Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 2025/ДШМ/890

 

2025               07            24                                       2025/ДШМ/890

 

Ц.О-од холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Ц.Оч, шүүгч Г.Ганбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Е.Хулан,

шүүгдэгч Ц.О, түүний өмгөөлөгч Л.Баасанжав,

нарийн бичгийн дарга Э.Өсөхбаяр нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 2025/ШЦТ/1386 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.А, шүүгдэгч Ц.О-ын өмгөөлөгч Л.Баасанжавын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн шүүгдэгч Ц.О-од холбогдох эрүүгийн 2411029240183 дугаар хэргийг 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Ганбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овогт Ц-гийн О, **** оны 12 дугаар сарын 11-ний өдөр ********* аймагт төрсөн, ** настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан мэргэжилтэй, ***** ***** ****-д гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт *********** дүүрэг * дугаар хороо, ** дугаар байрны * тоотод оршин суух хаягтай, урьд * удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан, /РД:***********/,

Шүүгдэгч Ц.О- нь 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хохирогч Б.Атэй урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хуучин нисэх онгоцны буудлын 2 дугаар давхарт байх *******банкны салбараас 3,000,000 юанийг монгол төгрөг болгож өгнө гэж өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч 1,436,800,000 төгрөгийн буюу их хэмжээний мөнгийг өөрийн **** банкны дансанд шилжүүлэн авч 1xbet тоглоом тоглож алдан залилах гэмт хэрэгт холбогджээ.  

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Ц.О-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: “...Шүүгдэгч Ц.О-ыг хуурч, бодит байдлыг нуух замаар, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ц.О-ыг 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.О-од оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.А давж заалдах гомдолдоо: “...Миний бие анхан шатны шүүхэд мэдүүлэхдээ шүүгдэгчтэй олон жилийн хамтын ажиллагаатай байгаа, өөрийн төрсөн аав болон ах нараараа дамжуулж шүүгдэгч Ц.О-ын ахтай болон өөртэй нь нөхөрлөсөн, шүүгдэгч идэвх санаачилга, сэтгэл гаргаж хохирол өр төлбөрөө бүрэн барагдуулсан зэргийг харгалзан үзэж хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү гэсэн хүсэлтийг тавьсан. Шүүх хүнлэг, энэрэнгүй зарчим баримтлах ёстой гэж бодож байна. Прокурор бас торгуулийн ял шүүхэд санал гаргасан. Өмгөөлөгч бас шүүхэд хорихоос өөр төрлийн ял гэж санал гаргасан.  Давж заалдах шатны шүүхээс миний гомдлыг харгалзан үзэж шүүгдэгч Ц.О-од оногдуулсан хорих ялыг өөрчилж торгуулийн ялаар сольж өгнө үү. ...” гэжээ.   

