| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвсүрэнгийн Ариунзул |
| Хэргийн индекс | 308/2025/01073/И |
| Дугаар | 308/ШШ2026/00053 |
| Огноо | 2026-01-07 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 07 өдөр
Дугаар 308/ШШ2026/00053
| 2026 оны 01 сарын 07 өдөр | Дугаар 308/ШШ2026/00053 | Дорноговь аймаг |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Ариунзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Д аймаг, С сум, * дугаар баг, Н ш **-6 тоотод оршин суух, У овогт Гн У,
Хариуцагч: Ө аймаг, М сум, *-р баг, Ө баг, Д *-6 тоотод оршин суух, И-Ө овогт Б Б,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: Г.У,
Хариуцагч: Б.Б,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Намуунзул
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.У нь Б.Бд холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Миний бие 2010 онд Б.Бтай танилцан 2013 оны 05 дугаар сарын 02-ны өдөр гэрлэлтийн 44******** тоот баталгаагаар бүртгүүлж гэр бүл болсон. Биднийг гэр бүл байх хугацаанд 2013 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүү Б.Н, 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр охин Б.У нар төрсөн. Манай нөхөр Б.Б 2022 оноос эхлээд архи их уух, мөрийтэй тоглоом тоглох, гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэж, худал хэлж эхэлсэн. Хоёр эмэгтэйтэй холбогдож тус бүр нэг нэг хүүхэдтэй болсон. Иймээс бид цаашид гэр бүл байх боломжгүй тул гэрлэлтийг цуцалж, хүүхдүүдийг миний асрамжид үлдээж, эцэг Б.Баас хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү. Эд хөрөнгийн маргаан байхгүй. ...Одоо энэ хүнтэй эргэж нийлэх боломж байхгүй. Хоёр хүүхдээ бодож нийллээ гэж бодох ч би өөрийгөө бодох нь зөв байх гэж бодож байна. Миний хамаг залуу нас үрэгдсэн. Хүнээс сэтгэл гуйж амьдарна гэж юу байх вэ дээ. Анхны хүүхэд дээрээ ээж маань хамт байсан болохоор би мэдрээгүй. Сүүлийн хүүхдээ ганцаараа өсгөсөн учраас хүүхэд ганцаараа өсгөх ямар байдаг гэдгийг ойлгосон. Түүнээс хойш надад хамт амьдрах сэтгэл үлдээгүй. Өмнө нь энэ хүнд хоёр удаа итгэл хүлээлгэсэн, хамт амьдрах боломжтой байсан ч гэсэн итгэл алдсан. Цаашдаа хүүхдүүдтэйгээ уулзаад байж болно. Уулзахгүй гэвэл ч яах уу, би хүүхдүүдээ өсгөөд явж чадна гэв.
Хариуцагч Б.Б хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. 2010 онд танилцаж, 2013 онд хүүтэй болоод 7, 8 жил тусдаа байгаад 2020 онд буцаж нийлэн 2024 онд охинтой болсон. Хүүхдүүдтэйгээ Д аймагт ирэхээрээ уулздаг. ...Мөнгө хэрэгтэй байна гээд чат бичихээр нь өгдөг гэв.
Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Д аймгийн С сумын * дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, Д аймгийн С сумын ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн албан бичиг, М-М өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, гэрлэсний бүртгэлийн лавлагааны хуулбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, Эвлэрүүлэн зуучлалын ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.
Хариуцагчаас хариу тайлбар, иргэний үнэмлэхийн хуулбар зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгсөн байна.
Шүүхээс хүү Б.Нээс саналыг асуусан байна.
ҮНДЭСЛЭХ НЬ:
1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлж байна. Хариуцагчтай зан харилцааны таарамжгүй байдлаас болж тусдаа амьдарч байгаа. Цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул гэрлэлтээ цуцлуулна, хүүхдийг эхийн асрамжид үлдээж, тэтгэлэг гаргуулах гэж,
3.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн байна.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
5.Нэхэмжлэгч Г.У, Б.Б нар 2013 оны 05 дугаар сарын 02-ны өдөр гэр бүл болсныг иргэний гэрлэсний бүртгэлийн 44********* дугаарт бүртгүүлсэн, тэдний хамтын амьдралын хугацаанд 2013 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүү Б.Н, 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр охин Б.У нар төрсөн. Хүүхдүүд сургуульд суралцаж, эрүүл бойжиж байгаа болох нь хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, Д аймгийн С сумын ерөнхий боловсролын * дугаар сургуулийн тодорхойлолт, Д аймгийн С сумын М-М өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолтоор тогтоогдож байна.
6.Гэрлэгчид зан харилцааны байдлын улмаас таарамжгүй байдлаас болж тусдаа амьдарч байгаа, шүүхээс өмнө шатанд эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч эвлэрээгүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан тэдний гэрлэлтийг Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримталж цуцалж шийдвэрлэх нь зүйтэй байна.
7.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар хүү Б.Н, Б.У нарыг эхийн асрамжид үлдээхээр талууд тохиролцсон байх тул эхийн асрамжид үлдээж, эцэг, эх насанд хүрээгүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй тул хүү Б.Н, Б.У нарт Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.3, 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт зааснаар тэтгэлэг тогтоож эцэг Б.Баар тэжээн тэтгүүлэх нь хуульд нийцнэ.
8.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн улсын бүртгэлийн байгууллага болон Д аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст тус тус хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгах нь зүйтэй байна.
9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.Уын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Баас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Ут олгохоор, 274,700 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14-р зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар У овогт Гын У, И Ө овогт Бын Б нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар хүү Б.Н, охин Б.У нарыг эх Г.Уын асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.3, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар хүү Б.Н, Б.У нарыг 11 нас хүртэл амьдарч байгаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож эцэг Б.Бгаар тэжээн тэтгүүлсүгэй.
4.Гэрлэгчид нь хүүхдийн өмнө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд бие биедээ саад учруулахгүй болохыг дурдсугай.
5.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн улсын бүртгэлийн байгууллага болон Д аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст тус тус хүргүүлсүгэй.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.Уын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Баас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Ут, 274,700 төгрөг гаргуулж улсын орлогод тус тус олгосугай.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.АРИУНЗУЛ