Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 2025/ДШМ/900

 

 

 

 

 

    2025           07            26                                                                                  2025/ДШМ/900

 

Г.Г-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Т.Шинэбаяр, шүүгч Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Сэлэнгэ /томилолт, цахимаар/

шүүгдэгч Г.Г,

нарийн бичгийн дарга Э.Даваадулам нарыг оролцуулан,

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 2025/ШЦТ/115 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Э.Оюундарийн бичсэн 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 06 дугаар эсэргүүцлээр Г.Г-д холбогдох 2407000000316 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Я овгийн Г-ын Г, ................. /РД:.................

 

Г.Г нь Зэвсэгт хүчний жанжин штабын даргын 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Б/430 дугаар тушаалаар Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Зэвсэгт хүчний 353 дугаар ангид командын байрын планшет-бичигч албан тушаалд томилогдон цэргийн ахлагч цолтойгоор үүрэг гүйцэтгэж байх үедээ 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс хойш цэргийн ангидаа эргэж ирээгүй, “Цэргийн албанаас оргон зайлах” гэмт хэрэгт холбогджээ.

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас: Г.Гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: “...Шүүгдэгч Г.Гийг “ахлагч цэргийн албанаас зайлсхийх зорилгоор чөлөөний хугацаа дууссан үед хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, оргон зайлсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтыг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Г.Г-д хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар Г.Г-д тэнсэн харгалзах хугацаанд “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 болон 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7 дахь хэсэгт зааснаар хохирогч байгууллага Зэвсэгт хүчний 353 дугаар ангиас шүүгдэгч Г.Г-д холбогдуулан нэхэмжилсэн 9.158.055 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор Э.Оюундарь эсэргүүцэлдээ: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуулийн заалтаас харахад “гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, хор уршгийг арилгасан, үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзсан...” байхыг гэмт хэрэг үйлдсэн хүнээс шаардах бөгөөд шүүх дээрх хуулийн шаардлага хангасан хүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх эрх хэмжээг шүүхэд хуулиар олгогдсон байхад шүүхээс шүүгдэгч Г.Гийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй байхад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэн нь үндэслэлгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж дүгнэхээр байна.

Тодруулбал, шүүх ...гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулахдаа шүүгдэгчийн гэм буруугийн талаар маргасан үйл баримтыг хэрхэн ямар байдлаар үгүйсгэн дүгнэж, гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, тэнсэх хуулийн шаардлага хангаагүй байхад нь Эрүүгийн хууль буруу хэрэглэж, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтыг хэрэглэн хорих ял оногдуулахгүйгээр, 2 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Мөн анхан шатны шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нотолж байгаа улсын яллагчийн саналыг няцаан үгүйсгэсэн нотлох баримт, түүний талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй гэж үзэхээр байна.

Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох болон эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан “шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэл”, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан “шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний үндэслэл” гэсэн заалтуудыг тус тус ноцтой зөрчсөн байна.

Улсын яллагчаас “шүүгдэгч Г.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах...” эрүүгийн хариуцлагын дүгнэлт гаргасныг анхан шатын шүүхээс хэрхэн ямар үндэслэлээр улсын яллагчийн ялын дүгнэлтийг үгүйсгэж, шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн талаар үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийгээгүй, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хянасан байдлаар дурдсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангаагүй, ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна.

Мөн шүүхээр хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд улсын яллагчаар хяналтын прокурор Э.Оюундарь оролцсон байхад шийтгэх тогтоолд улсын яллагч М.Сэлэнгэ гэж бичсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6 дугаар зүйлийн 1.3-д заасан хуулийн шаардлага хангаагүй байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчлүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлд заасан үндэслэлүүдэд хамаарч байх тул Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 2025/ШЦТ/115 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. …” гэжээ.

Прокурор М.Сэлэнгэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Г.Г нь гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, прокурор болон шүүхийн шатанд удаа дараа гомдол гаргасан. Шүүхийн шатанд түүний өмгөөлөгч гэм буруу дээр маргаж оролцсон. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр “цэргийн ангийн ахлагчийн зөвшөөрлөөр чөлөө авсан байсан, цэргийн ангиас оргон зайлаагүй байсан” гэж мэдүүлдэг. Гэм буруу дээрээ удаа дараа маргасан учраас анхан шатны шүүхээс 2 жил тэнсэн харгалзах ял оногдуулсныг эсэргүүцэж эсэргүүцэл бичсэн. Мөн дараагийн үндэслэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхээр хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд улсын яллагчаар хяналтын прокурор Э.Оюундарь оролцсон байхад шийтгэх тогтоолд улсын яллагч М.Сэлэнгэ гэж бичсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6 дугаар зүйлийн 1.3-д заасан хуулийн шаардлага хангаагүй байна. Тиймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Г.Г тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2025 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн шүүх хуралдаанаар би гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцсон. Миний алдаа байсан, би буруу хүмүүсийн үгэнд ороод буруу зүйл хийсэн байсан. Миний хувьд гэм буруугаа тэр өдөр хүлээн зөвшөөрсөн. Тиймээс хорихоос өөр төрлийн ялаар шийтгэж өгнө үү гэж хүссэн.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалган тодруулсан байх боловч анхан шатны шүүх уг хэргийн үйл баримтыг хянан хэлэлцэж, эрх зүйн дүгнэлт хийсэн шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон шаардлагыг бүрэн хангахаас гадна, шүүхээс хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн тохиолдолд хууль ёсны ба үндэслэл бүхий болдог учиртай.

 Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх Г.Г-д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэж, шүүгдэгч Г.Гийг “ахлагч цэргийн албанаас зайлсхийх зорилгоор чөлөөний хугацаа дууссан үед хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, оргон зайлсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтын журамлан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч нь өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцсон ба шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нь анхан шатны шүүх хуралдааны явцад шүүгдэгч Г.Г-ийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцсон “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний ар гэрийн байдлыг харгалзан үзэж хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэх мэдүүлгээр /шүүх хуралдааны тэмдэглэл/ нотлогдож байх тул шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтын журамлан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэсэн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Харин прокурорын бичсэн “...шийтгэх тогтоолд прокурорын нэр буруу бичсэн, шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангаагүй, ...” талаарх эсэргүүцлийн хэсгийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Тухайлбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй;” гэх нөхцөл байдал тогтоогдвол шүүх шийдвэр гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн шүүх хуралдаанд улсын яллагчаар Э.Оюундарь оролцсон байхад шийтгэх тогтоолд улсын яллагч М.Сэлэнгэ гэж буруу бичсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “шийдвэр гаргасан шүүхийн нэр, шүүх бүрэлдэхүүн, иргэдийн төлөөлөгч, шүүхийн нарийн бичгийн дарга, талууд, оролцогч” нэрийг шүүхийн шийдвэрийн удиртгал хэсэгт үнэн зөвөөр тусгах хуулийн заалтыг зөрчжээ.

Мөн анхан шатны тойргийн шүүх Г.Г-д холбогдох хэргийг 2025 оны 05 дугаар сарын 20-ний өдрийн 2025/ШЗ/244 дүгээр шүүгчийн захирамжаар урьдчилсан хэлэлцүүлгээс яллагдагчийг шүүхэд шилжүүлж, шүүх хуралдааныг 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 15 цаг 00 минутад хянан хэлэлцэхээр товлосон /2хх28-29/ боловч шүүх хуралдааныг 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 09 цаг 00 минутад хийсэн зөрчил гаргасан байгааг дурдах нь зүйтэй байна.

Энэ хэрэгт хохирогч, иргэний нэхэмжлэгч байгууллага болох Зэвсэгт хүчний 353 дугаар ангид гэмт хэргийн улмаас 9.158.055 төгрөгийн хохирол учирсан талаарх баримт хэрэгт авагдсан байхад иргэний нэхэмжлэгч байгууллагын нэхэмжилсэн хохирлыг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй гэж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, ойлгомжгүй байна.

Дээрх үндэслэлүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байх тул Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 2025/ШЦТ/115 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Шийтгэх тогтоолыг дээрх үндэслэлээр хүчингүй болгож шийдвэрлэсэнтэй холбоотойгоор шүүгдэгч Г.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 2025/ШЦТ/115 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Шүүгдэгч Г.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Д.ОЧМАНДАХ

 

           ШҮҮГЧ                                                 Т.ШИНЭБАЯР

 

                       ШҮҮГЧ                                                 Б.АРИУНХИШИГ