| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбодорж Ганбаатар |
| Хэргийн индекс | 2406076560272 |
| Дугаар | 2025/ДШМ/865 |
| Огноо | 2025-07-22 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | З.Өлзийхүү |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 07 сарын 22 өдөр
Дугаар 2025/ДШМ/865
2025 07 22 2025/ДШМ/865
Б.Н-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Т.Шинэбаяр, шүүгч Г.ГанБ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор З.Өлзийхүү,
нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нарыг оролцуулан,
Баянзүрх, **********, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 2025/ШЦТ/1355 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Н-н гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 2406076560272 дугаар хэргийг 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.ГанБын илтгэснээр хянан хэлэлцэв.
Х овгийн Б-ын Н, **** оны 06 дугаар сарын 30-ны өдөр ***** аймагт төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, “***** *****” хотхоны галчаар ажилладаг, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамтаар ********** дүүргийн 20 дугаар хороо, **********тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: **********/,
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 151 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж,
Шүүгдэгч Б.Н- нь 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Тоуоtа Аquа маркийн тээврийн хэрэгслээр такси үйлчилгээнд явж байхдаа хохирогч Б.Т-г цүнхтэй эд зүйлээ орхиж буусныг мэдсээр байж авч явсан, цүнхэнд байсан 900.000 төгрөгийг хувийн хэрэгцээндээ зарцуулж, бусдын гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хэмжээний буюу 999.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Б.Н-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх, **********, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: “...Шүүгдэгч Б.Н-г “Гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-г 450 /дөрвөн зуун тавь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч Б.Н-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Н-гээс 700.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б овогт Г-ын Т- /РД:**********/-д олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 1 ширхэг сидиг хавтас хэрэг хадгалах хугацаа дуустал хадгалж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.Н- давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Н- миний бие тээвэр үйлчилгээний албаны хогийг ачдаг ажил хийдэг сарын цалин 3.364.000 төгрөг авдаг тул эрхэм шүүгч та бүхэн энэ хэргийг минь харгалзан үзэж торгуульд шилжүүлэн өгнө үү. …” гэв.
Прокурор З.Өлзийхүү тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, гэм буруугийн хэлбэр зэрэгт тохирсон ял шийтгэл оногдуулсан. Гэтэл дээрх шийдвэрийг эс зөвшөөрч шүүгдэгчийн зүгээс гомдол гаргахдаа тээвэр үйлчилгээний албаны хогийг ачдаг ажил хийдэг сарын цалин 3.364.000 төгрөг авдаг гэх боловч тээвэр үйлчилгээний алба гэдэг нь төрийн үйлчилгээний байгууллага юм уу, эсхүл хувийн хэвшлийн байгууллага юм уу гэдэг талаарх баримтыг хавсаргаагүй байгаа нь үндэслэлгүй. Мөн анхан шатны шүүхээс оногдуулсан 450 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг ямар үндэслэлээр биелүүлэх боломжгүй байгаа талаараа гомдолдоо дурдаагүй. 3.364.000 төгрөгийн цалин авдаг учраас нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар сольсон тохиолдолд ялыг биелүүлэх боломжтой гэдэг нь ял тохиролцох агуулгыг илэрхийлж байна. Хэрэв Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа бол прокурорын шатанд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж прокурортой ял тохиролцох боломжтой байсан. Шүүгдэгч энэ эрхээ эдлээгүй. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн зүгээс “ямар нэгэн ажил хөдөлмөр эрхэлдэг үү” гэхэд шүүгдэгч “галч хийж байсан, ажил зогсоод 3 хонож байгаа. Одоогоор өөр ажилд ороогүй байна” гэж хариулдаг. Улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын санал гаргахад шүүгдэгч “хэлэх зүйл байхгүй” гэж хариулсан нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан. Тиймээс анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хувьд улсын яллагчийн гаргасан ялын саналыг хэрхэн биелүүлэх боломжгүй байгаа талаар илэрхийлэх боломжтой байсан. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж, дараах байдлаар дүгнэлт хийв. Үүнд:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 16.2 дугаар зүйл, 32.3 дугаар зүйлд зааснаар тухайн шүүгдэгчид холбогдох хэргийн бодит байдлыг тогтоох ажиллагаа болон тус хэрэгт цугларч, бэхжигдсэн нотлох баримтын эх сурвалжууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмыг зөрчсөн эсхүл оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэж үзэх үндэслэл, үйл баримт тогтоогдсонгүй.
