Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 2025/ДШМ/914

 

 

 

 

   2025             07           30                                        2025/ДШМ/914          

 

Г.Т-д холбогдох эрүүгийн

 хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Ц.Оч, шүүгч Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор З.Бат-Амгалан,

нарийн бичгийн дарга Э.Даваадулам нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 2025/ШЦТ/1450 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Т-гийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 2510000000487 дугаар хэргийг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Шинэбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

........... овгийн ....-ийн Т, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр .... төрсөн, .. настай, э..эгтэй, .... боловсролтой, мэргэжилгүй, “........” ХХК-д ....... ажилтай, ам бүл .., ..-ийн хамт ............ тоотод оршин суух, /РД: ........................./,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 375 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 06 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлсэн;

Шүүгдэгч Г.Т нь фэйсбүүк цахим орчинд “тавилга хийнэ” гэсэн хуурамч зар байршуулан улмаар зарын дагуу 2025 оны 02 дугаар сарын 12, 14-ний өдрүүдэд Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, “Могул таун” хотхоны .. дугаар байрны .... тоотод байх гэртээ хохирогч Б.З-д “тавилга хийж өгнө” гэж хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 3,940,000 төгрөгийг Хаан банкны 50.......... дугаартай дансаар шилжүүлэн авсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Г.Т-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Г.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т-д 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад тус тус заасныг журамлан шүүгдэгч Г.Т-д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял дээр урьд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 375 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 01 cap 21 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх нийт хорих ялын хэмжээг 2 жил 01 cap 21 хоногийн хугацаагаар тогтоож, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Т-гээс 3,940,000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.З-д олгож, шүүгдэгч Г.Т-д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Г.Т гаргасан давж заалдах гомдолдоо: “...Миний бие сүүлийн 4 жилийн хугацаанд хувиараа тавилга хийж байгаа минь үнэн бөгөөд фэйсбүүкт байршуулсан зар хуурамч бус зөвхөн өөрийн хийсэн ажлын зургаа оруулдаг болно. 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдөр зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлэн тогтоол хэрэгжих хугацаанд ажил хийж байх хоорондоо урьдын адил тавилга захиалга авсан боловч 2 айлын захиалга бүрэн хийж, 3 дахь айлын захиалга болох хохирогч Б.З-ын гэр бүлийн гал тогоо болон хүүхдийн өрөөний шкафны захиалгыг хийж байх хугацаанд “бугуйн цаг” зүүж дахин тавилга хийх боломжгүй болсон учир Б.З-д болсон үйл явдлыг тайлбарлан хэлж, тавилга захиалгын мөнгийг буцаан өгөхөөс өөр аргагүй байдлаа тайлбарлан уучлалт хүссэн. Миний бие анхнаасаа Б.З-ыг хохироох зорилгогүй байсан бөгөөд хувь айл болон албан байгууллагын тавилгыг тохирсон хугацаанд ямар нэгэн асуудалгүй хийж гүйцэтгэж байсан минь үнэн байхад мөрдөн шалгах ажиллагааг бүрэн авч хэлэлцэхгүй өмнө ял шийтгэгдсэн хугацаандаа дахин гэмт хэрэг үйлдсэн болон гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байхад “залилах” гэмт хэргийг үйлдсэн гэж үзсэнд гомдолтой байна.

2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн анхна шатны шүүх хурал дээр нотлох баримтаар нотолсон, мөн 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн мэдүүлэгтээ ам бүл 4, 3-10 насны 3 хүүхдийн хамт амьдардаг “өрх толгойлсон эцэг” гэснийг зөвхөн хохирогчийн мэдүүлэгт үндэслэн ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг хэмээн, салаад 1 жил 3 сар болж буй хүүхдүүдийн эхийг ам бүлийн тоонд оруулсаныг ойлгохгүй байгаа тул гомдолтой байна.

Иймд миний бие хохирогчдийн хохирлыг хурдан хугацаанд бүрэн төлж барагдуулахаа илэрхийлж байгаа, ар гэрийн минь нөхцөл байдлыг харгалзан үзэж хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. ...” гэжээ.

Прокурор З.Бат-Амгалан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Г.Т-д анхан шатны шүүхээс ял оногдуулсан нь үндэслэлтэй. Шүүхээс хуулийг зөв хэрэглэсэн, ямарваа нэгэн байдлаар процессын алдаа гаргаагүй. Түүний хувийн байдлын хувьд 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдөр тус шүүхийн 375 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаанд зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлсэн байхдаа 2025 оны 2 дугаар сарын 12-14-ний өдрүүдэд хохирогч З-тай фэйсбүүкээр холбогдсоны дагуу “тавилга хийж өгнө” гэж хуурч, 3,940,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь гэмт хэрэгт холбогдсон байхдаа дахин ийм төрлийн гэмт хэрэгт холбогдож 2 жил 1 сар 24 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулсан. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх тул хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэж үзэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Г.Т нь фэйсбүүк цахим орчинд “тавилга хийнэ” гэсэн хуурамч зар байршуулан улмаар зарын дагуу 2025 оны 02 дугаар сарын 12, 14-ний өдрүүдэд холбогдсон Б.З-ын Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, “Могул таун” хотхоны .. дугаар байрны .... тоотод очиж Б.З-д “тавилга хийж өгнө” гэж хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан нийт 3,940,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

хохирогч Б.З-ын “...Би 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдөр фэйсбүүкээр тавилга хийнэ гэсэн зар байршуулсан байсан Ганзоригийн Т гэх хүнтэй холбогдоод чатаар харилцаж байгаад гэртээ ирүүлээд хэмжилт хийлгүүлээд явуулсан. Маргааш нь буюу 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд гэртээ байх үедээ интернэт банкаар эхнэр Мөнхгэрэлийн Номиуны эзэмших данснаас Ганзоригийн Тгийн 50.......... дугаартай дансанд 3,700,000 төгрөгийг шилжүүлсэн бөгөөд тавилгын тавцанг модон материал биш чулуун материалаар хийлгэе гэхэд зөрүү төлбөр гарна гэсэн учраас би дээрх дансанд эхнэрийнхээ данснаас нэмж 240,000 төгрөгийг шилжүүлэн өгсөн. Ингээд нийт дүнгээр 3,940,000 төгрөгийг Ганзоригийн Тд өгсөн байна. Гэвч түүнээс хойш одоог хүртэл ерөөсөө тавилгаа ч хийж өгсөн зүйлгүй, мөн төлбөр мөнгөө өгөөгүй, одоо холбогдох дугаар руу нь залгахаар утсаа ч авахаа больсон бөгөөд элдэв шалтаг тоочсон чат илгээгээд байдаг. ...Намайг хуурсан учраас би залилсан гэж цагдаагийн байгууллагад хандаад байна. Учир нь би Т гэх залуугийн гэрт нь очоод эхнэртэй нь уулзаад учир байдлаа хэлсэн. Өмнө нь надтай чатаар харилцах үедээ таны тавилгын материалыг гэртээ авчираад дөрвөлжин болгоод угсраад бэлдсэн байгаа, ерөөсөө маргааш өглөө гэхэд аваад очно гэж хэлсэн. Гэтэл гэрт нь ороод үүдэнд зогсоод эхнэртэй нь уулзах үед 2 өрөө байранд ямар ч тавилгын материал байгаагүй. Тиймээс би намайг хуурч залилсан байна гэж үзэж байна. ...Анхнаасаа тавилга хийж өгөх нөхцөл боломж байгаагүй юм байна лээ. Би гэрт нь аргагүйн эрхэнд уулзахаар очиход эхнэр болох эмэгтэй 3 хүүхэдтэйгээ байсан бөгөөд надад хандаж гэртээ ирдэггүй, иймэрхүү тавилгын залилангийн асуудлаар зорчих эрхээ хязгаарлуулсан. Тийм болохоор таны тавилгыг асуудлаа хүндрүүлэхгүйгээр хийгээд өгөх ёстойдоо гэж хэлсэн. /хх 10, 12/,

гэрч М.Н-ны “...2025 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Могул тауны 98-608 тоот гэртээ байх үед миний нөхөр З фэйсбүүкээр тавилга хийхээр хайлт хийгээд тавилга хийнэ гэсэн зарын дагуу Т гэх хүнтэй холбогдож тохиролцсон. Манайд тэр өдрийн орой Т биечлэн ирж хэмжилт хийж, ажлын зураг хийгээд явсан. Тэгээд би мөн оны 02 дугаар сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байрлах гэртээ байх үедээ урьдчилгаа төлбөрт нийт хөлсний 70 хувьтай тэнцэх дүн буюу 3,700,000 төгрөгийг шилжүүлдэг гэж Т-г хэлсний дагуу Т Г эзэмшигчтэй Хаан банкны 50.......... дугаартай дансанд миний нөхөр болох Б.З-ын мөнгийг нь шилжүүлээд өг гэсний дагуу би өөрийн эзэмшлийн Хаан банкны 54............ дугаартай данснаас шилжүүлж өгсөн. Тэгээд 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр тавилгын 3D зураг бэлэн болсон гэж хэлээд Т зургаа явуулсан бөгөөд бид зурган дээр байгаа модон хийц нь таалагдахгүй байна, модон хийцийг чулуун тавцан болгое гэхэд 100 айлд материал татаад явж байна гээд материалын тавцан болон өнгөний сонголттой зургууд илгээсэн. Бид нэг өнгө бүхий чулуун тавцанг сонгоход Т бидэнд хандаж зөрүү төлбөр 240,000 төгрөг болно гэсэн тул мөн гэртээ байхдаа тэр өдөр нь дээрх Тгийн дансанд би өөрийн данснаас зөрүү төлбөрийг нь шилжүүлээд өгсөн. Ингээд нийт дүнгээрээ 3,940,000 төгрөгийг Тгийн банкны дансанд шилжүүлж өгсөн. Гэтэл тэр цаг хугацаанаас хойш тавилга хийж өгсөнгүй, мөнгөө ч буцааж өгөөгүй өнөөдрийг хүртэл утсаа ч авахгүй хохироогоод байна. ...Т өөрөө энэ оны 02 дугаар сарын 20-ны өдөр гэхэд тавилгаа манайд ирж угсраад өгнө гэж анхнаасаа тохирсон. Хамгийн гол нь Т өөрөө албан ёсны пэйж хаяггүй мөртлөө хувь хүмүүсийн тавилга хийлгэнэ гэсэн постны доор коммент бичиж иргэдтэй холбогдож захиалга авдаг, эсхүл тавилга хийлгэх хүсэлтэй хүмүүсийн комментод хариу бичиж хандаад тавилга хийж өгнө гэж хэлдэг. Манайхаас бол энэ мэтчилэн холбогдоод урьдчилгаа төлбөр авсан. Төлбөр авснаас хойш дандаа худлаа яриад энд ажилтай, тэнд ажилтай гэж хэлээд яваад байдаг. Иймд би нөхрөөсөө чи ямар хаягаар энэ Т гэдэг хүнийг олж тавилга хийлгэхээр болсон юм гэхэд надад дээр дурдсанаар Т-гийн фэйсбүүк хаягийг өгсөн. Би ороод сонирхоод үзэхэд өөрөө тавилгатай холбоотой зар байршуулаагүй байсан. Тэгээд манай нөхөрт Т чатаар би ийм ийм тавилгын ажил гүйцэтгэсэн гээд зургууд илгээсэн байсан бөгөөд тэдгээр зураг нь бусдын байршуулсан зар, постноос авсан байх магадлалтай чанар муутай, бүрсгэр зургууд байсан. Энэ талаар нөхөртөө хэлэхэд за яах вэ утасны камер нь муу юм байгаа биз гэж хариулаад тоогоогүй. ...” /хх 14-15/,

М.Н-ны эзэмшлийн Хаан банкны 54............, 53............. дугаартай дансны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл /хх 16/,

М.Н-ны эзэмшлийн Хаан банкны 54............, 53............. дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулгууд /хх  18-19, 20-21/,  

хохирогч Б.З, шүүгдэгч Г.Т нарын хоорондоо харилцсан фэйсбүүк чатны хуулбар /хх 24-47/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасны дагуу хуульд зааснаар шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогч нарыг оролцуулж, тэдний дүгнэлт, тайлбар, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Г.Т-г “...Хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан...” гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Залилах гэмт хэрэг нь хохирогчийг хуурч мэхлэх, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах шинжтэй үйлдэгддэг бөгөөд шүүгдэгчийн хувьд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө тухайн эд хөрөнгийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн санаа зорилго, сэдэлтээр эд хөрөнгийг шилжүүлэн авснаар энэхүү гэмт хэргийн шинж хангагдах онцлогтой.

Залилах гэмт хэргийн гол шинж нь гэмт этгээд хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авдаг.

Шүүгдэгч Г.Т-гийн фэйсбүүк цахим орчинд “тавилга хийнэ” гэсэн хуурамч зар байршуулан улмаар зарын дагуу холбогдсон хохирогч Б.З-д “тавилга хийж өгнө” гэж хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан нийт 3,940,000 төгрөгийн шилжүүлэн авснаар энэхүү гэмт хэргийн шинж бүрэн хангагдсан байна.

Шүүгдэгч Г.Т-гээс “...миний бие хохирогчдийн хохирлыг хурдан хугацаанд бүрэн төлж барагдуулахаа илэрхийлж байгаа, ар гэрийн минь нөхцөл байдлыг харгалзан үзэж хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах үндэслэлгүй байна.

Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлууд бүрэн нотлогдож тогтоогдсон, анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг эцэслэн шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ”, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн” гэж тус тус хариуцлагын зорилгыг тодорхойлон хуульчилжээ.

Өөрөөр хэлбэл, гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлаас гадна гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, үйлдсэн гэмт хэргийн хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэхээр хуульчилсан бөгөөд анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, эрх хэмжээнийхээ хүрээнд шүүгдэгч Г.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах хорих ялын доод хэмжээгээр хорих ял оногдуулсаныг хүндэдсэн гэж үзэхгүй.

Шүүгдэгч Г.Т нь урьд залилах гэмт хэрэгт ял шийтгэгдсэн ба ялтай байх хугацаандаа дахин гэмт хэрэг үйлдсэн, тэрээр өмнөх үйлдсэн хэрэгтээ гэмшээгүй, засрал хүмүүжил олоогүй, дахин гэмт хэрэг санаатай үйлдсэн зэрэг нь түүний хувийн байдлыг илтгэх хүчин зүйл болж байгааг дурдах нь зүйтэй.

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Т-гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж заасан байх тул шүүгдэгч Г.Т нь шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 61 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 2025/ШЦТ/1450 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Т-гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т-гийн 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хүртэл 61 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                          ДАРГАЛАГЧ,

                                   ШҮҮГЧ                                                Д.ОЧМАНДАХ

ШҮҮГЧ                                                Ц.ОЧ

                        ШҮҮГЧ                                                Т.ШИНЭБАЯР