| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаа Ариунхишиг |
| Хэргийн индекс | 2511000000173 |
| Дугаар | 2025/ДШМ/885 |
| Огноо | 2025-07-24 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | Б.Дашням /томилолтоор/ |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 07 сарын 24 өдөр
Дугаар 2025/ДШМ/885
2025 07 24 2025/ДШМ/885
С.Б-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Г.Ганбаатар, шүүгч Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Дашням /томилолтоор/,
насанд хүрээгүй хохирогч Б.Х-ийн өмгөөлөгч Ө.Учрал,
шүүгдэгч С.Б,
нарийн бичгийн дарга Э.Өсөхбаяр нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 2025/ШЦТ/1253 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч насанд хүрээгүй хохирогч Б.Х-ийн өмгөөлөгч Ө.Учралын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн С.Б-д холбогдох эрүүгийн 2511000000173 дугаартай хэргийг 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Б овгийн С-ийн Б, ............ /РД: .................
- Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 431 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар тэнссэн.
С.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Б.Э-ийн эзэмшлийн зуслангийн байшинд хохирогч Б.Х, Н.М, Н.Т нарыг төрсөн охин Б.Э-тэй архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан гэх шалтгааны улмаас хохирогч Б.Х, Н.М нарыг хутгаар зүсэж зүүн шуунд шарх, хохирогч Н.Т-ыг хутгаар зүсэх, заазуур шидсэний улмаас баруун зулайн хуйх, сарвуунд шарх бүхий гэмтлүүдийг тус тус учруулан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хоёр, түүнээс олон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: С.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч С.Б-ыг “Хоёр болон түүнээс олон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-ыг 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоож, уг ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч С.Б нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, насанд хүрээгүй хохирогч нар нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хор, хор уршгийн хохирлоо цаашид баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Насанд хүрээгүй хохирогч Б.Х-ийн өмгөөлөгч Ө.Учрал давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх шүүгдэгч С.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн гэм бурууд тохироогүй, хэт хөнгөн шийтгэл болсон гэж үзэж байна. Мөн анхан шатны шүүх хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч болон өмгөөлөгч надад шүүх хуралдааны товыг мэдэгдэлгүй хэргийг хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийг зөрчсөн буюу хохирогчийн эрхийг хязгаарласан гэж үзэж байна. Мөрдөн шалгах ажиллагааны хувьд хохирогч мэдүүлэг өгөхдөө сэтгэл санааны хохирлыг гаргуулмаар байна гэж хэлсэн. Мөрдөгчөөс нэг өдөр дуудсан ба очиход хэргийн материалтай танилцуулсан. Ажиллагаа дутуу байгаа юм биш үү, шинжээчийн дүгнэлт, сэтгэл санааны хохирол гаргуулмаар байна гэж хэлэхэд мөрдөгчийн зүгээс би энэ хэргийг шинээр авсан, өмнөх мөрдөгч нь шилжсэн, хэргийн хугацаатай холбоотой прокурорт оруулж, гаргаад шаардлагатай ажиллагаануудыг хийнэ гэж хэлсэн. Даалгавартай буцаад ирэхэд нь шинжээчийн дүгнэлт гаргана гэж хэлсэн. Мөн бидний зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан дан зүйлчлэлтэй явахгүй гэж хэлсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг устгах гэмт хэргийн шинж байгаа учраас шалгаж өгнө үү гэж мөрдөгчид хэлсэн. Энэ талаар бичгээр гомдол, хүсэлт гаргах боломжгүй. Бусдын эд хөрөнгийг устгах, гэмтээх гэмт хэргийн шинж байгаа эсэх талаар мөн гэмт хэрэг гарсан айлын хөрөнгүүдийг устгасан талаар бусад гэрч, хохирогч нарын мэдүүлгүүд байгаа учраас энэ талаар шалгах нь зүйтэй. Мөрдөгчийн зүгээс энэ талаар прокурорт хэлсэн байгаа учраас шалгалтын ажил хийгдэнэ гэж хэлсэн. Гэтэл шүүх хуралдаан болсон байсан ба шийтгэх тогтоолыг миний үйлчлүүлэгчид шуудангаар гардуулсан. Гурван хохирогчид шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлд заавал шинжилгээ хийлгэх тохиолдыг заасан. Энэ нь мөрдөгчийн хуулиар олгогдсон ажил. Уг ажлыг заавал хохирогч талаас хүсэлт гаргаж шийдэх ажил биш. Хохирогчийн эрхийг зөрчсөн байна гэж үзэж байна. Иймд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 2025/ШЦТ/1253 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч С.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд “хэлэх тайлбар байхгүй.” гэв.
