| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Д.Цэцэгээ |
| Хэргийн индекс | 314/2025/01010/И |
| Дугаар | 314/ШШ2025/00840 |
| Огноо | 2025-11-12 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 12 өдөр
Дугаар 314/ШШ2025/00840
| 2025 11 12 | 314/ШШ2025/00840 |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэцэгээ би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Сүхбаатарын нэрэмжит талбай 5, Голомт банкны төв байранд байрлах, “Голомт банк” ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ***аймгийн ***сумын *** дүгээр багийн *** дугаар гудамжны *** тоотод оршин суух, ***овгийн ****холбогдох,
“Зээлийн гэрээний үүрэгт 8,022,672.82 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Голомт банк” ХК-ийн зээл цуглуулах газрын захирал *** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “...****овогтой ****нь 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Голомт банктай ЗГ-R001543398 дугаартай дижитал зээлийн гэрээ байгуулж, 10,000,000 төгрөгийг жилийн 21 хувийн хүүтэйгээр, 30 сарын хугацаатай цалин барьцаалан зээлэн авсан болно. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үндсэн зээл, зээлийн хүүг төлөх үүргээ биелүүлэхгүй байгаа тул тус зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт хуримтлагдсан зээлийн үндсэн төлбөр 7,541,278.64 төгрөг, зээлийн хүү 474,533.29 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6,860.89 төгрөг нийт 8,022,672.82 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.
Хариуцагч **** шүүхэд гаргасан тайлбартаа “...**** миний бие Голомт банкны нэхэмжилсэн 8,022,672.82 төгрөгийг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Тус мөнгийг 2025 оны 11 дүгээр сарын 25-наас эхлэн 6 сарын хугацаанд тэнцүү хувааж буюу сар бүр 1,337,112.14 төгрөгөөр төлнө. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **** шүүхэд ирүүлсэн тайлбартаа “...Голомт банкны нэхэмжлэлтэй хариуцагч ****т холбогдох иргэний хэрэг тус шүүхэд хянагдаж байна. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч хариу тайлбар гаргасан тул тус тайлбарыг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Голомт банк” ХК нь хариуцагч ****т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 8,022,672.82 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч **** нь нэхэмжлэгч “Голомт банк” ХК-ийн нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэгт 8,022,672.82 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн 6 сарын хугацаанд тэнцүү хувааж сар бүр 1,337,112.14 төгрөгөөр төлж барагдуулахаар хариу тайлбар гаргасныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **** зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.
Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх бөгөөд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Голомт банк” ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч ****т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 8,022,672.82 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 143,313 төгрөгийн тавин хувь болох 71,656.5 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн төсвийн орлогоос 71,656.5 төгрөгийг, хариуцагч ****ээс 71,656.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Голомт банк” ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ЦЭЦЭГЭЭ