Шүүгдэгч Ц.О-ын өмгөөлөгч Л.Баасанжав давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэргийн үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ”, мөн зүйлийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт “... учруулсан хохирлыг төлсөн” гэсэн хуулийн заалтуудыг буруу хэрэглэж миний үйлчлүүлэгч Ц.О-од оногдуулах ялыг хөнгөрүүлж үзээгүй мөн шүүгдэгчийг удаа дараа гэмт хэрэгт холбогдсон зэрэг үндэслэлээр хорих ял оноосныг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаант холбоо нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг буюу хууль бус мөрийтэй тоглоомыг Монгол улсын нутаг дэвсгэрт, банкны данс, гүйлгээг ашиглан мөрийтэй тоглоом зохион байгуулсан этгээдүүдтэй холбоотой байдаг. Гэрч С. А нь “би 1хбет-ийн дансыг нь дор бүр нь цэнэглэж өгдөг, энэ хүн манайхаар үйлчлүүлээд жил гаруй болж байна, би өөрийн **** банкны дансаараа мөнгийг нь хүлээн авч цааш нь шилжүүлсэн” гэх мэдүүлгүүд байдаг. Хэрвээ С.А нь өөрийн банкны дансыг ашиглан шүүгдэгчээс мөнгө шилжүүлж авч цааш нь дамжуулан шилжүүлээгүй бол энэ гэмт хэрэг төгс үйлдэгдэхгүй байсан. Гэхдээ Ц.О- өөрийн үйлдсэн гэмт үйлдэлдээ гэмшиж гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэрэг бүртгэлтийн шатнаас шүүхийн хэлэлцүүлэгт хүртэл гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд хохирол төлбөрөө барагдуулахын тулд өөрийн амьдардаг орон байраа, унаж байсан машинаа, өөрийн болон эхнэрийнхээ утасны дугааруудыг хохирогчид шилжүүлэн өгч байгаа нь түүний хувийн байдлыг илэрхийлэхийн зэрэгцээ хэр зэрэг үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгааг илтгэнэ. Мөн шүүх үндэслэх хэсэгт “шүүгдэгч нь удаа дараа гэмт хэрэгт холбогдож эрүүгийн хариуцлага хүлээж байсан тул Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх шаардлагагүй гэж үзэв” гэжээ. Өнөөдрийн Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Эрүүгийн хуульд гэмт хэрэг “удаа дараа” үйлдсэн бол гэсэн зохицуулалт байхгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3-р зүйлийн 1 дүгээр хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна. ” 5 дугаар хэсэгт “Нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна.” гэж заасан байдаг. Гэтэл түүнийг “хувийн байдал” муу гэх үндэслэлээр түүний өмнө нь холбогдож зохих шийтгэлээ хүлээсэн хэргийг хувийн байдалтай нь холбож дүгнэлт хийн түүний эрх зүйн байдлыг дордуулж байгаа нь эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцэхгүй байна. Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх гэх ойлголт нь шүүгдэгчийн гэм буруугаас гадна түүний үйлдсэн гэмт хэрэгтээ хэрхэн гэмшиж байгаа, хохирол төлбөрийг хэрхэн барагдуулсан зэрэг хувийн байдлаас нь шалтгаалж заавал хорих бус өөр бусад тохирсон ялыг нь оноож болох тухай ойлголт юм. Эдгээр нөхцөл байдлуудыг улсын яллагчийн зүгээс дотоод итгэлээрээ дүгнэж хорихоос өөр төрлийн ял шүүхэд санал болгосон, мөн хохирогчийн зүгээс шүүхэд өгсөн мэдүүлэгтээ “шүүгдэгчээс нэхэмжлэх төлбөр мөнгө байхгүй, ямар нэгэн гомдол санал байхгүй, шүүгдэгчид хорихоос өөр төрлийн ял оноохыг хүсэж байна” гэж мэдүүлдэг ба мөн өмгөөлөгчийн зүгээс адилхан байр суурьтай гэдгээ дүгнэлт хэсэгтээ илэрхийлсэн. Харамсалтай нь анхан шатны шүүх улсын яллагч, хохирогч, өмгөөлөгчийн дүгнэлтүүдийг хүлээн аваагүй бөгөөд шийтгэх тогтоолын үндэслэх хэсэгтээ хэрэглэх ёстой хуулийн талаар дурдсан атлаа бодит байдал дээрээ хэрэглээгүй болно. Хууль тогтоогчоос Эрүүгийн хариуцлагын зорилгыг тус хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд хэлбэржин томьёолохдоо таван зорилгоор томьёолсон бөгөөд дарааллыг нь зүгээр ч нэг дураараа байрлуулаагүй нь ойлгомжтой. Тодруулж хэлбэл: эрүүгийн хариуцлагын эцсийн зорилго нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай хүнийг нийгмээс тусгаарлах биш нийгэмшүүлэх зорилготой байдаг билээ. Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Баянгол, Хан-уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн №2024/ШЦТ/1386 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж миний үйлчлүүлэгч Ц.О-од хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Ц.О- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийн саналыг дэмжиж байна. Мөрийтэй тоглоом тоглож өөрийн болон бусдын мөнгийг алдсандаа их харамсаж байна. Цаашдаа мөрийтэй тоглоом гэх зүйлээс хол байх талаар бодож байна. Шүүх бүрэлдэхүүнээс хорих ялаас өөр төрлийн ял оногдуулж өгнө үү гэж чин сэтгэлээсээ хүсэж байна” гэв.

