Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 317/ШШ2025/01548

 

2025        10          31                                           317/ШШ2025/01548

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                         

 

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч:  б

Хариуцагч:  Ө

Хариуцагч:  С

Нэхэмжлэлийн шаардлага: Төв аймгийн Батсүмбэр сумын Мандал, 1-р баг, Улаан худгийн гудамж 1 тоотод байрлах 56 мкв хувийн сууц, 128 мкв фермерийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн өмчөөр барьсан болохыг тогтоолгох, уг хувийн сууц болон фермерийн өмчлөгчөөр тогтоолгох, өөрийн өмчлөлд дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг шилжүүлэхийг хариуцагч нарт даалгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Б.б

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Энхтүвшин

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Базардорж,

Гэрч Д.Тунгалаг, Д.Нарантуяа, Д.Наранчимэг

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Отгонжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Б.б нь хариуцагч Д.Ө , П.С нарт холбогдуулан Төв аймгийн Батсүмбэр сумын Мандал, 1-р баг, Улаан худгийн гудамж 1 тоотод байрлах 56 мкв хувийн сууц, 128 мкв фермерийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн өмчөөр барьсан болохыг тогтоолгох, уг хувийн сууц болон фермерийн өмчлөгчөөр тогтоолгох, өөрийн өмчлөлд дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг шилжүүлэхийг хариуцагч нарт даалгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

2Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Миний бие нагац болох Д.Ө тай ярилцаж, өөрийн өвөө, эмээгийн амьдарч байсан Төв аймгийн Батсүмбэр сумын Мандал 1-р багт байрлах 7420 мкв газрыг хашаалахаар хамтран банз авч, би өөрийн 100 хувийн хөрөнгөөр хашааны зүүн талын хашаа дотор хувийн сууц болон 128 мкв талбай бүхий үнээний ферм барьж дуусгасан. Эдгээр үл хөдлөх эд хөрөнгүүдийг миний бие өөрийн цалингийн орлого болон банкнаас зээл авч нийт 10,000,000 төгрөг орчим зардал гаргаж барьж байгуулсан. Барилгын материал авсан баримт болон зээлийн гэрээний баримтуудыг хэрэгт хавсаргасан. Эдгээр үл хөдлөх хөрөнгүүдийг барьж байхдаа Батсүмбэр сумын Засаг даргад тухайн газрын эзэмших эрхийг авахаар хүсэлтийг гаргаж өгсөн ба хүсэлтийг шийдвэрлэх үед миний бие БНХАУ-ын их сургуульд сурахаар болсон. Гэтэл газрыг Д.Ө ы нэр дээр түүний эхнэр П.С нь гаргуулж авч улмаар дээр нь барьсан үл хөдлөх хөрөнгүүдийг өөрсдийн нэр дээр бүртгүүлж, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулсан байсан. Үүнийгээ тайлбарлахдаа чамайг байхгүй байсан тул өөрсдийн нэр дээр бүртгүүлчихлээ, шаардлагатай үед нь чиний нэр дээр шилжүүлээд өгнө гэж хэлсэн. Гэтэл намайг гадаадаас ирсний дараа миний нэр дээр шилжүүлэхээс татгалзсан. Эдгээр үл хөдлөх хөрөнгүүдийн улсын бүртгэлийн гэрчилгээг би 2018 онд Хаан банкны Батсүмбэр тооцооны төвд П.Сгийн нэр дээрх 8,300,000 төгрөгийн банкны барьцаанд зээлийн үлдэгдэлтэй байхад нь тус зээлийг хааж авсан. Тухайн үед надад хэлэхдээ хашаа байшингийн мөнгө өгч чадахгүй, банкны барьцаанд байгаа 8,300,000 төгрөгийг төлөөд хашаа байшингаа ав гэхэд нь би уг банкны зээлийн үлдэгдлийг төлж, гэрчилгээг нь авсан. Мөн худалдах зорилгоор хүн дагуулаад очсон. Гэтэл П.С нь гарын үсэг зурахгүй би чамд өгөхгүй гэсэн. Энэ үеэс 169 дугаартай гэрчилгээг захирамжгүй, хуурамч болохыг мэдсэн. Тус үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ 2018 оноос хойш эх хувиараа надад байсан. Тухайн газарт үл хөдлөх хөрөнгүүдийг засан сайжруулах ажлыг 2018 он хүртэл би өөрийн хөрөнгөөр хийсээр байсан. Энэ хугацаанд тухайн хөрөнгүүдийг Д.Ө нь өөрийн гэр бүлийн хэрэгцээнд ашиглаж байсан.