Прокурор Б.Дашням тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хэргийн үйл баримттай нийцэж, үндэслэл бүхий гарсан. Шүүгдэгчид оногдуулсан эрүүгийн хариуцлагын тухайд түүний хувийн байдал болон үйлдсэн гэмт хэргийн шинжид тохирсон. Бусад гэмт хэргийн шинж байгаа гэж үзэж байгаа тохиолдолд энэ талаар дахин гомдол, хүсэлт гаргах боломжтой. Учир нь үргэлжилсэн үйлдэл биш. Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан өөр төрлийн гэмт хэргийн шинжийг хангаж байгаа. Шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шийдвэр гаргах ёстой учраас яллах дүгнэлтийн хүрээнд шүүхийн шийтгэх тогтоол үндэслэл бүхий гарсан. Өмгөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ насанд хүрээгүй хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.
Шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон шаардлагыг бүрэн хангахаас гадна, шүүхээс хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн тохиолдолд хууль ёсны ба үндэслэл бүхий болдог учиртай.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх С.Б-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарлаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргасан байна. Тодруулбал:
Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй хохирогч Н.Т, Б.Х, Н.М нар нь “...Гомдолтой байна. Эмчилгээ болон сэтгэл санааны хохирлыг төлүүлмээр байна. ...” гэж мэдүүлсэн байх бөгөөд дээрх хохирогч нарын сэтгэцэд учирсан хор уршгийг тогтоолгох шинжээчийн дүгнэлт гаргаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ;” буюу нотолбол зохих байдлыг хангалттай нотолж чадаагүй байна.
2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны тогтоолоор баталсан хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргалалд заасны дагуу насанд хүрээгүй хохирогч нарын сэтгэл санаанд учирсан хор уршгийг арилгах асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.
Мөн шүүх С.Б-д холбогдох хэргийг 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, 05 дугаар сарын 12-ны өдрийн 2025/ШЗ/3693 дугаар шүүгчийн захирамжаар яллагдагчийг шүүхэд шилжүүлж, шүүх хуралдааныг 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 14 цаг 30 минутад хянан хэлэлцэхээр товлосон байх ба /хх174-175/ шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэхдээ хэргийн оролцогч нарт шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй, мэдэгдсэн баримт хэрэгт авагдаагүй нь оролцогчийн эрхийг зөрчсөн байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.2 дугаар зүйлийн 2-т “Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шийдвэр гарснаас хойш 14 хоногийн дотор хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх ба шүүх хуралдааны товыг 3-аас доошгүй хоногийн өмнө талуудад мэдэгдэнэ.” гэж хуульчилжээ.
Шүүх хуралдааны товыг талуудад урьдчилан мэдэгдэхийн ач холбогдол нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургадугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “... бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх ... нотлох баримтыг шалгуулах, шударга шүүхээр шүүлгэх, шүүх ажиллагаанд биеэр оролцох ...” хүний эрхийг баталгаатай эдлүүлэх эрх зүйн үндэслэл болох бөгөөд энэхүү эрх дан ганц хэргээ шүүлгэж буй шүүгдэгчид олгогдсон хэмээн ойлгож болохгүй.
Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах эрх хүн бүрт хуулиар тэгш олгогдсон учраас шүүх хуралдаанд оролцох эрхийг хэргийн оролцогчдод бүгдэд нь тэгш эдлүүлэх учиртай.
Шүүгдэгчид оногдуулах ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн, Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцэхээс гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байх ёстой.
Тодруулбал, шүүх насанд хүрээгүй хохирогч Б.Х, Н.М, Н.Т нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгч С.Б-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэж 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй байна.
Иймд дээрх үндэслэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалтад зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байх тул насанд хүрээгүй хохирогч Б.Х-ийн өмгөөлөгч Ө.Учралын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 2025/ШЦТ/1253 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.
Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэнтэй холбоотойгоор шүүгдэгч С.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасан заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 2025/ШЦТ/1253 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.
2. Шүүгдэгч С.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН
ШҮҮГЧ Г.ГАНБААТАР
ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