| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаа Ариунхишиг |
| Хэргийн индекс | 2311023090719 |
| Дугаар | 2025/ДШМ/873 |
| Огноо | 2025-07-23 |
| Зүйл хэсэг | 21.4.1., |
| Улсын яллагч | Х.Билгүүн |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 07 сарын 23 өдөр
Дугаар 2025/ДШМ/873
2025 07 23 2025/ДШМ/873
Ж.У-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, ерөнхий шүүгч Б.Зориг, шүүгч Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Х.Билгүүн,
шүүгдэгч Ж.У , түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт /цахимаар/,
нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 2025/ШЦТ/1104 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлтийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Ж.У холбогдох эрүүгийн 2311023090719 дугаартай хэргийг 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Г овогт Ж.У ........... РД...........
Ж.У нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 183/Ш32022/16802 дугаар захирамжийн дагуу 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр шүүхэд үнэн зөв дүгнэлт гаргахаа илэрхийлж, баталгаа гаргасны дараа 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 544 дугаартай дүгнэлтээр “Баянзүрх дүүргийн хаягт байрлах 280 м2 талбай бүхий 2 давхар барилгын ажлыг хариуцагч нар орхиж явах үед барилгын ажил 61.1 хувийн гүйцэтгэлтэй байсан” хэмээн зориуд худал дүгнэлт гаргаж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн шүүхэд 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр гаргаж өгсөн гэмт хэрэгт холбогджээ.
Чингэлтэй дүүргийн прокуророос: Ж.У-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Г овогт Ж.У “Шинжээч шүүхэд үнэн зөв дүгнэлт гаргахаа илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал дүгнэлт гаргасан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.У гийн шинжээчээр ажиллах эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.У нь оногдуулсан торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.У нь шүүхээс оногдуулсан торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.У оногдуулсан шинжээчээр ажиллах эрхийг 1 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.У урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Энэ гэмт хэргийн обьектив талын заавал байх үндсэн шинж нь гэм буруутай этгээдээс зориуд худал дүгнэлт гаргасан идэвхитэй үйлдэл, эс үйлдэхүй байх ба субьектив талын үндсэн шинж нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэгддэг. Өөрөөр хэлбэл гэм буруутай этгээдээс хууль бус нотлох баримт үйлдэж байгаа гэдгээ ухамсарлан, гарах үр дагаврыг мэдсэн, түүнд зориуд хүргэхийг хүссэн байхыг шаардана. Энэ гэмт хэргийн халдлагын зүйл нь хуурамчаар үйлдэгдсэн дүгнэлт байна. Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэж, мөн зүйлийн 1.6-д “нөхцөл байдлыг буруугаар төсөөлж андуурсны улмаас гэмт хэрэг үйлдсэн” гэж, мөн “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино” гэж, мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 1-д “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” гэж, мөн хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж, мөн Шүүх шинжилгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т “шинжээч” гэж шүүх шинжилгээ хийж, дүгнэлт гаргахаар хуульд заасан журмын дагуу томилогдсон тусгай мэдлэг бүхий хүнийг”, мөн зүйлийн 4.1.8-т “шинжээчийн дүгнэлт" гэж хуульд заасан шинжилгээ хийх үйл ажиллагааны стандартыг хангаж, тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан нотлох баримтын эх сурвалж болох баримт бичгийг” гэж тус тус хуульчлан тогтоожээ. Дээрх хууль зүйн үндэслэлүүдээс үзэхэд миний үйлчлүүлэгч Ж.