| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбат Шинэбаяр |
| Хэргийн индекс | 2308000001233 |
| Дугаар | 2025/ДШМ/876 |
| Огноо | 2025-07-23 |
| Зүйл хэсэг | 10.1.2.8., |
| Улсын яллагч | Б.Энхбаяр |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 07 сарын 23 өдөр
Дугаар 2025/ДШМ/876
2025 07 23 2025/ДШМ/876
Т.Б-д холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Д.Очмандах, шүүгч Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Энхбаяр,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.С,
шүүгдэгч Т.Б-гийн өмгөөлөгч Л.Мөнхтөр, Э.Ганбат,
нарийн бичгийн дарга Э.Буяндэлгэр нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 2025/ШЦТ/1220 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Т.Б-гийн өмгөөлөгч Э.Ганбат, Л.Мөнхтөр нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Т.Б-д холбогдох эрүүгийн 2308000001233 дугаартай хэргийг 2025 оны 06 дугааар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Шинэбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
.......... овгийн ............-ын Б, 19.. оны .. дугаар сарын ..-ний өдөр .... төрсөн, .. настай, эрэгтэй, ... боловсролтой, ................. тоотод оршин суух, /РД: ....................../,
Сум дундын 23 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 167 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар 3 жил 1 сарын хорих ял оногдуулж, оногдуулсан ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан;
Шүүгдэгч Т.Б нь 2023 оны 07 дугаар сарын 15-ны өдөр 21 цагаас 22 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал овоогийн .. дүгээр гудамжны .. тоотод өөрийн төрсөн эцэг буюу хохирогч Ж.Т-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож, эрүүл мэндэд нь “зүүн чамархай ясны цөмөрсөн хугарал, зүүн чамархайн булчин, хуйханд цус хуралт, хэлэн доорх ясны зүүн эврийн хугарал, булчинд цус хуралт, зүүн 2, 3, 4, 5-р хавирганы хоёрлосон, 6, 7, 8-р хавирга, баруун 2, 3, 4, 5, 6, 7, 8-р хавирганы хугарал, уушгины гялтанд цус хуралт, уушги авчилт, цээжний хөндийн цус алдалт /400мл/, өвчүү ясны хугарал, үнхэлцэг хальсанд цус хуралт, зүрхний булчинд цус хуралт, зүүн чихэнд шарх, цээж, баруун бугалга, зүүн сарвуу, шуунд цус хуралт, баруун мөр, хоёр тохой, өвдөгт зулгаралт” бүхий гэмтэл үүсгэж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алсан гэмт хэрэгт холбогджээ.
Сонгинохайрхан прокурорын газраас Т.Б-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1, 2.8 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Т.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.8-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалт болгож хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч Т.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан хүнийг алах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д зааснаар шүүгдэгч Т.Б-г 15 жилийн хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Т.Б-гийн цагдан хоригдсон 372 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, шүүгдэгч Т.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Т.Б-гийн өмгөөлөгч Э.Ганбат гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүх шинжилгээний ерөнхий газрын Шүүх эмнэлгийн шинжээчийн 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 1958 дугаар анхны дүгнэлтийн 4, 5 дахь хэсэгт: ... учирсан гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.10 дахь хэсэгт зааснаар “Хүнд” зэрэгт хамаарна. 9 дэх хэсэгт: “...талийгаач нь хавсарсан хүнд гэмтлийн улмаас нас баржээ...” гэсэн бөгөөд уг шинжээчийн дүгнэлт гаргасан шинжээч н.Эрхэмбаяр нь “Эмнэлгийн тусламж цаг алдалгүй үзүүлсэн тохиолдолд амь нас аврагдах боломжтой” гэж мэдүүлж тайлбарласан /1 хх 147-148/ болно. Түүнчлэн хэргийн материалаар гаргасан давтан №1100 тоот бүрэлдэхүүнтэй дүгнэлтээр учирсан гэмтлүүдийн гэмтлийн зэргийг ялгаж тогтоосон бөгөөд уг дүгнэлтийн 6 дахь хэсэгт: “...Амь хохирогч нь хавсарсан хүнд гэмтлийн улмаас нас барсан. 8 дахь хэсэгт: “...Амь хохирогчид хавсарсан гэмтлийн хүндрэл болох тархины хаван, цуллаг эрхтний цуc эргэлтийн хямрал үүссэн байна...” гэсэн нь хохирогч цээжний олон тооны хавирга хугарч, цээжний хөндийд цус аажим хураагдаж, уушиг, зүрхийг дарснаас нас барсан болох нь эргэлзээгүй тогтоогдсон атал шүүх “Хүнийг алах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.
Хохирогч гэмтэл авснаас хойш тэр даруйдаа нас бараагүй болох нь дээрх дүгнэлтүүдэд тусгасан хүнд гэмтлийн хүндрэл үүсэх хүртэл амьд байсан нь эргэлзээгүй тогтоогдсон.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт болгон зүйлчлэлийг өөрчилж, хорих ялын хэмжээг 5 жилээр тогтоож шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Т.Б-гийн өмгөөлөгч Л.Мөнхтөр гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэргийн материалаар шарилд задлан шинжилгээ хийсэн №1100 тоот бүрэлдэхүүнтэй шинжээчдийн дүгнэлтээр учирсан гэмтлүүдийн гэмтлийн зэргийг гэмтэл тус бүрээр нь тогтоосон бөгөөд уг дүгнэлтийн 6 дахь хэсэгт “амь хохирогч нь хавсарсан хүнд гэмтлийн улмаас нас барсан, 8 дахь хэсэгт амь хохирогчид хавсарсан гэмтлийн хүндрэл болох тархины хаван, цуллаг эрхтний цуc эргэлтийн хямрал үүссэн байна” гэсэн нь хохирогч хүнд гэмтлүүдийн хүндрэлээр нас барсан болох нь эргэлзээгүй тогтоогдсон атал шүүх “Хүнийг алах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.
Хохирогч гэмтэл авснаас хойш тэр даруйдаа нас бараагүй болох нь хавтас хэрэгт авагдсан гэрч Т. О-ын “...түлхэж унагаачихаад гэртээ орсон. Маргааш буюу 2023 оны 07 дугаар сарын 17-ны өглөө талийгаач ах довжооныхоо урд талд хэвтчихсэн, 7 дугаар сарын 17-ны өглөө 08.00 цагийн үед гэрийнхээ баруун талд доошоо харсан байдалтай хэвтэж байсан, орой 17.00 цагийн үед ирэхэд гэрийнхээ хаалганы ойролцоо доошоо харсан байдалтай хэвтэж байсан. Тэгээд 19 цагийн орчим хүртэл хаалга нь хаагдсан байсан. ...”,
Гэрч Т.О-ын “...2023 оны 07 дугаар сарын 15-ны орой 21-22 цагийн үед би хүргэний хамт дэлгүүр орчихоод буцаад хашаанд ирэхэд эгчийн гэрийн зүүн талд байх монгол гэрийн үүдэнд тус гэрт амьдардаг талийгаач ах довжооныхоо урд талд хэвтчихсэн хажууд нь тухайн ахын хүүхэд гэх урьд өмнө нь ирж байсан саравчтай малгайтай залуу сууж байсан.
