Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2020/01464

 

 

 

 

 

2020 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2020/01464

 

 

 

 

Х.Э -ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Отгонцэцэг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 183/ШШ2020/00909 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Х.Э ХХК-ийн хариуцагч Э.А.С ХХК-д холбогдуулан гаргасан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 49 876 162 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Солонго, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар О.Одонтуяа оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Х.Э ХХК нь Э.А.С ХХК-тай 2013 оны 8 дугаар сарын 16-ны өдөр цахилгаан шат худалдах-худалдан авах 56 855 ам.долларын гэрээ байгуулж, Хан-Уул дүүрэгт байрлах орон сууцны барилгад суурьлуулах 2 ширхэг цахилгаан шатыг 48 360 ам.доллараар 2013 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр үйлдвэрээс ачуулан, 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотын гааль дээр ирүүлэхээр харилцан тохирсон. Н.Ганхуяг захирлын хүсэлтийн дагуу гэрээний урьдчилгаа 14 508 ам.доллараас 5 500 ам.долларыг бэлнээр авч, цахилгаан шатуудыг үйлдвэрлүүлсэн боловч уг компанийн барилгын ажил удаашралтай явагдаж байгаа шалтгаанаар ачилтыг 2014 оны 01 дүгээр сард хийхээр харилцан тохиролцон, мөн оны 02 дугаар сард Улаанбаатар хотын гааль дээр ирсэн. Н.Ганхуяг нь 25 000 ам.долларыг төлөх боломжтой байна, үлдэгдэл 17 860 ам.долларыг барилга ашиглалтанд орохоор төлж барагдуулна гэсэн хүсэлт тавьсны дагуу цахилгаан шатуудыг гаалийн бүрдүүлэлтээр оруулах бичиг баримтыг тус компанид өгсөн. Үүнээс хойш цахилгаан шатуудыг угсралтын тусгай зөвшөөрөлтэй компаниар угсруулан өнөөдрийг хүртэл ашиглаж байгаа боловч цахилгаан шатны үлдэгдэл болох 16 587.39 ам.долларыг төлөөгүй байна. Иймд үлдэгдэл 16 587.39 ам.доллар, алдангид гэрээний дагуу гүйцэтгээгүй үүргийн 10 хувиас хэтрэхгүй гэж заасны дагуу 1 658.74 ам.доллар, нийт 18 246.13 ам.долларыг нэхэмжлэл гаргах үеийн ханш 2 733.52 төгрөгөөр тооцож, 49 876 162 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна. Уг гэрээ нь 2013 оны 8 дугаар сарын 16-ний өдөр байгуулагдсан боловч төлбөрийг өгөхгүй буюу хувааж төлж байсан, хамгийн сүүлийн төлбөрийг 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр төлсөн учир хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэж үзэж байна гэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Г.Нацагдорж шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч нь хавтаст хэргийн 25 дугаар талд энэ талаар зөвшөөрсөн байдаг. Шаардлага гаргах хугацааны хувьд хуулиар тогтоосон хөөн хэлэлцэх хугацаа дууссан, шаардах эрхгүй байна. Хариуцагчийн хувьд хуульд заасны дагуу тухайн төлбөрийг төлөх ёстой боловч нэхэмжлэгчийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан учир нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасныг тус тус баримтлан хариуцагч Э.А.С ХХК-иас 49 876 162 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Х.Э ХХК-д олгон, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 565 281 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 407 331 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгон шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Г.Нацагдорж шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: Талуудын хооронд 2013 оны 8 дугаар сарын 16-ны өдөр гэрээ байгуулагдсан ба гэрээний төлбөр төлөх хугацааг цахилгаан шатыг Монгол Улсад оруулж ирснээр гэж тодорхойлсон. Цахилгаан шат нь 2014 оны 01 дүгээр сард орж ирсэн. Тэгэхээр гаалийн талбайд цахилгаан шат бууснаас хойш төлбөрөө төлөхийг шаардах эрх нь гэрээний дагуу худалдагчид үүснэ.

Төлбөрийн үлдэгдлийг хариуцагч талаас хүлээн зөвшөөрсөн зөвшөөрөл нь хуульд захирагдаж шүүх шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөх ёсгүй юм. Өөрөөр хэлбэл хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад зөвшөөрлийг нь үндэслэн хэргийг шийдвэрлэх нь хуульд нийцэхгүй юм. Иймд шийдвэрийг хүчингүй болгон, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ маргаж буй үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Нэхэмжлэгч Х.Э ХХК нь хариуцагч Э.А.С ХХК-д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 18 246.13 ам.доллар буюу 28 976 396.5 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагчийн өмгөөлөгч хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэл заан эс зөвшөөрч, маргажээ.

Хандок элеватор ХХК нь 2013 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн Цахилгаан шат худалдах-худалдан авах гэрээний дагуу 2 ширхэг цахилгаан шатыг худалдан авагч Э.А.С ХХК-д нийлүүлсэн, худалдан авагч нь гэрээний үнэ болох 48 360 ам.доллараас 16 587.39 ам.доллар өгч, 31 772.61 ам.долларын төлбөрийн үлдэгдэлтэй болох нь тогтоогдсон бөгөөд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

Хариуцагч нь гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй төлбөрийн үлдэгдэлтэй талаар, нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтыг үгүйсгэж маргаагүй байна. Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасны дагуу үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан журмын дагуу үнэлж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Хэргийн баримтаас үзэхэд гэрээний талууд 2015 оны 6 дугаар сарын 18, 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрүүдэд тус тус тооцоо нийлж, үлдэгдлийг баталгаажуулж байснаас гадна хариуцагч Э.А.С ХХК нь 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр цахилгаан шатны үнэд 2 000 000 төгрөгийг нэхэмжлэгч Хандок элеватор ХХК-д шилжүүлж байжээ. /хх-22/ Мөн нэхэмжлэгч талаас хариуцагч компани, тус компанийн төлөөлөгч нарыг эрэн сурвалжлуулсан тухай Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1737 дугаар шийдвэр хэрэгт авагдсан байна. /хх-33/ Иймд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах 3 жилийн хөөн хэлэлцэх хугацаанд шаардах эрхээ хэрэгжүүлсэн гэж үзнэ.

Анхан шатны шүүх эдгээр нотлох баримтыг харьцуулан үнэлээд шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1, 79 дүгээр зүйлийн 79.7 дахь хэсэгт заасанд нийцэх тул энэ талаар гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн татгалзал, гомдол үндэслэлгүй.

Иймд хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 183/ШШ2020/00909 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 407 331 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ОТГОНЦЭЦЭГ

ШҮҮГЧИД Ц.ИЧИНХОРЛОО

Ч.ЦЭНД