Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 183

 

 Д.С, Э.Тнарын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Хан-Уул дүүргийн

 Засаг даргад тус тус холбогдох захиргааны хэргийн тухай

 

            Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч, шүүгч:         Ч.Тунгалаг,

            Шүүгчид:                        Г.Банзрагч,

                                                   М.Батсуурь,

                                                   Д.Мөнхтуяа,

            Илтгэгч шүүгч:               Б.Мөнхтуяа,

            Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал

Нэхэмжлэлийн шаардлага: “Хан-Уул дүүргийн Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/170, Нийслэлийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн А/770 дугаар захирамжуудын иргэн Э.Мт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай”

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2019/0679 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 144 дүгээр магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.М, гуравдагч этгээдийн өмгөөлөгч А.М нарыг оролцуулж,

Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Өмнөх шүүхийн шийдвэр:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2019/0679 дүгээр шийдвэрээр: Газрын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.5, 31 дүгээр зүйлийн 31.3, 32 дугаар зүйлийн 32.1, 32.2, 32.5, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1, Барилгын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1, 12 дугаар зүйлийн 12.1.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.С, Э.Тнараас Нийслэлийн Засаг дарга болон Хан-Уул дүүргийн Засаг даргад холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн А/770 дугаар захирамжийн Э.Мт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Хан-Уул дүүргийн Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/170 дугаар захирамжийн Э.Мт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгон, Нийслэлийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн А/770 дугаар захирамж, Хан-Уул дүүргийн Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/170 дугаар захирамжийн Э.Мт холбогдох хэсгийг дахин шинэ акт гаргах хүртэл зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 144 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2019/0679 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “1. Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 32 дугаар зүйлийн 32.5, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д заасныг баримтлан Хан-Уул дүүргийн Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/170, Нийслэлийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн А/770 дугаар захирамжуудын иргэн Э.Мт холбогдох хэсгийг дахин шинэ акт гаргах хүртэл зургаан сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн Засаг дарга болон гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн.

Хяналтын журмаар гаргасан гомдол:

3. Хариуцагч Нийслэлийн Засаг дарга хяналтын журмаар гаргасан гомдолдоо:  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2019/0679 дүгээр Шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 144 дүгээр Магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байх тул хүчингүй болгуулахаар энэхүү гомдлыг гаргаж байна.

4. Магадлалаар нэхэмжлэгч этгээдийг 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн орчны газрыг эзэмших хүсэлтийг гаргасан, тэрхүү хүсэлт гаргасан газар нь Хан-Уул дүүргийн Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/170 дугаар захирамжаар иргэн Э.Мт эзэмшүүлж, өмчлүүлсэн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын 17-5 тоот, 500 м.кв газартай 346 м.кв талбайгаар давхцалтай гэж дүгнэж захиргааны байгууллагад иргэн Э.Мт холбогдох хэсэгт дахин шинэ акт гаргахыг үүрэг болгож түдгэлзүүлсэн. Нэхэмжлэгчийн орчны газрыг эзэмших хүсэлт иргэн Э.Мын өмчлөлийн газартай давхцалтай байгаа нь Газрын тухай хуулийн 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна.“ гэснийг зөрчиж байгаа бөгөөд захиргаанд шийдвэр гаргах боломжгүй нөхцөл байдлыг тулгасан, улмаар гуравдагч этгээдийн хууль ёсны ашиг сонирхлыг дордуулсан шийдвэр болсон гэж үзэж байна.

5. Захиргааг буруутгасан өөр нэг үндэслэл бол хөршүүдтэй тохиролцуулах, хөршүүдийн болон тухайн нэгж талбарын орц гарцыг тогтоосонгүй гэж үзсэн. Нэхэмжлэгч этгээдийн орц гарц нь чөлөөтэй, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бодит нөхцөл байдал үзлэгээр тогтоогдоогүй. Гуравдагч этгээд өмчлөлийн газартаа обьект байршуулаагүй учраас хөршүүдийн орц гарцыг тогтоож өгөх боломжгүй, захиргаанд шинэ акт гаргах бодит боломжийг хаан шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2019/0679 дүгээр Шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 144 дүгээр Магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байх тул хүчингүй болгож өгнө үү.

6. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Д.С, Э.Тнарын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Хан-Уул дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 11- ны өдрийн 128/ШШ2019/0679 дугаар шийдвэрийг хянасан Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 144 дүгээр магадлалыг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна.

7. Магадлалд хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийн заалтыг хэрэглээгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн тухайд: 2014 оноос хойш газар эзэмших хүсэлт гаргасан боловч түүнийг шийдвэрлээгүй атлаа, гуравдагч этгээдэд газар олгосон нь үндэслэлгүй гэж маргах боловч тус хүсэлтийг гаргасан гэх баримт, эрх бүхий захиргааны байгууллагаас бүртгэж хүлээн авсан баримт байхгүй, анхан шатны шүүх ч байхгүй гэж дүгнэсэн, нэхэмжлэгчийн хувьд ч шүүх хуралдааны явцад хүлээн зөвшөөрсөн байдаг. Гэтэл давж заалдах шатны шүүхийн магадлалд “...кадастрын зургийг хавсарган өөрсдийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн орчны газрыг эзэмших хүсэлтийг гаргасан, тэрхүү хүсэлт гаргасан газар нь ...Э.Мын газартай давхцсан" нь хэрэгт авагдсан баримтууд, шүүхийн үзлэг зэргээр тогтоогдсон, Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5-д заасан хүсэлт, түүнд хавсаргасан баримт бичгийг нягтлан хянах чиг үүргийг хэрэгжүүлээгүй нь буруу болсон гэх дүгнэлтийг хийсэн.

8. Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5, мөн Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг дарга иргэний гаргасан өргөдөл, тухайн иргэн энэ хуульд заасны дагуу газрыг өмчилж авах эрх бүхий этгээд болохыг нотолсны үндсэн дээр түүнд газар өмчлүүлэх тухай захирамж гаргана” гэж заасныг буруугаар тайлбарлан хэрэглэсэн. Өөрөөр хэлбэл гуравдагчийн гаргасан хүсэлтийг хариуцагч хуулийн дагуу хянаагүй гэж буруутгах үндэслэлгүй бөгөөд тухайн орон сууцны цонх, хаалгыг тулгаж, ногоон зүлэг байхад нь орц, гарцыг нь хаах байдлаар хариуцагч шийдвэрээ гаргаагүй, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан, хээрийн болон суурийн судалгааг хийж тухайн хувийн сууцны өмчлөгчийн үл хөдлөх эд хөрөнгө, өмчлөх эрхтэй шууд холбоотойгоор хөрөнгөө чөлөөтэй эзэмших, ашиглах эрхийг нь хангаж орц, гарцыг нь төлөвлөсөн байхад уг ажиллагааг хийгээгүй, эрхийг нь зөрчсөн гэж бодит байдлаас зөрүүтэй дүгнэлтийг хийсэн нь дээрх хуулиудыг буруугаар тайлбарлах үндэслэл болсон гэж үзэж байна.

9. Хэрэв үнэхээр нэхэмжлэгч нарын хүсэлт гаргасан газартай давхцуулах байдлаар гуравдагч этгээд хүсэлт гаргахад хуулийг зөрчин газрыг өмчлүүлсэн гэж үзэж байгаа тохиолдолд шүүхээс Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д заасныг хэрэглэх байсан бөгөөд энэ заалтыг хэрэглээгүйгээс үзэхэд давхцал үүссэн, нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хязгаарласан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэх нэг үндэслэл болно гэж үзэж байна.

10. Түүнчлэн анхан шатны шүүхийн дүгнэсэн “орон сууцны оршин суугчид бөгөөд Ул хөдлөх хөрөнгийн цонх хаагдах, ногоон зүлэг, явган хүний зам, автомашины зогсоол, амрах сүүдрэвч, хүүхдийн тоглоомын талбай байршуулах боломжтой зам талбай байсан" учир хээрийн болон суурийн судалгааг дахин хийж, гуравдагч этгээдийн эзэмшил, өмчлөлийн газрын хэмжээнд өөрчлөлт оруулах байдлаар дахин шинэ акт гарга гэж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасан заалтыг буруугаар тайлбарлан хэрэглэж, дээрх нөхцөл байдлыг тодруулах цар хүрээний хувьд шүүхээс дүгнэх боломжгүй нөхцөл байдалд хүрээгүйг анхаарч үзэн зөвтгөх үүргээ биелүүлээгүй.

