| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбат Шинэбаяр |
| Хэргийн индекс | 2507000500049 |
| Дугаар | 2025/ДШМ/913 |
| Огноо | 2025-07-30 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | М.Сэлэнгэ |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 07 сарын 30 өдөр
Дугаар 2025/ДШМ/913
2025 07 30 2025/ДШМ/913
Ж.Д-д холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Ц.Оч, шүүгч Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор М.Сэлэнгэ,
шүүгдэгч Ж.Д-гийн өмгөөлөгч Б.Жаргалсайхан,
нарийн бичгийн дарга Э.Даваадулам нарыг оролцуулан,
Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 2025/ШЦТ/114 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ж.Д-гийн өмгөөлөгч Б.Жаргалсайханы гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Ж.Д-д холбогдох эрүүгийн 2507000500049 дугаартай хэргийг 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Шинэбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
............ овгийн ...........-ийн Д, 19.. оны .. дугаар сарын ..-ний өдөр ........... төрсөн, ... настай, э..эгтэй, ... боловсролтой, ............. мэргэжилтэй, .......... ажилладаг, ам бүл .., ..... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД: ...................../;
Шүүгдэгч Ж.Д нь 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 15 цагийн үед Налайх дүүргийн 2 дугаар хороо, “Буян Налайх” төвийн хажууд засмал замын уулзварын гарц дээр “Toyota Prius” маркийн ..-.. ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 15.1 “Жолооч уулзвараар баруун ... гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа явган зорчигчид зам тавьж өгнө” гэснийг зөрчсөний улмаас замын хөдөлгөөнд оролцож явган хүний гарцаар гарч явсан иргэн Д.Ц-ийг мөргөж, зам тээврийн осол гаргасны улмаас Д.Ц-ийн эрүүл мэндэд нь “баруун дээд зовхинд шарх, баруун хацар, шанааг хамарсан цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүү, баруун мөрийг хамарсан цус хуралт, баруун хацрын салстад шарх, цус хуралт, баруун шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун шилбэ ясны далд хугарал, баруун талын хацар ясны чамархайн сэртэн, духны сэртэн /ухархайн гадна хана/ хоншоорын сэртэн дайрсан хугарал, баруун талын хоншоорын хөндийн өмнөд болон арын хана дагасан хугарал, баруун талын ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, хамар ясны зөрүүгүй хугарал” бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас: Ж.Д-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: “...Шүүгдэгч Ж.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдпын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Д-д 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 2,800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,800,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Д нь оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Д-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах ялын хугацааг энэхүү шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Ж.Д-гийн өмгөөлөгч Б.Жаргалсайхан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Ж.Д-г бусдад төлөх хохирол төлбөргүйд тооцсон. Шүүгдэгч Ж.Д нь холбогдсон хэргийн үйлдэл, зүйлчлэл гэм бурууд маргаагүй, гэм буруугаа хүлээж оролцсон болно.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын үндэслэх хэсэг, тогтоох хэсэгтэй маргаагүй бөгөөд зөвхөн шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ж.Д-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан “Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд ялаас чөлөөлөх” эрх зүйн үндэслэл байсан гэж үзэж байна.
Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцэх юм.
Ял оногдуулахдаа шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт үйлдэлдээ хандаж буй хандлага, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэж, оногдуулсан ял нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт тохирч буйг ерөнхий зарчмын хүрээнд бус тухайн хэргийн жинхэнэ байдалтай холбож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь болгоомжгүй үйлдэгддэг, хохирол төлбөргүй, гэм буруугийн талаар маргаагүй, анх удаа гэмт хэрэгт холбогдсон шүүгдэгчид “гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэсэн эрүүгийн хуулийн зорилгод нийцэхгүй байна гэж үзэж байна.
Иймд шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан Ж.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулах эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн өөрчлөлтийг оруулж өгнө үү. ...” гэв.
Прокурор М.Сэлэнгэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх талуудын эрх тэгш байдал, хуульд заасан үндэслэл журам, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шийдвэр гаргаж шүүгдэгч Ж.Д-д ял оногдуулсан. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Д-гийн өмгөөлөгч Б.Жаргалсайханы гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:
Шүүгдэгч Ж.Д нь 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 15 цагийн үед Налайх дүүргийн 2 дугаар хороо, “Буян Налайх” төвийн хажууд засмал замын уулзварын гарц дээр “Toyota Prius” маркийн ..-.. ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 15.1 “Жолооч уулзвараар баруун ... гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа явган зорчигчид зам тавьж өгнө” гэснийг зөрчсөний улмаас замын хөдөлгөөнд оролцож явган хүний гарцаар гарч явсан иргэн Д.Ц-ийг мөргөж, зам тээврийн осол гаргасны улмаас Д.Ц-ийн эрүүл мэндэд нь “баруун дээд зовхинд шарх, баруун хацар, шанааг хамарсан цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүү, баруун мөрийг хамарсан цус хуралт, баруун хацрын салстад шарх, цус хуралт, баруун шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун шилбэ ясны далд хугарал, баруун талын хацар ясны чамархайн сэртэн, духны сэртэн /ухархайн гадна хана/ хоншоорын сэртэн дайрсан хугарал, баруун талын хоншоорын хөндийн өмнөд болон арын хана дагасан хугарал, баруун талын ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, хамар ясны зөрүүгүй хугарал” бүхий хүндэвтэр хохирол учруулсан болох нь:
хохирогч Д.Ц-ийн: “...2024 оны 12 дугаар сарын 16- ны өдөр 15 цагийн үед шиг санаж байна. Буян-Налайх худалдааны төв орохоор гэрээсээ ганцаараа гараад явсан. Буян-Налайх худалдааны төвийн хажуу талын гэрлэн дохионы зохицуулалттай 4 замын уулзвар дээр явган хүний гарц дээр ирээд ногоон гэрэл асахыг хүлээж байгаад явсан. Зам дуусах гэж байтал баруун гар талаас нэг жижиг машин хүрч ирээд намайг урд талаараа хүчтэй мөргөсний улмаас би засмал зам дээр маш хүчтэй унаж ухаан алдсан. Нэг сэрэхэд би зам дээр уначихсан миний хажууд 2 эрэгтэй хүн байсан. Миний баруун хөл аймар өвдөж гишгэж чадахгүй байсан. Намайг өргөөд замын хашлага дээр суулгаж эмнэлэг болон цагдаа дуудсан байсан. Миний баруун талын шанаа хөмсөг язраад цус их гарч байсан. Мөн хамар нүүр хавдаж, цус гарсан эрүү эвгүй болчихсон. Ингээд эмнэлэг ирээд намайг Налайхын эмнэлэгт хэвтүүлсэн. Энэ ослын улмаас баруун хөлийн шилбэний дээд хэсэг хугарсан, шагай гэмтсэн, баруун талын хацар, яс, нүдний ухархай цөмөрч хугарсан. Налайхын эмнэлэгт 7 хоног хэвтэж эмчилгээ хийгээд гараад Цэргийн төв эмнэлэгт хэвтээд 9 хоноод гарсан. Хацарт хагалгаа хийсэн. Одоогоороо хэвтэрт хүний асаргаанд байна. Босож явах чадваргүй байнгын хэвтэрт байна. Би машинд мөргүүлээд хөл хугарч нүурээрээ газарт унасан байсан. Одоо нэлээн хэдэн cap хэвтэрт байх юм шиг байна. ...Намайг дүрмийн дагуу гарцаар зам гарч явахад тухайн жолооч ирж мөргөөд гэмтэл учруулсанд гомдолтой. Хэрэв надад учирсан хохирлыг бүрэн барагдуулсан тохиолдолд гомдол саналгүй. ...” /хх 32-35/,
гэрч Л.Д-ын “...Намайг Болгар улсад байхад миний төрсөн эгч Л.М утсаар холбогдож яриад 2024 оны 12 дугаар сарын 16- ны өдөр ээж гадагшаа ганцаараа гарч яваад зам дээр явган хүний гарцаар гарч яваад машинд мөргүүлээд Налайхын эмнэлэгт хэвтэж байна баруун хөл нь хугарсан, толгой нүүрэндээ их гэмтэл авсан гэж хэлсэн. Ингээд би санаа зовоод бушуухан явъя гэж шийдээд хичээл сургуулиа орхиод 2024 оны 12 дугаар сарын 26- ны өдөр Монголд ирсэн. Намайг ирэхэд ээж Налайхын эмнэлгээс хотод Цэргийн эмнэлэг рүү шилжих гэж байсан. Тэрнээс хойш би ээжийгээ асарч байна. Ээж маань хэвтрийн дэглэмд хүний асаргаанд байна. Настай хүн болохоор хүнд гэмтэж, эдгэрэлт нь удаан биед нь их зовуурьтай байна. Эм тариа тогтмол хэрэглэж байгаа бөгөөд сарын дараа эмчдээ үзүүлээд сэргээн засах эмчилгээнд явах гэж төлөвлөж байна. Энэ хэргийн улмаас ээж маань сэтгэл санаа, эд хөрөнгө мөнгөөрөө их хохирч байна. ...” /хх 37-39/ гэсэн мэдүүлгүүд,
Шүүх шинжилгээний шинжээчийн 39 дүгээр: “...Д.Ц-ийн биед баруун дээд зовхинд шарх, баруун хацар, шанааг хамарсан цусхуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүү, баруун мөрийгхамарсан цусхуралт, баруун хацрын салстад шарх, цус хуралт, баруун шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун шилбэ ясны далд хугарал, баруун талын хацар ясны чамархайн сэртэн, духны сэртэн /ухархайн гадна хана/ хоншоорын сэртэн дайрсан хугарал, баруун талын хоншоорын хөндийн өмнөд болон арын хана дагасан хугарал, баруун талын ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, хамар ясны зөрүүгүй хугарал гэмтэл тогтоогдлоо. Хатуу мохоо зүйлийн цохих үйлдпээр үүснэ. Зам тээврийн ослын үед үүснэ. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. ...” /хх 45-46/,
“Мөнх-Ерөөлт интернэйшнл” ХХК-ийн 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн “Автомашины техникийн бүрэн бүтэн байдлыг тогтоосон” шинжээчийн 04 дүгээр: “...Тухайн зам тээврийн осол хэрэг нь өдрийн 15 цагийн үед үйлдэгдсэн байна. ..-.. ... улсын, арлын ................ дугаартай Toyota маркийн Prius загварын автомашиныг техникийн хяналтын үзлэгийн инженерийн ур чадварт тулгуурлан тоног төхөөрөмжөөр хэмжсэн хэмжилтийн үзүүлэлтээр уг автомашины ажлын тоормос, зогсоолын тоормос, утааны үзүүлэлт, дугуйн хээний гүн, дугуйн зориулалт, гэрлийн тусгалын хүч зэрэг нь стандартын шаардлага хангана. Гэхдээ тухайн автомашины баруун их гэрлийн бүрхүүл хагарсан байдал нь өнгө үзэмжийн хувьд тэнцэхгүй. ...” /хх 50-54/,
Зам тээврийн ослын шалтгаан нөхцөлийг тогтоосон шинжээчийн 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 46-96/240 дугаар: “...Уг үйл явдал нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн нэгдүгээр бүлэг Нийтлэг үндэслэл 1.2.17. “зам тээврийн осол” гэж Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3.1.6-д “зам тээврийн осол” гэж зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг” гэж заасан байх тул уг үйл явдлыг зам тээврийн осол мөн гэж үзэж байна. Хэргийн материалд авагдсан нотлох баримттай танилцахад, Toyota Prius маркийн ..-.. ... улсын дугаартай автомашины жолооч Ж.Д нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.1 “Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндпөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндпөн гарч яваа явган зорчигч, мөн унадаг дугуйн зам буюу эгнээний огтлолцлоор хөндпөн яваа унадаг дугуй, мопедод зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Явган зорчигч Д.Ц-ийг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна. Уг зам тээврийн осол нь Toyota Prius маркийн ..-.. ... улсын дугаартай автомашины жолооч Ж.Д Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.1 дэх заалтыг зөрчсөнөөс болж зам тээврийн осол гарсан байх үндэслэлтэй байна. Тухайн замын зохион байгуулалт, нөхцөл байдал нь осол гарахад ямар нэгэн нөлөөлсөн гэх үндэслэлгүй байна. Уулзварын гэрэл дохио /2 замын хөдөлгөөнд оролцогчдын өөдөөс харан байрласан гэрэл дохио нь 3 ширхэг, нэмэгдэл гэрэл дохиогүй/, 2 замын хөдөлгөөнд оролцогчдын явж байсан чиглэлтэй танилцахад 2 замын хөдөлгөөнд оролцогч хоёулаа зөвшөөрсөн гэрэл /ногоон/ дохиогоор, өөд өөдөөсөө чиглэн /паралель/ уулзварт орсон байх үндэслэлтэй байх бөгөөд тээврийн хэрэгсэл баруун гар тийш эргэх тохиолдолд Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.1 дэх заалтыг баримтлан хөдөлгөөний дарааллыг тогтооно. ...” /хх 224-225/ гэсэн дүгнэлтүүд,
осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх 221/,
хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 11-14, 219-220/,
зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 16, 19-26/,
Д.Ц-ийн биед эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн баримтууд, Цэргийн төв эмнэлгийн 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 90 дугаартай албан бичиг, 25а/00122 дугаартай өвчний түүх /хх 68-117, 118-152/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.
Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасны дагуу хуульд зааснаар шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогч нарыг оролцуулж, тэдний дүгнэлт, тайлбар, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Ж.Д нь “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Хохирогч Д.Ц-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь шүүгдэгч Ж.Д-гийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцох явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.1 “Жолооч уулзвараар баруун ... гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа явган зорчигчид зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчиж явган зорчигчийг мөргөсөн үйлдэлтэй шалтгаант холбоотой байх бөгөөд шүүгдэгч Ж.Д-гийн гэм буруутай үйлдэл хангалттай тогтоогдсон, анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрүүгүй, эргэлзээ үүсгээгүй байна.
Анхан шатны шүүх, шүүгдэгч Ж.Д-гийн “тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Шүүгдэгч Ж.Д-гийн өмгөөлөгч Б.Жаргалсайханаас “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан Ж.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү. ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах үндэслэлгүй байна.
Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан заалтын агуулгаас үзэхэд, тухайн зүйл хэсэгт заасан шаардлагыг бүрэн хангасан шүүгдэгчийн ял шийтгэлийг хөнгөрүүлэх эрхийг шүүхэд олгосон бөгөөд тус хуулийн заалтыг шүүх заавал хэрэглэх хэм хэмжээ биш, харин гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлсөн тохиолдолд хэрэглэж болох зохицуулалт бөгөөд шүүх дээрх зүйл хэсгийг хэрэглээгүй явдал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн нөхцөлд хамаарахгүй, заавал хэрэглэхээр үүрэг болгосон зохицуулалт биш юм.
Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхээс шүүгдэгч Ж.Д-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хариуцлагын зорилго, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл заалтад тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2.800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.800.000 төгрөгөөр торгох ял ононгдуулж шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутгах дүгнэх үндэслэл тогтоохгүй байна.
Харин анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтаар шүүгдэгч Ж.Д-д 2.800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.800.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, оногдуулсан торгох ялыг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоохдоо Эрүүгийн хуулийн ямар зүйл, заалтыг баримтласан тодорхойгүй, мөн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтаар нэмэгдэл ялын хугацааг тоолохдоо шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс гэж хуулиас өөрөөр бичсэн байх тул давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн хэрэглээг зөвтгөсөн зохих өөрчлөлтүүдийг шийтгэх тогтоолын зохих тогтоох хэсэгт оруулахаар шийдвэрлэв.
Иймд шийтгэх тогтоолд дээрх зөвтгөсөн зохих өөрчлөлтүүдийг оруулж, шүүгдэгч Ж.Д-гийн өмгөөлөгч Б.Жаргалсайханы гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 2025/ШЦТ/114 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:
2 дахь заалтыг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Д-д 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 2,800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,800,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай. ...” гэснийг “...“...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Д-д 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 2,800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,800,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай. ...” гэж,
4 дэх заалтыг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Д-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах ялын хугацааг энэхүү шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай. ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Д-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах ялын хугацааг торгуулийн ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай. ...” гэж тус тус өөрчилсүгэй.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ж.Д-гийн өмгөөлөгч Б.Жаргалсайханы гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ
ШҮҮГЧ Ц.ОЧ
ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР