| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбат Шинэбаяр |
| Хэргийн индекс | 2208021360004 |
| Дугаар | 2025/ДШМ/915 |
| Огноо | 2025-07-30 |
| Зүйл хэсэг | 17.4.2.2., |
| Улсын яллагч | Н.Ундрах |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 07 сарын 30 өдөр
Дугаар 2025/ДШМ/915
2025 07 30 2025/ДШМ/915
Б.М, Р.М нарт холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Ц.Оч, шүүгч Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Н.Ундрах,
хохирогч Н.Н-ийн өмгөөлөгч А.Ганбат,
цагаатгагдсан этгээд Б.М, Р.М нарын өмгөөлөгч Ц.Монгол,
нарийн бичгийн дарга Э.Даваадулам нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 2025/ШЦТ/1425 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Н.Н-ийн өмгөөлөгч А.Ганбатын гаргасан давж заалдах гомдол, прокурор Н.Ундрахын бичсэн 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 30 дугаар эсэргүүцлийг үндэслэн Б.М, Р.М нарт холбогдох эрүүгийн 2208021360004 дугаар хэргийг 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Шинэбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
1. ................. тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: .............../;
2. .................. тоотод оршин суух, /РД: ........................./,
Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2010 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 491 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 жил хорих ял,
Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2011 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 345 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 01 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.3-т зааснаар энэ тогтоолоор оногдуулсан 5 жил 1 сарын хорих ял дээр өмнөх 491 дүгээр тогтоолоор оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялын зарим буюу 2 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн эдлэх ялыг 7 жил 1 сарын хугацаагаар тогтоосон,
Баянзүрх дүүргийн шүүхийн 2011 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 573 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.3-т зааснаар нэмж нэгтгэн эдлэх ялыг 4 жил 1 cap 09 хоногийн хугацаагаар тогтоосон,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 933 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагт нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлж, 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 23 дугаартай тогтоолоор эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 376 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж, 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 23/723 дугаар тогтоолоор эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан.
Шүүгдэгч Б.М нь шүүгдэгч Р.Мтой бүлэглэн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 15-ны хооронд Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сэлэнгэ захад үйл ажиллагаа явуулах хохирогч Н.Н-ийн лангуунд худалдагчаар ажиллаж байхдаа өөрт нь итгэмжпэн хариуцуулсан ус, ундаа, архи, пиво зэрэг бараа материалд хоосон падаан бичиж, бусдад худалдсаны улмаас 109.096.050 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,
шүүгдэгч Р.М нь шүүгдэгч Б.М-тай бүлэглэн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 15-ны хооронд Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сэлэнгэ захад үйл ажиллагаа хохирогч Н.Н-ийн лангуунд худалдагчаар ажиллаж байсан Б.М-т итгэмжпэн хариуцуулсан ус, ундаа, архи, пиво зэрэг бараа материалд хоосон падаан бичиж, бусдад худалдах үйлдэлд дэмжлэг үзүүлсний улмаас 109.096.050 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан хөрөнгө завшсан гэмт хэрэгт холбогджээ.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Б.М, Р.М нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.М, Р.М нарт холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.М, Р.М нарт холбогдуулан 2208021360004 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн тогтоол, 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 22, 23 дугаартай прокурорын тогтоолуудыг тус тус хүчингүй болгож, хэргийг Сонгинохайрхан дүүргийн прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.
Хохирогч Н.Н-ийн өмгөөлөгч А.Ганбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Н.Н нь Б.М-ыг 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс лангууны туслах ажилтнаар ажилуулж эхэлсэн байдаг. Хэсэг хугацаанд дадлагажуулан ажилуулж байгаад 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр тооллого хийгээд дахин 2022 оны 02 дугаар сарын 26-ны өдөр тооллого хийж Б.М, махны лангууны худалдагч Бямбасүрэн нарт кассаа хариуцуулан хүлээлгэн өгсөн. Түүнээс хойш cap бүр тоолого хийдэг болсон. 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр тооллого хийхэд ямар нэгэн асуудал гараагүй. 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр ээлжит тоолого хийхэд 4.200.000 төгрөгийн дутагдал гарсан байдаг.