Хэргийн материалаар мөн шарилд задлан шинжилгээ хийсэн №1100 тоот бүрэлдэхүүнтэй шинжээчдийн дүгнэлтээр 9 дэх хэсэгт хугарлын шинж чанараас үзэхэд, шууд бус буюу хугарлын байрлалаас өөр байрлалд хүч үйлчлэх цохих дарах шахах механизмаар үүсгэгдсэн байх боломжгой байна гэсэн нь гэрч Т.А, Т.О нарын үүдэнд довжооны хэсэгт унасан байсан гэсэн мэдүүлэг болон шүүгдэгч Т.Б би унахад нь дээрээс нь дарж унасан гэж мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт анхнаасаа тогтвортой мэдүүлдэг ба дээрх дүгнэлтээс үзэхэд, уг гэмтэл нь Т.Б-гийн дээрээс нь дарж унахад үүссэн байх боломжтой нөхцөл байдал тогтоогдсон юм.
Гэрч Х-ын мэдүүлгээр 2023 оны 07 дугаар сарын 17-ны орой 20 цаг 26 минутанд шиг санагдаж байна. Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал овоо ..-.. тоотод Ж.Т 59 настай эрэгтэй нас барсан гэх дуудлагын дагуу очиход, 59 настай гэх эрэгтэй хүн таван ханатай Монгол гэр дотор гэрийн үүд хэсэгт нас барсан байдалтай хэвтэж байсан. Тэр үед түргэн тусламжийн 103-ын эмч О хэргийн газар ороход эмч надад талийгаачийн өмсөж байсан подволкийг сөхөж харуулаад ил харагдах шинэ шарх сорви харагдахгүй байна гэж хэлсэн гэх мэдүүлэг, удаа дараагийн шинжээчийн дүгнэлтүүдэд хүнд гэмтлийн хүндрэл үүсэх хүртэл буюу 07 дугаар сарын 17-ны өдөр 19 цаг хүртэл амьд байсан нь эргэлзээгүй тогтоогдсон.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг үндэслэн Т.Б-д холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт болгон хөнгөрүүлэн өөрчилж, хорих ялын хэмжээг 5 жилээр тогтоож шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.С тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би давж заалдах шатны шүүхэд тайлбараа бичгээр өгсөн. Өнөөдөр миний аав нас барсан, би нэг л ахтай. Одоо миний хувьд аавгүй байхгүй бас ахгүй болох гээд байна. Миний ах уян зөөлөн зантай хүн байдаг. Ах маань хүчээр хүн алах болон хүч хэрэглэх үйлдэл амьдралдаа гаргаж байгаагүй бөгөөд муур, нохой ч адалж үзээгүй, дүү нартаа ч, эцэг, эхтэй ч хүчирхийлэл үйлдэж байсан удаагүй. Мэдээж хүн юм хойно тухайн нөхцөл байдалд стресстэж аавыг “та яаж байгаа юм бэ” гэсэн үйлдэл гаргаж байсан. Гэвч ямар нэгэн хүчирхийлэл үйлдэж байгаагүй. Хэдий би ийм зүйл хэлж болохгүй ч гэсэн хэрэв болдог бол ахдаа ял оногдуулахгүйгээр авч үлдмээр байна. Миний ах хажууд минь байхгүй 2 жил болж байна. Иймээс надад аав байхгүй, ах байхгүй байгаа болохоор хэцүү байна. ...” гэв.
Прокурор Б.Энхбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Ганбатаас гаргасан гомдлын тухайд, шинжээчийн дүгнэлт болон мэдүүлгийг дурдаж хохирогч нь цээжний олон хавирга хугарч, цээжний хөндийн цус аажим хураагдаж, уушги, зүрхийг дарснаас болж нас барсан нь эргэлзээгүй тогтоогдсон гэж байна. Гэтэл хэрэгт авагдсан нотлох баримтаар хохирогч нь хавсарсан хүнд гэмтлийн улмаас нас барсан. Өмгөөлөгчийн дурдсан шиг уушги, зүрх нь дарагдаж, цус хураагдаж нас бараагүй. Өмгөөлөгч хэрэгт авагдсан баримтад байхгүй дүгнэлт хийж, тогтоогдоогүй нөхцөл байдлыг баримтаар тогтоогдсон мэтээр тайлбарлаж байна. Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Мөнхтөр давж заалдах гомдолдоо шүүгдэгч нь буруутай үйлдэлдээ маргаагүй, зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү гэсэн ч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа гэмт хэргийн талаар маргаж, амь хохирогчийг үхэлд хүргэсэн шалтгаан, нөхцөл байдал тогтоогдоогүй гэж байна. Энэ хэрэгт хохирогчийн хажуу айлын хүмүүс гэрчээр мэдүүлэг өгсөн байх ба өмгөөлөгчөөс эдгээр хүмүүс нь хохирогчийг “гэрийн гадна сууж байсан, довжооны үүд хэсэгт унасан байсан” гэж мэдүүлдэг, мэдүүлэг нь тогтвортой гэж байгаа боловч хэрэгт авагдсан гэрч нар хохирогчийг довжооны урд өөрөө унасан байсан талаар бус, харин хүү нь настай ахыг гэрээсээ авч гараад заамдаж байгаад түлхэж унагаачхаад буцаж гэртээ орсон, буцаж гэртээ орсны дараа тухайн хүнийг буцаж гэрт нь оруулсан гэх нөхцөл байдлыг мэдүүлдэг. Өөрөөр хэлбэл, хохирогчийг өөрөө унасан, давхралдаж унасан талаар огт мэдүүлээгүй. Гэрч О хохирогчийг довжооны урд хэсэгт хэвтсэн байсныг харсан бөгөөд дараа нь ямар байдалтай байгааг хараагүй. Харин гэрч А хохирогчийг унагааж байхыг харсан, дараагийн 2 өдөр гэрийнхээ урд хэвтсэн байсан” гэж мэдүүлсэн. Иймээс шүүгдэгч нь хохирогчийг дарж унасан талаар гэрчийн мэдүүлэг байхгүй. Мөн хэрэгт 1958, 899, 110 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд гарсан. Анхан шатны шүүх хуралдаан болон мөрдөн шалгах ажиллагааны явцад маргаж байгаа гол асуудал нь хохирогчийн биед учирсан олон тооны хавирга хугарсан гэмтэл хохирогчийг унасны улмаас үүсэх боломжтой ба хохирогч өөрөө унасан уу, шүүгдэгч дарж унасан уу гэдэг юм. Гэтэл дээрх 3 удаагийн дүгнэлтээр хохирогчийн хавирга хугарснаас гадна бусад олон тооны гэмтлүүд үүссэн байдаг. Тухайн гэмтлүүд нь нийлээд хавсарсан хүнд гэмтэл болох тул үүнээс болж нас барсан гэдэг. Шинжээчийн дүгнэлтэд “цогцост үзлэг хийхэд нас бараад 16-18 цаг болсон” гэж дурдсанаас үзвэл гэмт хэрэг гарсан цаг хугацаа 2023 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 22 цаг болно. Улмаар хохирогч 2023 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 18 цаг хүртэл амьд байх боломжтой байсан. Нотлох баримтаас хохирогч битүү хүнд гэмтлийн улмаас нас барсан гэж үзэх боломжгүй. Өөрөөр хэлбэл, тухайн өдөр хохирогч нь шүүгдэгчтэй хамт хоносон бөгөөд шүүгдэгч өглөө гарахад хохирогч хэвтсэн байдалтай байсан ба тэр чигт нь орхиж явж, эмнэлгийн тусламж үзүүлээгүй. Мөн хохирогчийг 2 өдрийн турш ухаангүй хэвтэж байхыг харсан гэрч байсан ч эмнэлгийн тусламж үзүүлээгүй. Хүнд гэмтлийн улмаас хохирогч нас барсан, хүнийг алах гэмт хэргийн гол ялгаа нь шүүгдэгч хохирогчийн амь насыг хохироосон үйлдэлдээ ямар харилцаатай, ямар үйлдэл гаргаж, үйлдлээ ямар сэдэл, санаа зорилгоор хэрэгжүүлсэн бэ гэдгийг үндэслэл болгоно. Хэрэгт авагдсан гар утасны бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд шүүгдэгч тухайн үед хохирогчийн биеэс цус гарсан, өөрийгөө хамгаалах чадваргүй хэвтэж байхад нь бичлэг хийгээд “үхээд өгөөч, одоо яг үхлээ” гээд өөрийн хийсэн үйлдлийн хор уршиг, уг үйлдлийн улмаас хохирогч нас барах боломжтой гэдгийг мэдсэн хэрнээ тухайн үйлдэлдээ санаатай хандсан болох нь тухайн бичлэгээр тогтоогдож байна. Түүнчлэн, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн үйлдлийн хувьд 3 удаагийн давтамжтай үйлдлийн тоогоор биш тухайн үед хохирогчтой харилцсан харилцаа, хамаарал бүхий байдал, бусад нөхцөл байдлыг харгалзан үзсэн. Анхан шатны шүүх гэрч М-ы “шүүгдэгч өмнө нь хохирогчийг дарамталж, “архи уулаа, гэрийн эд зүйл зарлаа” гэдэг шалтгаанаар удаа дараа зодож байсан, би энэ талаар мэдүүлмээргүй байна” гэх, гэрч Б-ын “шүүгдэгчийн хохирогчийг зодож байсан талаар хүнээс сонссон” гэх, гэрч Ө-ын “Б намайг зодчихлоо гэж хохирогч хэлж байсан” гэсэн мэдүүлгүүдийг үндэслэж, шүүгдэгч гэр бүлийн хүчирхийлэл удаа дараа үйлдэж байсан нөхцөл байдлыг тогтоогдсон гэж дүгнэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэл бүхий байх тул хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Т.Б, түүний өмгөөлөгч Э.Ганбат, Л.Мөнхтөр нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад, шүүгдэгч Т.Б нь 2023 оны 07 дугаар сарын 15-ны өдөр 21 цагаас 22 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал овоогийн .. дүгээр гудамжны .. тоотод өөрийн төрсөн эцэг буюу хохирогч Ж.Т-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож, эрүүл мэндэд нь “зүүн чамархай ясны цөмөрсөн хугарал, зүүн чамархайн булчин, хуйханд цус хуралт, хэлэн доорх ясны зүүн эврийн хугарал, булчинд цус хуралт, зүүн 2, 3, 4, 5-р хавирганы хоёрлосон, 6, 7, 8-р хавирга, баруун 2, 3, 4, 5, 6, 7, 8-р хавирганы хугарал, уушгины гялтанд цус хуралт, уушги авчилт, цээжний хөндийн цус алдалт /400мл/, өвчүү ясны хугарал, үнхэлцэг хальсанд цус хуралт, зүрхний булчинд цус хуралт, зүүн чихэнд шарх, цээж, баруун бугалга, зүүн сарвуу, шуунд цус хуралт, баруун мөр, хоёр тохой, өвдөгт зулгаралт” бүхий гэмтэл үүсгэж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алсан болох нь:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 хх 2/,
Дуудлагын лавлагааны хуудас /1 хх 4/,
цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 14-16/,
Нийслэлийн түргэн тусламжийн төвийн хуудас /1 хх 1/,
хүний биед үзлэг хийсэн 16 тэмдэглэл, гэрэл зургийн үзуүлэлт /1 хх 18-23/,
хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 47-52/,
эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1 хх 53/,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.С-ын “...20 цаг 16 минутад Т.Б ах залгаад “Аав өнгөрчихсөн байна, би одоо яах ёстой вэ, яанаа” гэж ярьсан. Би “Нэгдүгээрт тайван бай, хоёрдугаарт 102 дууд, би охин дүү Ч-г аваад очьё” гэж хэлсэн. Ингээд 22 цагийн орчимд очиход ах Т.Б, түүний найз З хоёр байсан. Бас цагдаа нар ирсэн байсан. Гэрт ороход талийгаач аав гэрийн хаалганы үүд орчимд газарт нас барсан байдалтай байсан. Амар амгалан унтаж байгаа хүн шиг байсан. Ямар нэгэн зодоон цохион болсон ул мөр гэх зүйл ажиглагдаагүй. Ерөнхийдөө хоёр эрэгтэй хүн ямар байдаг билээ тийм л байсан. Манай аав хүнтэй огт маргалдах хүн биш, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ агсам согтуу зан байхгүй, алив миний охин, алив наашаа энэ тэр гээд ядаргаа болох гээд байдаг. Харин аавыг уусан үед ах Т.Б уурлаж, загнах тохиолдол бол гардаг байсан байх. 2023 оны 05 дугаар сард шиг санагдаж байна, аав надтай нэг ярихдаа “Ах чинь намайг архи уулаа гээд цохиж аваад” гэж хэлж байсан. Би тэр үед ахаас “Та одоо аавыг архи уулаа гээд цохиж зодоод байгаа юм уу” гэхэд “Үгүй ээ архи уухаар нь загнасан юм аа” гэж хэлсэн. Миний аавын тухайд эд зүйлүүдээ дэлгүүрт архины барьцаанд тавиад уучихдаг байсан. Ах тэр тавьсан эд зүйлүүдийг нь дэлгүүрээс авдаг байсан ба тэр үүднээс аавыг ах загнадаг байсан. ...Надад ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй, сэтгэл санааны хохирол нэхэмжлэх зүйл байхгүй, сэтгэцийн дүгнэлт гаргуулахгүй. Гомдол санал байхгүй, хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү. ...” /1 хх 70-72, 2 хх 85/,