Ингээд эдгээр хөрөнгүүдийг би бодитоор ашиглах боломжгүй болсон тул бусдад худалдан борлуулахаар шийдэж, худалдан авах хүн олоод Д.Ө д хэлж шууд худалдаж авах хүний нэр дээр шилжүүлэхээр тохиролцсон. Нагац ах Д.Ө маань ямар ч асуудалгүй үл хөдлөх хөрөнгө болон газрыг надад шилжүүлж өгнө гэж ярьж байсан боловч худалдан авах хүнд шилжүүлэх бичиг баримтыг бүрдүүлэн нотариат дээр гэрээ байгуулахаар очиход эхнэр П.С нь шилжүүлж өгөхөөс татгалзаж, намайг элдвээр хэлж, хөрөнгүүдийг шилжүүлж өгөөгүй. Эдгээр үл хөдлөх хөрөнгүүд дээр шинээр улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулж авсан байналээ.

Үүнээс хойш миний бие өөрийн хөрөнгийг өөрийн нэр дээр шилжүүлж авахаар удаа дараа уулзахад огт хүлээж авалгүй, бидний харилцаа муудсан. Энэ асуудлыг шалгуулахаар хуулийн болон орон нутгийн захиргааны байгууллагуудад удаа дараа гомдол гаргасан боловч үр дүн гараагүй өнөөдрийг хүрсэн.

Нагац ах Д.Ө , түүний эхнэр П.С нар нь миний өөрийн хөрөнгөд эзэн сууж, өр зээл тавин байж бий болгосон үл хөдлөх эд хөрөнгүүдийг өөрсдийн амин хувийн хэрэгцээнд ашиглаж, ашиг орлого олж, бүр банкны барьцаанд тавьж зээл аван хашаан дотор миний үл хөдлөх эд хөрөнгө байгаа талд байшин барьж амьдарч байгаа ба ашиг тусыг нь хүртэж байгаа боловч нэг ч удаа надад төлбөр төлөлгүй намайг хохироож байна.

Дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг хариуцагч нар нь надаас хэлцлийн үндсэн дээр шилжүүлэн аваагүй, өөрсдөө хөрөнгө мөнгө гаргаж барьж байгуулаагүй, өөрөөр хэлбэл Иргэний хуульд заасны дагуу өмчлөх эрх үүсээгүй байхад намайг БНХАУ-д суралцаж, Монгол улсад оршин суугаагүй, эзгүй байх үед намайг болон бусдыг хууран мэхэлж, улсын бүртгэлийн байгууллагад хуурамч бичиг баримт бүрдүүлэн өгч бүртгүүлсэн байдаг.

2013 оны 10 сард Д.Ө нь охиноо миний байранд байлгахыг гуйсан бөгөөд надад 25,000,000 төгрөг өгье гэж байсан. Би мөнгөө бэлд, би хавар ирнэ гэж хэлсэн. Ингээд Д.Ө 2023 оны 11 сард миний барьсан байранд орсон. Би 2014 онд БНХАУ-аас ирсэн. Тэгээд миний байранд хөрөнгийн гэрчилгээ авсан гэдгийг 2015 онд мэдсэн. Д.Ө хэлэхдээ энэхүү хувийн сууц, фермерийг чиний хөрөнгө гэдэг боловч П.С нь зөвшөөрдөггүй. Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэлд Д.Ө ы хэлсэн энэ үг тэмдэглэгдэн үлдсэн. Би энэ үл хөдлөх эд хөрөнгүүдийг жил бүр боломжоороо өөрөө ганцаараа бага багаар, бараг 10-аад жил үргэлжилж барьсан. Иймд Төв аймгийн Батсүмбэр сумын Мандал, 1-р баг, Улаан худгийн гудамж 1 тоотод байрлах, 56 мкв хувийн сууц, 128 мкв фермийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн өмчөөр барьсан болохыг тогтоолгох, уг хувийн сууц болон фермерийн өмчлөгчөөр тогтоолгох, миний өмчлөлд дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг шилжүүлэхийг хариуцагч нарт даалгаж өгнө үү гэв.

3. Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр тайлбар гаргаж байна. Үүнд:

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Д.Ө , П.С нар нь 1997 оноос гэр бүл болж өнөөдрийг хүртэл амьдарч байна. Төв аймгийн Батсүмбэр сумын Мандал, 1-р баг, Улаан худгийн 502 тоотод байрлах хашаа, байшин, үхрийн саравийг нэхэмжлэгч Б.б нь  өөрийн хөрөнгөөр  барьсан гэнэ. Гэтэл тус хаягт анх Д.Ө ы ээж Л.Цэдэн гэдэг хүн мал маллаж 2012 он хүртэл амьдарч байсан. Л.Цэдэнийг амьд сэрүүн байхад Д.Ө , П.С нар нь хамт амьдарч байсан ба хашааг анх Л.Цэдэн 2001 онд барьж байсан. Харин маргааны зүйл болох байшинг Д.Цэдэн өөрийн тэтгэврийн зээл авч 2010 онд ерөнхий рамыг нь босгож, санхүүгийн боломжгүйн улмаас гүйцээж чадалгүй 2012 онд таалал төгссөн байдаг. Харин үлдсэн барьж дуусаагүй байшинг Д.Ө , П.С нар нь өөрсдийн хөрөнгөөр гүйцээн барьж 2013 онд дуусгаж байшинг ашиглалтад оруулж, 2014 онд өмчлөлийн гэрчилгээ авсан. Б.б ы хувьд эмээ болох Л.Цэдэнгийн хажууд өсөж, Төв аймгийн Батсүмбэр сумын сургуулийг төгсөж, эмээ Л.Цэдэнгийн хажууд байдаг байсан. Харин байшинг барихад ямар нэгэн байдлаар хөрөнгө мөнгө оруулж барьсан зүйл байхгүй.

Үхрийн саравчийг Л.Цэдэн анх мал маллаж амьдарч байхад жижиг саравч байсан бөгөөд тус саравчид үхэр багтахгүй байсан тул өөрийн 4 үхрээ зарж саравчийг томсгож барьж байсан. Дээрх саравчийг барихад мөн Д.Ө хажууд нь байсан болохоор барьж гүйцээж байсан. Б.б нь өөрийн хөрөнгөөр барьж байгуулсан зүйл байхгүй, зөвхөн Л.Цэдэнгийн хажууд өсөж, тус хашаанд амьдарч байсан.

Д.Ө , П.С нар нь өөрийн хөрөнгийг Төв аймгийн Батсүмбэр сумын Хаан банкны барьцаанд тавьж зээл авч, үхрийн фермийн үйл ажиллагааг явуулж байсан ба зээлийг төлж өөрийн хөрөнгийн гэрчилгээг буцаан авах гэтэл Хаан банканд ажиллаж байсан нэхэмжлэгч Б.б албан тушаалаа ашиглан уг гэрчилгээг аваад өгөөгүй. Иймд Д.Ө , П.С нар нь 2020 онд нөхөж гэрчилгээ авсан байдаг.

Л.Цэдэн тухайн хаягт байрлах газрыг ямар нэгэн байдлаар албан ёсны газар эзэмших, өмчлөх эрхгүйгээр амьдарч байсан ба 2010 онд Д.Ө нь сумын газрын даамалд хүсэлт гаргаж, гэр бүлийн хэрэгцээнд болон фермийн зориулалттай 1100 мкв газрын 15 жилийн хугацаатай эзэмших эрхийн гэрчилгээтэй болсон. Улмаар 2021 онд өөрийн газрыг банкны барьцаанд тавьж зээл авах, бусад асуудлаар хүндрэлтэй байсан учир өөрийн эхнэр П.Сгийн эзэмшилд шилжүүлэх хүсэлт гаргаж, 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн А/73 дугаартай захирамж гарсан. Захирамжийн дагуу шилжүүлэх гэрчилгээ олгох ёстой байсан боловч газрын даамал нь гэрчилгээ олгохгүй, мөн Б.б нь тус газрыг миний газар гэж маргаан үүсгэсэн тул гэрчилгээ олгохгүй байсан.

П.С нь газрын даамалын хууль бус үйлдлийг Захиргааны хэргийн шүүхэд гаргаж, анхан шатны шүүхийн шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Ингэж шийдвэрлэхдээ Б.б ы эрх ашиг сонирхол хөндөгдөөгүй гэж дүгнэсэн. Улмаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаасан. Хэргийг буцаасан анхан шат Б.б ы эрх ашиг хөндөгдөхгүй гэж дүгнэсэн тул дахин газар эзэмшүүлэх газрын гэрчилгээ шинээр бичиж өгсөн байдаг. Дээрх үл хөдлөх хөрөнгүүдийг өмчилж авахад ямар нэгэн хууль зөрчсөн, бусдын эд хөрөнгийг өөрийн нэр дээр шилжүүлсэн үйлдэл байхгүй.

Нэхэмжлэгч Б.б нь хариуцагч Д.Ө , П.С нарт холбогдуулан Төв аймгийн Батсүмбэр сумын Мандал, 1-р баг, Улаан худгийн гудамж 1 тоотод байрлах, 56 мкв хувийн сууц, 128 мкв фермийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн өмчөөр барьсан болохыг тогтоолгох, уг хувийн сууц фермийн өмчлөгчөөр тогтоолгох, миний өмчлөлд дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг шилжүүлэхийг хариуцагч нарт даалгах тухай нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй. Хариуцагч нарын зүгээс маргаан бүхий дээрх эд хөрөнгүүдийг өөрийн хөрөнгөөр барьж ашиглалтад оруулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн ба нэг ч хуурамч бичиг баримт бүрдүүлээгүй болно.