У гийн үйлдсэн гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.4 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн субьектив талын заавал байх үндсэн шинж нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байхаар хууль тогтоогчоос хуульчлан тогтоосон байдаг. Гэтэл хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Эрүүгийн хуулийн 21.4 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн субьектив талын үндсэн шинж үгүйсгэгдэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох боловч тухайн үйлдэл, эс үйлдэхүй нь гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байхыг шаарддаг. Шинжээч зориуд худал дүгнэлт гаргах гэмт хэргийн субьектив талын үндсэн шинж нь гэмт хэрэг үйлдэгч этгээдээс гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр буюу өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн байхыг шаарддаг. Өөрөөр хэлбэл дүгнэлт гаргаж буй шинжээчийн хууль бус нотлох баримт үйлдэж байгаа гэдгээ ухамсарласан, гарах үр дагаврыг мэдсэн, түүнд зориуд хүргэхийг хүссэн байхыг шаардана. Гэтэл хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулагдаж, бэхжүүлэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд миний үйлчлүүлэгч мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд тогтвортой өгсөн мэдүүлгүүд болон хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэг зэрэг нь миний үйлчлүүлэгчийг тухайн гэмт хэргийн гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн нь хангалттай нотлогдон тогтоогдоггүй. Өөрөөр хэлбэл хууль сануулж авсан гэрчийн мэдүүлэгт “Би бүтэн сайн өдөр хэвлэх команд өгөөд Хөвсгөл аймаг явсан, урьд нь засаарай гэж хэлж байсан дүгнэлтийг У гуай шүүхэд өгсөн байсан. Энэ талаар сүүлд мэдсэн” гэх талаар мэдүүлсэн байдаг. Эхний дүгнэлтийн 61.1 хувь гэдэг тооцооллыг хийгээд дутуу байсан учир дахин нэмж тооцоолол хийгээд гаргаад ир гэж Н хэлсэн байсан тухай нотлох баримт мөн хэрэгт авагдсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1-д “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ” гэж хуульчлан тогтоож өгсөн байдаг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт нотлох баримтын эх сурвалжийн төрөлд хамаардаг. Худал гэдэг агуулга нь гэмт хэрэг үйлдэж байгаа гэм буруутай этгээд гэм буруугийн шууд санаатай хэлбэр, сэдэлт зорилготойгоор үйлдэж байж хуурамч нотлох баримт гэдэг агуулгыг бий болгодог. Хуурамч гэдэгт зориуд зассан, өөрчилсөн, хувийн ашиг сонирхлоор хандаж хэн нэгний эрхийг хязгаарласан, илтэд тоо тэмдэглэгээ агуулгыг хувиргаж шүүхэд гаргаж өгсөн байхыг ойлгоно. Гэтэл миний үйлчлүүлэгчийн хувьд нөхцөл байдалд хайхрамжгүй хандсан, мартсан, андуурч сольсон үйл баримт тогтоогддог. Энэ нь тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан шинжээчийн дүгнэлтийг зориуд санаатайгаар, ашиг сонирхлын үүднээс буруу гаргасан гэж үзэх боломжгүй байна. Иймд миний үйлчлүүлэгч Ж.У гийн үйлдэл холбогдлыг гэмт хэргийг шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү.” гэв.
Шүүгдэгч Ж.У тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийнхөө гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна.” гэв.
Прокурор Х.Билгүүн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Хуурамч гэж яриад байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хуурамч гэдэг үгийг тусгаагүй. Худал дүгнэлт гаргасан гэж заасан. Шүүгдэгч Ж.У өмнө нь 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 544 дугаартай дүгнэлтэд 61.1 хувийн гүйцэтгэлтэй гэж гаргасан. Ингээд уг дүгнэлттэй холбоотой гомдол гаргасан байдаг. Гомдол гаргасны дараа 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 603 дугаартай дүгнэлтэд 70 хувийн гүйцэтгэлтэй гээд засаад гаргасан байдаг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар худал дүгнэлт гаргасан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. Компьютерт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэлд 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр файл үүсгэсэн бөгөөд 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр дүгнэлтийг дахиад гаргахдаа уг файлаа засаад гаргасан болох нь тогтоогдсон. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Ж.У нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 183/Ш32022/16802 дугаар захирамжийн дагуу 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр шүүхэд үнэн зөв дүгнэлт гаргахаа илэрхийлж, баталгаа гаргасны дараа 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 544 дугаартай дүгнэлтээр “Баянзүрх дүүргийн хаягт байрлах 280 м2 талбай бүхий 2 давхар барилгын ажлыг хариуцагч нар орхиж явах үед барилгын ажил 61.1 хувийн гүйцэтгэлтэй байсан” хэмээн зориуд худал дүгнэлт гаргаж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн шүүхэд 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр гаргаж өгсөн болох нь:
- Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж байгаа Х.М, Х.Ч нарын нэхэмжлэлтэй, хариуцагч Б.С холбогдох иргэний хэрэгт үзлэг хийж баримт бичиг хуулбарлан авсан тэмдэглэл /1хх 37/,
- С.Нн ажлын компьютерт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 86-93/,
- Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 183/Ш32022/16802 дугаартай захирамж /1хх 38-39/,
- Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 310 дугаартай албан бичиг, хавсралтад ...шинжээч Ж.У 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хууль сануулан, танилцуулсан баталгааны хуудас /1хх 185-190/,
- “Х ү т” ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 52 дугаартай шинжээч томилох тухай захирлын тушаал /1хх 217/,
- “Х ү т" ХХК-ийн 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 544 дугаартай “Барилгын ажлын гүйцэтгэл үнэлсэн” тухай дүгнэлт /1хх 42-54/,
- “Х ү т" ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/20 дугаартай Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн ...захирамжийн дагуу 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн №1 дугаартай барилгын ажил гүйцэтгэх гэрээний дагуу баригдсан “Баянзүрх дүүргийн хаягт байрлах 280 м.кв талбай бүхий 2 давхар барилгын тооцоог 2014 оны байдлаар тооцоо хийж 09 дүгээр сарын 08-ны өдөр 544 дугаартай тайланг хүргүүлсэн боловч бидний хариуцлагагүй байдлаас тайлангийн тооцооны хэсэг болох 12-21 хүртэл хуудас орхигдсон, мөн дүгнэлт хэсэгт дутуу тооцсон үеийн буруу дүгнэлт оруулсан байна.” гэсэн албан бичиг /1хх 55/,
- “Х ү т" ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн албан бичгээр 603 дугаартай ...хариуцагч нар барилгын ажлыг орхиж явах үед барилгын дүн 129.302.000 төгрөг, 70 хувийн гүйцэтгэлтэй байсан.” гэсэн барилгын ажлын гүйцэтгэл үнэлсэн тайлан /1хх 56-85/,
гэрч Б.С: “...Ингээд анхан шатны шүүх дээр очиход шүүхээс маргаан бүхий барилгыг тухайн үеийн ханшаар хэдэн төгрөгөөр баригдсан эсэхэд үнэлгээний компаниар үнэлгээ гаргуулахаар шинжээч томилсон. ... барилгын үнэлгээг “Х ү т" ХХК нь гаргасан. Уг үнэлгээний компани нь манай барьсан барилгын гүйцэтгэлийг 61.1 хувь гэж гаргасан. Тухайн барилгыг 100 хувийн гүйцэтгэлтэй хийхэд нийт 159.011.100 төгрөгөөр хийж гүйцэтгэнэ гэж үнэлсэн байсан. Үүнийг би хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. Учир нь нэгдүгээрт миний барьсан барилга 80-85 хувийн гүйцэтгэлтэй байсан. 2 дугаарт тухайн үеийн ханшаар тухайн барилгын үлдэгдэл ажлыг хийж гүйцэтгэхэд 20.0 орчим сая төгрөгөөр барьж дуусгах байсан. Гэтэл нэхэмжлэл 159.011.100 төгрөгөөр үнэлсэн байсан. Тэгэхээр тухайн барилгыг 61.1 хувь гэж гаргахаар үлдэгдэл ажил болох 38.9 хувийн 61.855.317 төгрөгийн зөрүү байгаа юм. Харин миний хувьд гүйцэтгэлийн 61.1 хувь гэж гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. Тухайн маргаан эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа. ...” /1хх 165-166, 168/,
