Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 2025/ДШМ/884

 

    2025             07           24                                                                              2025/ДШМ/884

 

У.Д-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Г.Ганбаатар, шүүгч Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Сүрмандах,

шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Хатанбаатар,

нарийн бичгийн дарга Э.Өсөхбаяр нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 2025/ЦТ/1310 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор Б.Сүрмандахын бичсэн 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 18 дугаар эсэргүүцлээр У.Д-д холбогдох эрүүгийн 2410010911357 дугаартай хэргийг 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Х овгийн У-гийн Д, ............ /РД:...............

У.Д нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт Олимпын гүүрний орчимд хохирогч Г.Баярхүүгийн жолоодон явсан таксигаар үйлчлүүлж байхдаа хурдан явсангүй гэх шалтгаанаар түүнийг машин жолоодон явж байхад нь араас нь зүүн чих рүү нь алгадаж, цохиж эрүүл мэндэд нь зүүн чихний хэнгэрэг хальсан цоорол гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: У.Д-ий үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Хан-Уул дүүргийн прокурорын газраас У.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож, У.Дийг цагаатгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар У.Д-д холбогдох хэрэгсэхгүй болгосон эрүүгийн 2410010911357 дугаартай хэргийг Нийслэлийн Хан-Уул дүүргийн прокурорын газраар дамжуулан хэрэг бүртгэлтэд буцааж, тогтоол хүчин төгөлдөр болтол У.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Прокурор Б.Сүрмандахын бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн 1310 дугаар цагаатгах тогтоолд “...Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч нарын дүгнэлт гаргахдаа үндэслэл болгож буй “Шагшаа” чих хамар хоолойн эмнэлгийн баримт дутуу уг эмнэлгийн байгууллага нь эмнэлгийн үйлчилгээ явуулах тусгай зөвшөөрөл байгаа эсэх нь нотлогдохгүй байна” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй буюу хохирогч Г.Б нь зүүн чихний гэмтлийг тус “Шагшаа” чих хамар хоолойн эмнэлгийг өөрөө сонгож, үзүүлж, тус эмнэлгээр үйлчлүүлсэн байгааг үгүйсгэх боломжгүй, улмаар уг эмнэлгийн үзлэгийн баримтыг шинжээчийн дүгнэлтэд ашигласан байгаа нь нотлох баримтаар үнэлэхгүй байх үндэслэл болохгүй юм. Мөн цагаатгах тогтоолд “... хохирогч Г.Б нь тухайн гэмтлийг хэзээ авсан үйл баримтын цаг хугацаа тодорхойгүй байх ба дунд чихний архаг шүүдэст үрэвслээс үүдэн хэнгэргэн хальс цоорсон уу, гэмтлийн улмаас үүссэн эсэхийг нотолсон баримт хэрэгт авагдаагүй, эргэлзээтэй байх тул хэргийн үйл баримтыг сэргээн дүрслэх боломжгүй юм” гэж дүгнэсэн нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон нөхцөл байдал, үйл баримттай нийцээгүй дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Учир нь хэрэг явдал 2024 оны 03 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнийн 03 цагийн орчимд үйлдэгдсэн нь цаг хугацааны хувьд хохирогчоос гар утсаараа цагдаагийн байгууллагад гомдол гаргасан баримт, дуудлага мэдээллийн дагуу ирж өгсөн “миний зүүн чих рүү цохисон” гэж мэдүүлсэн 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 04 цаг 20 минутад өгсөн анхны тайлбар мэдүүлэг, хохирогчоор өгсөн удаа дараагийн мэдүүлэг, улмаар мөрдөгчөөс шинжээч томилсон тогтоолын дагуу гаргасан 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 4026, 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 1010, шүүхийн шатанд шүүх хуралдааныг хойшлуулж дахин гаргуулсан 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 510 дугаар шинжээчийн дүгнэлтүүд, хохирогчийн шүүх хуралдаанд биечлэн оролцож гаргасан мэдүүлэг зэрэг бичгийн баримтуудаас дүгнэхэд, 2024 оны 03 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнийн 03 цагийн орчимд хохирогч Г.Б-гийн жолоодон явсан таксигаар үйлчлүүлж, уг таксины арын суудалд суун зорчиж явсан шүүгдэгч У.Д нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ согтуугаар жолооч Г.Б-тэй удаан явлаа, хурдан яв гэсэн асуудлаас болж үг зөрсөн таарамжгүй харилцааны явцад түүний зүүн чих рүү нь цохисон ба үүний улмаас хохирогч Г.