| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Д.Цэцэгээ |
| Хэргийн индекс | 314/2025/01024/И |
| Дугаар | 314/ШШ2025/00780 |
| Огноо | 2025-11-03 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 03 өдөр
Дугаар 314/ШШ2025/00780
| 2025 11 03 | 314/ШШ2025/00780 |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэцэгээ би,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр баг, Дархан их дэлгүүрийн 6 дугаар давхарт байрлах “Дэвжих нэхий ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *****аймгийн ***сумын *** дугаар багийн *****тоотод оршин суух, ***овгийн ****холбогдох,
“Зээлийн гэрээний үүрэгт 5,864,989 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Дэвжих нэхий ББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “...Зээлдэгч **** нь манай байгууллагатай 2023 оны 06 сарын 17-ны өдөр 37213 дугаар “Цахим зээлийн эрх нээх гэрээ”-г байгуулж хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн. Уг гэрээний 3.8 дугаар хэсгийн 3.8.1-д зааснаар 2023 оны 10 сарын 30-ны өдөр 1,950,000 төгрөг, 2023 оны 12 сарын 16-ны өдөр 891,000 төгрөг, 2024 оны 01 сарын 13- нд 1,404,000 төгрөг нийт 4,245,000 төгрөгийг тус бүр 1 сарын хугацаатай хүүгүй, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд сарын 5 хувийн хүүтэй бэлэн бусаар зээл олгосон. Уг зээлсэн 4,245,000 төгрөгийг зээлдэгчтэй байгуулсан “Цахим зээлийн эрх нээх гэрээ”-ний 3.8.1 дэх хэсэг болон Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д “Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно” гэж заасны дагуу зээлдэгчийн цахимаар гаргасан хүсэлтийн дагуу зээлдэгчийн “Арвин төв” гэх дэлгүүрээс авсан Iphone 12 pro 256gb маркийн утас, GT gold гэх дэлгүүрээс авсан ээмэг, бөгжний худалдан авалтын үнийн дүнг шилжүүлсэн байдаг. Гэвч зээлдэгч нь цахим зээлийн эрхийн хүрээнд авсан зээлийг Аппликейшнээр дамжуулан тохиролцсон нөхцөлөөр өөрийн сонгон баталгаажуулсан хугацааны дотор үл маргах журмаар зээл олгогчид эргэн төлөх үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрч, 2025 оны 9 сарын 29-ний өдрийн байдлаар
2023 оны 10 сарын 30-ны өдрийн 650,000 төгрөгийн үндсэн зээл, хүү 671,840 төгрөг нийт 1,321,840 төгрөг,
2023 оны 12 сарын 16-ны өдрийн 891,000 төгрөгийн үндсэн зээл, хүү 896,198
төгрөг нийт 1,787,198 төгрөг,
2024 оны 01 сарын 13-ны өдрийн 1,404,000 төгрөгийн үндсэн зээл, хүү 1,346,951 төгрөг, нийт 5,859,989 төгрөг.
Энэхүү 3 удаагийн зээлийн үндсэн төлбөр 2,945,000 төгрөг, хүү 2,914,989 төгрөг мөн тус нэхэмжлэлтэй холбоотой нотариатын үйлчилгээний төлбөр 5,000 төгрөг нийт 5,864,989 төгрөгийг “Дэвжих Нэхий ББСБ” ХХК-д төлөх тооцоо байна. Манай байгууллагын зүгээс зээлдэгчээс удаа дараа гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэхийг шаардсан боловч одоог хүртэл зээлээ төлөхгүй, хохироож байх тул ийнхүү гэрээний үүргийн биелэлтийг хангуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.
Зээлдэгч **** нь “Цахим зээлийн эрх нээх гэрээ”-ний 4-р зүйлийн 4.2.1-д “Зээл тус бүрийг эргэн төлөлтийн тогтоогдсон хуваарийн дагуу хугацаанд нь төлж барагдуулах, хугацаандаа төлөөгүйгээс үүссэн бодогдсон хүү, нэмэгдүүлсэн хүүг үл маргах журмаар эргэн төлөх”, Иргэний хуулийн 453-р зүйлийн 453.1-т “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй”, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т “Зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй, эсхүл хууль, зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө.” гэж тус тус заасны дагуу зээлийн төлбөр, түүний хүүг төлөх үүрэгтэй.
Иймд зээлдэгч ****гаас нийт 5,864,989 төгрөгийг гаргуулж “Дэвжих нэхий ББСБ” ХХК-д олгож өгнө үү.” гэжээ.
Хариуцагч **** шүүхэд гаргасан тайлбартаа “...Миний бие “Дэвжих нэхий ББСБ” ХХК-аас апп зээл авсан нь үнэн. Үүнд хариуцлага алдаж хугацаа хэтэрсэн. “Монос” ХХК-д ажилладаг байсан. Одоогоор орон тоо цомхотголоор ажилгүй хүүхдүүдээ харж байгаа учир хугацааг сунгаж сар сардаа төлөлт хийхийг хүлээн зөвшөөрнө үү. 2025 оны 11 сард 450,000 төгрөг, 12 сард 450,000 төгрөг, 2026 оны 1 сард 1,000,000 төгрөг, 2 сард 1,000,000 төгрөг, 3 сард 1,000,000 төгрөг, 4 сард 1,964,989 төгрөг, нийт 5,864,989 төгрөгийг төлж барагдуулна.” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **** шүүхэд гаргасан тайлбартаа “...Зээлдэгч **** нь манай байгууллагын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, тус зээлийг 6 сард багтаан төлөх тухай өргөдөл гаргажээ. Нэхэмжлэгчийн зүгээс өргөдөлтэй танилцаад дараах хуваарийн дагуу төлөх хугацаа олгоход татгалзах зүйлгүй. 2025 оны 11 сарын 25-нд 450,000 төгрөг, 12 сарын 25-нд 450,000 төгрөг, 2026 оны 1 сарын 25-нд 1,000,000 төгрөг, 2 сарын 25-нд 1,000,000 төгрөг, 3 сарын 25-нд 1,000,000 төгрөг, 4 сарын 25-нд 1,964,989 төгрөг.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Дэвжих нэхий ББСБ” ХХК нь хариуцагч ****д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 5,864,989 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч **** нь нэхэмжлэгч “Дэвжих нэхий ББСБ” ХХК-ийн нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэгт 5,864,989 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, 2025 оны 11 дүгээр сарын 25-нд 450,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 25-нд 450,000 төгрөг, 2026 оны 1 дүгээр сарын 25-нд 1,000,000 төгрөг, 2026 оны 2 дугаар сарын 25-нд 1,000,000 төгрөг, 2026 оны 3 дугаар сарын 25-нд 1,000,000 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 25-нд 1,964,989 төгрөг төлөхөөр хариу тайлбар гаргасныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **** зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.
Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх бөгөөд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Дэвжих нэхий ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч ****д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 5,864,989 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 108,790 төгрөгийн тавин хувь болох 54,395 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн төсвийн орлогоос 54,395 төгрөгийг, хариуцагч ****гаас 54,395 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Дэвжих нэхий ББСБ” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ЦЭЦЭГЭЭ