Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 2025/ДШМ/886

 

 

 

 

    2025             07             24                                                                                2025/ДШМ/886

 

С.Т-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Г.Ганбаатар, шүүгч Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Б.Энх-Амгалан,

хохирогчийн өмгөөлөгч Ч.Мөнхбаяр /цахимаар/,

өсвөр насны шүүгдэгч С.Т, түүний хууль ёсны төлөөлөгч Б.М, тэдгээрийн өмгөөлөгч Н.Одонтуяа,  

нарийн бичгийн дарга Э.Өсөхбаяр нарыг оролцуулан,

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 2025/ШЦТ/1209 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч өсвөр насны шүүгдэгч С.Т, түүний хууль ёсны төлөөлөгч Б.М, тэдгээрийн өмгөөлөгч Н.Одонтуяа нарын гаргасан давж заалдах гомдлуудад үндэслэн шүүгдэгч С.Т-д холбогдох эрүүгийн 2410014382001 дугаартай хэргийг 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Ж овгийн С-н Т, .............. /РД: .............

 

С.Т нь 2024 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Хан-Уул дүүргийн 18 дугаар хороо, “****” гарден хотхонд хохирогч Б.Т-тэй маргалдаж, улмаар түүний нүүр хэсэгт гараараа цохиж эрүүл мэндэд нь “хоншоор ясны хугарал, дээд уруулын дотор салстад шарх, зөөлөн эдийн няцрал, баруун дээд, доод зовхи, зулайн цус хуралт, баруун хацарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий” хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: С.Т-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Өсвөр насны шүүгдэгч С.Т-г “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 8.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч С.Т-д зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол түүний зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч С.Т-д зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд өөрийн оршин суух дүүргийн нутаг дэвсгэр буюу Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэй сургууль, оршин суух нутаг дэвсгэрийн хооронд зорчих үүргийг мөн хугацаагаар хүлээлгэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч С.Т, түүний хууль ёсны төлөлөөгч Б.М нараас 558.060 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Т-д олгож, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад зааснаар өсвөр насны шүүгдэгч С.Т, түүний хууль ёсны төлөөлөгч Б.М нараас 3.573.012 төгрөг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.Т энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, тогтоол хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч С.Т-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Өсвөр насны шүүгдэгч С.Т, түүний хууль ёсны төлөөлөгч Б.М нар давж заалдах гомдолдоо: “...С.Т нь “********” ерөнхий боловсролын сургуулийн 12А ангид сурдаг. Би урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, анх удаа гэмт хэрэгт холбогдсон, үйлдсэн үйлдэлдээ маш их харамсаж, гэмшиж байгаа бөгөөд зүйл анги, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлж барагдуулах болно. Би бага ангидаа “********” дунд сургуульд суралцаж, улмаар дунд ангиасаа 11 дүгээр анги дуустал “********” сургуульд суралцаж байсан бөгөөд сургуулийнхаа 3 удаагийн сагсны аварга, 2 удаагийн волейболын аварга, усан сэлэлтийн аварга, сургуулийнхаа 2023 оны шилдэг спортлог сурагчаар шалгарч өргөмжлөлөөр шагнагдан, Нийслэлийн Физикийн олимпиадаас мөнгө, дүүргийн олимпиадаас мөнгөн медаль, IQ-гийн кенгеру олимпиадаас мөнгөн медаль, Айлдстын 7.5 оноо авч байсан. Итали улсын Ром хотод зохион байгуулагдсан шинжлэх ухааны физикийн олимпиадаас шалгарч IAFS олон улсын хөтөлбөрт зохиогдсон сонгуульд 14 орны хүүхдүүдийг удирдах удирдагчаар сонгогдож байсан юм. Мөн Итали улсын Венец хотод зохион байгуулагдсан шилдэг бизнесийн санаа тодруулдаг бизнес олимпиадад багаараа 1 дүгээр байранд орсон. 2024 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 12 дугаар ангиа “********” ерөнхий боловсролын сургуульд суралцаж байгаа бөгөөд улсын шалгалтаа өгч, 2025 оны 6 сарын сүүлээр элсэлтийн ерөнхий шалгалтаа өгөх хуваарьтай тул хичээл сургууль, давтлагадаа цаг зав гаргаж, хичээлдээ шамдаж суралцаж байгаа. Би “********” ерөнхий боловсролын сургуулиасаа “********”-ын тэмцээнээс шилдэг чөлөөт загвар өмсөгч болон шилдэг чөлөөт загвар зохион бүтээгчээр шалгарч, өргөмжлөл медалиар шагнагдсан, түүнчлэн сургуулийнхаа сагс, волейболын тэмцээнд ангиараа тэргүүн байранд орж байсан зэрэг олон тэмцээн уралдаанд амжилттай сайн оролцож байсан билээ. Би 12-р ангиа төгсөөд Унгар улсын Будапештын Их сургуулийн онгоцны нисгэгчийн ангид элсэн суралцах сонирхолтой байгаа бөгөөд тус сургуульдаа элсэн суралцах шалгалтаа өгч тэнцсэн тул сургуулиас минь урилга явуулсан байгаа бөгөөд тус тэнцсэн гэсэн суралцах урилгаа анхан шатны шүүх хуралдаанд нотлох баримтаар гаргаж өгсөн бөгөөд 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс тухайн сургуульдаа очиж, дотуур байраа хөөцөлдөж авах шаардлагатай болоод байгаа. Иймд өсвөр насны шүүгдэгч С.Т надад оногдуулсан 5 сарын зорчих эрхийг хязгаарлах ялыг өөрчилж, хөнгөрүүлэн торгуулийн ялын доод хэмжээг оногдуулж өгнө үү.  ...” гэжээ.

Өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Одонтуяа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...С.Тг-ийн хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг. Ямар нэгэн байдлаар маргаагүй. Т нь 2007 оны 10 дугаар сарын 31-ний өдөр төрсөн, одоо 17 настай. Анх удаа гэмт хэрэгт холбогдож, тохиолдын шинжтэй нөхцөл байдлын улмаас тухайн үед найзыгаа өмөөрч гэмт хэрэг үйлдсэн. Ар гэрийн хувьд хараа хяналт сайтай. Урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй. Сургуульд сурч байхдаа олон тэмцээн уралдаанд оролцож түрүүлж байсан үйл баримт байдаг. Ёс суртахууны хувьд эвдрээгүй. Анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэлийг хүнд байна гэж бидний зүгээс үзэж байна. С.Тгийн хувьд 12 дугаар ангиа төгсөж, Их дээд сургуульд орох болсон. Өнөөдрийн байдлаар Санхүү эдийн засгийн их сургуульд суралцах эрхээ авсан. Өөрөө ээж аавтайгаа зөвлөлдөж мөрөөдлийнхөө дагуу Бүгд найрамдах Солонгос улсад суралцах хүсэлтэй байгаа. Шүүх хуралдааны дараа үүнтэй холбоотой материалуудаа хөөцөлдөхөөр бэлдэж байгаа. Зорчих эрх хязгаарлах ял оногдуулснаар гадагшаа суралцах боломжгүй бөгөөд сургуульдаа суралцах боломжгүй болно. Энэ хүүхдийн тухайд сурах эрхийг нь хязгаарласан ял шийтгэл болсон. С.Т фитнесс зааланд дасгалжуулагч багшаар ажилладаг бөгөөд 1.000.000 төгрөгийн орлогтой болсон талаараа надад тайлбарласан. Өөрийн гэсэн хичээл зүтгэлтэй, хохирол төлбөрөө нөхөн төлсөн, анх удаа гэмт хэрэгт холбогдсон, гэмшиж байгаа зэрэг хувийн байдлуудыг харгалзан үзээд өсвөр насны шүүгдэгчид оногдуулах ял шийтгэлийг буюу оногдуулсан 5 сарын зорчих эрхийг хязгаарлах ялыг өөрчилж, хөнгөрүүлэн торгуулийн ялын доод хэмжээг оногдуулж өгнө үү. Торгуулын ялыг бүрэн төлөх боломжтой.” гэв.

Өсвөр насны шүүгдэгч С.Т тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмгөөлөгчийнхөө гаргасан гомдлыг дэмжиж байна. Өөрийн хийсэн хэргээ хүлээж, гэм буруугаа ухамсарлаж байна. Анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэлийг минь хөнгөрүүлж өгнө үү гэж хүсэж байна.” гэв.

Өсвөр насны шүүгдэгч С.Тг-ийн хууль ёсны төлөөлөгч Б.М тус шүүх хураллдаанд гаргасан тайлбартаа: “Надад хэлэх зүйл алга. Одоогийн байдлаар эндээ сургуульдаа тэнцээд орсон. Гадагшаа сургуульд явахаар хөөцөлдөж байгаа. Гэвч эцсийн байдлаар шийдэгдээгүй. Сургуулиас нь хариу ирээгүй байгаа.” гэв.