11. Шүүхээс хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах бус шууд гуравдагч этгээдийн газар өмчлөх эрхийн хэмжээнд өөрчлөлт оруулах байдлаар шийдвэрлэж байгаа нь хүчингүй болгож байгаатай ялгаа үгүй тул хуулийн дээрх шаардлагыг хангаагүй. Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлд 32.1, 32.2-д зааснаар нэхэмжлэгч нар нь газар эзэмших хүсэлт, кадастрын зураг, хорооны Засаг даргын тодорхойлолт гэх шаардлагатай баримтуудаа хавсарган хандаагүй байдалтай нь холбогдуулж эдгээр заалтуудыг шүүхээс хэрэглэх ёстой атал тайлбарлан хэрэглээгүй.

12. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.

ХЯНАВАЛ:

13. Давж заалдах шатны шүүхийн магадлал Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-т заасантай нийцсэн байна.

14. Нэхэмжлэгч Д.С, Э.Тнар нь Хан-Уул дүүргийн Засаг даргын 2015 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн А/170, Нийслэлийн Засаг даргын 2015 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн А/770 дугаар захирамжуудын иргэн Э.Мт холбогдох хэсгийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гарган, “...бид маргаан бүхий газрыг эзэмших хүсэлтийг 2014 оноос хойш гаргасан байхад шийдвэрлээгүй атлаа бидний хүсэлт гаргасан газартай давхцуулан Э.Мт 500 м.кв газар олгосон, тэхдээ бидний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө байгаа газарт шууд залгаа байршилд газар эзэмшүүлж, орц, гарцыг хаасан, цонхыг тагласан, мөн газрын алба газар олгохдоо хээрийн судалгаа хийж бусдын орц, гарцыг хаасан эсэхийг шалгаагүй, эрх, ашиг нь хөндөгдөж байгаа этгээдэд мэдэгдээгүй...” гэж маргажээ.

15. Анхан болон давж заалдах шатны шүүхийн “...гуравдагч этгээд Э.Мт газар эзэмших, өмчлөх эрхийг олгосон хариуцагч байгууллагын шийдвэрүүд хуульд нийцээгүй, эдгээр шийдвэрүүдийн улмаас нэхэмжлэгч нарын үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхтэй шууд холбоотойгоор үүссэн орц, гарцтай байх эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн” гэж дүгнэн, Хан-Уул дүүргийн Засаг даргын 2015 оны А/170, Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/770 дугаар захирамжуудын иргэн Э.Мт холбогдох хэсгийг дахин шинэ акт гаргах хүртэл түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасантай нийцсэн байна гэж үзлээ.

16. Маргаан бүхий Хан-Уул дүүргийн Засаг даргын 2015 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн А/170 захирамжаар иргэн Э.Мт маргаан бүхий газар /нэгж талбарын 18639307053002 дугаар бүхий/-т 500 м.кв газрыг эзэмшүүлсэн байх бөгөөд улмаар Нийслэлийн Засаг даргын 2015 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн А/770 дугаар захирамжаар түүнд газрыг өмчлүүлж шийдвэрлэжээ.

17. Харин, маргаан бүхий газрын зэргэлдээ, хойд талд нь байрлалтай 1 давхар, тус бүр нь 32 м.кв талбай бүхий хувийн орон сууцны зориулалттай 2 орон сууцны өмчлөгчид /2012 оны 5 дугаар сарын 18-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлж, өмчлөх эрхийн гэрчилгээ авсан/ болох нэхэмжлэгч Д.С, Э.Тнар нь өөрсдийн өмчлөлийн орон сууцны орчмын тус бүр 226.9 м.кв газрыг эзэмших хүсэлтийг 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Нийслэлийн Засаг даргад гаргасан байх боловч хариуцагчаас “маргаан бүхий газрын эзэмших эрхийг гуравдагч этгээд Э.Мт олгосон” гэсэн үндэслэлээр хүсэлтийг шийдвэрлэхээс татгалзсан нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь заалттай нийцсэн. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нарын газар эзэмших хүсэлт гаргасан газар нь гуравдагч этгээдийн өмчлөлийн 500 м.кв газартай давхцалтай буюу нэхэмжлэгч нарын өмчлөлийн барилгатай хойд хэсгээрээ шууд залгаа байршилтай болох нь тогтоогдсон, энэ тохиолдолд хариуцагчийг нэхэмжлэгчийн хүсэлт гаргасан газартай давхцуулан гуравдагч этгээд Э.Мт газар олгосон гэж үзэх үндэслэлгүй, энэ талаар 2 шатны шүүхийн хийсэн дүгнэлт зөв байна.

18. Гагцхүү хариуцагч Хан-Уул дүүргийн Засаг дарга нь дээрх, 2015 оны А/170 дугаар захирамжаар гуравдагч этгээд Э.Мт 500 м.кв газрыг анх эзэмшүүлж, улмаар Нийслэлийн Засаг дарга 2015 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн А/770 дугаар захирамжаар өмчлүүлж шийдвэрлэхдээ нэхэмжлэгч Д.С, Э.Тнарын өмчлөлийн орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн цонх, орц, гарцыг хаах боломжтой, шууд залгаа байдлаар газар эзэмших эрх олгосон нь Газрын тухай хууль болон Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын 2008 оны 83 дугаар тушаалаар батлагдсан “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-ын холбогдох заалтуудыг зөрчих талаар 2 шатны шүүхийн хийсэн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй болно.

19. Маргааны үйл баримт, дээрх нөхцөл байдлуудаас дүгнэхэд шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үнэлэн маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжгүй, нэмж судлах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзсэн нь үндэслэлтэй, хариуцагч нар шүүхийн шийдвэрт заасан ажиллагааг хэрэгжүүлж, нэхэмжлэгч иргэдийн өмчлөлийн орон сууцаа ашиглах, орц, гарцтай байх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хэрэгжүүлэх боломжтой хэмжээгээр маргаан бүхий газрын буюу гуравдагч этгээдийн эзэмшил, өмчлөлийн газрын хэмжээнд өөрчлөлт оруулах замаар дахин шинэ акт гаргах шаардлагатай байна.  

20. Иймд хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...Нэхэмжлэгчийн орчны газрыг эзэмших хүсэлт иргэн Э.Мын өмчлөлийн газартай давхцалтай байгаа нь Газрын тухай хуулийн 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна“ гэснийг зөрчиж байгаа бөгөөд захиргаанд шийдвэр гаргах боломжгүй нөхцөл байдлыг тулгасан, улмаар гуравдагч этгээдийн хууль ёсны ашиг сонирхлыг дордуулсан шийдвэр болсон”,  гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн “...гуравдагчийн гаргасан хүсэлтийг хариуцагч хуулийн дагуу хянаагүй гэж буруутгах үндэслэлгүй бөгөөд тухайн орон сууцны цонх, хаалгыг тулгаж, ногоон зүлэг байхад нь орц, гарцыг нь хаах байдлаар хариуцагч шийдвэр гаргаагүй, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан, хээрийн болон суурийн судалгааг хийж тухайн хувийн сууцны өмчлөгчийн үл хөдлөх эд хөрөнгө, өмчлөх эрхтэй шууд холбоотойгоор хөрөнгөө чөлөөтэй эзэмших, ашиглах эрхийг нь хангаж орц, гарцыг нь төлөвлөсөн байхад уг ажиллагааг хийгээгүй, эрхийг нь зөрчсөн гэж бодит байдлаас зөрүүтэй дүгнэлтийг хийсэн нь дээрх хуулиудыг буруугаар тайлбарлах үндэслэл болсон” гэсэн хяналтын гомдлуудыг хангах боломжгүй юм.

21. Мөн, давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулсан нь үндэслэлтэй тул магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн болон гуравдагч этгээдийн өмгөөлөгч нарын хяналтын гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 144 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн болон гуравдагч этгээдийн өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгийг баримтлан гуравдагч этгээдийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

                                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ч.ТУНГАЛАГ

                                         ШҮҮГЧ                                                                   Б.МӨНХТУЯА