гэрч Р.З: “...манай “Х ү т”-ийг шинжээчээр томилсон байсан. Үүний дагуу ... барилгад шүүгчийн захирамжид заасан асуултын дагуу шинжээчээр ажиллаж дүгнэлт гаргасан. ... Уг барилгад шинжээчээр үнэлгээний төвийн үнэлгээчин Ж.У , үнэлгээчин, барилгын инженер С.Н болон миний бие оролцож дүгнэлтийг гаргасан. Дүгнэлтийг гаргахын тулд маргалдагч талуудыг бүгдийг оролцуулж газар дээр нь барилгын байдалтай танилцаж хэмжих чанар байдалд үнэлэлт дүгнэлт өгч хийсэн ажлын тоо хэмжээг тодорхойлох ажлыг хийсэн. ... Харин Ж.У нь тооцоолол хийх, тоолол хянах, С.Н нь тооцоолол хийн барилгын чанар байдалд үнэлэлт дүгнэлт өгсөн. Тухайн барилгыг бид шинжлэн судлаад 61.1 хувьтай гэж гаргасан. Х ү т нь барилгын гүйцэтгэлийг хэдэн хувьтай байгаа эсэхийг тогтоодог. ...” /1хх 170-171/,
гэрч С.Нн: “...Би туслах үнэлгээчин учраас бие даан үнэлгээ гаргадаггүй, үнэлгээчидтэйгээ хамтран тайлан тооцоолол, судалгаа хийдэг. Голцуу У үнэлгээчинтэй хамтран ажилладаг. 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 52 дугаартай “Х ү т” ХХК-ний захирал Р.З тушаалаар 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 183/Ш32022/16802 дугаартай “Хүсэлт шийдвэрлэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай” захирамжийн дагуу үнэлгээ хийхэд туслах үнэлгээчнээр томилогдон ажилласан. Үнэлгээчнээр Ж.У томилогдон ажилласан. ... Шүүгчийн захирамжид заасан асуултуудын дагуу төсвийн тооцооллыг үнэлгээчин У гийн хамтаар гаргасан. Би эхний тооцооллоороо механизмын зардлыг тооцолгүйгээр барилгын гүйцэтгэл 61.1 гэж гаргаад дүгнэлтийн нооргийг гарган үнэлгээчин У , захирал З нараар 2023 оны 08 дугаар сарын сүүлийн 7 хоногт байсан байх, яг хэдний өдөр гэдгийг нь мэдэхгүй байна хянуулсан. Үнэлгээчин У , захирал З нар хянаж үзээд намайг механизмын болон бусад засварын ажлын зардлаа оруулаагүй гаргасан байна гээд буцаасан. Тэгээд механизмын зардал болон бусад зардлыг нэмж оруулж дахин тооцоолол хийхэд гүйцэтгэлийн тооцоо 70 хувьтай гарсан. Би дүгнэлтээ дахин үнэлгээчин У , захирал З нараар хянуулаад болсон байна гэсэн тул би 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр буюу баасан гаригт ажил тарахын өмнө дүгнэлтээ компьютероос хэвлэх команд өгөөд ажлаас гарсан. Тэгээд би бүтэн сайн өдөр нь, 2023 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Хөвсгөл аймаг руу явсан. Гэтэл У ах эцсийн байдлаар гаргасан дүгнэлтийг намайг хэвлэж үлдээснийг мэдэлгүй, миний компьютер дээр байсан урд нь хянуулаад буцаагдсан барилгын гүйцэтгэл 61.1 хувьтай гэсэн ноорог дүгнэлтийг хэвлээд шүүх рүү хүргүүлсэн байсан. Сүүлд нь манай захирал Зыг авлигатай тэмцэх газраас дуудахад нь бид хэд мэдээд эцсийн байдлаар гаргасан барилгын гүйцэтгэл 70 хувьтай гэсэн дүгнэлтийг зөвтгөж шүүх рүү хүргүүлсэн. Би үнэлгээчин У д эцсийн үнэлгээг хэвлэсэн талаараа сануулж анхааруулаагүй, мөн У хяналгүй урьд нь хянуулаад буцсан дүгнэлтийг шүүх рүү хүргүүлчихсэн алдаа гаргасан байсан. ...” /1хх 178-179/,
гэрч Б.Н: “...Тухайн үед уг дүгнэлт алдаатай гарсан талаар мэдээгүй. 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр У гэх хүн дахин дүгнэлт авчирч өгөхөд нь урд ирүүлсэн дүгнэлт алдаатай байсан байна гэдгийг мэдсэн. Манай шүүхээс болон би “Х ү т” ХХК-тай танайх дүгнэлтээ буруу гаргаж ирүүлсэн байна гэж яриагүй. ...” /1хх 181-183/,
гэрч Б.П: “...Миний бие 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийг дуустал Хулан шүүгчийн туслах Б.Нямжаргалыг орлон ажлыг нь гүйцэтгэж байсан. 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Х.М, Х.Ч нарын нэхэмжлэлтэй иргэний хэрэгт 603 дугаартай албан бичгээр Ж.У гийн гаргасан дүгнэлтийг Ж.У гэх настай эрэгтэй хүн өөрөө авчирч өгч байсан. Тэр үед дүгнэлтийг нь харахад хуудас нь дутуу болохоор нь шүүгчийн туслах Б.Нямжаргалаас фейсбүүк чатаар асуухад хуудасны бүрэн бүтэн байдлыг шалгачих, бүрэн байвал анхнаасаа дутуу ирсэн байгаа гэж хэлэхээр нь шалгаж үзэхэд хэрэг үдсэн үдээсийг өөрчлөөгүй байсан. Тэгээд Ж.У нь дүгнэлтээ засаад ирнэ гээд 2024 оны 10 дугаар сарын 27-ны өдөр дахин өөрөө засаад авчирч өгсөн. ...” /2хх 13/,
яллагдагчаар Ж.У гийн: “...2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр шүүхэд гаргаж өгсөн Хөрөнгө үнэлгээний тайландаа үнэлгээний тооцооллын задаргааны хүснэгтүүдийг орхигдуулан өгсөн учраас шүүх цаашид асуудлыг шийдвэрлэх боломжгүй байсан. Хариуцагчийн гүйцэтгэсэн ажлыг 61.1 хувь гэж бичсэн байсан. Энэ нөхцлийг сүүлд нь мэдсэн. Шүүхийн туслах нь над руу ярьж тайлан дутуу байгаа талаар мэдэгдсэн. Шүүхийн туслах над руу ярихаас өмнө гомдол гаргагч С нь үнэлгээний тайланг үзсэн юм шиг байна лээ. Тэгээд бид 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 306 тоот тайлангаар үнэлгээний материалыг засаж гаргасан. Уг тайлангаар урьд гаргасан байсан 61.1 хувийг гүйцэтгэлтэй байсан гэдгийг 70 хувийн гүйцэтгэлтэй байсан гэж зөвтгөж оруулсан. Ингээд алдааг залруулж 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх рүү 12-21 хүртэлх хуудас орхигдсон тул дүгнэлтийн хэсэгт дутуу тооцооллыг хийж дүгнэлтэд оруулсан. Бидний хариуцлагагүй байдлаас тайлан алдаатай явсан гэж уучлал хүссэн албан бичиг явуулсан. Би өөрийн гаргасан алдааг хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ энэ алдааг санамсаргүйгээр гаргачихаад байгаа юм. Надад шүүхээс худал дүгнэлт гаргаж болохгүй талаар баталгаа авсан байсан тул би санаатайгаар худал дүгнэлт гаргахгүй. ...” /1хх 228-229/ гэх мэдүүлгүүд болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Шүүх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч Ж.У холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж зааснаар шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Ж.У нь шүүхэд үнэн зөв дүгнэлт гаргахаа илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал шинжээчийн дүгнэлт гаргасан үйл баримтыг тогтоосон нь хэргийн бодит байдалд нийцжээ.
Шүүх, шүүгдэгч Ж.У гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “шинжээч шүүхэд үнэн зөв дүгнэлт гаргахаа илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал дүгнэлт гаргасан” гэмт хэргээр зүйлчилж Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл болох шинжээчээр ажиллах эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулсан нь хуульд нийцсэн, түүний гэм бурууд тохирсон байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт “...Ж.У гийн үйлдэл холбогдлыг гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү.” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т “Шинжээч шинжилгээ хийж дүгнэлт гаргахдаа Шүүх шинжилгээний тухай хуульд заасан журмыг баримтална.” гэж заасны дагуу шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаас өөр эрх бүхий байгууллага, этгээдээр хийлгэж буй тохиолдолд эрх, үүрэг, хариуцлагыг урьдчилан сануулж, гарын үсэг зуруулах бөгөөд шинжээч Ж.У нь шинжээчээр томилогдож, 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр шинжээчийн эрх үүрэг танилцуулсан баталгааны хуудсанд гарын үсгээ зурж, баталгаажуулсны дараа тусгай мэдлэгийн хүрээнд 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 544 дугаартай дүгнэлтийг гаргасан байх боловч уг дүгнэлтээ барилгын ажлын гүйцэтгэлийг 61.1 хувийн гүйцэтгэлтэй гэх худал дүгнэлт гаргасан болох нь хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтаар эргэлзээгүй тогтоогдож байх тул шинжээчийн дүгнэлтийг дутуу явуулсан гэх байдал нь түүний үйлдлийг үгүйсгэх нөхцөл болохгүй ба хуульд нийцэхгүй байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлтийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.
Иймд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 2025/ШЦТ/1104 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлтийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 2025/ШЦТ/1104 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлтийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ЗОРИГ
ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