Прокурор Е.Хулан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Өнөөдрийн шүүх хуралдаанд томилолтоор оролцож байгаа тул хэргийн материалтай танилцсан. Хэргийн материалтай танилцахад анхан шатны шүүхээс шүүгдэгч Ц.О-ын гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хорих ялын хамгийн доод хэмжээ болох 2 жил оногдуулсан. Ингэж шийдвэрлэсэн нь шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэсэн учраас үндэслэлтэй байна. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ц.О-од эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний хувийн байдал, учруулсан хохирол, хор уршиг зэргийг харгалзаад гэм буруугийн хэлбэрт тохирсон ял, шийтгэл оногдуулсан байна гэж үзэж байна. Тиймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь :

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж, дараах байдлаар дүгнэлт хийв. Үүнд:      

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 16.2 дугаар зүйл, 32.3 дугаар зүйлд зааснаар тухайн шүүгдэгч нарт холбогдох хэргийн бодит байдлыг тогтоох ажиллагаа болон тус хэрэгт цугларч, бэхжигдсэн нотлох баримтын эх сурвалжууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмыг зөрчсөн эсхүл оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэж үзэх үндэслэл, үйл баримт тогтоогдсонгүй.          

2. Эрүүгийн хэрэгт цугларч, бэхжигдсэн нотлох баримтуудыг харьцуулан шалгахад:

Анхан шатны шүүх, прокуророос Ц.О-од холбогдох хэргийг “залилах” гэмт хэргийн шинжтэй гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байх тул хэргийн зүйлчлэлийг “хөрөнгө завших” гэмт хэргийн шинжтэй гэж зөвтгөх үндэслэлтэй байна. Учир нь:

2.1. Шүүгдэгч Ц.О- нь вальют арилжааны “************* *****” ББСБ-ын үйл ажиллагаа эрхлэн явуулж байхдаа урьд өмнө хамтран ажилладаг байсан Б.Аээс “юанийг монгол төгрөг болгуулах зорилгоор 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Хан-Уул  дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр, хуучин нисэх онгоцны буудлын 2 дугаар давхарт байх *******банкны салбараас дансаар шилжүүлж, итгэмжлэн хариуцуулсан 3,000,000 юань буюу 1,436,800,000 төгрөг”-ийг завшиж, их хэмжээний хохирол учруулсан болох нь:      

- Б.Аийн гомдол /хх-3/,   

- хохирогчийн Б.Аийн “...2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр *********** дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Найман шарга вальют арилжааны зах дотор байрладаг “************* *****” ББСБ-ын О- гэх захиралтай холбогдож, бэлэн бус юань авах уу гэж асуухад авна гэсэн. Би 3,000,000 юань байгаа, ханш ямар байна гэхэд судлаад хэлье гэсэн, дараа нь 1 юаныг 479 төгрөгөөр тооцож авъя гэхэд нь зөвшөөрсөн ба ***** *****ББСБ-ын *******банкны ************* дугаарын данс руу 1,000,000 юанийг, үлдсэн 2,000,000 юанийг “************* *****” ББСБ-ны *******банкны *************дугаарын данс руу шилжүүлсэн. О-ыг ББСБ ажиллуулдаг учраас миний солиулж байгаа мөнгөнөөс өөрсдөө цааш нь арилжаад ашиг унагаадаг гэж би бодоод тухайн үедээ миний мөнгийг шууд өгнө гэж бодоогүй, хэсэг байж байгаад өгөх байх гээд орхисон. Би ажилтай болоод хөдөө явсан...Сүлжээтэй газарт очин О- руу залгахад чиний мөнгийг долларын хэлцэл аваад доллар болгоод буцаагаад өөрийнхөө данс руу татах гэсэн боловч Капитрон банк удаад байна, орой болсон учир маргааш мөнгийг чинь шилжүүлэх юм байна гэсэн. Маргааш нь орон нутгийн сонгууль болсон учраас бүх нийтийн амралт, мөн амралтын өдрүүд таарсан учраас би О-той яриад л байсан. О-ыг боломжоороо 500,000 сая төгрөг гаргаад өгөөч, мөнгөний хэрэг байна гэж хэлсэн. О- ч тэгье, хүнээс асуугаад хариу хэлье гэж байсан боловч гаргаж өгөөгүй. Улмаар О- руу залгахад утсаа авахгүй болсон...О- өөрөө над руу залгаж, чиний мөнгөөр мөрий тавиад тоглочихсон гэж үнэнээ хэлсэн.../хх7-8/... Ц.О-той өмнө хэд хэдэн удаа хамтарч ажиллаж байсан...Утсаа авахгүй 4-5 хоноод тэгээд хэд хоногийн дараа эхнэр, ар гэрийнхэнд мэдэгдсэн чинь өөрөө утсаар яриад мөнгөөр мөрийтэй тоглосон гэдгээ надад хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-45/,

- гэрч С.Аын: “...1xbet нь Дэлхийн хэмжээний бооцооны сайт, агент нь пэйжээр холбогдсон хүнээс орж ирсэн мөнгийг нь дансаараа авч шимтгэл, хураамжгүйгээр тухайн хүний…дансыг нь өгсөн мөнгөөр нь цэнэглэж өгдөг...Би энэ хүнтэй бол уулзаж байгаагүй, энэ хүн манайхаар үйлчлүүлээд 1 жил гаруй хугацаа болж байна. Энэ хүн нь ************** гэх фейсбүүкээр манай пэйж хуудастай холбогдож…дугаарын дансаа цэнэглүүлдэг. **** банкны ************* дугаарын дансыг би эзэмшдэг, Ц.О- нь өөрийнхөө дансаа цэнэглүүлэхээр над руу дээрх мөнгүүдийг шилжүүлсэн, би дор бүр нь цэнэглэж өгч байсан…Дансаар нь тухайн хүний алдаж, авч байгаа мөнгийг нь одоо харж мэдэх боломжгүй, хэчнээн төгрөг хожсон, алдсаныг мэдэхгүй, Ц.О-ын надтай харьцсан чат болон тухайн мөнгө цэнэглэж өгсөн баримтуудыг өгөх болно...” гэх мэдүүлэг /хх28/,     

- шүүгдэгч Ц.О-ын: “Би “************* ***** нэртэй ББСБ-ын захирлаар 2016 онд томилогдоод, өдийг хүртэл гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. Манай байгууллага нь гадаад валютын арилжаа, гадаад гуйвуулга хийх зөвшөөрөлтэй...Аийн аав, ах нартай нь олон жил хамтарч ажиллаж байсан, үүнтэй холбоотойгоор А манай байгууллагаар мөнгө солиулж хамтран ажилладаг байсан...Тухайн үед А утсаар холбогдоод 3,000,000 юань монгол төгрөгөөр солиулъя, ханш ямар байна гэхээр нь 471 байна гэхэд зөвшөөрсөн, ямар данс байна гэхээр нь “*************” ББСБ-ны *******банкны *************дугаарын дансаа хэлсэн, данс руу 2,000,000 юаныг шилжүүлсэн ба юанийг хувиргаад буцааж өгөх монгол мөнгө хүрэхгүй байсан учраас 1000000 юанийг манай ижил үйл ажиллагаа явуулдаг ***** *****ББСБ-ын *******банкны ************* дугаарын данс руу 1,000,000 юанийг шилжүүлсэн. “****** *******”  ББСБ-ын дансна юанийг хөрвүүлж 3 удаагийн гүйлгээгээр 1,436,800,000 төгрөгийг миний **** банкны ************* тоот данс руу шилжүүлснийг мөнгийг нь өсгөөд буцаагаад өгнө гэж бодоод өөрийн тухайн үед тоглодог байсан дансаа цэнэглэхээр агентын **** банкны ************* данс руу шилжүүлж цэнэглээд, мөнгийг бүгдийг тоглоод алдчихсан, би уналтад орсон бөгөөд Б.Ад үнэн байдлаа хэлээд тухайн үед өөрийн эзэмшилд байсан Ланд 200 маркийн машиныг 150,000,000 төгрөгт, ЧД-ийн 5 дугаар хороо 12 дугаар байрны 9 тоотод байрлалтай 3 өрөө байрыг 300,000,000 орчим төгрөгөөр, ********** дугаарыг 150.000.000 орчим төгрөгт өгөхөөр тохиролцоод гэрээ хийчихсэн байгаа бөгөөд төлбөрийг удахгүй төлж барагдуулна...” гэх мэдүүлэг /хх-141-142/, 