Үүнээс хойш тооллого хийх бүрт мөнгө дутагдал гардаг болсон. Бараа худалдаж байгаа тохиолдолд заавал зарлагын падаан бичдэг бөгөөд Мт нэр хаягийг нь заавал бичиж бай гэж хэд хэдэн удаа албан ёсны шаардлага тавьсан байдаг. Б.М заримдаа бичиж, заримдаа бичдэггүй байсан гэдэг. Н.Н нь Б.М-т итгэмжлэн хариуцуулсан бараа материалаас гүйлгээ хийх явцдаа санаатайгаар нягтлан бодох бүртгэлийн журам зөрчиж эс үйлдэхүй болон санаатай үйлдэлээр Н.Н-т хохирол учируулсан нь нотлогдсон гэж үзэх бүрэн үндэслэл байна.
Шүүхээс шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 10 дугаар дүгнэлтийг үндэслэл болгон шийдвэрлэсэн нь буруу байна. Хуулинд “Шинжээчийн дүгнэлтийг шүүхийн шийдвэрт үндэслэл болгох албагүй” гэж заасныг зөрчиж гаргасан шийдвэр гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэрч Д Р.М-ы архи, ундаа зэрэг барааг нэг бус удаа авчирч өгч байсан талаар тодорхой мэдүүлдэг. Энэ нь Б.М-ын нөхөр Р.М нар уг гэмт хэрэгт хамтран үйлдэгч гэдэг талаар баттай нотлогдож байна гэж үзэж байна.
Б.М-ын лангууны ар руу мөнгө унагаагаад түүнийгээ хамж авч байгаа бичлэгийн хамт “Цагаан пудволктой хүн орж ирээд дараа нь портер машинаар бараа ачиж гарч байгаа” камерийн бичлэгийг мөрдөн шалгах явцад сидинд буулган Н.Н нь өөрийн биеэр мөрдөгчид хүлээлгэн өгсөн байхад хавтаст хэрэгт хавсаргалгүй алга болгосон байдаг.
Н.Н-ийн мэдүүлснээр Б.М нь удаа дараа камерийн бичлэгийг устгасан үйлдэл гаргаж байсан нь тогтоогддог. Энэ үйлдэл нь ямар зорилготой камерийн бичлэг устгасан талаар мөрдөн шалгах ажиллагаа хийгдээгүй ба Б.М нь өөрийн гараар “Би орлогын мөнгө идэж ашиглхсан нь үнэн, энэ учируулсан хохирлоо төлж барагдуулах болно” гэсэн бичигт хавсаргасан байхад шүүх үүнийг үнэлэж дүгнэлгүй шийдвэр гарган Б.М, Р.М нарыг цагаатгаж шийдвэрэлсэнд гомдолтой байна.
Иймд цагаатгах тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.
Прокурор Н.Ундрах бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт цугларсан нотлох баримтуудаар Б.М нь хохирогч Н.Н-ийн лангууг хариуцан ажиллаж байхдаа анх 83.838.341 төгрөгийн барааг хүлээн авч, аж ахуй нэгж байгууллагуудаас 693.618.210 төгрөгийн бараа худалдан авалт хийхдээ тухайн барааг өөрийн ажиллаж байгаа байгууллагын орлогод бүртгэж авдаггүй, тухайн бүртгээгүй барааг барааны нэр, төрлийг жагссанаасаа өөрөөр хаана, хэнд зарсан талаараа бичиж, гарын үсэг зуралгүй, зарлагын падаануудыг дутуу бичиж, өөрийн танил хүмүүст худалдан өөрийн дансаар болон бэлнээр авдаг байсан, тэрхүү мөнгийг хохирогч Н.Н-ийн данс руу хийдэггүй байсан, шүүгдэгч Р.М-д архи, пиво, ус, ундаа зэрэг бараануудыг гаргуулж бусдад буюу өөрсдийн танил хүмүүст худалддаг, тэрхүү худалдан борлуулсан барааны мөнгийг Р.М өөрийн дансаараа авдаг байсан, тэрээр барилгын ажил эрхэлдэгээс өөрөөр ажил хөдөлмөр эрхэлдэггүй байсан нь түүний өөрийн өгсөн мэдүүлэг болон бусад гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдсон, Б.