гэрч Т.А-ын “...Манайхтай 1 хашаанд монгол гэрт аав хүү 2 амьдардаг. 2023.07.15-ны өдөр 15 цагийн орчим ирэхэд манай хөрш айлын хаалга онгорхой, настай ах ганцаараа байсан, ямар нэгэн зүйл яриагүй. 21-22 цагийн үед би машинаа угааж байхад хүү нь саарал подволктой, 1 мөртэй жижиг хар цүнхээ үүрсэн байдалтай орж ирээд шууд хашгираад /юу гэж хашгирсныг сонсоогүй/ нөгөө настай ахыг гэрээсээ авч гарч ирээд заамдаж байгаад түлхэж унагаачихаад буцаж гэртээ ороод хэн нэгэнтэй утсаар яриад байгаа бололтой хашгираад “энэ пиздагаа ирж ав, яах гээд байгаа юм” гэж ярьсан. Нөгөө ах гадаа хэвтэж байсан. Би энэ үед айгаад хүүгээ дагуулаад гэрийн хойгуур тойроод хашаанаас гарч нөхөр, дүү 2-ыг тосохоор гарч явахдаа зөрсөн байсан. Зодоон болох үед би гэртээ ганцаараа байсан. Бид нар буцаж гэртээ ороход дахиж ямар нэгэн зодолдох чимээ гараагүй. Маргааш өглөө нь 10-11 цагийн үед хүүхэд нь нөгөө хувцастайгаа гэрээсээ гараад явж байсан. Гэрийнх нь хаалга онгорхой байсан. Бид 2 тухайн оройноо ирэхэд мөн 198 л хаалга нь онгорхой, гэрэлгүй байсан. Маргааш нь буюу 2023 оны 07 дугаар сарын 17-ны өглөө 08 цагийн үед гэрээсээ гарч явахад мөн л хаалга нь онгорхой, настай ах гэрийнхээ баруун талд доошоо харчихсан хэвтэж байхаар нь унтаж байна гэж бодоод явсан. 17 цагийн орчим ирэхэд настай ах гэрийнхээ хаалганы ойролцоо дотроо доошоо харсан байдалтай, хаалга нь онгорхой хэвтэж байсан. 19 цагийн орчим гэрээсээ гараад хартал гэрийнх нь хаалга хаалттай байсан. Тэрнээс хойш нэг их удалгүй хүү нь ирээд “манайхаар 2-3 хоног хүн харагдсан уу” гэж асуухаар нь би “15-ны орой та нар чинь зодолдоод байсан биз дээ” гэж хэлтэл тэр залуу “айн” гэж чанга асуучихаад гэр рүүгээ явсан. Хүү нь 1 найзтайгаа ирсэн байсан ба удалгүй цагдаа, эмнэлэг ирсэн байсан. 2023 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс хойш намайг гэрт байх хугацаанд эдний хүүхдээс нь өөр хүн орж гараагүй, ямар нэгэн өөр хүн гаднаас ирээгүй, настай ах архи дарс уугаад байдаг ч агсам согтуу тавиад байдаггүй, даруухан хүн шиг байсан. Би яг хаагуураа яаж унасан талаар нь хараагүй, унагаачихаад хүү нь гэр лүүгээ орчихсон. Тухайн үед харуй бүрий болсон байсан. Аав нь унасны дараа ч ямар нэгэн зүйл хэлээгүй...” /1 хх 87-89/,
гэрч Т.О-ын “...2023 оны 07 дугаар сарын 15-ны 21-22 цагийн үед би хүргэний хамт дэлгүүр орчихоод буцаад хашаанд ирэхэд эгчийн гэрийн зүүн талд байх монгол гэрийн үүдэнд тус гэрт амьдардаг талийгаач ах довжооныхоо урд талд хэвтчихсэн, хажууд нь тухайн ахын хүүхэд гэх урд өмнө нь ирж байсан саравчтай малгайтай залуу сууж байсан. ...Эгч А өөдөөс ирээд “манай хажуу талын айлын ах хүүхэдтэйгээ зодолдоод байна, би айгаад гараад ирлээ” гэж хэлсэн. Эгчийг дагуулж гэртээ ортол үүдэнд хэвтэж байсан талийгаач ахыг хажууд нь сууж байсан хүүхэд нь гэх залуу “бос, ор” гээд оруулсан. Орсны дараагаар хүүхэд нь гэх залуу “бос, наанаа хэвт” гэх мэтээр орилж хашгираад байсан, ... 2023 оны 07 дугаар сарын 15-ны өдөр тухайн гэрт талийгаач болон түүний хүү байсан өөр хүн байгаагүй. ...” /1 хх 92-94/,
гэрч Д.А-ийн “...2023 оны 07 дугаар сарын 16-ны орой 21 цагийн орчимд манай урд айлд хэрүүл маргаан зодоон болоод байгаа бололтой хүмүүс шуугиад, манай нохой боргоод хуцаад байсан. Гэхдээ би ямар хүмүүс байсан талаар нь хараагүй, хэдэн хүн байсан талаар ч мэдэхгүй. ...” /1 хх 77-78/,
гэрч Л.Х-ын “...2023 оны 07 дугаар сарын 17-ны орой 20 цаг 26 минутын үед гэж санаж байна. “Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал овоо 21- 07 тоотод Ж.Т 59 настай эрэгтэй нас барсан” гэх дуудлага мэдээллийн дагуу ахлах ахлагч Г.М-гийн хамт очиход 59 настай гэх эрэгтэй хүн монгол гэр дотор үүд хэсэгт нас барсан байдалтай хэвтэж байсан. Түргэн тусламжийн эмч Оюунбилэг гэх эмч ирж үзлэг хийсэн байсан. Дуудлага өгсөн залуутай уулзаж асуухад “Би хоёр хоногийн өмнө гэрээс гараад хөдөө яваад аавын утас руу залгахад авахгүй байхаар нь санаа зовоод өнөөдөр ирэхэд ийм байдалтай хэвтэж байхаар нь дуудлага өгсөн. ...” гэхээр нь би “...Танайх энэ хашаанд амьдардаг юм уу” гэхэд “Манай талийгаач аав Ж.Т бид хоёр энэ хашааг түрээсэлж амьдраад 1 cap гаран амьдарч байна” гэсэн. Эмч Оюунбилэг талийгаачийн өмсөж байсан подволкыг сөхөж харуулаад “Ил харагдах шинэ шарх сорив харагдахгүй байна. Нас бараад удаад хүүрийн толбо үүсчихсэн байна” гэж хэлсэн. Би тухйн үед энгэрийн камрын бүтэн бичлэг хийсэн. ...” /1 хх 83-84/,
гэрч Д.Б-ийн “...2023 оны 07 дугаар сарын 16-ны 17 цагийн үед Э, З гээд манай найз Э-ын дүү бид хэд Б-г Сонсголонгийн авто оношилгооны хашаанаас ажлаас нь аваад Төв аймаг руу шоу үзэхээр явсан. Тэгээд ...архи уучихаад Б бид нар тэнд хоноод 2023 оны 07 дугаар сарын 17- ны 09 цагийн үед Б-г ажлынх нь гадаа буулгаад ...явсан. Б 19 цагийн үед залгаад “ажил тарчихлаа, ирээд аваач” гэхээр нь би очиж аваад гэр лүү нь 20 цагийн үед очсон чинь Б машинаас буугаад “гэрийн түлхүүр байхгүй, аав байна уу, үзчихээд ирье” гээд ороод удалгүй “аав өнгөрчихсөн байна” гээд гараад ирсэн. Б-г дагаад хашаа руу нь ортол гэрийнх нь хаалга онгорхой байхаар нь очоод хартал үүдэн хэсэгтээ бие нь дээшээ харчихсан хэвтэж байсан. Тэгээд бид 2 буцаад машин дээрээ очоод би “унтаж байгаа юм биш үү, биед нь хүрээд үз” гэсэн чинь Б буцаж ороод гарч ирснийхээ дараа “бие нь бүүр хөрчихсөн байна” гээд түргэн тусламж, цагдаа дуудсан. ...” /1 хх 96/,
гэрч Д.Б-ын “...Сүүлд 2023 оны 07 дугаар сарын 13-ны өдөр би утсаар холбогдсон ба надаас мөнгө асууж залгаж байсан, өөр зүйл яриагүй. Б ээж Ц-тай амьдардаг байж байгаад ээжтэйгээ муудаад аавынхаа гэрт амьдарч байсан гэж дуулсан. Б аавыгаа гэрээс нь хөөдөг бас зоддог гэх дам яриа сонсож байсан, нүдээр харж байгаагүй. Т нас барахаас 2-3 хоногийн өмнө Б манай эхнэр Ч.Б руу залгаад “энэ согтуу толгойгоо та нар ирж авцгаа, ирж авахгүй бол би өөрөө арга хэмжээгээ авна” гэж ярьж байсан гэж байсан. ...” /1 хх 98/,
