Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 317/ШШ2025/01547

 

2025 оны 10 сарын 31 өдөр

317/ШШ2025/01547

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч:  Э

Хүсэлтийн шаардлага: Хамтын амьдралтай байсан болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагч Д.Э ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Бадам

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хүсэлт гаргагч Д.Э  нь шүүхэд Г.Оргодолтой хамтын амьдралтай байсан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан байна.

2. Хүсэлт гаргагч Д.Э нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Миний бие Г.О-той нь 2000 оны 09 сарын 01-ний өдрөөс 2025 оны 02 сарын 18-ны хүртэл хамтран амьдарч байсан. Дээрх хугацаанд биднийг хамтран амьдарч байсан болохыг тогтоож өгнө үү гэв.

3. Хүсэлт гаргагчаас шүүхэд улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Д.Э ын иргэний үнэмлэхийн хуулбар, Г.О нартай хамт авахуулсан гэх зураг, Г.Оргодолын төрсний гэрчилгээний хуулбар, Г.Оргодолын нас барсан гэрчилгээний хуулбар, Төв аймгийн нийгмийн даатгалын газрын зөвлөмж, Г.Цогнийсүрэнгийн тодорхойлолт, С.Э ын тодорхойлолт, Төв аймгийн Бүрэн сумын 1 дүгээр багийн засаг даргын тодорхойлолт зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.

4. Шүүх гэрч Г.Цогнийсүрэн, Д.Цэрэндэжид, О.Энхтайван нарын мэдүүлэг, Төв аймгийн Бүрэн сумын Засаг даргын 2025 оны 10 сарын 29-ний өдрийн 01/257 дугаартай тодорхойлолт, хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтрийн хуулбар, Үндэсний төв Архивын хэлтсийн 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 02/1019 дугаартай лавлагаа зэрэг баримтуудыг бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч Д.Э нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй болно.

3. Нэхэмжлэгч Д.Э нь Г.О-той хамтын амьдралтай байсан болохоо тогтоолгохоор тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

4. Галсанжамцийн О, Дамдинсүрэнгийн Э нар нь 2000 онд танилцаж, 2000 оноос хойш 2025 оны 02 сарын 18-ны өдрийг хүртэл хугацаанд хамтын амьдралтай байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хамт амьдарч байхдаа авахуулсан гэх гэрэл зургууд, Төв аймгийн Бүрэн сумын Засаг даргын 2025 оны 10 сарын 29-ний өдрийн 0/257 дугаартай тодорхойлолт, Архивын ерөнхий газрын харъяа Үндэсний төв архивын 2025 оны 10 сарын 06-ны өдрийн 02/1019 дугаартай тодорхойлолт зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

5. Г.О нь 2025 оны 2 дугаар сарын 17-ны өдөр нас барсан болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 0001 дугаартай нас барсны бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.

6. Хэрэгт цугларсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл журмаар авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй байх тул шүүх тэдгээрийг үнэн зөв гэж үнэлж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэстэй байна.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Д.Э ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзээд

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115.2, 115.2.2, 116, 118, 119, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д заасныг баримтлан регистрийн дугаартай, О-ыг регистрийн дугаартай  Э нарыг хамтын амьдралтай байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагч Д.Э ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Б.Марина