Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 159

 

Ж.Ж-д холбогдох

        эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Д.Дамдинсүрэн, шүүгдэгч Ж.Ж, түүний өмгөөлөгч Ц.Батзаяа, хохирогч Б.Х, Э.Г, хохирогчийн өмгөөлөгч Ж.Энхтуяа, орчуулагч Б.Солонго, иргэний нэхэмжлэгч Б.Ц, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 125 дугаар шийтгэх тогтоол, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 91 дүгээр магадлалтай, Ж.Ж-д холбогдох 1932000940125 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Батзаяагийн гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 2 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Бүгд Найрамдах Солонгос улсын иргэн, 1979 оны 6 дугаар сарын 6-ны өдөр БНСУ-ын Пусан хотод төрсөн, 40 настай, эрэгтэй, дээд боловсролтой, солонгос хэлний багш мэргэжилтэй, Сам Юүк мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд багш ажилтай, ял шийтгүүлж байгаагүй, Ж овогт Ж /CH J/.

Ж.Ж нь 2019 оны 5 дугаар сарын 21-ний орой 22 цагийн үед Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баян 2 дугаар багийн нутаг “Хустайн даваа” гэх газар “Тоёота Ланд Круйзер-100” загварын 15-14 УНД дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1, 13.2/а заалтыг зөрчсөний улмаас эсрэг урсгалд орж Б.Цийн жолоодож явсан “Соната-7” загварын 66-08 ОРО дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, улмаар Б.Х, Ц.Очир, Э.Г нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх шүүгдэгч Ж.Ж-ийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, уг ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж, хэргийг прокурорт очтол Ж.Жд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Батзаяа гаргасан гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...Магадлалын тодорхойлох хэсэгт “...Давж заалдах шатны шүүхэд хохирогч Б.Хгийн гомдлын үндэслэлийнхээ талаар мэдүүлсэн гэх мэдүүлэг болон хэрэгт авагдсан түүний болон хүү Ц.Очир, иргэний нэхэмжлэгч Б.Ц нарын биед хохирол тогтоосон шинжээчийн дүгнэлтүүд зэрэгт дүгнэлт хийж үзэхэд ослын улмаас эдгээр иргэдийн биед учирсан хохирлыг тогтоосон шинжээчийн дүгнэлтүүд эргэлзээтэй байж болох нөхцөл байдал байх бөгөөд дээр дурдсан хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын биед учирсан хохирлыг тогтоох шинжилгээг дахин хийсний эцэст хэргийг шийдвэрлэх нь шүүгдэгч, хохирогч, хэргийн оролцогчдын хэн алины хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад ач холбогдолтой, Эрүүгийн хуулийн зорилго болон эрүүгийн хариуцлага хүлээлгэх шударга ёсны зарчим, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан “хэргийн бодит байдлыг тогтоох” зарчимд нийцнэ гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ. Иймд дээр дурдсан үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцаах нь зүйтэй байна." гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Учир нь хавтаст хэрэгт 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Б.Хгийн биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 6423 дугаар дүгнэлт, 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Ц.Очын биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 6422 дугаар дүгнэлт, Б.Цийн биед нэмэлтээр хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 830 дугаартай дүгнэлтүүд авагдсан бөгөөд дүгнэлтүүдийг зохих журмын дагуу танилцуулахад хохирогч нар гомдол гаргаагүй.

Өөрөөр хэлбэл хохирогч Б.Х, Ц.О нар нь 6423, 6422 дугаартай дүгнэлтүүдэд нэмэлт ба дахин шинжилгээ хийлгэх, хохирогч Б.Ц нь 830 дугаартай дүгнэлтэд дахин шинжилгээ хийлгэх тухай гомдол хүсэлтийг гаргаагүй, хүлээн зөвшөөрсөн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхээр хэлэлцээгүй, тогтоогдоогүй нөхцөл байдал, шинжлэн судлаагүй нотлох баримтыг шийдвэрийн үндэслэл болгохгүй.” гэж тодорхой заасан атал давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхээр хэлэлцээгүй, шинжлэн судлаагүй баримтуудыг давж заалдах шатны шүүхэд хохирогч нараас гаргаж өгснийг хүлээн авч, шинжлэн судалж, тухайн баримтуудыг үндэслэн давж заалдах шатны шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн тайлбар мэдүүлгийг шийдвэрийнхээ үндэслэл болгож байгаа нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

Түүнчлэн хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын биед учирсан хохирлыг тогтоох шинжилгээг дахин хийсний эцэст хэргийг шийдвэрлэх нь шүүгдэгчийн эрх ашиг сонирхлыг хамгаалахад ач холбогдолтой мэтээр тайлбарлаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэв.

Мөн шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгч Ж.Энхтуяа гаргасан саналдаа: “Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон. Иргэний нэхэмжлэгч Б.Цид хөнгөн гэмтэл учирсан буюу хөлийн булчин сунасан гэж эмчилсэн боловч нарийн шинжилгээ хийлгэхэд нурууных нь диск бүлтэрсэн байсан болох нь хэрэгт авагдсан мэдүүлэг, баримтаар тогтоогдсон. Иймд хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй” гэв.

Мөн шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор Д.Дамдинсүрэн хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Шүүгдэгч Ж.Ж нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1, 13.2 /а заалтуудыг зөрчин гүйцэж түрүүлэх үйлдэл хийхдээ эсрэг урсгалд орж, Б.Цийн жолоодож явсан тээврийн хэрэгслийг мөргөж, зам тээврийн осол гаргаснаас иргэн Б.Х, Ц.О, Э.Г нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэж прокуророос яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүх хэргийг тухайн зүйл, хэсгээр шийдвэрлэхдээ 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулсан нь хэргийн бодит байдалд нийцээгүй, ял хөнгөдсөн гэж үзэхээр байна. Давж заалдах шатны шүүх дахин шинжээчийн дүгнэлт гаргуулахаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Харин прокурорын үйлдсэн яллах дүгнэлтийн дагуу анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх нь хууль зүйн үндэслэлтэй. Учир нь Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлттэй хохирогч нар танилцаж, гомдол гаргаагүй. Харин хохирогч талаас хохирол төлбөрт маргаантай байхад үндэслэлгүйгээр хохирлыг хасаж тооцсон, шүүгдэгчийн зуун хувийн буруугаас гурван хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан. Иймд магадлалд “прокурорт буцааж” гэснийг “анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх” гэсэн өөрчлөлт оруулах нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Батзаяагийн гаргасан гомдлыг үндэслэн Ж.Ж-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Хохирогч Ц.О, иргэний нэхэмжлэгч Б.Ц нарын эрүүл мэндэд учирсан хохирлыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 6422 болон 830 дугаартай дүгнэлтүүд болон шүүгдэгч Ж.Ж-д Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600.000 төгрөгийн торгох ял оногдуулсан анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч хохирогч Б.Хгийн гаргасан давж заалдах гомдлыг Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хангаж, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Ж.Ж-д холбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэснийг үндэслэлтэй гэж үзэв.

Учир нь хохирогч Б.Х давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо түүний 2 настай хүү Ц.О нь баруун дунд чөмөгний ясны хугарал гэмтэл авсны улмаас одоо болтол алхаж чадахгүй, цаашид хөлийн өсөлтөд нь сөргөөр нөлөөлж болзошгүй шинж илэрсэн талаар, мөн иргэний нэхэмжлэгч Б.Ц ослын улмаас нурууны диск гэмтсэн талаар тус тус дурдаж, холбогдох эмнэлгийн баримт, фото зургийн үзүүлбэр хавсаргасныг үндэслэлтэйгээр няцаан үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул ослын улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын эрүүл мэндэд шинээр илэрсэн үр дагаврууд нь гэмтлийн зэрэгт нөлөөлөх эсэх талаар зайлшгүй шинжээчийн дүгнэлт дахин гаргуулах шаардлагатай болно.

Түүнээс гадна анхан шатны шүүхээс шүүгдэгч Ж.Ж-д Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 600.000 төгрөгийн торгох ял оногдуулж шийдвэрлэхдээ шүүхийн шийдвэрт ноцтойгоор нөлөөлж болох хэргийн зарим нөхцөл байдалд дүгнэлт хийхгүй орхигдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэлд хамаарна.

Тухайлбал, анхан шатны шүүх шүүгдэгч Ж.Ж-ийг 2019 оны 5 дугаар сарын 21-ний орой 22 цагийн үед “Тоёота Ланд Круйзер-100” загварын 15-14 УНД дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Дархан-Уул аймгаас Улаанбаатар хот руу явах замдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1, 13.2/а заалтуудыг зөрчин гүйцэж түрүүлэх үйлдэл хийхдээ эсрэг урсгалд өөдөөс ирж явсан “Соната-7” загварын 66-08 ОРО дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, зам тээврийн осол гаргаснаас иргэн Б.Х, Ц.О, Э.Г нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэж хэргийн үйл баримтыг тогтоосон байх боловч энэхүү зам тээврийн ослын улмаас Б.Ц, Ө.З нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, мөн “Соната-7” загварын тээврийн хэрэгсэлд 8.133.000 төгрөгийн эвдрэл бүхий эд хөрөнгийн хохирол учирсан талаар огт дурдаагүй байна.

Мөрдөн байцаалтын шатанд Б.Ц, Ө.З нарын биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь Шүүх эмнэлгийн шинжээчийн 830 болон 108 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон байхад тэдгээрийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8 дугаар бүлэгт заасны дагуу хохирогчоор тогтоож, хуульд заасан эрхийг нь эдлүүлээгүй, прокурорын яллах дүгнэлт болон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зам тээврийн ослын улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар бүрэн дүүрэн, бодитой дүгнэлт хийгээгүй байх тул дээрх зөрчлийг давж заалдах болон хяналтын шатны шүүх хуралдаанаар зөвтгөж шийдвэрлэх боломжгүй юм.

Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргасан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзвэл тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг прокурорын яллах дүгнэлт болон шүүхийн шийдвэрт нэг бүрчлэн тусгаж, хохирогч, иргэний нэхэмжлэгчийг зөв тогтоож, тэдэнд хуульд заасан эрхийг бүрэн эдлүүлэхээс гадна гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдалд бодитой хууль зүйн дүгнэлт хийж, гэм буруутай этгээдэд Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцсэн төрөл, хэмжээний ялыг сонгож оногдуулах нь зүйтэй.

Иймд Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Батзаяагийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 91 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Батзаяагийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                                    ДАРГАЛАГЧ                                                   Б.ЦОГТ

                                    ШҮҮГЧ                                                            Б.АМАРБАЯСГАЛАН     

                                                                                                            Б.БАТЦЭРЭН

                                                                                                            Д.ГАНЗОРИГ

                                                                                                            Ч.ХОСБАЯР