Б-гийн эрүүл мэндэд зүүн чихний хэнгэрэг хальсны цоорол гэмтэл учирч, энэ нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь тогтоогдсон. Хохирогчийн эмнэлгийн үзлэгийн баримт болон өөрийнх нь мэдүүлгээр өмнө нь баруун чихээ үрэвсүүлж байсан талаараа мэдүүлсэн ба уг үрэвсэл нь хохирогчийн баруун чихэнд өмнө нь үүссэн байсан, харин үүний дараа хохирогч зүүн чихэндээ У.Д-д цохиулсны улмаас зүүн чихний хэнгэрэг хальс цоорсон гэмтлийг тухайн цаг хугацаанд авсан нь тогтоогдсон байхад энэхүү үйл баримтын талаар шүүхийн дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй, мөн яллах талын нотлох баримтуудыг хэрхэн үгүйсгэж байгаа талаараа үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй байна. Иймд анхан шатны шүүхээс хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийлгүйгээр шүүгдэгчийг цагаатгасан шийдвэр нь хэргийн нөхцөл байдалтай нийцээгүй, үндэслэл бүхий биш болсон байх тул тус шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 1310 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Хатанбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийдвэр хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн. Нотолбол зохих байдлын тухайд яллагч талаас гэмтэл учирсан гэдэг талаар нотолж чадаагүй учраас гэмтлийн зэрэг тогтоосон асуудал нотлогдоогүй. Тийм учраас хэргийн зүйлчлэл нотлогдоогүй гэх асуудал үүссэн. Нийт гурван шинжээчийн дүгнэлт байдаг ба эдгээр нь хэргийн бодит нөхцөл байдалд нийцээгүй. Хохирогчийн зүгээс миний зүүн чихэнд цохьсон гэж хэлдэг. У.Д “UB cab” таксигаар үйлчлүүлсэн бөгөөд энэ нь дотоод камертай байх ёстой. Уг камерын бичлэгийг гаргаж ирээгүй. Тусгай үйлчилгээгээр үйлчилдэг байгууллага такси үйлчилгээгээр үйлчлэхдээ тусгай камертай байх ёстой. Мөрөнд хүрсэн үйлдлийг зүүн чихний хэнгэрэг цоорсон гэх асуудал болгож хувиргасан. Үүнтэй холбоотой яллагч талаас дуртай газраа сонгож шинжээчийн дүгнэлт гаргасан асуудал яригддаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.4 дүгээр зүйлд шинжилгээ хийх бусад этгээдийг урьж оролцуулна гэх хуулийн заалт байдаг. Үүнийг зөвхөн мөрдөгч, прокурорын тогтоол, шийдвэрээр хэрэгжүүлдэг. Мөн шүүх шинжилгээний байгууллагаас бусад этгээдээр шинжилгээ хийлгүүлэх тухай ойлголт бий. Гэтэл энэ талаарх тогтоол, шийдвэр гараагүй. Шагшаа эмнэлэг хувийн эмнэлэг. Өмнө нь өвчтэй байсан ба уг эмнэлэгт эмчлүүлж байсан нь тогтоогдсон. Шагшаа эмнэлгийн баримт бичиг, тодорхойлолт гэсэн хоёр зүйл бий. Нэг дээр нь дунд чихний гэх асуудал яригдсан бол нөгөө дээр нь гэмтлийн улмаас чихний хэнгэрэг цоорсон гэх асуудал яригддаг. Үйл явдал болсноос хойш 20 гаруй хоногийн дараа Шагшаа эмнэлэгт очсон асуудал бий. Үүнтэй холбоотой гурван шинжээчийн дүгнэлт гарсан. Анхан шатны шүүхээс хэрэг мөрдөн байцаалтын шатанд буцаад давтан шинжилгээ дунд чихний гэж гарсан. Өөрөөр хэлбэл шинжээчийн дүгнэлтүүд зөрүүтэй. Мөн Шүүх шинжилгээний тухай хуулийг баримтлаагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шинжилгээ хийхтэй холбоотой заалтууд зөрчигдсөн. Шагшаа эмнэлгийг шинжээчээр томилох боломжгүй байсан. Нотлох баримтууд гэмт хэрэг үйлдсэн гэдгийг тогтоох боломжгүй байгаа учраас хэрэгсэхгүй болгосон. Өөрөөр хэлбэл шалтгаант холбоо тогтоогдоогүй.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын бичсэн эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүх аливаа нотлох баримтыг үнэлэхдээ тэдгээрийн ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдалд дүгнэлт хийж, нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлах замаар харилцан эсрэг болон нэгдмэл сонирхолтой байж болох этгээдийн мэдүүлгийг нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсар, логик эргэцүүлэлд тулгуурлан үнэлэх байдлаар хэргийн үйл баримтыг сэргээн тогтоодог бөгөөд нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг хангасан байхаас гадна гагцхүү хэргийн үйл баримтыг эргэлзээ үүсгэхгүйгээр, бүрэн дүүрэн  нотолсон тохиолдолд л Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хуульд нийцнэ.

Эрүүгийн хуульд тодорхойлсон гэмт хэргийн бүх шинжийг агуулж буй үйлдэл хийсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг бөгөөд эрүүгийн эрх зүйн онол болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны практикт гэмт хэргийн шинж гэдэгт тодорхой нийгэмд аюултай үйлдлийг тодорхойлж буй Эрүүгийн хуульд заасан объектив болон субъектив шинжүүдийн нэгдлийг ойлгодог.

Тодруулбал, энэхүү хоёр шинжийн аль аль нь хангагдсан тохиолдолд гэмт хэрэгт тооцогдох ба аль нэг шинж хангагдахгүй бол хэргийг хэрэгсэхгүй болгох, гэмт хэрэгт сэрдэгдсэн хүнийг цагаатгах учиртай.

Прокуророос У.Д-ийг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт Олимпын гүүрний орчимд хохирогч Г.Б-гийн жолоодон явсан таксигаар үйлчлүүлж байхдаа хурдан явсангүй гэх шалтгаанаар түүнийг машин жолоодон явж байхад нь араас нь зүүн чих рүү нь алгадаж, цохиж эрүүл мэндэд нь зүүн чихний хэнгэрэг хальсан цоорол гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, “...уг хэргийн хохирогч Г.Б нь тухайн гэмтлийг хэзээ авсан үйл баримтын цаг хугацаа тодорхойгүй байх ба дунд чихний архаг шүүдэст үрэвслээс үүдэн хэнгэрэн хальс цоорсон уу, гэмтлийн улмаас үүссэн эсэхийг нотолсон баримт хэрэгт авагдаагүй, эргэлзээтэй, мөн гэрчийн мэдүүлгээр шүүгдэгч болон хохирогч нар нь маргалдсан үйл явдал болсон боловч шүүгдэгчийн зүгээс хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдсан үйлдэл болоогүй нь тогтоогдож байна. ...” гэсэн дүгнэлтийг хийж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар У.Д-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүний цагаатгаж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна.  

Хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлахад,

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 4026 дугаартай: “ Г.Б-гийн биед хэнгэргэн хальсны цоорол гэмтэл тогтоогдлоо. ...Гэмтэл үүссэн цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй...”/хх 42-43/,

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 1010 дугаартай “...Г.Б-гийн биед зүүн чихний хэнгэрэг хальсны цоорол гэмтэл тогтоогдлоо. Уг дүгнэлтийг урьд гаргасан дүгнэлт, “Шагшаа” чих хамар, хоолойн эмнэлгийн 2024 оны 01 дүгээр сарын 22 болон 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн үзлэгүүдийг үндэслэн гаргасан. Ирүүлсэн материалд чих хамар, хоолойн эмчийн үзлэг дутуу, тайлбар үгүй тул гэмтэл үүссэн цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй байна. 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Шагшаа чих хамар хоолойн эмнэлгийн баримт, үзлэг дээр баруун дунд чихний архаг шүүдэст үрэвсэлтэй байжээ...” /хх 49-50/,

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн ЕГ0525/510 дугаартай “...хэнгэргэн хальсны цоорол нь дунд чихний үрэвсэл болон гадны механик хүчин зүйлийн үйлчлэлийн аль алиных нь үед үүсэх боломжтой байдаг. Г.Б-гийн биед учирсан хэнгэргэн хальсны цоорол нь гэмтлийн болон гэмтлийн бус шалтгаантай үүссэн эсэхийг нарийвчлан тогтоох боломжгүй мөн Шагшаа эмнэлгийн үзлэгт үзлэгийн явцад илэрсэн өөрчлөлт, тайлбар дутуу бичигдсэн байх тул үүссэн цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй...” /хх 122-123/ гэх шинжээчийн дүгнэлтүүд,

гэрч О.Э-ын “... Тэгээд удалгүй такси ирээд эхэлж Дийг хүргэж өгөхөөр болоод 19 дүгээр хороолол явсан. Уг таксины жолооч жоохон удаан яваад байсан учир жоохон хурдан яваач гэж хэлээд гарын мөр хэсэг рүү хүрсэн. ...” /хх 36-37/ гэх мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан баримтуудаар хохирогч Г.Б нь тухайн гэмтлийг хэзээ авсан үйл баримтын цаг хугацаа тодорхойгүй байх ба дунд чихний архаг шүүдэст үрэвслээс үүдэн хэнгэрэн хальс цоорсон уу, гэмтлийн улмаас үүссэн эсэхийг нотолсон баримт хэрэгт авагдаагүй, эргэлзээтэй байх тул шүүхээс хэргийн үйл баримтыг сэргээн дүрслэх боломжгүй нөхцөл байдал тогтоогдож байна.

Иймд анхан шатны шүүх дээрх нөхцөл байдлууд, хэргийн үйл баримтын талаар үндэслэлтэй дүгнэлт хийж, У.Д-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон нь хуульд нийцсэн байх тул анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурор Б.Сүрмандахын “...цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулах”-аар бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 2025/ЦТ/1310 дугаар цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурор Б.Сүрмандахын бичсэн 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 18 дугаар эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Н.БАТСАЙХАН

 

ШҮҮГЧ                                                      Г.ГАНБААТАР

 

                       ШҮҮГЧ                                                       Б.АРИУНХИШИГ