| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбат Шинэбаяр |
| Хэргийн индекс | 2502000000132 |
| Дугаар | 2025/ДШМ/875 |
| Огноо | 2025-07-23 |
| Зүйл хэсэг | 22.5.1., |
| Улсын яллагч | Ц.Хулан |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 07 сарын 23 өдөр
Дугаар 2025/ДШМ/875
2025 07 23 2025/ДШМ/875
Д.Б-д холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Д.Очмандах, шүүгч Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Ц.Хулан,
шүүгдэгч Д.Б-гийн өмгөөлөгч Ө.Золбоо,
нарийн бичгийн дарга Э.Буяндэлгэр нарыг оролцуулан,
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 2025/ШЦТ/481 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Ө.Золбоо нарын гаргасан давж заалдах гомдол, прокурор Б.Оюунцэцэгийн бичсэн 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 47 дугаар эсэргүүцлийг үндэслэн Д.Б-д холбогдох эрүүгийн 2502000000132 дугаартай хэргийг 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Шинэбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
......... овгийн ....-ийн Б, ............. тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД: ............./;
Шүүгдэгч Д.Б нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Сум дундын эмнэлгийн Нийгмийн эрүүл мэндийн сувилагчаар ажиллаж байхдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.2 дахь хэсэг “Худалдан авах ажиллагааны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага сургалтад хамрагдсан иргэнээс шалгалт авч, худалдан авах ажиллагааны мэргэшсэн ажилтны гэрчилгээ олгоно” гэснийг зөрчиж, худалдан авах ажиллагааны мэргэшсэн ажилтан бэлтгэх сургалт болон шалгалтад зохих журмын дагуу хамрагдаж тэнцээгүй, уг шалгалтанд тэнцсэн мэтээр 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 2022/АЗ-2929 дугаартай гэрчилгээг гаргуулан авч, байгууллагаас зохион байгуулдаг худалдан авах ажиллагааны үнэлгээний хорооны гишүүнээр ажиллаж, өөртөө давуу байдал бий болгох ашиг сонирхлын үүднээс Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын Төрийн өмчийн бүртгэл, хяналтын хэлтсийн мэргэжилтэн Э.Д, Төрийн худалдан авах ажиллагааны газрын Цахим худалдан авах ажиллагаа, мэдээллийн технологийн хэлтсийн сургалт хариуцсан мэргэжилтэн С.Ч нарт “Худалдан авах ажиллагааны мэргэшүүлэх сургалтын шалгалтыг цахим хэлбэрээр авах”, “худалдан авах ажиллагааны мэргэшүүлэх сургалтад тэнцсэн иргэд, албан хаагчдын мэргэжил, ур чадвар болон бусад холбогдох мэдээлэлд дүн шинжилгээ хийх” зэрэг албан тушаалын тодорхойлолтод тусгагдсан албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан Э.Д-гийн хамаарал бүхий этгээд болох төрсөн эгч Э.Х-гийн хүү Б.Б-ы эзэмшлийн Хаан банкин дахь 55.......... дугаартай данс руу С.Ж-ы нэрээр эзэмшдэг Хаан банкны 53.......... тоот дансаар дамжуулан 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт 200,000 төгрөгийг шилжүүлэн хахууль өгсөн гэмт хэрэгт холбогджээ.
Нийслэлийн прокурорын газраас: Д.Б-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх: “...Шүүгдэгч Д.Б-г “өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан мөнгө амласан, санал болгосон” буюу хахууль өгөх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-д нийтийн албанд ажиллах, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгийн торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-д оногдуулсан 2.700.000 төгрөгийн торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-д оногдуулсан нийтийн албанд ажиллах, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг 2 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг сануулж, шүүгдэгч Д.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Д.Б гаргасан давж заалдах гомдолдоо: “...Улсын яллагч тус шүүх хуралдаанд эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаар дүгнэлтдээ “шүүгдэгчийн тухайн гэмт хэргийг үйлдэх үе буюу 2022 оны 05 дугаар сард дагаж мөрдөж байсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1. 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “нийтийн албанд томилогдох” эрхийг 2 жилээр хасаж, 2,700,000 төгрөгөөр торгох саналыг шүүхэд гаргаж байсан.
Хэргийг шүүхэд шилжүүлэхийн өмнө прокурорын шатанд ч яг энэ ялаар харилцан тохиролцож хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр болсон байсан. Учир нь, миний үйлдсэн хэрэг миний үндсэн мэргэжил болон сувилагчийн ажил мэргэжилтэй ямар ч холбогдолгүй, сувилагчийн ажлаа хийх явцдаа мэргэжлийн ямар ч алдаа гаргаагүй байхад шүүх “...мэргэжпийн үйл ажиллагаа явуулах эрхийг хасаж, миний эрхийг бүдүүлгээр зөрчсөн шийдвэр гаргасанд маш их гомдолтой байна.
Уг шийтгэх тогтоол хуулийн үндэслэлгүй гэдгийг дараах байдалд авч үзэж тайлбарлаж байна.