М нь өөрийн дансанд орсон мөнгийг өөрийн хамаарал бүхий Б.С, Г.Б, Б.Д, Ц.П нарын данс руу шилжүүлж хувийн хэрэглээнд зарцуулдаг байсан, мөн бусад байр, машин, машины дугаар, даатгал, буйдан гэх утгаар бусдын дансанд шилжүүлсэн, мөн өөрийн данс руу шилжүүлж хувийн хэрэглээндээ зарцуулдаг байсан нь дансны хуулга, үзлэгээр тогтоогдсон, мөн гэмт хэргийн замаар хууль бусаар олсон орлогоороо гэрээ тохижуулсан, архины шагийн наймаа хийдэг байсныг гэрчүүд гэрчилсэн, хохирогч Н.Н-ийн зүгээс хууль сануулж өгсөн мэдүүлэгтээ “Манай байгууллага хоосон зарлагын падаан огт бичдэггүй, тухайн 109.096.050 төгрөгийн падааныг Б.М бичсэн гэж гэмт хэрэг үйлдсэн этгээдийг шууд нэрлэн зааж, эх сурвалж болох зарлагын падаануудыг хуулийн байгууллагад гаргаж өгсөн, Б.М-ын зүгээс падааныг дутуу бичиж барааг гаргаж байснаа гэрчээр хүлээн мэдүүлсэн, энэ талаар буюу хохирлыг төлж барагдуулах талаараа гараар хүсэлт бичиж өгсөн, түүний тэрхүү мэдүүлгийн эх сурвалж болох дутуу бичигдсэн зарлагын падаанууд хэрэгт эд мөрийн баримтаар авагдаж, шинжээчийн дүгнэлтийн үндэслэл болж нотлогдон тогтоогдсон.
2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн шүүх хуралдаанд эд мөрийн баримтаар тооцогдож санхүүгийн зөрчил бүхий шинжээчийн дүгнэлтээр жагсаагдсан 109.096.050 төгрөгийн үнийн дүн бүхий падаануудаас шүүгдэгчийн Б.М, Р.М нарын өмгөөлөгч Д.Монгол “Хохирогч Н.Н-ийн үйлдсэн 34.000.000 төгрөгийн баримт, Б /Б гэх хүний үйлдсэн 12.000.000 төгрөгийн баримтыг Б.М үйлдсэн гэж хохиролд оруулан тооцсон талаар маргадаг. Шүүх хуралдааны тэмдэглэл 3 хх 113-114, мөн 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч Д.Монгол, Г.Ганцэцэг нарын зүгээс “Би бүх дутагдлыг хариуцах боломжгүй. Нийн гараар бичсэн 25.000.000 төгрөгийн падаан бүхий баримт, Б-гийн гараар бичсэн 13.000.000 падаан бүхий баримтыг хүлээн зөвшөөрөхгүй” гэж маргадаг боловч шинжээчийн дүгнэлтүүдийн хавсралтад дурдсан жагсаалтаар тооцоолсон 109.096.050 төгрөгийн үнийн дүн бүхий зөрчилтэй падаануудад дээрх маргаад байгаа хохирогч Н.Н, иргэн Б нарын гараар бичсэн гэх падаанууд нь байхгүй, үүнийг шинжээч нар шүүх хуралдаанд мэдүүлсэн, шинжээчийн дүгнэлтэд тусгагдаагүй байдаг.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйл “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан бол” гэж, 2 дахь хэсгийн 2.2-т “бусдад ноцтой, эсхүл их хэмжээний хохирол учруулж үйлдсэн бол” гэж хүндрүүлэх шинжийг заасан. Өөрөөр хэлбэл, тухайн зүйл анги нь материаллаг хохирол учирсан байхыг шаардана.
Мөн итгэмжлэгдэн хариуцсан этгээд гэж аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээсэн, эсхүл хууль буюу гэрээнд зааснаар бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээдийг ойлгох бөгөөд ингэхдээ бусдын эд хөрөнгийг өмчлөгчид нь тогтоосон хугацаанд буюу хяналт шалгалтгүйгээр буцаан өгөхгүй байх, үнэ хөлсийг нь төлөөгүй, өөрийн өмчийн адил хууль бус эзэмшил тогтоосон зэрэг аргаар завшсан этгээдийг” ойлгохоор байна.
Б.М нь хохирогч Н.Н-ийн лангууг хариуцан ажиллаж байх хугацаандаа нийт 777.456.551 төгрөгийн бараа материалаас 109.096.050 төгрөгийн бараа, материалыг дутуу бичилт бүхий падаан бичиж өөрийн болон шүүгдэгч Р.М-ы дансаар, эсхүл бэлнээр авч, хохирогчид үнэ хөлсийг төлөөгүй, өөрийн эд хөрөнгийн адил хууль бус эзэмшил тогтоож, захиран зарцуулсан үйл баримт тогтоогдсоор байхад шүүх хэргийн хохирол, хор уршиг тогтооход хүндрэл учруулсан гэж дүгнэсэн хэрэгт авагдсан дээрх хохирогч, гэрч нарын мэдүүлэг, дансны хуулга, үзлэг хийсэн тэмдэглэл, хохирол учруулсан талаар бичсэн гар бичмэл, шүүгдэгч Б.М-ын гэрчээр өгсөн мэдүүлэг, гэрэл зураг, хоорондоо бараа гаргах талаар чаталсан зурвас зэргийг няцаан үгүйсгэлгүй, шүүгдэгч Б.М, Р.М нарыг цагаатгаж шийдвэрлэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан “Дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухайн үндэслэлийг заагаагүй” буюу хэргийн бодит байдалтай нийцээгүй, мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.10-д зааснаар “Илт үндэслэлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй” болгосон буюу эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой гэж үзэхээр байна.
Шүүгдэгч Б.М, Р.М нарын гэмт хэргийн улмаас учруулсан хохирол болон шинжээчийн дүгнэлт, шинжээч нарын мэдүүлэгт өгөх хууль зүйн дүгнэлтийн талаар:
Завших гэмт хэргийн хохирол гэж гэмт этгээд хууль бусаар хөрөнгө, эд зүйл, мөнгө завшиж өөртөө буюу бусдад ашиг хонжоо хүртээж, улмаар өмчлөгч талд хохирол учруулсан эдийн засгийн хохирол байдаг.
Шүүх хуралдаанд оролцсон шинжээч Д.Баяраа, З.Батжаргал, М.Гомбодорж нар нь шүүх хуралдаанд “Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5 дахь хэсэгт “...Анхан шатны баримтад түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн буюу шалгасан ажилтан гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарснаар уг баримт хүчин төгөлдөр болно” гэж, мөн хуулийн 13.6 дахь хэсэгт “...Анхан шатны баримтын үнэн зөвийг түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн, шалгаж хүлээн авсан ажилтан хариуцна...” гэж, ...хохирогчоос гаргаж өгсөн санхүүгийн баримтуудад санхүүгийн анхан шатны шаардлага хангахгүй 109.096.050 төгрөгийн зөрчилтэй баримтууд авагдсанаас үүдэн энэ хэргийн хохирол, хор уршгийг тооцоолох боломжгүй байдалд хүрсэн, үүнийг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоосны дараагаар тооцоолол хийх боломжтой” гэж үзсэн” гэж мэдүүлсэн байна.
Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-д “Тусгай мэдлэг” гэж хэргийн бодит байдлыг тогтооход шаардлагатай шинжлэх ...Эдийн засгийн болон бусад тодорхой салбарын мэдлэгийг, мөн зүйлийн 4.1.4-д “Шинжээч” гэж шүүх шинжилгээ хийж, дүгнэлт гаргахаар хуульд заасан журмын дагуу томилогдсон тусгай мэдлэг бүхий хүнийг гэж тус тус хуульчилсан.
Шүүх хуралдаанд оролцсон шинжээч нар нь шүүх хуралдаанд бидний дүгнэлтэд тусгагдсан “109.096.050 төгрөгийн зөрчил бүхий зарлагын падаан нь хохирол биш” гэж мэдүүлж байгаа боловч дээрх шинжээч нар нь эдийн засгийн тусгай мэдлэгийн хүрээнд зөрчилтэй баримтуудыг жагсаан тооцоолж гаргасан мэргэжилтэн буюу шинжээч юм.
Хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар санхүүгийн анхан шатны баримт болох зарлагын зөрчилтэй гэх 109.096.050 төгрөгийн падаануудыг Б.М нь үйлдсэн талаар хохирогч Н.Н болон Б.М-ын гэрчээр өгсөн мэдүүлгүүдэд тусгагдсан бөгөөд хохирогч мэдүүлгийн эх сурвалж болгож дээрх падаануудыг эх хувиар гаргаж өгч, дээрх баримтууд нь шинжээчийн дүгнэлтийн гол объект болсон, харин Б.М-ын зүгээс дээрх падаануудыг өөр бусад этгээдийн зүгээс бичсэн гэх үндэслэлээр мөрдөн байцаалтын шатанд болон прокурорын шатанд маргаагүй боловч шүүхийн шатанд ийнхүү маргахдаа холбогдох мэдүүлгийн эх сурвалж болох баримтаа гаргаж өгөөгүй, дээрх баримтуудад Б.М-ын зүгээс гарын үсэг зурж баталгаажуулаагүй нь “Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5 дахь хэсгийг зөрчсөн, мөн гарын үсэг зурсан гэх падаануудыг миний гарын үсэг биш гэж маргаж байх боловч шүүхийн шатанд гарын үсгийн шинжилгээ хийлгэж, холбогдох баримтуудыг шүүхийн хуулийн байгууллагад гаргаж өгөхөөс татгалзсан, эс үйлдэхүйгээр санхүүгийн анхан шатны баримт бүрдүүлэх үүргээ биелүүлэлгүй бараа материалыг шүүгдэгч Р.М-ы хамт үйлдлээрээ нэгдэн, шунахай сэдэлтээр завшиж бусдад их хэмжээний хохирол учруулсан тул Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.6 дахь хэсэгт “...Анхан шатны баримтын үнэн зөвийг түүнийг үйлдсэн ... ажилтан хариуцна” гэсний дагуу хохирлыг Б.М, Р.М нар хариуцах нь зүйтэй гэж үзэж байна.
Хэдийгээр шүүх хуралдаанд оролцсон шинжээч нар нь “109.096.050 төгрөгийн зөрчил ирүүлсэн боловч энэ хохирол биш, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах шаардлагатай” гэж тайлбарлан мэдүүлсэн боловч дээрх мэргэжилтэн буюу шинжээч нар нь хууль эрх зүйн тусгай мэдлэггүй, өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд санхүүгийн тооцооллыг л хийхээс бусдаар гэмт хэрэг, гэмт үйлдпийн үйл баримтад дүгнэлт хийн, Завших гэмт хэргийн хохирол, хор уршигт тооцох, хохирол хор уршиг мөн эсэх, мөрдөн шалгах ажиллагаагаар цугларсан нотлох баримтыг үзэж, танилцаагүй атлаа мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагатай гэж хууль зүйн дүгнэлт өгөх учиргүй, энэ нь шинжээчийн тусгай мэдпэгийн хүрээнээс хэтэрсэн, тусгай мэдлэгийн хүрээнд хамаарахгүй хариултыг шүүх хуралдаанд мэдүүлгээр өгч, жинхэнэ хууль зүйн дүгнэлт өгөх хууль эрх зүйн мэдлэг бүхий эрх бүхий шүүгч, шүүхийн байгууллагад эргэлзээ үүсгэсэн нь бусад бичгийн баримтуудаар тогтоогдсон нөхцөл байдлуудыг үгүйсгэх, шүүхээс шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд саад учруулах үндэслэл болохгүй гэж үзэж байна.
Иймд шүүхээс шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон 109.096.050 төгрөгийг гэмт хэргийн хохирол гэжүзэн Б.М, Р.М нарыг буруутгах үндэслэлгүй гэж дүгнэж байгаа нь учир дутагдалтай, энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “Дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдохгүй байвал” гэснийг буюу дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэж байна.
З. Шүүхээс хэргийг цагаатгаж шийдвэрлэсэн шийдвэрийн үндэслэлийн талаар:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “Гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгоно, мөн зүйлийн 3-д “Гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр шүүх хэрэгсэхгүй болгосон хэргийг хэрэг бүртгэлтэд буцаана, мөн хуулийн 34.1 дүгээр зүйлийн 1-д “Анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанаар шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг тогтоосны дараа гэм буруутай бол Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх, гэм буруугүй бол цагаатгах асуудлыг хянан шийдвэрлэнэ”, мөн хуулийн 36.2 дугаар зүйлийн 5-д “Шүүгдэгчийн холбогдсон үйлдэл, эс үйлдэхүй нь гэмт хэргийн шинжгүй, эсхүл шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй бол шүүх цагаатгах тогтоол гаргана”, мөн хуулийн 36.9 дүгээр зүйлийн 4-д “Шүүгдэгч тухайн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй гэх үндэслэлээр цагаатгах тогтоол гарсан бол холбогдох шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаана” гэж тус тус хуульчилсан.
Шүүхийн цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт “Дээрх мэдүүлэг, дансны хуулгыг харьцуулан үзвэл, Н.Н захиралтай “Б б А” ХХК нь тушаал гаргаагүй ч зарын дагуу ирсэн иргэн Б.М-ыг 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн туслах ажилтнаар авч дадлагажуулж байгаад 2022 оны 02 дугаар сарын 27-ны өдөр бараагаа тоолоод Б.М-т хүлээлгэж өгсөн, Б.М нь касс дээр сууж барааг худалдаж борлуулсан энэ үеэс хойш дутагдал гаргаж эхэлсэн ба кассын араар бэлэн мөнгө унагааж авсан, гадагшаа пиво, ус ундаа, архи зэргийг нөхөртөө өгч гаргаж байгааг камерын бичлэгт бичигдсэн байсан гэж хохирогч Н.Н, түүний нөхөр гэрч М.Б нар мэдүүлсэн.
Харин тус дэлгүүрт худалдагчаар ажиллаж байсан гэрч Б.Саранчимэг нь мэдүүлэгтээ тухайн компани нь cap болгон тооллого хийдэггүй болохыг, мөн худалдагч нар өөрсдийнхөө хувь дансаар орлого авдаггүй, зөвхөн Н.Н, Ө гэсэн 2 хүний дансаар орлого авдаг атал 2022 оны 01 дүгээр сарын сүүлээр худалдагч Б.М нь хувь данс 400.000 гаран төгрөгийн орлого хийж авч байсныг харснаа мэдүүлсэн, Б.М-ын хаан банкны 5925446391 дугаарын дансанд үзлэг хийсэн тэмдэглэлд түүнд бараа тоолж хүлээлгэж өгөхөөс өмнө буюу 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд түүний хувийн харилцах дансанд архи, ус, ундаа, пиво борлуулсны орлогын мөнгө орж байсан нь тусгагдсан, Төгөлдөр буянт дэлгүүрийн ажилтан болох гэрч Д.Д мэдүүлэгтээ М гэх залуу Т буянт хүнсний дэлгүүрт архи, пиво зэрэг зүйлийг 2-3 удаа авчирч өгч байсан гэж мэдүүлсэн байх ба Р.М-ы харилцах дансанд “архи, Т буянт” гэсэн утгатайгаар орлого орж байсан нь тэмдэглэгдэж тусгагдсан байна.
Дээрх хохирогч, гэрч нар нь шүүгдэгч Б.М, түүний нөхөр Р.М нарын бэлэн мөнгө, бараа материал авсан байж болзошгүй үйлдлийн талаар өөрсдийн харсан, үзсэн хэмжээгээр мэдүүлцгээснийг үгүйсгэх үндэслэлгүй гэж дүгнэсэн буюу шүүгдэгч нар нь Эрүүгийн хуульд заасан “Завших” гэмт хэрэг үйлдэгдсэн гэдгийг үгүйсгээгүй, атлаа шүүхийн цагаатгах тогтоолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 5 дахь хэсгийг удирдлага болгож, тогтоох хэсэгтээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “Гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, яллагдагчаар татсан тогтоолыг тус тус хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь дээрх хэрэг бүхэлдээ “Гэмт хэргийн шинжгүй” эсхүл шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдоогүй гэх хуульд заасан яг аль үндэслэлээр цагаатгаж шийдвэрлэж байгаа нь тодорхойгүй, энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна”, мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6 дахь заалтад заасан “Шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй” гэснийг зөрчсөн гэж үзэж байна.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалтад заасан үндэслэлээр Баянгол Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 2025/ШЦТ/1425 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.
Цагаатгагдсан этгээд Б.М, Р.М нарын өмгөөлөгч Ц.Монгол тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийн зүгээс урьдчилсан хэлэлцүүлэг хийгдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн даруйд хэргийн материалтай танилцаж, шүүхэд хүсэлт гаргасан. Уг хүсэлтийн дагуу шүүх хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хоёр сарын хугацаагаар хойшлуулсан боловч хэрэг шүүхэд шилжсэнээс хойш нийтдээ бараг 4 сарын дараа анхан шатны шүүх хуралдаан болж, шийдвэрлэсэн. Өмгөөлөгчийн тайлбарласнаар анхан шатны шүүх яллах дүгнэлтийг хэргийн материалтай хамт хүлээн авсан боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хууль ёсны байх зарчим зөрчигдсөн гэж үзэж байна. Прокурорын гаргасан яллах дүгнэлт нь тухайн хүмүүсийг санаатайгаар хүнд төрлийн гэмт хэрэгт холбогдуулсан гэж үзэж, үүнд 200,000,000 төгрөгийн хохирол учирсан мэтээр тусгасан нь ноцтой зөрчил юм. Өмнөх эрүүгийн хуульд хүнд болон хүндэвтэр гэмт хэрэгт холбогдуулсан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэх зохицуулалт байсан. Гэвч шинэ хуульд энэ заалтыг хассан учраас тухайн үйлдлийг өнөөдрийн эрх зүйн орчинд гэмт хэрэг гэж үзэх боломжгүй. Тийм атал хуучин заалтыг үндэслэж яллах дүгнэлт гаргасан нь үндэслэлгүй бөгөөд хуулийг буруугаар хэрэглэсэн гэж өмгөөлөгч тайлбарлалаа. Мөн энэ хэрэгт “итгэмжлэн хариуцсан этгээд” гэж нэрлэгдсэн хүн нь үнэндээ ямар нэгэн итгэмжлэл, гэрээ хэлцэлгүй, ажилтны хувьд тодорхой үүрэг хүлээгээгүй хүн байсан. Зөвхөн байнга зогсдог гэр бүлийн гишүүд байнга ээлжлэн ажилладаг, орлогыг хураан бүртгэж явдаг байсан нь бодит үнэн бөгөөд тухайн үед түр хугацаагаар ажилласан эмэгтэй нь жирэмсэн байсан тухай мэдээллийг ч өгсөн. Түүнчлэн шүүх шинжээчдийг томилж, шинжээчдийн дүгнэлт гаргуулсан ч тэдгээр дүгнэлтүүд нь замбараагүй, анхан шатны баримтаар дутмаг, үнэлгээ, тооцоолол нь үндэслэлгүй, баримт нотолгоогоор дэмжигдээгүй, нийт 105,000,000 төгрөгийн дутагдал үүссэн гэх агуулгатай байсан боловч энэ нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд тогтоогдоогүй, эсрэгээрээ хуурамч баримт, хуурамч гарын үсэг, мөн бодит бус мэдүүлэг зэргийг нэгтгэж хэрэгт хавсаргасан байсныг өмгөөлөгч онцлон дурдсан. Ийм үндэслэлгүй нотлох баримтаар хүнд ял тулгаж, гэм бурууг тогтоох боломжгүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд зааснаар хэрэв бүх нотлох баримтыг шинжилж судалсан ч гэм буруутай эсэх нь тогтоогдохгүй бол шүүгдэгчийг гэм буруугүйд тооцох ёстой. Гэтэл энэ хэргийг мөрдөн байцаалтын шатанд дуусгаагүй байхад прокурор яллах дүгнэлт үйлдэж, шүүх түүнийг үндэслэн шүүн таслах ажиллагаа явуулсан нь хуулийн зарчмыг ноцтойгоор зөрчсөн гэж үзэж байна. Өмгөөлөгч мөн хэргийн материалыг шүүхэд буцаах боломжгүй болсон нөхцөл байдалд анхан шатны шүүх хэргийн шийдвэрийг 4 сар хойшлуулж байж гаргасан нь ч өөрөө тогтолцооны доголдлыг илтгэнэ гэж үзэж байна. Хэрэгт хавсаргасан нотлох баримтууд дунд цаасан дээр наалттай, хоёр талд нь гарын үсэгтэй мэт харагдах боловч үнэндээ хуурамч шинжтэй, хуулбарлах боломжгүй байдлаар наасан баримтууд ч байсан. Эдгээр нь хэн нэгний гарын үсэгтэй мэт харагдуулсан боловч бодит байдалд хуурамч нотолгооны шинжтэй зүйлс байсныг өмгөөлөгч тэмдэглэсэн. Шинжээчид ч шүүх хуралдаанд оролцож, дээрх баримтуудын талаар үндэслэл бүхий тайлбар хийсэн бөгөөд нотолгооны үндэслэл хангалтгүй, баримт дутмаг, хэргийн холбогдогчдод хамааралтай эсэх нь тогтоогдоогүй, мөрдөн шалгах ажиллагаа дутуу байсан