| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Д.Цэцэгээ |
| Хэргийн индекс | 314/2025/01068/И |
| Дугаар | 314/ШШ2025/00839 |
| Огноо | 2025-11-12 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 12 өдөр
Дугаар 314/ШШ2025/00839
| 2025 11 12 | 314/ШШ2025/00839 |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэцэгээ би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Юнескогийн гудамж-28, МПМ цогцолборт байрлах “Мобифинанс” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ***аймгийн ***сумын **** дүгээр багийн **** дугаар гудамжны ****тоотод оршин суух, **** овгийн **** холбогдох,
“Зээлийн гэрээний үүрэгт 1,884,149 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Мобифинанс” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “...**** нь “Мобифинанс ББСБ” ХХК-тай 2023.09.25-ны өдөр зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан бөгөөд өөрийн эзэмшлийн Мобиком үүрэн телефоны 99796621 дугаарыг ашиглан зээл авч, төлж байсан болно. **** нь уг гэрээний үндсэн дээр 2023.09.25-ны өдрөөс 2023.10.20-ны өдрийн хооронд 6 удаагийн хүсэлтээр нийт 1,000,000 төгрөгийг тус бүр 1 сарын хугацаатайгаар авсан ба зээлийг гэрээнд заасан хугацаанд төлж барагдуулаагүй. Мобифинанс ББСБ-ын зүгээс зээлийн гэрээний үүргийг шаардан зээлийн гэрээнд заасан утасны дугаараар холбогдохыг удаа дараа оролдсон боловч хариуцагч нь огт утсаа аваагүй, харилцан зөвшилцөх аргаар маргааныг шийдвэрлэх боломжгүй болсон тул маргааныг шүүхийн журмаар шийдвэрлүүлэх шаардлага үүссэн. 2025.09.17-ны өдрийн байдлаар ****аас үндсэн зээлийн үлдэгдэл 1,000,000 төгрөг, зээлийн хүү 743,581 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 140,568 төгрөг, нийт 1,884,189 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.
Хариуцагч **** шүүхэд гаргасан тайлбартаа “...“Мобифинанс ББСБ” ХХК-аас гаргасан нэхэмжилсэн 1,929,245 төгрөгийн өр барагдуулах нэхэмжлэлтэй танилцсан. Би уг өрийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд уг үүргийг 2 сарын хугацаанд 11 дүгээр сарын 30-нд 964,623 төгрөг, 12 сарын 30-нд 964,623 төгрөгийг тус туст төлж барагдуулах боломжтой байна. Иймд уг маргааныг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгөхийг хүсэж байна.” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **** шүүхэд ирүүлсэн тайлбартаа “...”Мобифинанс ББСБ” ХХК нь хариуцагч ****аас зээлийн гэрээний үүрэгт 1,929,245 төгрөг шаардан нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,929,245 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч 2 сарын дотор төлж барагдуулахаар тайлбар ирүүлснээс татгалзах зүйлгүй. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Мобифинанс ББСБ” ХХК нь хариуцагч ****т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,884,189 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч **** нь нэхэмжлэгч “Мобифинанс ББСБ” ХХК-ийн нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэгт 1,884,189 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжийн хамт төлөхөөр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч хариу тайлбар гаргасныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **** зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.
Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх бөгөөд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Мобифинанс ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч ****т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,884,189 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 45,096 төгрөгийн тавин хувь болох 22,548 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн төсвийн орлогоос 22,548 төгрөгийг, хариуцагч ****аас 22,548 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Мобифинанс ББСБ” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ЦЭЦЭГЭЭ