдуулах нь шүүхэд олгогдсон эрх хэмжээний асуудалд хамаардаг.
Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх нь: Шүүгдэгч А.О-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн 6 жилийн хугацаагаар хасаж, ******* дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох үүргийг 2 жилийн хугацаагаар хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахдаа дээр дурдсанаар харгалзвал зохих шалгуур, шаардлагын талаар дүгнэлт хийсэн, оногдуулсан ял нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, гэм буруугийн хэлбэр зэрэгт тохирсон талаарх прокурорын санал, дүгнэлт, хохирогч талаас гомдол гаргаагүй зэргийг харгалзан анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг өөрчлөх, үгүйсгэх боломжгүй гэж үзлээ.
Харин Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “зорчих эрхийг хязгаарлах ял”-ыг хуульчлахдаа мөн хуулийн ерөнхий ангид заасан тус ялын бүх хэлбэрүүдийг багтаасан ерөнхий нэршил, утга агуулгаар буюу зөвхөн сонгон оногдуулж болох үндсэн ялын нэг төрөл болохыг ерөнхийлөн заасан байх тул анхан шатны шүүхээс шүүгдэгчид зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлаагүй нь Эрүүгийн хуулийн зөв хэрэглээ биш гэж үзнэ.
Учир нь, зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан тус ялын аль хэлбэрийг нь тусгайлан сонгож оногдуулж байгааг тодорхой, ойлгомжтой хэрэглэхийн тулд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлах үндэслэлтэй, энэ нь хууль зүйн зайлшгүй шаардлага болно.
4. Анхан шатны шүүх нь тус гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт хамаарах асуудлыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд дүгнэлт хийж, нэг мөр хянан шийдвэрлэснийг үгүйсгэн няцаах үндэслэл тогтоогдсонгүй.
Учир нь Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар “ гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хуульчлагдан 2 хувилбарын аль ашигтайгаар тогтоохыг шүүхэд үүрэг болгосон байх ба хохирогч нас барсан тухайн тохиолдолд амь хохирогчийн бусад гэр бүлийн гишүүний сэтгэцийн хор уршгийг шинжлүүлэх асуудал байхгүй бөгөөд бусад гэмт хэргийн хохирогч нартай адилтгах, төсөөтэй шийдвэрлэх үндэслэлгүй байна.
Мөн Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын: Гурав. 3.3.-т “Хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дэх хэсэгт зааснаар “аль ашигтай хувилбар”-аар шүүхээс тогтоохыг баталгаажуулсан.
Түүнчлэн шүүгдэгч, өмгөөлөгч нар “сэтгэцийн хор уршиг”-т хамаарах асуудлаар гомдол гаргаагүй, шүүгдэгч төлөхөө илэрхийлсэн болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Харин анхан шатны шүүх нь сэтгэцийн хор уршгийн асуудлыг шийдвэрлэсэн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Улсын Дээд шүүхийн тогтоол”-ыг баримталсан нь буруу гэж үзэх тул зөвтгөх шаардлага үүсжээ.
5. Шүүгдэгч нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш ******* дүүрэгт оршин сууж буй болон ажлын газрын хаягаа өөрчилсөн, улмаар Баянзүрх дүүрэгт шилжин амьдрах, ажиллахтай холбоотой хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий нотлох баримт тус эрүүгийн хэрэгт цугларч, бэхжигдээгүй байгааг дурдах нь зүйтэй.
6. Дээрх үндэслэл, үйл баримтын хүрээнд: Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “хууль хэрэглээг зөвтгөсөн зохих өөрчлөлтүүд”-ийг оруулж, харин шүүгдэгчийн өмгөөлөгч О.Мягмарсүрэнгийн “шүүгдэгчид оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялын хязгаарлалтын бүсийг Улаанбаатар хотоор тогтоолгох” агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, **********, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 2025/ШЦТ/933 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:
3 дахь заалтын: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 5.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар ...” гэснийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт зааснаар...” гэж өөрчилж,
7 дахь заалтын “...Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3, 511.5 дахь хэсэг, Улсын Дээд Шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай тогтоолыг тус тус баримтлан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хор уршигт 99.000.000 /ерэн есөн сая/ төгрөгийг шүүгдэгч А.О-аас гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Бд олгосугай.” гэснийг хэсэг...” гэснийг “...Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3, 511.5 дахь хэсгийг баримтлан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хор уршигт 99.000.000 /ерэн есөн сая/ төгрөгийг шүүгдэгч А.О-аас гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Бд олгосугай...” гэж өөрчилсүгэй.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан “оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хязгаарлалтын бүсийг Улаанбаатар хотоор тогтоолгох” агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар оролцогч гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР
ШҮҮГЧ Г.ГАНБААТАР