Хохирогчийн өмгөөлөгч Ч.Мөнхбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийдвэр нь тухайн гэмт хэргийг үйлдсэн нийгмийн аюулын хэр хэмжээ, учирсан хохирол, шүүгдэгчийн гаргасан үйлдэлд тохирсон гэж үзэж байгаа. Тиймээс тухайн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна. Анхан шатны шүүхэд хохирогчийн зүгээс 3 үндэслэлээр иргэний нэхэмжлэл гаргасан. Үүнд бодит учирсан хохирол, өмгөөллийн хөлс, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Бүгд найрамдах Хятад ард улсаас Монгол улсад ирсэн замын зардал багтаж байгаа. Үүнтэй холбоотой баримтуудыг хэрэгт хавсаргасан. Анхан шатны шүүхийн шийдвэрийн хохирол, гэм хортой холбоотой хэсэгт өөрчлөлт оруулж, тухайн хохирогчийн иргэний нэхэмжлэлээр шаардсан хохирлыг гаргаж өгнө үү гэсэн байр суурьтай байна. Бусад зүйлд тусгайлсан санал байхгүй.” гэв.

Прокурор Б.Энх-Амгалан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Насанд хүрээгүй шүүгдэгчийн хувьд анхнаасаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээж оролцсон. Анхан шатны шүүхээс зорчих эрх хязгаарлах ялыг оногдуулсан. Оногдуулсан ялын төрлийн хувьд өөрчлөх үндэслэл байхгүй гэж үзэж байна. Харин хугацааны тухайд тусгайлан гаргах саналгүй. Өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч хэлэхдээ торгуулын ялын доод хэмжээг оногдуулах талаар дүгнэлт хэлж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.2 дугаар зүйлд заасан өсвөр насны этгээдэд оногдуулах ялын төрлийн хувьд нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах, сургалт хүмүүжлийн тусгай ангид хорих гэсэн ялыг оногдуулахаар хуульчилсан. Өөрөөр хэлбэл, торгуулийн ялын доод хэмжээг оногдуулах хууль зүйн үндэслэл байхгүй. Хохирогчийн өмгөөлөгчийн ярьж буй баримтын тухайд хохирогч Бүгд найрамдах Хятад ард улс руу явсан, ирсэн талаарх баримтыг шүүх хуралдааны явцад гаргаж өгсөн. Гэвч тухайн баримт нотлох баримтын шаардлага хангахгүй байна гэж анхан шатны шүүх дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Тиймээс өмгөөлөгчийн тайлбарлаж буй зардал гарах боломжгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ өсвөр насны шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлуудад дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг  шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх ба хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Өсвөр насны шүүгдэгч С.Т нь 2024 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Хан-Уул дүүргийн 18 дугаар хороо, “****” гарден хотхонд хохирогч Б.Т-тэй маргалдаж, улмаар түүний нүүр хэсэгт гараараа цохиж эрүүл мэндэд нь “хоншоор ясны хугарал, дээд уруулын дотор салстад шарх, зөөлөн эдийн няцрал, баруун дээд, доод зовхи, зулайн цус хуралт, баруун хацарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий” хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:

камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 16-20/,

“Лазер мед” эмнэлгийн компьютер томографийн шинжилгээ /хх 65/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 5499 дугаартай: “...Б.Т-гийн биед зүүн хоншоор ясны хугарал, дээд уруулын дотор салстад шарх, зөөлөн эдийн няцрал, баруун дээд, доод зовхи, зулайн цус хуралт, баруун хацарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдпоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх өдөр үүсгэгдсэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх шинжээчийн дүгнэлт /хх 62-63/,

хохирогч Б.Т-гийн: “...2024 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 22 цагийн үед найз Тэлмүүнтэй уулзчихаад байж байхад 3 цагийн үед манай найз Н гэх охин чатаар манай нэг найз намайг дуудаж байна гэж хэлээд бөөндөө нийлээд хамт явах уу гэж хэлсэн. Тэгээд бид нар “Хурд” хорооллын ойролцоо уулзсан. Манай найз Н 2 найзынхаа хамт явж байсан. Бид нар тухайн дуудсан хүүхдийн гэрт нь буюу Хан-Уул дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах /****/ гарден хотхоны 24/1 дүгээр байрны 503 тоотод очиход бид нарыг “та нар арай олуулаа байна, оруулахгүй” гэж хэлсэн. Тухайн хаалганы гадна талын цахилгаан тоолуурыг тасдаад дуу гаргахад тухайн байрны 503 тоот хаалганаас хүн гарч ирээд “юу болоод байна, яагаад байна” гэж хэлсэн. Тухайн залуучуудтай эв зүйгээ олоод байж байтал цаанаас нь нэг эрэгтэй хүн гарч ирээд миний нүүр рүү гараараа цохисон. Би хойшоо ухаан алдаад хана налаад зогссон. ...Миний баруун хацар цөмөрсөн, нүдний ухархай яс хугарсан, зүүн хацар, духан дээр хөхөрсөн, толгой хөндүүртэй байсан...” /хх 24-27/,

гэрч Л.Т-ний: “...2024 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр манай найз Б.Т бид хоёр “Шангрилла”-гийн хажууд уулзаад 120-д инстаграммаар танилцсан гурван найзтайгаа уулзсан. ... Бид нар /****/ гарденд очоод 503 тоот хаалгыг онгойлгоход 2 согтуу залуу гарч ирсэн. Тэгээд маргаан болоод барилцаад байж байтал бас нэг өндөр, том биетэй залуу гарч ирээд Т-г шууд гараараа нүүр хэсэгт нь 3 удаа цохисон. Т манарсан байдалтай байсан. ...Тухайн үед цахилгааны тоолуурын савны хаалга онгорхой байсан, Т хаалгыг нь хаах гэж байгаад савчихсан юм, тэгээд 2 залуу гарч ирсэн. ...” /хх 30-32/,

насанд хүрээгүй гэрч Г.Г-ын: “... 6 цаг өнгөрч байхад манай гэрийн хаалгыг тогшсон, би очоод хаалга онгойлгоход 5 эрэгтэй, 3 охин зогсож байсан ба эрэгтэйчүүд нь “орж болох уу, пиво ууя” гэж хэлэхээр нь би “энэ тэгдэг газар биш” гэж хэлээд хаалгаа хаасан. Манай орцонд чимээ сонсогдохоор нь гараад хартал цахилгааны шийдний хаалтыг нээсэн байсан. Мөн тэд согтуу байсан учраас Алтак бид хоёр “одоо боль, та нар яв “ гэж хэлээд хаалгаа хаасан. Тэгээд дахиад Аптак, Т бид гурав гарч ирээд “та нар энд архи согтууруулах ундааны зүйл ууж болохгүй, одоо явчих” гээд шаардлага тавихад тухайн хүмүүс яваагүй, “үзэх үү, яах уу” гээд байсан ба Ттэй 2-3 удаа түлхэлцсэн. Тэгээд Т нэг эрэгтэй хүүхдийнх нь нүүр хэсэгт 2-3 удаа гараараа цохисон. ...” /хх 35-36/,

өсвөр насны яллагдагч С.Т-гийн: “...Би 2024 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр найз Г-ын эгчийнх нь гэрт найз А, Г нарын хамт хоносон. Тэгээд үүрийн 4-5 цагийн үед би нөгөө өрөөнд ороод унтаж байх үед гадаа хүмүүс хэрэлдээд, манай 2 найз Г, А нар руу орилоод хараагаад байсан. Гараад очтол согтуу залуучууд гартаа пиво барьчихсан гэрт орж ирж, архи ууна гээд дайраад байхад нь үгүй гэхэд Т “зодолдоё, нэгдүгээр хорооллынхон ирнэ, би хүмүүс дуудчихсан байгаа” гээд байсан. Мөн Тгийн найз нь намайг түлхээд, харин Т намайг заамдаж боогоод байхаар нь өөрийгөө хамгаалах гээд хариу үйлдэл үзүүлж нүүр хэсэгт нь гараараа 2 удаа цохисон. ...” /хх 79-81/ гэх мэдүүлгүүд зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүхээс гэмт хэргийг хэн, хэзээ, хаана, яаж үйлдсэн, үүнд өсвөр насны шүүгдэгч С.Т ямар буруутай болох, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй хэрхэн тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж зааснаар шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн өсвөр насны шүүгдэгч С.Т-гийн 2024 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хохирогч Б.Т-тэй маргалдаж, улмаар түүний эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Өсвөр насны шүүгдэгч С.Т нь 2024 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хохирогч Б.Т-тэй маргалдаж, улмаар түүний эрүүл мэндэд нь “хоншоор ясны хугарал, дээд уруулын дотор салстад шарх, зөөлөн эдийн няцрал, баруун дээд, доод зовхи, зулайн цус хуралт, баруун хацарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий” хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Өсвөр насны шүүгдэгч С.Т, түүний хууль ёсны төлөөлөгч Б.М, тэдгээрийн өмгөөлөгч Н.Одонтуяа нар нь “...5 сарын зорчих эрхийг хязгаарлах ялыг өөрчилж, торгуулийн ялын доод хэмжээг оногдуулж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг гаргажээ.

Анхан шатны шүүхээс өсвөр насны шүүгдэгч С.Т-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 8.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан нь ойлгомжгүй, Эрүүгийн хуулийн ерөнхий анги болон тусгай ангид заасан журамд нийцээгүй байна.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.4 дүгээр зүйлийн 1-д “шүүх энэ хуулийн тусгай ангид зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд энэ хуулийн 5.5 дугаар зүйлд заасан журмаар тусгай ангид заасан зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж эдлэх ялыг хоёр дахин багасгана.” гэж зааснаар 5 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахдаа ялыг 2 дахин багасгасан эсэх нь тодорхойгүй, ойлгомжгүй байх тул давж заалдах шатны шүүхээс зөвтгөх боломжгүй юм.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт өсвөр насны хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын зорилгыг “Өсвөр насны хүний нас, биед тохирсон, эрүүл мэнд, ёс суртахуун, сэтгэцийн онцлогийг харгалзсан, нийгэмд өөрийн байр суурийг олоход туслах, боловсрол эзэмшүүлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулах, гэмт хэрэг үйлдэхэд хүргэсэн орчин, хүмүүсийн нөлөөнөөс тусгаарлах, шаардлагатай тохиолдолд гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнийг хорьж хүмүүжүүлэхэд чиглэсэн байна” гэж тодорхойлсон бөгөөд энэхүү заалт нь мөн хуулийн Наймдугаар бүлгийн бусад зохицуулалтыг хэрэглэх үндэс, суурь нь юм.

Иймд өсвөр насны шүүгдэгч С.Т нь гэмт хэрэг үйлдэх үедээ болон одоо ч насанд хүрээгүй, хохирогчийн буруутай үйлдлийн улмаас гэмт хэрэг гарахад нөлөөлсөн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч, анхан шатны шүүхээс гаргуулахаар шийдвэрлэсэн хохирол, төлбөр болох хохирогч Б.Т-д 558.060 төгрөг, Эрүүл мэндийн даатгалын санд 3.573.012 төгрөгийг тус тус төлж барагдуулсан, нийгэмд өөрийн байр суурийг олох, боловсрол эзэмших бололцоог хангах зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  ял оногдуулахыг тэнсэж нэг жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.  

 

Үүнтэй холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасны дагуу өсвөр насны шүүгдэгчид “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах”, 2.5-д “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүргийг тус тус хүлээлгэх нь зүйтэй байна.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.2 дугаар зүйлд зааснаар өсвөр насны хүнд нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах, сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад хорих гэсэн ялын гурван төрлөөс сонгон оногдуулахаар хуульчилсан тул өсвөр насны шүүгдэгч С.Т-д торгуулийн ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүх хохирогч Б.Т-гийн Бүгд Найрамдах Хятад Ард улсаас Монгол улсад ирсэн, явсан замын зардал болох 2.343.000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 800.000 төгрөг нэхэмжилснийг хэлэлцэхгүй орхиж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх боломжтой гэж үзсэн нь үндэслэлтэй болжээ.  

Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтүүдийг оруулж, өсвөр насны шүүгдэгч С.Т, түүний хууль ёсны төлөөлөгч Б.М, тэдгээрийн өмгөөлөгч Н.Одонтуяа нарын гаргасан “... торгуулийн шийтгэл оногдуулж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 2025/ШЦТ/1209 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

- 2 дахь заалтыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч С.Т-д ял оногдуулахыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр шийдвэрлэсүгэй. ...” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3, 4 дэх заалтуудыг хүчингүй болгосугай.

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5-д заасныг тус тус баримтлан өсвөр насны шүүгдэгч С.Т нь “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүргийг тус тус хүлээлгэсүгэй. ...” гэсэн нэмэлт заалт оруулж, бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Н.БАТСАЙХАН

 

                        ШҮҮГЧ                                                          Г.ГАНБААТАР

 

            ШҮҮГЧ                                                          Б.АРИУНХИШИГ