Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2019/00935

 

2019 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2019/00935

 

 

Г-, М-тай нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШШ2019/00687 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Г-, М- нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б-, Л  нарт холбогдох,

 

Эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд 9 268 940 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн нарын өмгөөлөгч: У.Батцэцэг

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Цэнд-Аюуш нар оролцов.

 

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тэдний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г- нь Төв аймгийн Заамар сумын нутаг дэвсгэрт 2006 оноос Гэгээ зоогийн газар ажиллуулж ирсэн ба тус зоогийн газрын тогооч БНХАУ-ын иргэн Л нь 2009 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр ажлын хариуцлага алдаж, дизель түлштэй цахилгаан зуухан дээр тос асган гал алдаж зоогийн газрын гал тогоо болон заал бүхэлдээ шатсан. Уг гал түймрийн улмаас 4 980 400 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан нь Төв аймгийн онцгой байдлын газрын гал түймэр гарсан актаар тогтоогдсон.

Л болон түүний эхнэр Б- нар нь өөрийн буруугаас болж гал алдаж хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч учирсан хохирлыг 100 хувь барагдуулна гэсэн хүсэлтийн дагуу цагдаагийн газраас 2009 оны 05 дугаар сарын 05-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай тогтоол гарсан. Л нь цагдаагийн газар шалгагдаж байхдаа учруулсан хохирлоо төлж барагдуулна гэсэн баталгааг бичиж өгсөн боловч биднийг Эрдэнэт хот руу ажлаар явсан хойгуур нүүж зугтаасан байсан.

Л, Б- нараас барилга байшин, тоног төхөөрөмжид учирсан хохирол 4 980 400 төгрөг, лангууны бараа 483 900 төгрөг, гал тогоонд байсан хоолны материал 240 190 төгрөг, засвар хийгдэхэд гарсан тээврийн хөлс 150 000 төгрөг, бензин 180 000 төгрөг, засвар хийсэн материал 2 594 050 төгрөг, ажлын хөлс 500 000 төгрөг, эрэн сурвалжлахад гарсан зардал 140 400 төгрөг, нийт хохирол 9 268 940 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л нь Гэгээ зоогийн газарт ажиллах явцад тоног төхөөрөмж маш муу, хоол хийдэг зуух нь маш хуучин, дутуу зүйл ихтэй тул үүнийг сольж өгөхийг удаа дараа хэлдэг байсан ч Г- нь огт тоодоггүй ажиллуулж байгаад 2009 оны хавар тогоо буюу зуух нь гэнэт шатсан. Энэ зуух нь салярка ба тог цахилгаанаар ажилладаг. Хоолны газар маш их ачаалалтай бөгөөд хоол хийх явцад тос ус асгарах, хоол дэврэх зэргээр хоол үйлдвэрлэлтэй холбоотой янз бүрийн үйл явдал болдог. Гал гарах үед ахлах тогооч Л болон туслах тогооч н.Цэрмаа, угаагч н.Хишигжаргал нар ажиллаж байсан. Гэтэл тэр өдөр хоол хийж байх явцад гэнэт гал гарсан ба үүнийг тос асгаснаас болсон гэж тооцож хоол хийж байснаар нь Лг тос асгалаа гээд буруутгасан.

Л нь БНХАУ-н иргэн бөгөөд монгол хэл сайн мэдэхгүй цагдаа сэргийлэхээс айж эмээхдээ би хоол хийж байсан болохоор миний буруугаас боллоо гэж ойлгож мэдүүлж байсан юм. Тухайн үед Лг Төв аймгийн Зуунмод сум руу байцаалтад авч явсан ба тэрээр хэл мэдэхгүй ямар ч орчуулагчгүй бүх баримтууд дээр нь гарын үсэг зурсан. Гал гарсаны дараа Г- М- нар нь тухайн үед хоол хийж байхад гал гарсан юм чинь гомдол санал байхгүй гэж байсан бөгөөд үүнийгээ цагдаагийн байгууллагад өгсөн мэдүүлэгтээ хэн аль нь мэдүүлсэн байна.

Үүний дараа зоогийн газар хэвийн ажиллаж эхэлсэн бөгөөд Г- нар нь Лгийн цалинг сард зөвхөн хоол хүнсэнд дөнгөж хүрэлцэх төдий буюу 200 000 төгрөг орчим цалин олгож байсан бөгөөд зөрүүг хохиролд тооцон авч байгаа гэдэг шалтгаанаар цалинг бүтэн олгохоо больсон юм. Ийм байдлаар дахиад нэг жил ажиллуулсан юм. Түүнчлэн хариуцагч нарын 2 500 000 төгрөгөөр худалдаж авсан хашаа байшинг нэхэмжлэгч нь авсан.

Зоогийн газрыг ажиллуулж байсан Г- нь өөрөө шаардлага хангахгүй тоног төхөөрөмж ажиллуулснаас болж гал гарсан бөгөөд үүнээс үүдэн гарсан галын хохирлыг үүрэгт ажлаа хийж байсан ажилтан хариуцах үндэсгүй юм.

Мөн хэргийн хамгийн гол баримт болох Төв аймгийн Онцгой байдлын газар нь акт гаргаж гал гарсан шалтгааныг хэргийн газар ажиллаж дүгнэлт гаргалгүй зөвхөн мөрдөгчийн бүрдүүлсэн материал, хүмүүсийн тайлбарыг л үндэслэн ахлах тогооч Лг буруутай мэтээр дүгнэсэн байна. Гэтэл Төв аймгийн Онцгой байдлын газрын гал гарсан нь тогоочийн тос асгаснаас болсон гэж дүгнэх үндэслэл болсон мөрдөгчийн бүрдүүлсэн баримт нь өөрөө хуульд нийцээгүй буюу гадаад улсын иргэний эх хэлээр буюу мэддэг хэлээр нь мэдүүлэг аваагүй, монгол хэлээр тайлбар авахдаа орчуулагч оролцуулаагүй, тайлбар, хохирол төлбөр төлөхөө илэрхийлсэн гэх монгол хэл дээр бичсэн баримтуудыг БНХАУ-н иргэн Лг бичсэн гэж үзэх боломжгүй баримтууд байна. Тийм учраас гал гарсан нь ахлах тогоочийн буруутай үйлдэл гэдгийг цагдаагийн байгууллагаас эцэслэн бодитой тогтоож чадаагүй, хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэсэн үндэслэлээр хаасан байх тул дээрх баримтуудыг үндэслэн Лг буруутай гэж үзэж хохирлыг хариуцуулахаар шийдвэрлэх боломжгүй юм.

Ажил олгогч Г- нь тогооч Лг ажиллуулахдаа ямар нэгэн хөдөлмөрийн гэрээ болон эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулаагүй. Хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагаатай холбоотой ямар ч дүрэм журам байхгүй, дагаж мөрдөж байхаар гарын үсэг зуруулж аюулгүй ажиллагааны дүрэм журам мөрдүүлж байгаагүй атлаа зуухнаас гарсан галыг аюулгүй ажиллагааны дүрэм зөрчсөнөөс гарсан гэж үзэж хоол хийж байсан тогоочийг буруутгах үндэслэлгүй юм.

Мөн М- нэхэмжлэл гаргаж байгаа нь ойлгомжгүй байна. Гэгээ зоогийн газрыг 2008-2009 онд Г- эрхлэн удирдаж ажиллуулж байсан ба М- нь түүний нөхөр юм. Мөн гал гарсан үед зоогийн газарт Б- байгаагүй юм. Гэтэл түүнийг хохирол учруулсан гэж үзэж төлбөр гаргуулахаар хариуцагчаар татаж байгаа нь мөн үндэслэлгүй юм. Иймд Г- М- нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар БНХАУ-ын иргэн Л /Lui Tierui/-гаас 4 520 800 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г-, М- нарт олгож, нэхэмжлэлээс үлдэх 4 748 140 төгрөгт холбогдох хэсгийг болон хариуцагч Б-д холбогдох нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 163 253 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч БНХАУ-ын иргэн Лгаас улсын тэмдэгтийн хураамжид 87 282 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г-, М- нарт олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.

Төв аймгийн Онцгой байдлын газрын 2009 оны 05 дугаар сарын 01-нд гарсан Гал гарсан тухай актанд гал гарсан шалтгааныг хэргийн газар ажиллаж дүгнэлт гаргалгүй зөвхөн мөрдөгчийн бүрдүүлсэн материал, хүмүүсийн тайлбарыг л үндэслэн ахлах тогооч Лю Теруйг буруутай мэтээр дүгнэсэн байна. Гэтэл Төв аймгийн Онцгой байдлын газрын гал гарсан нь тогоочийн тос асгаснаас болсон гэж дүгнэх үндэслэл болсон мөрдөгчийн бүрдүүлсэн баримт нь өөрөө хуульд нийцээгүй буюу гадаад улсын иргэний эх хэлээр буюу мэддэг хэлээр нь мэдүүлэг аваагүй, монгол хэлээр тайлбар авахдаа орчуулагч оролцуулаагүй, тайлбар, хохирол төлбөр төлөхөө илэрхийлсэн гэх монгол хэл дээр бичсэн баримтуудыг Лю Теруйг бичсэн гэж үзэх боломжгүй баримтууд байна. Тухайн гар бичмэл баримт дээрх бичвэр болон гарын үсгийг шинжээч томилуулах хүсэлт гаргасан боловч шүүхээс хүлээн аваагүй. Хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэсэн үндэслэлээр хаасан байх тул дээрх баримтуудыг үндэслэн Лю Теруйг буруутай гэж үзэж хохирлыг хариуцуулахаар шийдвэрлэх боломжгүй юм.

Мөн ажил олгогч Г- нь тогооч Лю Теруйг ажиллуулахдаа ямар нэгэн хөдөлмөрийн гэрээ болон эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулаагүй. Хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагаатай холбоотой ямар ч дүрэм журам байхгүй, дагаж мөрдөж байхаар гарын үсэг зуруулж аюулгүй ажиллагааны дүрэм журам мөрдүүлж байгаагүй атлаа зуухнаас гарсан галыг аюулгүй ажиллагааны дүрэм зөрчсөнөөс гарсан гэж үзэж хоол хийж байсан тогоочийг буруутгах үндэслэлгүй юм.

Гал гарсны дараа зоогийн газар засвар хийн дахин хэвийн ажиллаж эхэлсэн байдаг бөгөөд Г- нар нь Лгийн цалинг сард зөвхөн хоол хүнсэнд дөнгөж хүрэлцэх төдий буюу 200 000 төгрөг орчим цалин олгож, цалингийн зөрүүг хохиролд тооцон авч нэг жил ажиллуулсан байна. Мөн хариуцагч нар нь өөрсдийн хашаа байшинг Г- нарт үлдээгээд ирсэн байдаг. Гэтэл нэхэмжлэгч нар нь чанарын шаардлага хангахгүй тоног төхөөрөмж бүхий пльетка ажиллуулснаас гадна гал гарсан тохиолдолд галыг унтраах зэрэг хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлыг хангах арга хэмжээг огт аваагүй нь харагдаж байна. Тухайн үед ажиллаж байсан гэрчүүдийн мэдүүлгээр зоогийн газарт гал унтраагуур байгаагүй тул галыг унтраахын тулд арга буюу ус цацсан, гэтэл гал улам ассан талаар мэдүүлсэн байна.

Мөн төв аймгийн Онцгой байдлын газраас ирүүлсэн лавлагаагаар нэхэмжлэгч нар нь зоогийн газартаа галын аюулгүй байдлын дүгнэлт огт гаргуулж байгаагүй нь нотлогддог. Хэрэв нэхэмжлэгч нар нь хөдөлмөр хамгаалал, галын аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлж галын аюулгүй байдлын тухай дүгнэлт гаргуулж галын хор зэрэг шаардлагатай тоног төхөөрөмж суурилуулсан тохиолдолд гал руу ус цацах бус харин галын зориулалт бүхий хор ашиглан галыг тархахаас өмнө унтраах боломжтой юм. Нэхэмжлэгч нарын буруутай үйлдэл хохирлын хэмжээ нэмэгдэхэд нөлөөлсөн гэж үзэх бодит үндэслэл байсаар байхад энэ нөхцөл байдлыг шүүх харгалзаж үзсэнгүй.

Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт зааснаар учирсан хохирол буюу шүүхээс гаргуулахаар шийдвэрлэсэн 4 980 400 төгрөгийн хохирлын хэмжээг 50 хувь бууруулан эрсдлийг талуудад адил хуваан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч Г-, М- нар нь хариуцагч Б-, БНХАУ-ын иргэн Л /Lui Tierui/ нарт холбогдуулан эд хөрөнгөнд учирсан гэм хорын хохиролд 9 268 940 төгрөг гаргуулах нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Г-, М- нар нь Гэгээ зоогийн газрыг ажиллуулдаг байсан нь Төв аймгийн Заамар сумын 3 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, Төв аймгийн Стандартчилал хэмжил зүйн хэлтсийн тохирлын гэрчилгээ гэх баримтаар тогтоогдсон тул анхан шатны шүүх Иргэний хуулийн 241 дүгээр зүйлийн 241.2 дахь хэсэгт зааснаар хамтран үүрэг гүйцэтгүүлэгчид гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй тул гэм хорын хохирлыг хамтран шаардах эрхтэй гэж дүгнэсэн нь зөв байна.

 

Төв аймгийн Заамар сумын Хайлаас багийн нутагт байрлах Гэгээ зоогийн газарт 2009 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр зоогийн газрын ахлах тогооч Лг хоол хийх явцад цахилгаан зуухан дээр тос асгаснаар гал гарч, улмаар эд хөрөнгөд 4 980 400 төгрөгийн хохирол учирсан үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ.

 

Нэхэмжлэгч нар барилга байшин, тоног төхөөрөмжид учирсан хохиролд 4 980 400 төгрөг, лангуунд байсан барааны үнэ 483 900 төгрөг, гал тогоонд байсан хоолны материалын үнэ 240 190 төгрөг, тээврийн хөлс, бензин авахад зарцуулсан 330 000 төгрөг, засварын хийхэд зарцуулсан 2 594 050 төгрөг, ажлын хөлсөнд төлсөн 500 000 төгрөг, хариуцагчийг эрэн сурвалжлуулахад гарсан зардалд 140 000 төгрөг буюу нийт 9 268 940 төгрөгийг хохиролд тооцож нэхэмжилсэн.

 

Хариуцагч нар нь нэхэмжлэгч нарын эд хөрөнгөд хохирол учруулсан гэм буруугийн талаар маргажээ.

 

Төв аймгийн заамар суман дахь Сум дундын цагдаагийн хэлтэсийн хэрэг бүртгэгч Лгаас авсан мэдүүлэг, тус газарт гаргасан Лгийн гаргасан хүсэлт, хэрэг бүртгэгчийн эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай санал, Төв аймгийн Прокурорын газрын прокурорын 2009 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай 251 дүгээр тогтоол, Төв аймгийн Онцгой байдлын газрын гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчийн 2009 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 06/009 дугаартай гал түймэр гарсан тухай акт гэх баримтуудыг талуудын тайлбартай харьцуулан дүгнэвэл БНХАУ-ын иргэн Лгийн болгоомжгүй үйлдлийн улмаас нэхэмжлэгч нарын эд хөрөнгөнд гэм хор учирсан болох нь тогтоогдож байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар тэдгээр нь хариуцагч Лгаас уг хохирлыг шаардах эрхтэй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

Гал гарах үед лангуу болон гал тогоонд байсан гэх 483 900 төгрөгийн бараа, 240 190 төгрөгийн хоолны материал, 330 000 төгрөгийн тээврийн хөлс, бензиний зардал, 2 594 050 төгрөгийн барилгын материалын зардал, 500 000 төгрөгийн засварын хөлс гарсныг дэвтрийн бичвэр, зарлагын баримтуудаар хангалттай нотлогдоогүйгээс гадна Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэн зөв гэж дүгнэхээргүй, эргэлзээтэй баримт гэж анхан шатны шүүх дүгнэж, холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг буруутгах үндэслэлгүй. /дэвтрийн 78-80 дахь тал, хх 20-21 дэх тал/

 

Харин гал гарсны улмаас нэхэмжлэгч нарын 4 980 400 төгрөгийн эд хөрөнгө шатаж, устаж үгүй болсон нь эд зүйлд үнэлгээ хийсэн комиссийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд хариуцагч Л нь бусдын эд хөрөнгөд учруулсан гэм хорыг арилгахдаа Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй болно. Мөн нэхэмжлэгч нь хариуцагч нарыг эрэн сурвалжлуулж, улсын тэмдэгтийн хураамжид 140 400 төгрөг төлсөн нь баримтаар тогтоогдож байх тул анхан шатны шүүх Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар хохирол тооцсон нь хуульд нийцжээ.

 

Хариуцагч Лгээс гэм хорын хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор нэхэмжлэгч нь түүний цалингаас суутгасан 600 000 төгрөгийг бодитоор учирсан хохирол 5 120 800 төгрөгөөс хасч тооцон хариуцагч Лгээс 4 520 800 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгож анхан шатны шүүх шийдвэрлэсэн нь буруутгах үндэслэлгүй.

 

Харин хариуцагч Б- нь нэхэмжлэгч нарт гэм хор учруулсан гэж үзэх үйл баримт тогтоогдоогүй тул түүнд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь хуульд нийцсэн.

 

Харин хариуцагч Л нь зоогийн газарт гал гарснаас хойш ажиллахдаа сард 200 000 төгрөгийн цалин авч байсан, цалингийн зөрүүг хохиролд тооцон 1 жилийн хугацаанд төлсөн, өөрсдийн хашаа байшинг нэхэмжлэгч Г-д шилжүүлж өгсөн, нэхэмжлэгч нь чанарын шаардлага хангахгүй тоног төхөөрөмж дээр хөдөлмөр хамгаалал аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авалгүйгээр ажиллуулсан гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй тул давж заалдах гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Зоогийн газарт гал гарсан хэргийн улмаас Төв аймаг заамар суман дахь Сум дундын цагдаагийн хэлтэсийн хэрэг бүртгэгч 2009 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Лгээс авсан байцаалт болон түүний цагдаагийн хэлтэст гаргасан хүсэлт /хх 13, 48-49 дэх тал/ зэргийг харьцуулан үзвэл хариуцагч нь монгол хэл мэддэггүй байсан гэж үзэх үндэслэлгүй байхаас гадна Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн /2002 оны/ 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэгт зааснаар монгол хэл мэддэггүй бол өөрийн мэддэг хэлээр тайлбар, мэдүүлэг өгөх эрхтэй байсан ба уг эрхээ эдлээгүй гэх гомдол эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамаарна.

 

Түүнчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Лгийн цагдаагийн хэлтэст гаргасан хүсэлтэд зурсан гарын үсгийн үнэн зөвийг тогтоолгохоор шинжээч томилуулах хүсэлт гаргасныг анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасанд хамаарахгүй гэх үндэслэлээр хүлээж аваагүйг буруу гэж дүгнэхгүй юм.

 

Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт зааснаар хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн гэх байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангах боломжгүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШШ2019/00687 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 87 283 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогч магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

Э.ЗОЛЗАЯА