талаар тодорхой илэрхийлсэн. Мөн шүүх хуралдааны үеэр “оргон зайлсан” гэх үндэслэлээр шийдвэр гаргасан нь худал бөгөөд тухайн хүн огтхон ч оргон зайлж байгаагүй, нөхөр нь хөдөө томилолтоор ажиллаж байсан нь баримтаар нотлогдож байгаа тул шүүх энэ үндэслэлээр ял оноох нь зохимжгүй гэж өмгөөлөгч үзэж байна. Нийтэд нь дүгнэвэл, шүүгдэгчид холбогдох баримт нотолгоо бодит бус, шүүх хуралдаанд өгсөн тайлбар, шинжээчдийн дүгнэлттэй зөрчилдөж буй итгэмжлэл, хуурамч бичиг баримт ашигласан байдал тогтоогдоогүй, орлогын хэмжээ ч прокурорын тооцоолсонтой нийцэхгүй, мөнгөн дүнг хэтрүүлэн өсгөсөн зэрэг нөхцөл байдал тогтоогдсон тул өмгөөлөгчийн зүгээс өмнө нь гаргасан цагаатгах шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэсэн тайлбар гаргаж байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Б.М, Р.М нарт холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ хохирогч Н.Н-ийн өмгөөлөгч А.Ганбатын гаргасан давж заалдах гомдол, прокурор Н.Ундрахын бичсэн 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 30 дугаар эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.
Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд, Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулж Б.М, Р.М нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Б.М, Р.М нарыг цагаатгаж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.
Учир нь, шүүх Б.М-ыг хохирогч Н.Н-ийн лангуунд худалдагчаар ажиллаж байхдаа өөрт нь итгэмжпэн хариуцуулсан ус, ундаа, архи, пиво зэрэг бараа материалд хоосон падаан бичиж, бусдад худалдсан, Р.М-ыг хохирогч Н.Н-ийн лангуунд худалдагчаар ажиллаж байсан Б.М-т итгэмжлэн хариуцуулсан ус, ундаа, архи, пиво зэрэг бараа материалд хоосон падаан бичиж, бусдад худалдах үйлдэлд дэмжлэг үзүүлсэн үйлдлүүдийн талаар шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судласан нотлох баримтуудыг няцаан үгүйсгэх болсон нотлох баримт, түүний агуулга, яллах нотлох баримтуудыг хэрхэн няцаан үгүйсгэсэн үндэслэлээ шийдвэртээ дүгнэлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан шаардлагуудад нийцээгүй байна.
Өөрөөр хэлбэл, нотлох баримтын нотлогооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэж, харьцуулан шинжилж, харилцан эсрэг болон нэгдмэл сонирхолтой байж болох этгээдүүдийн мэдүүлгийн үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон логик дүгнэлтэд түшиглэн үнэлэх учиртай.
Хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой байж болох нотлох баримтуудыг хэргийн нөхцөл байдалтай харьцуулан судалж, нягтлан шалгалгүйгээр эдгээрээс нэгийг нь аван дүгнэж, бусдыг нь үгүйсгэсэн үндэслэлээ заалгүйгээр шүүгдэгч нарыг цагаатгаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.
Иймд Б.М, Р.М нар цагаатгаж, түүнд холбогдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн прокурор Н.Ундрахын бичсэн эсэргүүцэл, хохирогч Н.Н-ийн өмгөөлөгч А.Ганбатын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, цагаатгах тогтоолыг хүчингүй болгохоор давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.
Цагаатгах тогтоолыг хүчингүй болгож байгаатай холбогдуулан Б.М, Р.М нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 2025/ШЦТ/1425 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгосугай.
2. Цагаатгагдсан этгээд Б.М, Р.М нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэрэг шүүхэд очтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ
ШҮҮГЧ Ц.ОЧ
ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР