Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2017/00422

 

2017 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2017/00422

 

 

И.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч Т.Туяа, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШШ2016/01280 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч И.Б-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч Н.Б, Ц.Ц нарт холбогдох

 

Бусдын хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй

Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Морингийн 4-147 тоот хаягт байрлах, 573 м.кв хэмжээ бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын шударга эзэмшигчээр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагч нарын гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч И.Б-

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Маралмаа нар оролцов.  

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Хан-Уул дүүрэг, 10 дугаар хороо, Морингийн 4-147 тоот хаягт оршин суудаггүй ч албан ёсоор бүртгэлтэй бөгөөд 2003 онд хамт ажилладаг Д.Ганбаатар гэдэг хүнээс уг газрыг худалдаж авсан. Уг газрын хууль ёсны эзэмшигч болохыг Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 418 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 470 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 327 дугаар тогтоолоор тус тус тогтоосон. Гэтэл миний эзэмшлийн газарт Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны иргэн Ц.Ц, түүний дүү Ц.Цогтбаяр болон тэдний төрсөн эх Н.Б нарын хүмүүс дайрч орон, гэр барьж, улмаар блокон байгууламж зөвшөөрөлгүй барьж миний өмч хөрөнгөд халдсан. Би Н.Б болон түүний нөхөр н.Цэрэндондог, хүү Ц.Гансүх болон Ц.Ц нартай олон жил нэг дор ажилласан. Удаа дараа газраас нүү гэсэн шаардлага тавихад ямар нэгэн ажил бүтээгээд өг гэж болзол тавьж шаарддаг байсан. Нэгэнт шүүхээр эцэслэн шийдвэрлэсэн шийдвэр, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаад хэрэгсэхгүй болгосон тогтоолууд байгаа тул эдгээрийг үндэслэж, Ц.Ц нараас уг газрыг чөлөөлүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Ц нь Хан-Уул дүүрэг, 10 дугаар хороо, Морингийн 4-147 тоот хаягт 1999 оноос хашаа барин хаягжилтад хамрагдаж, 2012 оны 6 сар хүртэл амьдарсан. 2003 онд кадастрын зураг хийлгүүлэн газар эзэмших хүсэлтийг 2 удаа Газрын албанд гаргаж байсан боловч асуудлыг шийдвэрлэж өгөөгүй атлаа иргэн И.Б-д бусдын газар ашиглах, эзэмших, өмчлөх эрх ашиг сонирхлыг хөндөн газар эзэмшүүлэх гэрчилгээг 2003 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 96 тоот захирамжийг үндэслэн олгосон байдаг. Энэ нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д заасныг зөрчсөн. Миний амьдарч байсан газар дээр 2004 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр газар өмчилж авах өргөдөл өгсөн И.Б-д тэр өдөртөө кадастрын зураг хийж, газар эзэмших эрхийн гэрчилгээг олгосон байдаг нь хууль бус үйлдэл юм. Хан-Уул дүүргийн Засаг даргын 2003 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 96 тоот захирамж нь тус дүүргийн нутаг дэвсгэрт бүртгэлтэй иргэдийн гэрчилгээг баталгаажуулах талаар ажил зохион байгуулах үүрэг болгосон. Гэтэл тухайн үед эдлэн газрын улсын тоо бүртгэлийн хуудас авч, нийслэлийн газрын улсын бүртгэлд бүртгүүлсээр байтал тухайн захирамжийн дагуу газрыг олгоогүйгээр үл барам 2004 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр иргэн И.Б-д давхардуулан газар олгосон. И.Б- нь 2004 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Хан-Уул дүүргийн газрын албанд өргөдөл гаргасны дагуу танилцууллаа гэсэн цохолтыг 2004 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хийж өгсөн байдаг. Ингэж 2004 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр цохолт хийж өгөөд байхад түүнээс өмнө 2004 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр газар давхардуулан олгосон. Газар олгосон гэрчилгээн дээрээ Хан-Уул дүүргийн засаг даргын 2003 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 96 тоот захирамжаар газар олгосон гэж бичсэн байдаг. Газар олгох 96 тоот захирамж нь И.Б-д газар олгох захирамж биш. Газрыг бүртгэлжүүлэх баримт юм. Ц.Ц нь эдлэн газрын улсын бүртгэлтэй бөгөөд Нийслэлийн газрын бүртгэлийн хоёр баримттай. Тухайн үед кадастрын нэгдсэн сан гэж байгаагүй, тухайн үед энэ хоёр бүртгэлээрээ газрын бичиг баримт олгодог байсан. Гэтэл ингэж эзэмшиж байсан газрын гэрчилгээн дээр нь Ц.Цийн нэрийг дарж 2004 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр И.Б- өөрийн нэрийг оруулсан байдаг. Энэ нь захиргааны хэргийн шүүхээр орсон бөгөөд 96 тоот захирамжийг хүчингүй болгох эсэх асуудлыг л шийдвэрлэсэн болохоос биш газар шударга эзэмшигчийн асуудлыг хэлэлцээгүй. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч нар шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэлийн Архивын газрын 2014 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 23205 албан бичигт уг газрыг Ц.Цийн эзэмшилд байгаагаар 2013 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Нийслэлийн газрын улсын бүртгэлийн лавлагаа, 186301 дугаарт эдлэн газрын эдлэн газрын улсын тоо бүртгэлийн 001863 дугаар хуудсанд бүртгэгдсэн гэсэн байна. Үүгээр Ц.Цийн эзэмшлийнх гэдэг нь нотлогдож байна. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт зааснаар тухайн хүсэлт гаргасан газар нь хэн нэгэн этгээдийн газартай давхцаж байгаа бол захирамж гаргах боломжгүй гэсэн заалтыг зөрчиж И.Б-д Н.Б нарын 17 жил үе дамжин амьдарч байсан газрыг эзэмшүүлсэн. Ц.Цийн нэрийг засаж И.Б- болсон хирнээ регистрийн дугаар нь Ц.Цийнх хэвээрээ байх зэрэг хууль бус байдлаас болж Ц.Ц нарын газар эзэмших эрх зөрчигдөж байна. Иргэний хуулийн 90 дүгээр зүйл, 105 дугаар зүйлд зааснаар газар дээрээ 10-аас дээш жил амьдарсан хүн давуу эрх эдэлнэ. Захиргааны хэргийн шүүхэд энэ талаар өгсөн бүх зураг, баримтууд байгаа. Иймд Иргэний хуулийн 90, 105 дугаар зүйлүүдэд зааснаар Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Морингийн 4-147 тоот газрын шударга эзэмшигч болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийн талаар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч тал хэдэн үеэрээ уг газарт амьдарч байна гэж байна ямар ч үндэслэлгүй ярьж байна. Уг газар дээр анх 2000 оноос 500 айлыг хязгаартайгаар буулгаж эхэлсэн. Н.Б гуай 2013 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр хашаанд дайрч ороод гэрээ барьсан. 2015 онд буцаад Буянт-Ухаагийн 9 дүгээр хороо луу буцаад явсан. Түүнээс биш 17 жил амьдарсан гэдэг тайлбар нь нотлогдоогүй. Уг хашааг Ц.Ц барьсан гэж маргадаг боловч би тийм, үгүй гэж маргадаггүй. Яагаад гэвэл энэ хашааг хэн эхэлж барьсан нь одоог хүртэл ерөөсөө тогтоогдоггүй. Гагцхүү энэ газар нь Д.Ганбаатарын мэдэлд байсан талаарх баримт нь Хан-Уул дүүргийн газрын албанд байдаг бөгөөд Д.Ганбаатараас И.Б-ын нэр лүү шилжүүлэх тухай өргөдлийг дамжин явуулж байсан засаг даргын цохолт нь байгаа. Хариуцагч нар 17 жил хууль ёсоор оршин сууж, эзэмшиж байгаагүй гэдгийг үе үеийн хорооны засаг дарга, зохион байгуулагч нар бүгд нотолдог. Газрыг давхардаж олгосон гэдэг нь тогтоогдоогүй. Нэгэнт шүүхээр тогтоогдсон хууль ёсны үйл баримт байхад нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан Ц.Ц, Я.Должинсүрэн нарын хууль бус эзэмшлээс Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Морингийн 4 дүгээр гудамж, 147 тоотод байрлах, 573 м.кв хэмжээ бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг чөлөөлж,

Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-д зааснаар Ц.Ц, Я.Должинсүрэн нарын Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Морингийн 4 дүгээр гудамж, 147 тоотод байрлах, 573 м.кв хэмжээ бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын шударга эзэзмшигчээр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

  Хариуцагч нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Нэхэмжлэгч И.Б- нь 2003 онд П.Ганбаатараас 147 тоот хашааг худалдан авсан. Тухайн үед эзэмших эрхийн цагаан гэрчилгээтэй байсныг шилжүүлэн авч хууль ёсны өмчлөгч болсон гэдэг ба энэ талаар бичиг баримт хэрэгт байдаггүй. 2016 оны 12 сарын 05-ны өдрийн шүүх хуралдаанд нотлох баримт гаргуулах, гэрч асуулгах хүсэлтийг ИХШХТХ-ийн 38 дугаар зүйлд зааснаар гаргахад шүүгч хүсэлтийг хангахгүй орхиж, шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн нь хэт нэг талыг барьж, нотлох баримт цуглуулах хуулийн заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Нотлох баримт бүрэн гүйцэт цуглуулаагүй учир шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. Мөн шүүхийн шийдвэрт бусдын хууль бус эзэмшлээс газар албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэрэг хэлэлцэв гэж бичсэнээс үзэхэд бидний сөрөг нэхэмжлэлийн талаар хэлэлцсэнгүй гэж үзэхээр болжээ. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч И.Б- нь хариуцагч Н.Б, Ц.Ц нарт холбогдуулан Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Морингийн 4-147 тоот хаягт байрлах, 573 м.кв хэмжээ бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг чөлөөлүүлэх шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, уг газрын шударга эзэмшигчээр тогтоолгохоор Н.Б нь сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч И.Б- нь хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардахын тулд өөрийгөө өмчлөгч гэдгийг нотлохоос гадна хариуцагч Н.Б, Ц.Ц нарын эзэмшил хууль бус буюу хууль болон гэрээнд заасан үндэслэлгүйгээр хөрөнгийг эзэмшиж байгаа нь тогтоогдсон байх шаардлагатай.

 

Нэхэмжлэгч И.Б- нь Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Морингийн 4-147 тоот хаягт байршилтай, 18629302030660 нэгж талбарын дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 573 м.кв хэмжээ бүхий /цаашид маргаан бүхий гэх/ газрын хууль ёсны өмчлөгч болох нь хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдсон байна.

 

Өөрөөр хэлбэл И.Б- нь дээрх маргаан бүхий газрын хууль ёсны өмчлөгчөөр эрхийн улсын бүртгэлийн Г-2206006674 дугаарт бүртгэгдсэнээр Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газраас 2012 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгогдсон байна. /хэргийн 4 дүгээр тал/

 

Түүнчлэн Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 418 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 470 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 327 дугаар тогтоолоос үзэхэд Хан-Уул дүүргийн Засаг даргын 2003 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 96 дугаар захирамжийг үндэслэн дээрх маргаан бүхий газрыг иргэн Д.Ганбаатарт эзэмшүүлж, 8027/05278 дугаартай гэрчилгээ олгож байсан, Д.Ганбаатар нь эзэмшил газраа шилжүүлэх хүсэлт гаргаснаар 2004 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр газар эзэмших эрхийн 3027/05278 дугаар гэрчилгээгээр газрыг И.Б-д эзэмшүүлж, улмаар түүнд Нийслэлийн Засаг даргын 2012 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн А/462 дугаар захирамжаар газрыг өмчлүүлсэн зэрэг үйл баримтууд тогтоогдсон байхаас гадна уг захирамж нь Газрын тухай хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болжээ. /Хэргийн 5-17, 25-39, 18-24 дүгээр тал/

 

Хариуцагч Ц.Ц Н.Б нар нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч буй татгалзлын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотолж чадаагүй тул газрыг хууль бусаар эзэмшсэн гэж үзэх бөгөөд нэхэмжлэгч И.Б-ыг хариуцагч Ц.Ц Н.Б нарын хууль бус эзэмшлээс хөрөнгөө шаардах эрхтэй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт нийцсэн байна.

 

Хариуцагч нар нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ маргаан бүхий газрыг 1999 оноос хойш эзэмшиж байсан гэж тайлбарласан боловч уг тайлбар, татгалзлаа мөн баримтаар нотолж чадаагүйгээс гадна нэхэмжлэгч И.Б- нь газрын хууль ёсны өмчлөгч байх тул хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй.

Түүнчлэн хариуцагч талаас шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлэх, гэрч асуулгах, хамтран хариуцагч оролцуулах тухай хүсэлт гаргасныг анхан шатны шүүх хангахгүй орхиж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт нийцсэн тул хариуцагч нарын давж заалдсан гомдол үндэслэлгүй байна.

 

Харин анхан шатны шүүх шийдвэрийн удиртгал хэсэгт сөрөг нэхэмжлэлийн талаар тусгаагүй орхигдуулсан нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШШ2016/01280 дугаар шийдвэрийн Удиртгал хэсэгт иргэний хэрэг гэсний өмнө Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Морингийн 4-147 тоот хаягт байршилтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 573 м.кв хэмжээ бүхий газрын шударга эзэмшигч болохыг тогтоолгох тухай хариуцагч Н.Б, Ц.Ц нарын гаргасан сөрөг нэхэмжлэлтэй гэж нэмж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Н.Бгийн төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХТӨР

 

ШҮҮГЧИД Т.ТУЯА

 

Н.БАТЗОРИГ