| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Д.Цэцэгээ |
| Хэргийн индекс | 314/2025/01037/И |
| Дугаар | 314/ШШ2025/00767 |
| Огноо | 2025-10-29 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 10 сарын 29 өдөр
Дугаар 314/ШШ2025/00767
| 2025 10 29 | 314/ШШ2025/00767 |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэцэгээ би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Юнескогийн гудамж-28, МПМ цогцолборт байрлах “Мобифинанс” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ***аймгийн ***сумын, *** дугаар багийн *** дугаар гудамжны ****тоотод оршин суух, ****овгийн ***холбогдох,
“Зээлийн гэрээний үүрэгт 1,201,789 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Мобифинанс” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “...**** нь “Мобифинанс ББСБ” ХХК-тай 2023 оны 11 сарын 28-ны өдөр Зээл, зээлийн эрх нээх 140000997637 дугаартай гэрээ байгуулсан бөгөөд өөрийн эзэмшлийн Мобиком үүрэн телефоны ****дугаарыг ашиглан зээл авч, төлж байсан болно. **** нь уг гэрээний үндсэн дээр 2025.02.11-ний өдөр 990,000 төгрөгийг 2.6% хүүтэй, 1 сарын хугацаатайгаар авсан ба зээлийг гэрээнд заасан 30 хоногийн хугацаанд төлж барагдуулаагүй, зээлийн гэрээний үүргийг шаардан зээлийн гэрээнд заасан утасны дугаараар холбогдохыг удаа дараа оролдсон боловч хариуцагч нь огт утсаа аваагүй, харилцан зөвшилцөх аргаар маргааныг шийдвэрлэх боломжгүй болсон тул маргааныг шүүхийн журмаар шийдвэрлүүлэх шаардлага үүссэн. 2025.09.17-ны өдрийн байдлаар ****гийн үндсэн зээлийн үлдэгдэл 990,000 төгрөг, 2025.02.11-ний өдрөөс 2025.09.17-ны өдрийг хүртэлх 190 хоногийн зээлийн хүү 183,966 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 27,823 төгрөг, нийт 1,201,789 төгрөг байна. **** нь зээлийн гэрээний үүргийг хугацаанд нь гүйцэтгээгүй, төлбөрийн үлдэгдэлтэй байх тул “Мобифинанс ББСБ” ХХК нь зээлийн гэрээний үүрэгт нийт 1,201,789 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байгаа болно.” гэжээ.
Хариуцагч **** шүүхэд гаргасан тайлбартаа “...Миний бие “Мобифинанс ББСБ” ХХК-ийн нэхэмжилсэн 1,201,789 төгрөгийг 2025 оны 11 дүгээр сарын 30 гэхэд төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **** шүүхэд ирүүлсэн тайлбартаа “...”Мобифинанс ББСБ” ХХК нь хариуцагч ****гээс зээлийн гэрээний үүрэгт 1,201,789 төгрөг шаардан нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,201,789 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч 2025 оны 11 дүгээр сарын 30-ны дотор төлж барагдуулахаа илэрхийлсэн хариу тайлбараас татгалзах зүйлгүй. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Мобифинанс ББСБ” ХХК нь хариуцагч ****д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,201,789 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч **** нь нэхэмжлэгч “Мобифинанс ББСБ” ХХК-ийн нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэгт 1,201,789 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч хариу тайлбар гаргасныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **** зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.
Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх бөгөөд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Мобифинанс ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч ****д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,201,789 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 33,393 төгрөгийн тавин хувь болох 16,696.5 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн төсвийн орлогоос 16,696.5 төгрөгийг, хариуцагч ****гээс 16,696.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Мобифинанс ББСБ” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ЦЭЦЭГЭЭ