гэрч Т.Ч-гийн “...“...Манай ах Т.Б аав ээж 2-г салах үед ээжтэй хамт үлдсэн, аавтай дотно харилцаатай байгаагүй. 2023 оны 3 дугаар сараас гэнэт аавтай хамт амьдарсан. Б, аав 2 тийм дотно харилцаагүй, хөндий байдаг байсан байх. Аав надад ямар нэгэн өөрийнхөө болж бүтэхгүй байгаа талаар хэлээд намайг зовоох хүн биш, аль болох намайг зовоохгүй байхыг хичээдэг байсан. Би аавтайгаа 2023 оны 3 дугаар сараас хойш уулзаагүй, утсаар байнга ярьдаг байсан. 4 дүгээр сард аав гэрийнхээ эд зүйлийг дэлгүүрт тавиад архи уусан чинь Б дундын өмчийн эд зүйлийг тавьсан гээд цагдаагийн байгууллагад өгчихсөн байсан. Аав руу цагдаагаас яриад байна, хөдөө ажлаар явлаа гэж байсан. Хөдөө ажиллаж байгаад 6 дугаар сарын 20-ны үед ирээд бие муу байна гэж эмнэлгээр үзүүлж байснаас хэвтэж байгаагүй. Хамгийн сүүлд 7 дугаар сарын 12 хавьцаа над руу аав өөр дугаараас залгаад “дэлгүүрийн хүний данс руу 15000 төгрөг хийгээд өгөөч” гэхээр нь “үгүй” гэж хэлээд салгасан. Тэрнээс хойш холбоо бариагүй. ...” /1 хх 100/,
гэрч С.М-гийн “...“...Эдгээр мөнгийг 50 гаран насны, туранхай, бор царайтай хүн утсаар өөр хүмүүстэй ярьж миний данс руу шилжүүлсэн. Архи, ундаа аваад гарсан. Тухайн хүн ганцаараа явсан, архи дарс нэлээдгүй уудаг байдалтай хүн байсан. Ямар нэгэн ил харагдах шарх сорви, гэмтэл бэртэл харагдаагүй. ...” /1 хх 105/,
гэрч С.Ө-ын “...Талийгаач наадмын дараа /он сарыг нь санахгүй байна/ манай гэрт ирсэн. Хөдөө орон нутагт ажиллаж байгаад ирлээ, Б намайг гэрийн угаалгын машин зарлаа гэж цагдаад өгчихсөн байгаа, цагдаа дээр очиж уулзана гэж яриад явсан. Талийгаач маань Хужирбуланд Б ахынд амьдарч байгаад 2 жилийн өмнө ах дүү нар нь нийлж байгаад гэр, тавилга, цахилгаан хэрэгсэл гээд бүх зүйлийг нь авч өгч байсан. Талийгаач ахыг хөдөө явсны дараа Б гэрийг нь очиж аваад өөр газар барьчихсан, амьдарч байгаа гэж сонсож байсан. Ах хөдөөнөөс ажлаасаа ирээд тэр хоёр хамт амьдарч байсан. 2023 оны 05 дугаар сарын үеэр талийгаач ах манайд ирж 2-3 хоносон. Хөл, гар, бие нь хавдаж, хөхөрсөн байхаар нь юу болсон талаар асуухад Б согтуу ирээд зодсон гэж хэлж байсан. Тэгээд манайд байж байгаад хөдөө ажил руугаа явсан. Ер нь анзаараад, талийгаачийн хэлж байгааг сонсоод байхад Б аавтайгаа их муухай харьцаж, дээрэлхээд байдаг юм шиг байсан. ...” /1 хх 108-109/,
гэрч С.П-ын: “...2023 оны 06 дугаар сарын 15-ны үеэр одоо хашааг түрээслэн амьдарч байгаа Б гэх залуу надтай зарын дагуу холбогдоод манай хашаанд сарын 80.000 төгрөгийн түрээстэйгээр амьдрахаар болсон. Тэр хэлэхдээ одоо бол ганцаараа байгаа, манай аав хөдөөнөөс ирнэ, би архи дарс уугаад байдаггүй, аав маань хааяа уучихдаг юм гэж байсан. 2023 оны 7 дугаар сарын 15-ны 22-23 цагийн орчимд манай хашааг түрээслэдэг хүүхэн хашааны хаяг асуугаад “хажуу талын айлд зодоон нүдээн болоод байна, архи дарс уучихсан юм шиг байна, орилж чарлаад байна, цагдаа дуудах уу” гэж асуухаар нь би “янз бүрийн зүйл болчихож магадгүй, дууд дууд” гэж хэлсэн. ...” /1 хх 111/,
гэрч Ө.Ц-ийн “...Би ...тоот хашааг эхнэр А, түүний дүү О нарын хамт түрээслэн амьдраад 2 cap орчим болж байгаа. Манайхтай 1 хашаанд монгол гэрт настай эрэгтэй хүн /талийгаач/, 40 орчим настай махлагдуу, хүүхдийнхээ хамт амьдардаг. Миний анзаарч харснаар хүүхэд нь гэртээ ирээд байдаггүй, хааяа л харагддаг, аав нь байнга ганцаараа байж байдаг, гаднаас өөр ямар нэгэн хүн ирж харагддаггүй. ...2023 оны 7 дугаар сарын 15-ны өдөр 16-17 цагийн орчим ирцгээгээд хашаан дотроо машин тэргээ угааж байгаад 21 цагийн орчимд би О-тай хамт дэлгүүр лүү орж ...буцаж ирэхэд хажуу айлын настай ах гэрийнхээ хаалганы урд модон амбаарны үүд орчимд элгээ тэвэрч 200 эвхэрсэн байдалтай ямар нэгэн зүйл хэлэхгүй, чимээ гаргахгүй хэвтэж байхаар нь яасан юм бол гэж санаа зовоод О-д хандаж “босгох уу” гэж хэлтэл гэр лүү ороод А-аас юу авахаа асуучихаад буцаж гаръя гэж хэлсэн. Гэрт ортол А байхгүй байхаар нь бид 2-ыг хайгаад дэлгүүр явсан байх гэж бодоод хашаанаас гарч байтал А-тай таарсан. А уйлж айж сандарсан байдалтай байхаар нь юу болсон талаар асуухад “хүүхэд нь орж ирээд хоорондоо зодоон хийгээд, настай ахыг унагаачихаад гэр лүүгээ орсон. Би айгаад гараад ирлээ” гэж хэлсэн. Бид 4 буцаж хашаа руугаа ороод гэрийнх нь урдуур биш хойгуур нь тойроод гэртээ орсон. Хэсэг хугацааны дараа О гэрээс гарчихаад орж ирэхдээ “хүүхэд нь гэр лүүгээ оруулж байна” гэсэн. Бид нарыг гэртээ байхад хэн нэгэнтэй утсаар яриад байх шиг “пизда, лалруудаа энийгээ ав, архи уугаад байна” гэх мэтээр орилж байгаад чимээгүй болсон. Бид нар хоорондоо ярилцаад “цагдаа дууддаг юм уу” гэж ярьж байгаад гайгүй болчих шиг болохоор нь дуудаагүй. Маргааш өглөө нь 7 дугаар сарын 16-ны 09-10 цагийн орчимд гэрээсээ гараад машинаа жолоодож гэрийнх нь урдуур өнгөрөхөд хаалга нь онгорхой, талийгаач үүд, зуух 2-н дунд газар дээш харсан байдалтай хэвтэж байсан. ... Би нэлээдгүй архи уудаг хүн болохоор согтуу л хэвтэж байгаа байх гэж бодсон. Хашааныхаа гадаа дүүгийнхээ машины хөгжмийг янзалж байхад нөгөө айлын залуу ирчихсэн манай эхнэрээс “манайхаар 2-3 хоног хүн ирсэн үү” гэж асуухад “та 2 чинь 2 хоногийн өмнө зодолдоод байсан биз дээ” гэж хэлтэл залуу нь гэр рүүгээ орж харагдсан. Хэсэг хугацааны дараа цагдаа, эмнэлгийн машин ирчихсэн байсан. ...” /1 хх 113-114/,
гэрч А.М-ы “...Т нь надад “би ер нь ганцаараа архи уугаад байдаггүй, манай хүү ч гэсэн хааяа ажлаа тараад архи уучихсан ирээд надад агсам соггуу тавьж хааяа гар хүрч байсан асуудал байгаа” гэж хэлсэн. Гэхдээ энэ талаар мэдүүлэг тайлбартаа оруулмааргүй байна, ямар нэгэн гомдол санал байхгүй гэж хэлж байсан. Би Т.Б-гаас гаргасан гомдол мэдээлэлд зөрчлийн хэрэг нээж шалгасан. Хэргийг нь 5 дугаар сарын үеэр шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж байсан. Шүүхээр орсон боловч нэмэлт ажиллагаанд буцсан. Тухайн өдрөөс хойш Т Өмнөговь аймгийн 1 суманд харуулын ажил хийж байгаа гээд явчихсан, хаана байгаагаа хэлэхгүй, Асап санд зөрчлийн хэрэгт эрэн сурвалжлагдаж байгаа хүн төлөвт зарласан байсан. Тухайн үед ямар нэгэн ил харагдах гэмтэл шарх анзаарагдаагүй. ...” /1 хх 119-120/ гэсэн мэдүүлгүүд,
Цогцост хийсэн шүүх эмнэлгийн 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 1958 дугаар шинжээчийн “1. Талийгаачид цээжний зүүн 2, 3, 4, 5-р хавирганы хоёрлосон, 6, 7-р хавирга, баруун 2, 3, 4, 5, 6, 7, 8-р хавирганы хугарал, уушгины гялтанд цус хуралт, уушги авчилт, цээжний хөндийн цус алдалт 400 мл, өвчүү ясны хугарал, үнхэлцэг хальсанд цус хуралт, зүрхний булчинд цус хуралт, зүүн чамархай ясны цөмөрсөн хугарал, зүүн чамархайн булчин, хуйханд цус хуралт, зүүн чихэнд шарх, цээжний зүүн талд, баруун бугалга, зүүн сарвуу, шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. 4.5. Дээрх гэмтлүүд нь талийгаачийг амьд үед үүссэн гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.10-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 6. Үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 7. Ходоодонд бОмл бор шаргал өнгийн шингэн агууламжтай байна. 8.11. Талийгаачийн цусанд 0.9% промилли спиртийн агууламж илрэв. Энэ нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна. 9. Талийгаач нь хавсарсан хүнд гэмтлийн улмаас нас баржээ. 10. Талийгаачид хийсэн гадна үзлэгээр нас бараад 16-18 цаг орчим болсон байна. 13.14. Эмнэлгийн тусламж үзүүлсэн гэх эмнэлгийн бичиг баримт ирээгүй болно. ...” /1 хх 133-137/ гэсэн дүгнэлт,
Шинжээч эмч Э.Эрхэмбаярын “...Дээрх гэмтлүүдийг тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд буюу 2023.07.15-ны өдрийн 21-22 цагт авсан байх боломжтой. Дээрх гэмтлүүдийг авснаар идэвхтэй үйлдэл хөдөлгөөн хийхгүйгээр нас барах хүртэлх хугацаанд амьд явах боломжтой. Эмнэлгийн яаралтай тусламж цаг алдалгүй үзүүлсэн тохиолдолд амь нас аврагдах боломжтой. Дээрх гэмтлийг авснаас хойш ямарваа нэгэн тодорхой үйлдэл хийх буюу эргэх, хөрвөөх, мөлхөх, үг яриа хэлэх, юм уух хөдөлгөөн хийх боломжтой. Харин босож явах, гадагш гарах хөдөлгөөн хийх боломж багатай. Амь хохирогчид үүссэн ховч ясны зүүн эвэрний хугарал, булчинд цус хуралт гэмтлийг онош болон дүгнэлт хэсэгт тусгагдаагүй үлдээсэн байна. Энэ гэмтэл нь тухайн цаг хугацаанд буюу дүгнэлтэд тусгагдсан гэмтлүүдтэй хамт нэг цаг хугацаанд үүссэн гэмтэл юм. Уг гэмтэл нь хүзүү хоолойг боох, багалзуурдах үед үүсэх боломжтой гэмтэл юм. ...” /1 хх 147-148/ гэсэн мэдүүлэг,
2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 899 дүгээр “Хэргийн материалаар хийсэн” шүүх эмнэлгийн шинжилгээний “1. Талийгаачид учирсан гэмтлүүд нь унах үед үүсэх боломжгүй. 2. Талийгаачид дээрх гэмтлүүд учирснаас хойш нас барах хүртлээ амьд байх бөгөөд идэвхгүй буюу хэвтсэн байрлалдаа эргэх хөрвөөх хөдөлгөөн хийх боломжтой. Харин идэвхтэй буюу өөрөө босож явах боломж багатай. 3. Амь хохирогчийн ясны сийрэгжилтийг тогтоох боломжгүй. ...” /1 хх 162-165/ гэсэн дүгнэлт,
2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 1100 дугаар “Хэргийн материалаар хийсэн” шүүх эмнэлгийн шинжилгээний “1. Амь хохирогчийн цогцос болон шарилд хийсэн шинжилгээгээр зүүн чамархай ясны цөмөрсөн хугарал, зүүн чамархайн булчин, хуйханд цус хуралт, хэлэн доорх ясны зүүн эврийн хугарал, булчинд цус хуралт, зүүн 2, 3, 4, 5-р хавирганы хоёрлосон, 6, 7, 8-р хавирга, баруун 2, 3, 4, 5, 6, 7, 8-р хавирганы хугарал, уушгины гялтанд цус хуралт, уушги авчилт, цээжний хөндийн цус алдалт /400мл/, өвчүү ясны хугарал, үнхэлцэг хальсанд цус хуралт, зүрхний булчинд цус хуралт, зүүн чихэнд шарх, цээж, баруун бугалга, зүүн сарвуу, шуунд цус хуралт, баруун мөр, хоёр тохой, өвдөгт зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Зүүн чамархай ясны цөмөрсөн хугарал, зүүн чамархайн булчин, хуйханд цус хуралт, хэлэн доорх ясны зүүн эврийн хугарал, булчингийн цус хуралт, зүүн 2, 3, 4, 5-р хавирганы хоёрлосон, 6, 7, 8-р хавирга, баруун 2, 3, 4, 5, 6, 7, 8-р хавирганы хугарал, уушгины гялтанд цус хуралт, уушги авчилт, цээжний хөндийн цус алдалт гэмтэл нь хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.2, 4.1.11, 4.1.12-т зааснаар хохирлын хүнд зэрэгт тогтоогдоно. Өвчүү ясны хугарал, үнхэлцэг хальсанд цус хуралт, зүрхний булчинд цус хуралт гэмтэл нь 3.2.1-д зааснаар хохирлын хүндэвтэр зэрэгт, зүүн чихний шарх гэмтэл нь 3.1,1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдоно. Цээж, баруун бугалга, зүүн сарвуу, шууны цус хуралт, баруун мөр, хоёр тохой, өвдөгт зулгаралт гэмтлүүд хохирлын зэрэг тогтоогдохгүй. Эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн тохиолдолд амь нас аврагдах боломжтой. 