- “************* ***** ББСБ” ХХК-ийн *************дугаартай *******банкны дансны хуулга /хх13/,

- Ц.О-ын 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн хоорондох **** банкны ************* дугаартай дансны хуулга /хх14-17/,

- 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Хуулийн этгээдийн “***********” дугаартай улсын бүртгэлийн лавлагаа /хх55-63/ зэргээр нотлогдсон байна.  

Хөрөнгө завших гэмт хэргийн шинжийг нотолж буй нотолгооны эх сурвалжууд нь   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан, эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хангалттай байх шалгуурыг хангасан байх тул хөрөнгө завших гэмт хэргийн шинж хангагдсан гэж үзэх бөгөөд үгүйсгэн няцаах үндэслэл тогтоогдсонгүй.

2.2. Залилах бус харин хөрөнгө завших гэмт хэргийн шинжээр зүйлчлэх үндэслэлийг дараах байдлаар тодотгож байна.  

2.2.1. Шүүгдэгч нь анхнаасаа залилах гэмт сэдэлт, зорилго бүхий үйлдлийн аливаа  аргаар хохирогчийн “их хэмжээний юань”-г шилжүүлэн аваагүй байна.  

Харин гадаад валютын арилжаа, гадаад гуйвуулгын үйл ажиллагаа тогтмол эрхэлж  буй гэх ”************* *****” ББСБ-ийн захирал Ц.О-той олон жил тухайн чиглэлд ажилласан хамтын ажиллагаа, итгэлцсэн харилцааны хүрээнд Б.А нь “юанийг монгол төгрөг болгуулах”-аар нэг талын буюу өөрийн хүсэл зоригоо сайн дураар, чөлөөтэй илэрхийлж, өөрийн санаачилгаар 3,000,000 юанийг Ц.О-ын данс руу шилжүүлсэн байх тул тухайн тохиолдолд гадаад вальют буюу хөрөнгийг итгэмжлэн хариуцах, хариуцуулах гэрээ, хэлцэл 2 талын хооронд хийгдсэн гэж үзэх үндэслэлтэй.   

2.2.2. Ц.О- нь Б.Аээс тийнхүү “монгол төгрөг болгуулах”-аар итгэмжлэн хариуцуулж, дансаар шилжүүлсэн 3.000.000 юаныг буцааж өгөхгүй байх сэдэлт, зорилготой байсан гэх нь хөдөлбөргүй нотлогдоогүй, харин монгол төгрөг болгон буцааж өгөхийн өмнө хувийн явцуу буюу өсгөх гэсэн сэдэлт, зорилгын хүрээнд мөрийтэй тоглоом тоглосны улмаас үрэгдүүлсэн, энэ байдлаа хохирогч талд бодитой мэдэгдсэн зэргийг үгүйсгэх үндэслэл тогтоогдоогүй байна. 

2.2.3. Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэх боломжгүй харин төсөөтэй гэмт хэргийг  нотолгооны стандарт шаардлагыг хангаж буй нотлох баримтын эх сурвалжид тулгуурлаж, гэмт хэрэг зүйлчлэх, хуулийг тайлбарлах арга зүйг ашиглаж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх нь зайлшгүй шаардлага болно.

Тийм учраас, Ц.О- нь Б.Аээс тийнхүү монгол төгрөг болгуулахаар өөрт нь итгэмжлэн хариуцуулж, дансаар шилжүүлсэн 3.000.000 юаныг итгэмжлэн хариуцаж, улмаар буцаан өгөх үүрэг хүлээсэн болохоо мэдсээр байж, зөвхөн хувийн ашиг сонирхлоор “мөрийтэй тоглоом тоглон үрэгдүүлсэн” буюу бусдын итгэмжлэн хариуцуулсан хөрөнгийг хууль ёсны эзэмшлээс хууль бус эзэмшилд шилжүүлж, захиран зарцуулсан тусгай шинжийг агуулсан байх тул залилах гэмт хэргийн шинж бус харин хөрөнгө завших гэмт хэргийн шинж хангагдсан гэж дүгнэв.

Ц.О-од холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан хэргийн зүйлчлэлийг мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт болгон зөвтгөн өөрчилснөөр шүүгдэгчийн эрх зүйн байдал дордохгүй буюу оногдуулах ял шийтгэл хүндрэхгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт нийцэж байгаа, зөрчигдөхгүй юм.     

2.3. Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн эсэх нь хуулиар баталгаажуулснаар тэдний эрхэд хамаарах ба тус эрхийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд тухай бүр танилцуулж тайлбарласан буюу тэдний эрх зөрчигдөөгүй байхаас гадна шүүгдэгч нар гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нь хохирогчийн мэдүүлэг, бусад нотлох баримтын эх сурвалжаар нотлогдсон байгааг дурдах нь зүйтэй. 

3. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан үндэслэл, журмын хүрээнд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын буюу учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг бүх талаас нь харгалзаж, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, шалгууртай байдаг.  

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзах энэхүү шалгуур, шаардлагыг нотолж буй баримт, талуудын санал, дүгнэлтийг харьцуулан шалгаж, үнэлэх замаар ялын төрөл, хэмжээг хэрхэн оногдуулах нь шүүхэд олгогдсон эрх хэмжээний асуудалд хамаардаг.

Анхан шатны шүүхээс эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дүгнэсэн байна.

Шүүгдэгч нь өмнө нь эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон байгааг нь түүний эрх зүйн байдлыг дордуулах хязгаарлалтыг Эрүүгийн хуулиар тогтоосон гэж үзэх үндэслэлгүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах боломжгүй.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ц.О-ыг 25,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 25,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг торгох ялаар сольсонтой холбоотойгоор түүний

2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрөөс 2025 оны 07 дугаар сарын 24-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 63 хоногийн 1 хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцон нийт 945,000 төгрөгийг түүнд оногдуулсан 25,000,000 төгрөгөөр торгох ялаас хасаж, биечлэн эдлэх торгох ялыг 24,550,000 төгрөгөөр тогтоов.    

4. Дээрх үндэслэл, үйл баримтын хүрээнд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж, мөн шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогч нарын нарын давж заалдах журмаар гаргасан “хорих ялыг торгох ял болгон хөнгөрүүлэх” тухай гомдлыг хангаж, цагдан хоригдож буй шүүгдэгчийг нэн даруй суллаж, түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  1.4 дүгээр зүйлийн 1.33, 34.14 дүгээр зүйлийн  2 дахь хэсэг, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь :     

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 2024/ШЦТ/1386 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ц.О-од холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчилснийг мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт болгон өөрчилсүгэй” гэсэн нэмэлт заалт оруулж, тогтоох хэсгийн 1 дэх заалтыг: “Шүүгдэгч Ц.О-ыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсаны улмаас их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:   

“Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ц.О-ыг 25,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 25,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулcугай.”,

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ц.О-ын цагдан хоригдсон 63 хоногийн 1 хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15000 төгрөгөөр тооцон 945,000 төгрөгийг түүнд оногдуулсан 25.000.000 төгрөгөөс хасаж, эдлүүлэх торгох ялын хэмжээг 24.055.000 төгрөгөөр тогтоосугай.”,  

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.О-од оногдуулсан торгох ялыг 8 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцон хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.”,

“Цагдан хоригдож буй шүүгдэгч Ц.О-ыг нэн даруй суллаж, түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.” гэсэн нэмэлт заалтууд тус тус оруулсугай.   

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 3, 5 дахь заалтыг хүчингүй болгож, бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогч нарын нарын давж заалдах журмаар гаргасан “хорих ялыг торгох ял болгон хөнгөрүүлэх” тухай гомдлыг хангасугай.  

4. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар оролцогч гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

                             ШҮҮГЧ                                                     Ц.ОЧ

 

                             ШҮҮГЧ                                                    Г.ГАНБААТАР