2. Анхан шатны шүүхээс хэргийн бодит байдлыг тогтоож, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг хянан шийдвэрлэхдээ шүүх хуралдааны оролцогч, талуудын эрхийг хангаж, тэдний шинжлэн судалсан нотлох баримт болон санал, дүгнэлтийг харьцуулан шалгаж, үнэлсний үндсэн дээр шүүгдэгч Б.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, хэргийн зүйлчлэлийн талаар хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна. Тодруулбал,
шүүгдэгч Б.Н- нь 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Тоуоtа Аquа маркийн тээврийн хэрэгслээр такси үйлчилгээнд явж байхдаа хохирогч Б.Т-г цүнхтэй эд зүйлээ орхиж буусныг буюу бусдын гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан болох нь:
- гэмт хэргийн талаарх гомдол “Т нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 10 дугаар сарын 07-ны орой 18 цагийн үед *********** дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт таксинд цүнхтэй эд зүйлээ үлдээгээд буусан” /хх5/,
- хохирогч Г.Т-гийн “...Би Яармагийн 2 дугаар буудалд ахтайгаа хамт машин засдаг ажил хийдэг. 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдөр миний цалин буугаад 700,000 төгрөгөөр Нарантуулаас хувцас, гар утас аваад, 16 цагийн үед Д үйлчилгээний төвийн **** банкны салбараас цалингийн үлдсэн мөнгө болох 1,000,000 төгрөгийг авах гээд **** банкинд оочирлож байхдаа 22-23 орчим насны нэг залуутай танилцсан. Тэгээд би мөнгө авсны дараа тэр залууд “чиний машины банкийг дүүргэж өгье чи ахдаа нэг гайгүй зочид буудал олоод өгөөч” гэсэн. Тэр залуугийн шар өнгийн Toyota Aqua машинд хамт архи уудаг хоёр танил дүүтэйгээ суугаад Дарь-Эхийн хуучин эцсийн баруун талд байдаг “ **** ***” гэх буудалд орсон. Орсны дараа буудлын хүнтэй ярилцаж байхад машины жолооч яваад өгсөн. Тэгээд манай хоёр дүүгийн нэг нь надад ах та цүнхээ аваагүй юм биш үү гэхээр нь би жолооч залуугийн араас гүйж гарахад тэр явсан байсан...Цүнх дотор Нарантуул захаас өчигдөр авсан шинэ хувцаснууд, гар утас, бэлэн 700,000 төгрөг байсан, гар утас цүнхээ авчихсан...”гэх мэдүүлэг /хх-9-10, 12/,
- “ *******” ХХК-ийн үнэлгээний дугнэлт: үүргэвч 15000 төгрөг, гар утас 45000 төгрөг, цамц 21000 төгрөг, өмд 18000 төгрөг...” /хх-20/,
- хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх24-25/,
- эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл:“...таксины жолооч Б.Н-гээс 2024 оны 09 дүгээр сарын 29-ний 15 цаг 10 минутад 2 мөртэй эрээн үүргэвч 1 ширхэг, Redmi 9 загварын хөх өнгөтэй, шилэн наалт хагарсан гар утас 1 ширхэг, хагас түрийтэй хуучин гутал 1 хос, ажлын өмд 2 ширхэг, эрээн хослол 1 ширхэгийг тус тус хүлээн авч тэмдэглэл үйлдэв...” /хх59/,
- шүүгдэгч Б.Н-н“...тухайн үед бид 3-г нэг зочид буудалд хүргээд өгөөч ах нь чамд бинзен хийгээд өгье гэхээр би за тэгье гээд тухайн үл таних 3 эрэгтэйг машиндаа суулгаад Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ******* нэртэй буудал руу хүргэж өгсөн. Тухайн үед надтай яриа өрнүүлж байсан ах үүргэвчтэй цүнхтэй жолоочийн эсрэг талын урд санал дээр сууж явсан, “ ******* буудал” руу дагаж орсон. Нөгөө 3 ах яриад зогсож байх үед нь би сэмээрхэн гараад машиндаа ороод харахад...хойно суугаад явж байсан хүн өөрийн үүргэвчтэй цүнхээ машинд үлдээсэн байсан. Би тухайн цүнхийг эзэнд нь буцааж өгөхгүй авч явсан. Замд явж байх үедээ би цүнхийг онгойлгож үзсэн чин дотор нь гар утас, 700,000 төгрөгийн хамт байсан. Энэ явдлаас хойш 4-5 хоногийн дараа над руу цагдаагаас залгаж дуудсан...”гэх мэдүүлэг /хх15-16, 36/ зэрэг нотлох баримтаар нотлогдсон байна.
Тус нотлох баримтын эх сурвалжууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан, эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хангалттай байх зэрэг нотолгооны шалгуурт нийцсэн байх тул түүний үйлдсэн тухайн гэмт хэргийн шинж хангагдсан гэж үзнэ.
Шүүгдэгч нь тухайн агшинд хохирогч үүргэвч бүхий хөрөнгөө орхиж гээгдүүлсэн болохыг илтэд мэдсээр байж, тэр даруйд өөрийн өмч адил авч явж, захиран зарцуулах бодит боломжийг бүрдүүлсэн нь тогтоогдсон байх тул гээгдэл эд хөрөнгийг завшсан гэмт хэргийн шинж, хэргийн бодит байдлыг үгүйсгэх үндэслэл, үйл баримт тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн эсэх нь хуулиар баталгаажуулснаар түүний эрхэд хамаарах ба тус эрхийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд тухай бүр танилцуулж тайлбарласан, зөрчигдөөгүй байгааг тэмдэглэх нь зүйтэй.
3. Тус гэмт хэргийн улмаас учирсан нийт хохирол 999,000 төгрөг биш харин 799.000 төгрөг байх ба 700.000 төгрөгөөс бусад эд зүйлс төлөгдсөн байгааг дурдах нь зүйтэй.
Тус эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзах шалгуур, шаардлагыг нотолж буй баримт, талуудын санал, дүгнэлтийг харьцуулан шалгаж, үнэлэх замаар ялын төрөл, хэмжээг хэрхэн оногдуулах нь шүүхэд олгогдсон эрх хэмжээний асуудалд хамаардаг.
Баянзүрх, **********, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхээс: Шүүгдэгч Б.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахдаа дээр дурдсанаар харгалзвал зохих шалгуур, шаардлагын талаар дүгнэлт хийсэн, энэ нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, гэм буруугийн хэлбэр зэрэгт тохирсон талаарх прокурорын санал, дүгнэлтийг тус тус үгүйсгэх боломжгүй гэж үзнэ.
4. Иймд дээр дурдсан үндэслэлийн хүрээнд: Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, харин шүүгдэгч Б.Н-н гаргасан “...нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар сольж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, **********, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 2025/ШЦТ/1355 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар оролцогч гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР
ШҮҮГЧ Г.ГАНБ