Шүүх тухайн хэрэг болсон үеийн хуулийг хэрэглээгүй буюу /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамгийн сүүлд 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр шинэчлэн найруулсан/ миний эрхийг дордуулсан хуулийг хэрэглэж /....нийтийн албанд ажиллах, мэргэжлийн үйл ажиллагааг явуулах эрхийг 2 жилийн хугацаагаар хасах/ шийдвэрийг гаргасан нь хууль хэрэглээний ноцтой алдаа гэж үзэж байна.
Шүүх хэргийг нэгэнт хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “....шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэр гаргана...” гэж заасныг зөрчиж шийдвэр гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон Эрүүгийн хуулийн зохих зүйл, заалтыг ноцтой зөрчсөн, хуулийн үндэслэлгүй шийдвэр гэж үзэж байна.
Цаашид сувилагчийн буюу мэргэжлийн ажлыг эрхлэх боломжийг олгож, миний эрхийг дээрдүүлсэн шийдвэр гаргаж өгнө үү.
Иймд эрхийг маань ноцтой зөрчсөн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 2025/ШЦТ/287 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр өөрчлөлт орсон үеийн хуулийг хэрэглэж, “...нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах...” гэсэн прокурорын шүүхэд гаргасан ялын саналын хүрээнд тухайн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэжээ.
Прокурор Б.Оюунцэцэг бичсэн эсэргүүцэлдээ: “...Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй талаар:
Шүүхээс шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт шүүгдэгч Д.Б-г өөртөө давуу байдал бий болгох ашиг сонирхлын үүднээс бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан дансаар 200.000 төгрөгийг шилжүүлэн хахууль өгсөн болох нь баримтаар нотлогдон тогтоогдож байна гэж дүгнэжээ.
Гэтэл шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Д.Б-г өөртөө эсхүл бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан мөнгө амласан, санал болгосон” буюу хахууль өгөх гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.
Д.Б нь өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Э.Д, С.Ч нарт албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан Э.Д-гийн хамаарал бүхий этгээдийн Хаан банк дахь 55.......... дугаартай данс руу С.Ж-ы нэрээр эзэмшдэг Хаан банкны 53.......... тоот дансаар дамжуулан 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт 200.000 төгрөгийг шилжүүлэн мөнгө өгсөн болох нь хэрэгт авагдсан Б.Б-ы эзэмшлийн данс болох бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсоныг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан.
2. Анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй талаар:
Шүүхээс Д.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсон боловч түүнд эрүүгийн хариуцлагыг оногдуулахдаа 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан Эрүүгийн хуулийн холбогдох зүйл, хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, торгох ялыг нэг жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосон нь шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байна.
З. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуүлийг ноцтой зөрчсөн талаар:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол ... прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж хуульчилсан.
Шүүхээс Д.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-д нийтийн албанд ажиллах, мэргэжпийн үйл ажиллагаа явуулах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялыг оногдуулсан нь прокурорын саналын хүрээнээс гадуур, тодруулбал, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хасах ялыг нэмж оногдуулсан нь хэргийг хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журмыг зөрчсөн.
Дээр дурдсан үндэслэлүүдээр тухайн шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхээргүй бичигдсэн байх хуульд заасан шаардлагыг хангахгүй байна.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт “дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан”, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалт “шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй,” гэж заасныг зөрчсөн байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэжээ.
Шүүгдэгч Д.Б-гийн өмгөөлөгч Ө.Золбоо давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “шүүх хуралдаанаар дараахь нөхцөл байдлыг хянана:” гэж зааснаар хэргийг шийдвэрлэхдээ мөн хуулийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэрийг гаргана.” гэж заасныг ноцтой зөрчсөн байна.
Өөрөөр хэлбэл, торгуулийн ял болон нийтийн албанд ажиллах эрхийг хасуулах саналын хүрээнд прокурор санал гаргасан. Өмгөөлөгч миний хувьд ч тухайн саналын хүрээнд хүлээн зөвшөөрч дэмжсэн, мөн миний үйлчлүүлэгч буруутгадсан үйлдэл нь мэргэжлийн үйл ажиллагаа явуулсантай холбоотой гэмт хэрэг үйлдээгүй, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол, хор уршиг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүхээс шийдвэрээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилтод нийцүүлэн шудрагаар ял оногдуулах ёстой байсан гэж үзэж байна.
Үүнээс гадна Д.Б нь өөрийн дансаар мөнгө шилжүүлээгүй, нэр бүхий этгээдүүдийн хооронд дансаар гүйлгээ хийгдсэн атал анхан шатны шүүх миний үйлчлүүлэгчийг тухайн гүйлгээг хийсэн мэт буюу мөнгө амласан, санал болгосон гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна.
Иймд шийтгэх тогтоолоор Д.Б-д эрүүгийн хариуцлага оногдуулахдаа мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг 2 жилийн хугацаанд хассан, улсын яллагчаас гаргасан саналын хүрээнд шийдвэрлээгүй тогтоох хэсгийн 2 дугаар заалтад өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.
Прокурор Ц.Хулан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгтээ шүүгдэгч Д.Б-г өөртөө давуу байдал бий болгох ашиг сонирхлын үүднээс хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж дүгнэсэн. Харин шийтгэх тогтоолын тогтоох хэсэгтээ хуулийн дипозит хэсгийг бүгдийг нь хуулж бичээд өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад хахууль өгсөн байна гэж бичсэнийг шүүхээс буруу дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Мөн прокуророос шүүгдэгч Д.Б-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан. Мөн шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаа болон прокурорын шатанд гаргасан хүсэлтийн дагуу хэргийг хялбаршуулж шийдвэрлүүлэхээр тогтоол гаргаж, шүүгдэгчтэй ял тохиролцож, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүхээс эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон хэр нь 2022 оны 12 дугаар 16-ны өдөр Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт орсноор буюу хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж, нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2.700 нэгжээр торгох ял оногдуулах шийдвэр гаргасан нь анхан шатны шүүхийг хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй гэж бичсэн прокурорын эсэргүүцэл хууль зүйн үндэслэлтэй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгохгүйгээр давж заалдах шатны шүүхээс өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Ө.Золбоо нарын гаргасан давж заалдах гомдол, прокурор Б.Оюунцэцэгийн бичсэн 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 47 дугаар эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлага хангаагүй байна.
Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Д.Б-г Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Сум дундын эмнэлгийн Нийгмийн эрүүл мэндийн сувилагчаар ажиллаж байхдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.2 дахь хэсэг “Худалдан авах ажиллагааны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага сургалтад хамрагдсан иргэнээс шалгалт авч, худалдан авах ажиллагааны мэргэшсэн ажилтны гэрчилгээ олгоно” гэснийг зөрчиж, худалдан авах ажиллагааны мэргэшсэн ажилтан бэлтгэх сургалт болон шалгалтад зохих журмын дагуу хамрагдаж тэнцээгүй, уг шалгалтанд тэнцсэн мэтээр 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 2022/АЗ-2929 дугаартай гэрчилгээг гаргуулан авч, байгууллагаас зохион байгуулдаг худалдан авах ажиллагааны үнэлгээний хорооны гишүүнээр ажиллаж, өөртөө давуу байдал бий болгох ашиг сонирхлын үүднээс Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын Төрийн өмчийн бүртгэл, хяналтын хэлтсийн мэргэжилтэн Э.Д, Төрийн худалдан авах ажиллагааны газрын Цахим худалдан авах ажиллагаа, мэдээллийн технологийн хэлтсийн сургалт хариуцсан мэргэжилтэн С.Ч нарт “Худалдан авах ажиллагааны мэргэшүүлэх сургалтын шалгалтыг цахим хэлбэрээр авах”, “худалдан авах ажиллагааны мэргэшүүлэх сургалтад тэнцсэн иргэд, албан хаагчдын мэргэжил, ур чадвар болон бусад холбогдох мэдээлэлд дүн шинжилгээ хийх” зэрэг албан тушаалын тодорхойлолтод тусгагдсан албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан Э.Д-гийн хамаарал бүхий этгээд болох төрсөн эгч Э.Х-гийн хүү Б.Б-ы эзэмшлийн Хаан банкин дахь 55.......... дугаартай данс руу С.Ж-ы нэрээр эзэмшдэг Хаан банкны 53.......... тоот дансаар дамжуулан 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт 200,000 төгрөгийг шилжүүлэн хахууль өгсөн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай эсэхийг тогтоолгохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн байдлыг харгалзан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр тогтоол гаргаж, шүүгдэгч Д.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналын хамт шүүхэд шилжүүлсэн байна.
Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд, шүүгдэгч Д.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ “өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан мөнгө амласан, санал болгосон” буюу хахууль өгөх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-д нийтийн албанд ажиллах, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгийн торгох ялаар шийтгэж шийдвэрлэжээ.
Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэснийг зөрчиж, прокурорын саналаас өөрөөр шийдвэрлэсэн байна.
Тодруулбал, шүүх хэргийг шийдвэрлэхдээ, “хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл бүрдсэн” гэж дүгнэсэн атлаа прокурорын саналын хүрээнээс өөрөөр буюу 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар /өөрчлөн найруулсан/ Эрүүгийн хуулийн холбогдох зүйл, хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг зөрчжээ.
Иймд шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Ө.Золбоо нарын гаргасан давж заалдах гомдол, прокурор Б.Оюунцэцэгийн бичсэн 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 47 дугаар эсэргүүцлийг үндэслэлтэй байна гэж дүгнээд, Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 2025/ШЦТ/481 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.
Шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Хулан нь прокурор Б.Оюунцэцэгийн бичсэн 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 47 дугаар эсэргүүцэл үндэслэлтэй бөгөөд шийтгэх тогтоолыг хүчингүй болгохгүйгээр өөрчлөлт оруулж өгнө үү гэж шүүхийн хэлэлцүүлэгт санал дүгнэлт гаргасан ба шүүгдэгч болон түүний өмгөөлөгч, прокурорын эсэргүүцлийг хүлээн авч шийдвэрлэсэн тул давж заалдах шатны шүүх уг саналыг хүлээн аваагүй болохыг дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 39.9 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 2025/ШЦТ/481 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.
2. Шүүгдэгч Д.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ
ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ
ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР