| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Галсангийн Гэрэлт-Од |
| Хэргийн индекс | 166/2018/0192/Э |
| Дугаар | 208 |
| Огноо | 2018-07-03 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | А.Оргилбаяр |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 208
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ягаанцэцэг,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаяр,
Шүүгдэгч Р.Ариунболд нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Рэнцэндоржийн Ариунболдод холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 1818003600226 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн, 1980 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт, Дархан-Уул аймгийн Дархан сумын 16-р баг 1-р хороолол, 9-43 тоотод оршин суух албан ёсны хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овгийн Рэнцэндоржийн Ариунболд /ТГ80102212/.
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/.
Шүүгдэгч Р.Ариунболд нь 2018 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 23 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 16-р багийн нутаг дэвсгэрт байрлах “SB” баарны гадна эхнэр Г.Зулцэцэгийг “гадуур баар саваар хэсэж оройтлоо” хэмээн маргалдаж улмаар толгойн тус газарт нь олон тооны удаа цохиж, үснээс нь зулгааж хөл рүү нь өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Р.Ариунболд нь 2018 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 23 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 16-р багийн нутаг дэвсгэрт байрлах “SB” баарны гадна эхнэр Г.Зулцэцэгийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:
Хохирогч Г.Зулцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Нөхөр Ариунболд орж ирээд намайг дагуулаад баарнаас гарснаа шилэн хүзүү рүү гараараа нэг удаа цохихоор нь би “яая” гээд орилсон чинь шилбэ рүү өшиглөж зодоод, миний үснээс зулгаагаад татсан. Намайг бааранд орлоо гээд уурлаж зодсон. Надад гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 10/,
Гэрч П.Батцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...маргааш өдөр нь Г.Зулцэцэг надтай утсаар ярихдаа баарнаас гараад нөхөртөө зодуулсан гэж ярьсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15/,
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн 499 дугаартай “...Г.Зулцэцэгийн биед цээж, баруун, зүүн гуя, шилбэнд цус хуралттай гэмтэл тогтоогдлоо. ГЗТЖ-ын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 19/
Шүүгдэгч нь Р.Ариунболдын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн “...дахин ямар нэгэн зөрчил, гэмт хэрэгт холбогдохгүй, гэм буруугаа ойлгож ухамсарлаж байна, эхнэртээ гар хүрсндээ харамсаж байна” гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар хангалттай нотлогдож байна.
Иймд шүүгдэгч Р.Ариунболдыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6-р зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хохирогч, шүүгдэгч нар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан, шүүгдэгч гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4-р зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгчийн орлого олох боломжтой байдлыг харгалзан торгох ял шийтгэж, оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын хугацаанд төлөхөөр тогтоов.
Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:
Хохирогч Г.Зулцэцэг нь иргэний нэхэмжлэлтэй холбоотой баримт гаргаж өгөөгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.
Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овгийн Рэнцэндоржийн Ариунболдыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Р.Ариунболдоос гаргуулах төлбөргүй болохыг дурдсугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигон овгийн Рэнцэндоржийн Ариунболдод 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /Дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар ялтан Р.Ариунболдод оногдуулсан 450,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын хугацаанд төлөхөөр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Р.Ариунболдод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ГЭРЭЛТ-ОД