Захиргааны шүүхийн шүүх хурлын тэмдэглэл дээр Д.Ө нь “б хашаа байшинг барьсан гэдэгт маргаан байхгүй” гэж буруу хэлсэн байна лээ. Шүүх хуралдаанд гэрч нар уг үл хөдлөх эд хөрөнгүүдийг Б.б барьсан гэх мэдүүлэг өгсөн ч энэ нь бичгийн баримтаар давхар нотлогдсон баримтгүй. Мөн үл хөдлөх эд хөрөнгөтэй холбогдуулан хөөн хэлэлцэх хугацаа 6 жил байдаг тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна гэв.

4. Нэхэмжлэгч талаас шүүхэд үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 7-8/, Авлигатай тэмцэх газрын 2022 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн албан бичиг /хх-ийн 9/, Ерөнхий прокурорын газрын хариу мэдэгдэх хуудас /хх-ийн 10/, Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 18 дугаартай захирамж /хх-ийн 11-12/, Төв аймгийн Прокурорын газрын 2024 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 435 дугаартай тогтоолын хуулбар /хх-ийн 13-17/, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 85 дугаартай магадлалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 18-22/, Б.б ы нэр дээрх дансны хуулга /хх-ийн 23, 69-71/, тойргийн нотариатчийн гарын үсэг гэрчилсэн үйлдэл /хх-ийн 24/, Ч.Хурамханы тодорхойлолт /хх-ийн 25/, Хандгайн зоо ХХК-ний барилгын материал худалдаж авсан тухай тодорхойлолт /хх-ийн 26/, докторын зэргийн төгсөлтийн гэрчилгээний Хятад хэлнээс орчуулсан орчуулга /хх-ийн 27-29/, Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдааны тэмдэглэлийн хуулбар /хх-ийн 85-90/, Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн хуулбар /хх-ийн 91- 94/, Хил хамгаалах ерөнхий газрын 2025 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн Монгол улсын хилээр нэвтэрсэн иргэний тодорхойлолт /хх-ийн 165-166/-ыг гаргаж өгсөн.

5. Хариуцагч талаас шүүхэд итгэмжлэл /хх-ийн 45/, хариу тайлбар /хх-ийн 46-47, 175/, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 50-51/, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 85 дугаартай магадлал /хх-ийн 52-56/, Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 18 дугаартай захирамж /хх-ийн 57-58/-ийг гаргаж өгсөн.

6. Зохигчийн хүсэлтээр шүүх Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс үл хөдлөх эд хөрөнгийн хувийн хэргийн хуулбар /1-р хх-ийн 192-250/, 2-р хх-ийн 1-92/, шинжээчийн дүгнэлт /хх-ийн 94-115/-ыг бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.Үүнд:

Миний бие Төв аймгийн Батсүмбэр сумын Мандал, 1-р баг, Улаан худгийн гудамж 1 тоотод байрлах 56 мкв хувийн сууц, 128 мкв үхрийн фермерийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн хөрөнгөөр барьсан. Гэтэл намайг гадаад руу сургуульд явсан хойгуур хариуцагч Д.Ө , П.С нар нь миний дээрх үл хөдлөх хөрөнгүүдийг өөрсдийн нэр дээр бүртгүүлж үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулан авсан байсан. Үүнийгээ тайлбарлахдаа чамайг байхгүй байсан тул өөрсдийн нэр дээр бүртгүүлчихлээ, шаардлагатай үед нь чиний нэр дээр шилжүүлээд өгнө гэж хэлсэн боловч өгөхгүй байна гэв.

3. Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлээ дараах байдлаар тайлбарлалаа. Үүнд:

Төв аймгийн Батсүмбэр сумын Мандал, 1-р баг, Улаан худгийн тоотод байрлах хашаа, байшин, үхрийн саравчийг анх Д.Ө ы ээж Л.Цэдэн нь амьд сэрүүн байхад Д.Ө , П.С нарын хамт амьдарч байхдаа 2001 онд барьж байсан гэдэг. Харин маргааны зүйл болох байшинг Д.Цэдэн өөрийн тэтгэврийн зээл авч 2010 онд ерөнхий рамыг нь босгож, гүйцээж чадалгүй 2012 онд таалал төгссөн байдаг. Үлдсэн барьж дуусаагүй байшинг Д.Ө , П.С нар нь өөрсдийн хөрөнгөөр гүйцээн барьж 2013 онд дуусгаж байшинг ашиглалтад оруулж, 2014 онд өмчлөлийн гэрчилгээ авсан. Б.б ы хувьд эмээ болох Л.Цэдэнгийн хажууд өсөж, сумын сургуулийг төгссөн. Харин байшинг барихад ямар нэгэн байдлаар хөрөнгө мөнгө оруулж барьсан зүйл байхгүй. Д.Ө , П.С нар нь өөрийн хөрөнгийг Төв аймгийн Батсүмбэр сумын Хаан банкны барьцаанд тавьж зээл авч, үхрийн фермийн үйл ажиллагааг явуулж байсан ба зээлийг төлж өөрийн хөрөнгийн гэрчилгээг буцаан авах гэтэл Хаан банканд ажиллаж байсан нэхэмжлэгч Б.б албан тушаалаа ашиглан уг гэрчилгээг аваад өгөөгүй. Иймд Д.Ө , П.С нар нь 2020 онд нөхөж гэрчилгээ авсан гэв.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудаас дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

Хариуцагч Д.Ө нь 2010 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын Мандал, 1-р баг, Улаан худгийн гудамж 1 тоотод байрлах, 56 мкв хувийн сууц, үхрийн фермерийн өмчлөгчөөр бүртгүүлэх өргөдөл гаргаж, хамтран өмчлөгчөөр  П.С бүртгүүлж /хх-ийн 1-р хх-ийн 198, 2-р хх-ийн 12/ 2010 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын Мандал, 1-р баг, Улаан худгийн гудамж 1-1 тоотод байрлах, 8х7 мкв харьцаатай 50 хувийн гүйцэтгэлтэй өвлийн сууцны өмчлөгчөөр бүртгэгдэж, гэрчилгээ /1-р хх-ийн 209/, 16х8 метрийн харьцаатай үхрийн фермерийн үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ /2-р хх-ийн 28/-г тус тус  авсан байна. Улмаар дээрх хувийн сууц нь 100 хувийн гүйцэтгэлтэй болсон тул дахин гэрчилгээ гаргуулах тухай хүсэлт /1-р хх-ийн 212/ гаргаж, 2014 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Д.Ө , П.С нар нь Төв аймгийн Батсүмбэр сумын Мандал, 1-р баг, Улаан худгийн гудамж 1 тоотод байрлах, 56 мкв хувийн сууцны өмчлөгчөөр бүртгүүлж  үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /1-р хх-ийн 216/ авсан байна.

Улсын бүртгэлийн Ерөнхий газрын даргын 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 1042 дугаартай тушаалаар иргэн Д.Ө , П.С нарын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-00000000000дугаарт бүртгэлтэй Төв аймгийн Батсүмбэр сумын Мандал, 1-р баг, Улаан худгийн гудамж 1-1 тоотод байрлах хувийн сууцны үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүйд тооцож, 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдөр дахин үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /1-р хх-ийн 243/-г мөн Улсын бүртгэлийн Ерөнхий газрын даргын 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн А/845 дугаартай тушаалаар иргэн Д.Ө , П.С нарын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-00000дугаарт бүртгэлтэй Төв аймгийн Батсүмбэр сумын Мандал, 1-р баг, Улаан худгийн гудамж 1-1 тоотод байрлах фермерийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүйд тооцож /2-р хх-ийн78/, 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдөр дахин үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /2-р хх-ийн 79/-г тус тус олгосон байна.

Дээрх маргаан бүхий хувийн сууц болон фермерүүд нь зах зээлийн хөрөнгийн үнэлгээгээр нийт 33,593,924 төгрөгийн /2-р хх-ийн 94-115/ үнэлгээ тогтоогдсон байна.

Хариуцагч П.С нь Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Төв аймгийн Батсүмбэр сумын Мандал, 1-р баг, Улаан худгийн гудамж 1-1 тоотод байрлах 11031 мкв газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, мэдээллийн санд бүртгэж, баталгаажуулахыг Төв аймгийн Батсүмбэр сумын газрын даамалд даалгуулахаар нэхэмжлэл гаргасан байх бөгөөд улмаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан /1-р хх-ийн 11-12, 18-22/ байна. Талууд энэхүү үйл явдлын талаар болон үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэл болон гэрчилгээнүүдийн хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй болно.

5. Харин Төв аймгийн Батсүмбэр сумын Мандал, 1-р баг, Улаан худгийн гудамж 1-1 тоотод байрлах хувийн сууц болон фермерийг хэний хөрөнгөөр барьсан, хэн өмчлөгч эсэх талаар маргаж мэтгэлцлээ.

6. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас үзэхэд хариуцагч Д.Ө , П.С  нарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгож, өөрийн өмчлөлд шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1-д зааснаар эрхийг хүлээн зөвшөөрөх, 9.4.2-т зааснаар эрх зөрчсөн үйлдлийг таслан зогсоолгохыг хүсчээ.

7. Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар иргэн өмчлөгч байх бөгөөд иргэний энэхүү өмчлөх эрх нь анхдагч буюу шинээр бий болгох замаар, мөн үүсмэл буюу хууль зааснаар өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болсноор үүснэ.

8. Нэхэмжлэгч Б.б нь Төв аймгийн Батсүмбэр сумын Мандал, 1-р баг, Улаан худгийн гудамж 1-1 тоотод байрлах хувийн сууц болон фермерийг зөвхөн өөрийн хөрөнгөөр барьсан хэмээн нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлах бөгөөд энэ нь хэрэгт авагдсан Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдааны тэмдэглэлийн хуулбар /1-р хх-ийн 89/-т авагдсан “...би хүлээн зөвшөөрч байгаа. б хашаа, байшинг барьсан гэдэгт маргаан байхгүй” гэх Д.Ө ы тайлбар, гэрч Д.Тунгалагийн шүүх хуралдаанд өгсөн “...Д.Ө миний төрсөн дүү. Б.б уг хашаа, фермерийг 100% өөрөө барьсан. Д.Ө , П.С нар нь хөрөнгө оруулаагүй. Манай ээж Цэдэн хөрөнгө оруулсан эсэхийг мэдэхгүй. Ээж тэтгэврийн зээл авахгүй. Бидний асрамжид байж байгаад нас барсан. Би ээжид Ө яагаад тусалдаггүй юм бэ гэж асуухад Ө хонь мал гээд явчихдаг, тусалсан юм алга гэж ээж хэлж байсан. Ээжийг нас барсны дараа Б.б уг байшин, фермерийг барьж дуусгасан. Дууссаны дараа Д.Ө охиноо тэр байшинд оруулж  байсан” гэх мэдүүлэг, гэрч Д.Нарантуяагийн шүүх хуралдаанд өгсөн “...Д.Ө миний төрсөн дүү. П.С манай бэр. Энэ байшин, фермерийг Б.б өөрийн хөрөнгөөр барьсан. Д.Ө , П.С нар нь хөрөнгө оруулаагүй. Манай ээж тэтгэвэр авдаг байсан бөгөөд хөрөнгө оруулаагүй. Д.Ө ыг нэг ч хадаас хадаагүй гэдэг. Б.б уг байшингийн суурийг тавьчихаад гадаад руу сургуульд явсан. Тэр үед би ээжтэй хамт Төв аймгийн Батсүмбэр сумын Мандал, 1-р баг, Улаан худгийн гудамж 1-1 тоот хашаанд байдаг байсан. Би бүгдийг харж байсан” гэх мэдүүлэг, гэрч Д.Наранчимэгийн шүүх хуралдаанд өгсөн “...би Б.б ыг танина. Түүний байшингийн дотор шавар, замаскийг би хийсэн. Б.б надад туслаад материалыг нь авч өгдөг байсан. Д.Ө , П.С нар туслаагүй” гэх мэдүүлгүүдээр нотлогдож байна.

9. Монгол улсын Үндсэн хуулийн 5 дугаар зүйлд “Төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална. Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлаж болно” гэж заасан. Мөн Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.3-т “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй” гэж иргэний өмчлөх эрхийг баталгаажуулсан байдаг. Иргэний хуулийн 100 дугаар зүйлд заасны дагуу төр, аймаг, нийслэл, сум, дүүрэг, иргэн болон хуулийн этгээд нь  өмчлөгч байна. Иргэний хуулийн 109 дүгээр зүйлд заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх нь улсын бүртгэлд бүртгүүлснээр үүсч, улсын бүртгэлд бүртгүүлснээр дуусгавар болно. Энэ нь хэн нэгэн өмчлөгч өөр нэг этгээдэд өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлж буй гэрээг тухайн үл хөдлөх эд хөрөнгийн оршин байгаа газрын нотариатаар гэрчлүүлж, гэрээнд холбогдох материалыг хавсарган улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлснээр хуучин өмчлөлийн хувьд өмчлөх эрх нь дуусгавар болж шинэ өмчлөгчийн хувьд өмчлөх эрх нь үүснэ. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлд заасны дагуу өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй гэж заасан нь өмчлөх эрхийн мөн чанар болдог.

Өмчлөгч бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ хязгаарын дотор өмчлөлийн зүйлээс өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглах, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй байна.

10. Маргааны үйл баримтаас үзэхэд нэхэмжлэгч Б.б ы өөрийн хөрөнгөөр өөрөө барьж бий болгосон Төв аймгийн Батсүмбэр сумын Мандал, 1-р баг, Улаан худгийн гудамж 1-1 тоотод байрлах хувийн сууц, үхрийн фермерийг 50 хувийн гүйцэтгэлтэй байхад 2010 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хариуцагч Д.Ө нь өмчлөгчөөр, хариуцагч П.С нь хамтран өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгүүлж, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ авсан. Мөн дээрх хувийн сууц, фермерийг 100 хувийн гүйцэтгэлтэй болсны дараа 2014 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Д.Ө , П.С нар нь дахин гэрчилгээ гаргуулах тухай хүсэлт гаргаж, өмчлөгчөөр бүртгүүлж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг авсан байна.

Хэдийгээр маргаан бүхий улсын бүртгэлийн Ү-00000000000дугаарт бүртгэлтэй Төв аймгийн Батсүмбэр сумын Мандал, 1-р баг, Улаан худгийн гудамж 1-1 тоотод байрлах хувийн сууцны болон улсын бүртгэлийн Ү-00000дугаарт бүртгэлтэй Төв аймгийн Батсүмбэр сумын Мандал, 1-р баг, Улаан худгийн гудамж 1-1 тоотод байрлах фермерийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө нь улсын бүртгэлд иргэн Д.Ө , П.С нарын өмчлөлд бүртгэгдсэн байх боловч энэхүү үл хөдлөх эд хөрөнгүүд нь нэхэмжлэгч Б.б ы эд хөрөнгө болох нь нотлогдсон тул тэдгээр үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөгчөөр нэхэмжлэгч Б.б ыг тогтоох нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Б.б ыг суралцахаар явсны дараа түүний барьсан үл хөдлөх эд хөрөнгүүдийг Д.Ө , П.С нар нь улсын бүртгэлд бүртгүүлж, өмчлөх эрхийн гэрчилгээ авсан тул тэдгээр нь Иргэний хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-д заасан эзэнгүй эд юмсыг олж авсан гэж үзнэ” хэмээн тайлбарлах боловч маргаан бүхий хувийн сууц, үхрийн фермер нь хуульд заасан эзэнгүй эд юмс гэх ойлголтод хамрагдахгүй. Тодруулбал эзэнгүй эд юмс гэж Иргэний хуулийн 115 дугаар зүйлийн 115.1-д зааснаар өмчлөгчгүй, эсхүл өмчлөгч нь өмчлөх эрхээ дуусгавар болгох зорилгоор эзэмшлээсээ татгалзсан эд хөрөнгийг эзэнгүй эд юмсыг ойлгоно.

11. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-д үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа зургаан жил байна гэж заасан тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Мөн талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ амаар байгуулагдсан байна гэж үзвэл мөн гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байна. Иймд хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн” гэж тайлбарласан.

Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д “Хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна” гэж, 74.2-д “Хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх хугацаа эдийн бус хөрөнгөд хамаарахгүй” гэж тус тус заажээ. Мөн хуулийн 84 дүгээр зүйлийн 84.5-д “Эзэмшигч этгээддээ ашиг өгөх, эсхүл бусдаас шаардах эрх олгох эрх буюу шаардлага, оюуны үнэт зүйл нь эдийн бус хөрөнгөд хамаарна” гэж заасан. Иймд өмчлөгчөөр тогтоолгох эрхэд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй.

12. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д “Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй” гэж, мөн хуулийн 106.2-д “Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй” гэж заажээ.

Тодруулбал, хэн нэгэн этгээд өөр этгээдийн эд хөрөнгийг хууль бусаар эзэмшиж, ашиглаж байгаа бол түүнийг эзэнд нь буцааж өгөх үүрэг хүлээх хэдий ч энэ тохиолдолд эд хөрөнгийг шаардаж буй этгээд нь өмчлөгч байх, харин эзэмшиж байгаа этгээдийн эзэмшил хууль бус байхыг шаарддаг.

Иймд Төв аймгийн Батсүмбэр сумын Мандал, 1-р баг, Улаан худгийн гудамж 1-1 тоотод байрлах хувийн сууц, үхрийн фермерийг нэхэмжлэгч Б.б ы өмчлөлд шилжүүлэхийг хариуцагч Д.Ө , П.С нарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй.

13. Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д “Эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно” гэж, мөн хуулийн 183.2-д “Хэрэв бүртгэлийг бүртгүүлэх эрхгүй этгээдийн нэрээр хийлгэсэн бол энэхүү бүртгэлийн үр дүнд эрх болон эрх зүйн байдлын хувьд хохирч байгаа этгээд бүртгэлд нэр нь байгаа этгээдээс бүртгэлийн тэмдэглэлд өөрчлөлт оруулахыг шаардаж болно” гэж заажээ.

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-д “Иргэний хуулийн 183.2-т заасны дагуу бүртгүүлэх эрхгүй этгээдийн нэрээр хийлгэсэн бүртгэлийн үр дүнд эрх болон эрх зүйн байдлын хувьд хохирч байгаа этгээд бүртгэлд нэр нь байгаа этгээдээс эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулахыг шаардсаныг уг этгээд хүлээн зөвшөөрсөн бол энэ тухай баримт, улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн улсын бүртгэгч эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулж болно” гэж, 6.3-д “Энэ хуулийн 6.2-т заасан шаардлагыг эрхийн улсын бүртгэлд нэр нь байгаа этгээд зөвшөөрөөгүй бол шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсны дараа эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулна” гэж, 6.6-д “Энэ хуулийн 6.2, 6.4-т зааснаас бусад тохиолдолд эрхийн улсын бүртгэлийг шүүхийн шийдвэрээр хүчингүй болгоно” гэж тус тус хуульчилжээ.

14. Иймд  Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 106 дугаар зүйлийн 106.1, 106.2-д зааснаар нэхэмжлэгч Б.б ыг Төв аймгийн Батсүмбэр сумын Мандал, 1-р баг, Улаан худгийн гудамж 1-1 тоотод байрлах хувийн сууц болон үхрийн фермерийг өөрийн хөрөнгөөр барьсан болохыг тогтоож, улсын бүртгэлийн Ү-00000000000дугаарт бүртгэлтэй Төв аймгийн Батсүмбэр сумын Мандал, 1-р баг, Улаан худгийн гудамж 1-1 тоотод байрлах хувийн сууцны болон улсын бүртгэлийн Ү-00000дугаарт бүртгэлтэй Төв аймгийн Батсүмбэр сумын Мандал, 1-р баг, Улаан худгийн гудамж 1-1 тоотод байрлах фермерийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр нэхэмжлэгч ТЯ83071212 регистрийн дугаартай, Боржигон овогт Баяраагийн б ыг тогтоож, тэдгээр үл хөдлөх эд хөрөнгүүдийг нэхэмжлэгч Б.б ы өмчлөлд шилжүүлэхийг хариуцагч Д.Ө , П.С нарт даалгаж шийдвэрлэв.

15. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-д зааснаар энэхүү шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсны дараа эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулахыг Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгах нь зүйтэй.

16. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Б.б ы улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 210,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Ө , П.С нараас улсын тэмдэгтийн хураамж 210,600 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.б д олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д зааснаар нэхэмжлэгч Б.б ыг Төв аймгийн Батсүмбэр сумын Мандал, 1-р баг, Улаан худгийн гудамж 1-1 тоотод байрлах хувийн сууц болон үхрийн фермерийг өөрийн хөрөнгөөр барьсан болохыг тогтоож, улсын бүртгэлийн Ү-00000000000дугаарт бүртгэлтэй Төв аймгийн Батсүмбэр сумын Мандал, 1-р баг, Улаан худгийн гудамж 1-1 тоотод байрлах хувийн сууцны болон улсын бүртгэлийн Ү-00000дугаарт бүртгэлтэй Төв аймгийн Батсүмбэр сумын Мандал, 1-р баг, Улаан худгийн гудамж 1-1 тоотод байрлах фермерийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр нэхэмжлэгч ТЯ83071212 регистрийн дугаартай, Боржигон овогт Баяраагийн б г тогтоосугай.

2. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2-д зааснаар улсын бүртгэлийн Ү-00000000000дугаарт бүртгэлтэй Төв аймгийн Батсүмбэр сумын Мандал, 1-р баг, Улаан худгийн гудамж 1-1 тоотод байрлах хувийн сууцны болон улсын бүртгэлийн Ү-00000дугаарт бүртгэлтэй Төв аймгийн Батсүмбэр сумын Мандал, 1-р баг, Улаан худгийн гудамж 1-1 тоотод байрлах фермерийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг нэхэмжлэгч Б.б ы өмчлөлд шилжүүлэхийг хариуцагч Д.Ө , П.С нарт даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Б.б ы улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 210,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Ө , П.С нараас улсын тэмдэгтийн хураамж 210,600 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.б д олгосугай.

4. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-д зааснаар энэхүү шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсны дараа улсын бүртгэлийн Ү-00000000000дугаарт бүртгэлтэй Төв аймгийн Батсүмбэр сумын Мандал, 1-р баг, Улаан худгийн гудамж 1-1 тоотод байрлах хувийн сууцны болон улсын бүртгэлийн Ү-00000дугаарт бүртгэлтэй Төв аймгийн Батсүмбэр сумын Мандал, 1-р баг, Улаан худгийн гудамж 1-1 тоотод байрлах фермерийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр нэхэмжлэгч Б.б ыг бүртгэж, эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулахыг Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгасугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.МАРИНА