2. Тогтоогдсон гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих, дарах, шахах механизмаар үүсгэгдэнэ. Гэмтэл үүсгэгдсэн хүчийг нарийвчлан тодорхойлох боломжгүй. 3. Амь хохирогч нь Цэргийн төв эмнэлэгт цээжний флюрограмм, үе мөч, гавал яс, хамар дайвар хөндийн рентген шинжилгээ хийлгэн, өндөр настан судпал, зүрх, уушги, мэдрэлийн эмчийн зэрэг үзлэгт хамрагдсан байх бөгөөд анхдагч даралт ихсэх өвчин, зүүн багцын хориг, уушгины архаг бөглөрөлт өвчин бусад, мөрний сүлжээний эмгэг гэсэн онош тавигдсан байна. Энэ нь үхлийн шалтгаанд нөлөөлөөгүй. 4. Шарил шинжилгээгээр баруун дээд 1,2,3, зүүн дээд 1,2,3,4, доод үүдэн 4 шүд хиймэл тагнайтай. Баруун гарын долоовор хуруу 1-р үеэс арагш тайрагдсан мухар байсныг фото зургаар баримтжуулан авав. 5. 2023.06.23 11:06 Цэргийн төв эмнэлэг цээжний флюрограмм, 2023.06.30 09:31:37 яс, үе мөч, гавал яс, хамар дайвар хөндийн зураг, шарил шинжилгээ зэргээр яснуудад сийрэгжилтгүй байна. 6. Амь хохирогч нь хавсарсан хүнд гэмтлийн улмаас нас баржээ. 7. Эд эсийн шинжилгээгээр тогтоогдсон уушгины цус дүүрэлт, хаван, бронх пневмони, голомтот пневмосклероз, артериоскпероз, зүрхний цус багадалт, голомтлог цус харвалт, фрагментаци, гипертрофи, КМП, элэгний хүнд зэргийн өөхлөлт оношлогдсон нь үхлийн үндсэн шалтгаанд нөлөөлөөгүй. 8. Амь хохирогчид учирсан хавсарсан гэмтлийн хүндрэл болох тархины хаван, цуллаг эрхтний цус эргэлтийн хямрал үүссэн байна. 9. Хавирганы хугарал гэмтэл мохоо зүйлийн цохих, дарах, шахах, унах зэрэг механизмаар үүсгэгдэж болох бөгөөд амь хохирогчийн цогцос болон шарилд хийсэн шинжилгээгээр тогтоогдсон хоёр талын олон хавирганы хугарал нь унах үед үүсэхгүй. Хугарлын шинж чанараас дүгнэхэд шууд бус буюу хугарлын байрлалаас өөр байрлалд хүч үйлчлэх цохих, дарах шахах механизмаар үүсгэгдсэн байх боломжтой байна. 10. Амь хохирогч нь хавсарсан хүнд гэмтлийн улмаас нас баржээ. 11. Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 1958, нэмэлтээр дүгнэлт үйлдсэн 590, хэргийн материалаар хийсэн 899 дугаартай дүгнэлтүүд үндэслэлтэй байна. Өмгөөлөгчөөс тавьсан асуултын хариулт: 1-8-р асуултуудад дээр хариулсан байна. 9-р асуултын хариулт: Амь хохирогчийн цогцос шинжилгээ болон шарил шинжилгээгээр тогтоогдсон хэлэн доорх яс, баруун, зүүн олон хавирганы хугарал гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд унах үед үүсэхгүй гэмтэл байна. Амь хохирогч нь хавсарсан хүнд гэмтлийн улмаас нас баржээ. ...” /4 хх 30-38/,
2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 3255 дугаар шинжээчийн “...1. Амь хохирогч Ж.Т-ын биеэс авсан гэх 2 гарын 9 хурууны хумс зэргээс баруун гар дунд, зүүн гар долоовор, дунд гэж хаягласан хумснууд дээр цус илэрсэн. 2. Илэрсэн цус нь ДНХ-ийн шинжилгээнд хүрэлцэхгүй. ...” /1 хх 187-188/ гэх,
2023 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 3251 дүгээр шинжээчийн “...1. Хэргийн газрын нөхөн үзлэгээр хураан авсан гэх ягаан эрээн өнгийн даавуу, цэнхэр эрээн өнгийн даавуун дээр цус илэрсэн, бусад биологийн ул мөр илрээгүй. 2. Илэрсэн цус нь хүний цус мөн. 3. Хэргийн газрын нөхөн үзлэгээр хураан авсан ягаан эрээн өнгийн даавуу, цэнхэр эрээн өнгийн даавуу эх объектууд дээр нэг эрэгтэй хүний ДНХ-ийн тогтоц илэрсэн. ...” /1 хх 218-219/ гэх,
2023 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 3250 дугаар шинжээчийн “...1. Цогцосны үзлэгээр хураан авсан гэх ногоон өнгийн подволк дээр хүний цус илэрсэн. Уг цус нь А/II/ бүлгийн харьяалалтай байна. 2. Хар өнгийн хос оймс, эрээн дотоож дээр цус биологийн гаралтай ул мөр илрээгүй. ...” /1 хх 232-233/ гэх,
2023 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 2652 дугаар шинжээчийн “...2. Шинжилгээнд ирүүлсэн хар футболканд үүссэн 8х5мм хэмжээтэй гэмтэл нь эдэлгээний явцад үүссэн хуучин цооролт, 40мм хэмжээтэй гэмтэл нь татаж чангаах хүчний үйлчлэлээр үүссэн шинэ урагдалт байна. 3. Шинжилгээнд ирүүлсэн бусад хувцас ямар нэгэн гэмтэлгүй байна. ...” /1 хх 235-236/ гэх,
2023 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 3253 дугаар шинжээчийн “...“1. Хэргийн газрын нөхөн үзлэгээр бохирлогдсон шалнаас хөвөн бамбарт шингээж бэхжүүлэн авсан арчдас дээр цус илэрсэн. Уг илэрсэн цус нь хүнийх мөн. 2. ...нэг эрэгтэй хүний ДНХ-ийн тогтоц илэрсэн. ...” /1 хх 246-247/ гэх,
Шүүх сэтгэц эмгэг судлалын 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 595 дугаар шинжээчийн “...1. Т.Б нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. 2. Т.Б нь болж өнгөрсөн үйл явдлыг үнэн зөвөөр тусгаж илэрхийлэн мэдүүлэг өгөх чадвартай байна. 3. Т.Б нь хэл ярианы хөгжил, сэтгэн бодох чадвар хэвийн байна. 4. Т.Б нь гэмт хэрэг үйлдэгдэх үед болон үйлдэгдсэний дараа сэтгэл санаа нь цочрон давчидсан гэх шинж тэмдэг илрээгүй байна. 5. Т.Б нь хэрэг үйлдэгдэх үедээ болон үйлдсэнийхээ дараа өөрийн үйлдлийн нийгмийн хор аюулын шинжийг ухамсарлан ойлгож удирдан жолоодох чадвартай байна. Т.Б нь хэрэг хариуцах чадвартай байна. 6. Т.Б нь гэмт хэргийг санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчидсан гэх шинж тэмдэг илрээгүй байна. ...” /1 хх 172-173/ гэсэн дүгнэлтүүд,
Хэргийн газарт үзлэг хийсэн, нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 6-8, 9-13/,
Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 29-34/,
Гар утасны камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 35-37/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.
Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.”, мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж тус тус заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Т.Б-г хүнийг алах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Анхан шатны шүүх шүүгдэгч Т.Б-г хохирогч Ж.Т-ыг хувийн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож эрүүл мэндэд нь “зүүн чамархай ясны цөмөрсөн хугарал, зүүн чамархайн булчин, хуйханд цус хуралт, хэлэн доорх ясны зүүн эврийн хугарал, булчинд цус хуралт, зүүн 2, 3, 4, 5-р хавирганы хоёрлосон, 6, 7, 8-р хавирга, баруун 2, 3, 4, 5, 6, 7, 8-р хавирганы хугарал, уушгины гялтанд цус хуралт, уушги авчилт, цээжний хөндийн цус алдалт /400мл/, өвчүү ясны хугарал, үнхэлцэг хальсанд цус хуралт, зүрхний булчинд цус хуралт, зүүн чихэнд шарх, цээж, баруун бугалга, зүүн сарвуу, шуунд цус хуралт, баруун мөр, хоёр тохой, өвдөгт зулгаралт” бүхий гэмтэл үүсгэж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Мөн прокурорын газраас шүүгдэгч Т.Б-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.8 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг анхан шатны шүүх “...Онц харгис хэрцгийгээр алах гэдэгт хохирогчийг алахын өмнө буюу алах явцдаа олон тооны шарх, гэмтэл үүсгэж өвтгөн шаналгасан, тарчилган зовоосон, учруулсан гэмтлийн улмаас зовж зүдрэхээр байдал бий болгож, гэмт этгээд өөрийн сонгосон аргынхаа харгис хэрцгий шинжийг ухамсарлаж, өөрийн үйлдлийн харгис хэрцгий үр дагаврыг урьдчилан харж, хүсэж санаатайгаар үйлдсэн байхын ойлгодог. Түүнчлэн зөвхөн хохирогчид олон тооны шарх, гэмтэл учруулсан нөхцөл байдпыг онц харгис хэрцгийгээр алах гэдэгт дангаар ойлгохгүй. Шүүгдэгч Т.Б-гийн үйлдэлд хохирогчийг тарчлааж, зовж шаналгаж үхэлд хүргэх зорилго бүхий сэтгэхүйн харьцаа, хүсэл зориг тогтоогдоогүй...” гэж дүгнэн, шүүгдэгч Т.Б-д холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад зааснаар хөнгөрүүлэн зүйлчилснийг Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан бөгөөд анхан шатны шүүхээс шүүгдэгч Т.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад зааснаар 15 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шйидвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцжээ.
Шүүгдэгч Т.Б-гийн өмгөөлөгч Э.Ганбат, Л.Мөнхтөр нараас “...талийгаач нь хүнд гэмтлийн улмаас нас барсан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт болгон зүйлчлэлийг өөрчилж, хорих ялын хэмжээг 5 жилээр тогтоож шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэсэн утга агуулга бүхий давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах боломжгүй гэж үзэв.
Учир нь, хүнийг санаатай алах гэмт хэрэг нь бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хүн нас барсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, амь хохирогчийн үхэл хоёрын хооронд шалтгаант холбоотой байх шинжийг агуулсан байхыг шаарддаг.
Шүүгдэгч Т.Б нь амь хохирогчтой хувийн таарамжгүй харилцааны улмаас олон удаагийн үйлчлэлээр зохих, дарах, шахах механизмаар зодсоны улмаас хохирогч биедээ олон тооны гэмтэл авч ухаангүй байснаар нас барсан хэргийн үйл баримт хөдөлбөргүй тогтоогдсоноос гадна шүүгдэгчийн уг үйлдлийн улмаас амь хохирогч хавсарсан олон тооны хүнд гэмтлийн улмаас нас барсан хор уршгийн хооронд шууд шалтгаант холбоотой байна.
Хүнийг алах, Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барах гэмт хэргүүдийг ялган зүйлчлэхдээ гэмт этгээдийн үйлдэлдээ болон хор уршигт хандсан сэтгэхүйн харьцаа буюу санаа зорилго, мөн хохирогч уг гэмтлийн улмаас үхэлд хүрсэн, эсхүл уг гэмтлээс шалтгаалан бусад хүндрэл үүсч нас барсан зэрэг нөхцөлүүдийг нарийвчлан тогтоож дүгнэлт өгсний эцэст хэргийн зүйлчлэлийг тогтоодог.
Хэргийн үйл баримтаас дүгнэхэд, Т.Б нь амь хохирогчийн биед “цээжний зүүн 2, 3, 4, 5-р хавирганы хоёрлосон, 6, 7-р хавирга, баруун 2, 3, 4, 5, 6, 7, 8-р хавирганы хугарал, уушгины гялтанд цус хуралт, уушги авчилт, цээжний хөндийн цус алдалт 400 мл, өвчүү ясны хугарал, үнхэлцэг хальсанд цус хуралт, зүрхний булчинд цус хуралт, зүүн чамархай ясны цөмөрсөн хугарал, зүүн чамархайн булчин, хуйханд цус хуралт, зүүн чихэнд шарх, цээжний зүүн талд, баруун бугалга, зүүн сарвуу, шуунд цус хуралт” бүхий олон тооны хүнд гэмтэл урчуулах үйлдлүүд хийхдээ үхэлд хүргэх гэмтэл учрах аюултай гэдгийг ухамсарлах боломж байсан гэж үзэх тул Т.Б-д холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд зааснаар хөнгөрүүлэн зүйлчлэх хууль зүйн үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Үүнээс гадна, Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой бөгөөд шүүх гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үздэг.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “...шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж ... болно.” гэж заасан бөгөөд давж заалдах шүүх эрх хэмжээний хүрээнд шүүгдэгч Т.Б-гийн хувийн байдал, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.С-ын давж заалдах шатны шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн гомдол саналгүй, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэх агуулга бүхий тайлбар зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж түүнд оногдуулсан 15 жилийн хугацаагаар хорих ялыг өөрчилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад зааснаар 12 жилийн хугацаагаар хорих ял болгон хөнгөрүүлэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч Т.Б-гийн өмгөөлөгч Э.Ганбат, Л.Мөнхтөр нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч Т.Б-гийн 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс 2025 оны 07 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл нийт 82 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 2025/ШЦТ/1220 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:
3 дахь заалтыг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д зааснаар шүүгдэгч Т.Б-г 15 жилийн хорих ял шийтгэсүгэй. ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д зааснаар шүүгдэгч Т.Б-г 12 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй. ...” гэж,
4 дэх заалтыг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-д оногдуулсан 12 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. ...” гэж тус тус өөрчилсүгэй.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч шүүгдэгч Т.Б-гийн өмгөөлөгч Э.Ганбат, Л.Мөнхтөр нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-гийн 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс 2025 оны 07 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 82 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ
ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ
ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР