| Шүүх | Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сампилын Уранчимэг |
| Хэргийн индекс | 142/2017/00790/И |
| Дугаар | 116 |
| Огноо | 2018-09-25 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 09 сарын 25 өдөр
Дугаар 116
| 2018 оны 09 сарын 25 өдөр | Дугаар 207/МА2018/00116 |
П.Оюунсүрэн, С.Гэрэлмаа нарын
нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Баярбатад
холбогдох иргэний хэргийн тухай
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, Ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй,
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 142/ШШ2018/00789 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: П.Оюунсүрэн, С.Гэрэлмаа нарын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Б.Баярбатад холбогдох,
198.500.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхболдын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.Оюунсүрэн, нэхэмжлэгч С.Гэрэлмаагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Оюунцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхболд, нарийн бичгийн дарга У.Сүхбаатар нар оролцов.
Нэхэмжлэгч П.Оюунсүрэн, С.Гэрэлмаа нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
П.Оюунсүрэн, С.Гэрэлмаа бид Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн 2007 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 108 тоот шүүгчийн захирамжаар Орхон аймгийн Грави хадгаламж зээлийн хоршоонд 309 353 333 төгрөгийг төлөхөөр шийдвэрлэгдсэн. Энэхүү төлбөрөөс 220 000 000 төгрөгийг Б.Баярбат нь бидний 2004 онд үүсгэн байгуулсан Аргуун- Эрдэнэ ХХК-ийг 2009 оны 03 дугаар сарын 30-ны өдөр худалдан авахдаа төлөхөөр тохиролцсон. Энэ төлбөрөөс Голден брик ХХК-ийг үүсгэн байгуулсан Б.Баярбат, Ж.Содгэрэл нар 21 500 000 төгрөгийг төлж, үлдэх хэсгийг одоог хүртэл төлөөгүй байна. Иймд Голден брик ХХК буюу гишүүн Б.Баярбатаас 198 500 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Баярбат шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Миний бие нэхэмжлэлд тусгагдсан мөнгөн дүнгээр болон тус нэхэмжлэл дэх бичигдсэнээр төлөх үүрэг хүлээхгүй. Үүнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна. Учир нь бид 2009 оны 03-р сарын 30-нд анх тус компанийн хувьцааг худалдан авахдаа харилцан тохиролцсон үнийн дүнгээс тодорхой хэсгийг бэлнээр өгөх, үлдсэн хэсгийг үйлдвэрийг ажиллуулан төлөх нөхцөл тавьж харилцан тохиролцож байсан болно. Гэвч тохиролцсоны дагуу зөрүү төлбөр болох 150.000.000 төгрөгийг одоогоор санахгүй байгаа тул ойролцоогоор дүнг бичив. Бэлнээр С.Гэрэлмаад төлсөн баримтууд бүгд С.Гэрэлмаад болон Грави хадгаламж зээлийн хоршоонд байгаа бөгөөд үлдэгдэл төлбөрийг үйлдвэр ажиллаагүй тул бидэнд төлөх хариуцлагагүй болно. Жич: Голбенбрик ХХК болон Грави хадгаламж зээлийн хоршоо нар хоорондоо шүүхийн асуудалтай байгаад дууссан, миний тухайд хувь нийлүүлэгчээр байдгаас бусад үйл ажиллагаанд оролцдоггүй тул эх хувь бичиг баримт болон компанийг төлөөлөх эрх бүхий хүн бол н.Энхболд гэжээ.
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 142/ШШ2018/00789 дугаар шийдвэрээр:
Монгол Улсын Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 124 дүгээр зүйлийн 124.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Баярбатаас 198 500 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Гэрэлмаа, П.Оюунсүрэн нарт олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 150 450 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Баярбатаас 1 150 450 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Гэрэлмаа, П.Оюунсүрэн нарт олгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжпэгдсэн төлөөлөгч М.Энхболд давж заалдсан гомдолдоо:
Анхан шатны шүүхээс иргэн Баярбат ба С.Гэрэлмаа, П.Оюунсүрэн болон Голденбрик буюу өмнөх нэрээрээ Аргуун Эрдэнэ ХХК ба Грави Хадгаламж зээлийн хоршооны эрх зүйн харилцааг хамааруулан үндэслэлгүйгээр шийдвэрлэсэн гэж үзэж байна. Аргуун Эрдэнэ ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн хурлын 2009 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн шийдвэрээр компанийн хувьцааны 50 хувийг иргэн Б.Баярбат нь иргэн П.Оюунсүрэн болон С.Гэрэлмаа нараас 110 000 000 төгрөгөөр худалдан авсан байдаг. Энэ шийдвэртэй хамтад нь Компанийн хувь эзэмших эрхийг шилжүүлэх гэрээг 2009 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан. Уг гэрээнд зааснаар балансад тусгагдсан 220 000 000 \хоёр зуун хорин сая төгрөгийн өрийг төлнө гэж тохирсон байдаг. Гэрээний дагуу балансад заагдсан өр нь Голденбрик ХХК-тай холбоотой Анод банк, Номин Холдинг ХХК-д хамаарах өр төлбөр бөгөөд иргэн П.Оюунсүрэн болон С.Гэрэлмаа нарын 2007 оны 2 дугаар сарын 1-ний Орхон аймгийн сум дундын шүүхийн №108 тоот шийдвэрээр Гравид төлөх өр төлбөрийг хариуцах талаар дурдсан боловч шаардах эрхийг шилжүүлэн авч байгаа талаар Грави ХЗХоршооноос энэ өрийг шилжүүлэн авсан баримт тогтоол байдаггүй болно. МУ-ын Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124-ийн 1.1-д Эзэмшигчтэй нь тохиролцсоноор үүрэг гүйцэтгэгчийн өрийг гуравдагч этгээд шаардах эрхийг өөртөө шилжүүлэн авч үүрэг гүйцэтгэж болох бөгөөд энэ тохиолдолд энэ хуулийн 123.8-д заасан журам нэгэн адил үйлчилнэ 123.8-д хууль болон гэрээнд заасан хэлбэрээр хийх хэлцлийн хувьд шаардах эрхийг шилжүүлэхдээ уг хэлцлийг хийсэн хэлбэрээр шилжүүлнэ гэж тус тус заасан байдаг. Компанийн хувьцаа шилжүүлэх хэлцэл нь бичгээр болон нотариатаар батлуулж хүчин төгөлдөр болдог хэлцэл бөгөөд тул иргэн Б.Баярбат болон С. Гэрэлмаа, П. Оюунсүрэн нарын хооронд байгуулагдсан гэрээнд заагдсан С.Гэрэлмаа, П. Оюунсүрэн нарын нэр дээрх өрийг Грави ХЗХ-д шилжүүлсэн заалт нь хүчин төгөлдөр бус заалт болох тул өр шилжсэн талаар тогтоогдохгүй байгаа болно. Мөн Грави ХЗХ болон иргэн Б.Баярбатын хоорондын эрх зүйн маргаан болон харилцааг тусад нь шийдвэрлэсэн байдаг. Хариуцагчийн зүгээс иргэн Б.Баярбат болон П.Оюунсүрэн болон С.Гэрэлмаа нарын хоорондын гэрээний маргаантай холбоотой Иргэний хуулийн 75 дугаар : зүйлийн 75.2.1 дэх гэрээний талаарх тусгайлан тогтоосон 3 жилийн хөөн хэлэлцэх хугацааг дууссан болохыг шүүх хуралдааны явцад гаргасан боловч шүүхээс хөөн хэлэлцэх хугацааг Грави ХЗХ ба Голденбрик ХХК-ийн хоорондын маргаантай холбоотой тасалдсан гэж дуусаагүй гэж үзэн үндэслэлгүйгээр шийдвэрлэсэн. Иргэн Б.Баярбат болон иргэн П.Оюунсүрэн ба Ж. Гэрэлмаа нарын хоорондын гэрээний үүрэгтэй холбоотой маргаан уу эсвэл Голденбрик ХХК болон Грави ХЗХ хоорондын маргаанаас үүссэн маргааныг ялгаж өгөөгүй байна. Орхон аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 сарын 24-ны өдрийн 142/ШШ2018/00545 тоот шүүхийн шийдвэрийн 5 дах хуудасны 6 дах хэсэгт Голденбрик ХХК-ийн зүгээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд ирүүлсэн 2011 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 17 дугаар албан тоотод үйлдвэр үйл ажиллагаагаа эхлэхээр бэлтгэл ажлаа хийж байна, үйлдвэрийн үйл ажиллагааны талаар тайлагнасан нь мөн энэ хугацаанд 21 500 000 төгрөгийг төлсөн нь уг өрийг ; төлөх , гэрээгээр хүлээсэн үүргийг биелүүлж байсан гэж үзэх үндэслэлтэй гэжээ. Энэ төлбөрийг төлсөн баримтыг үнэлж үзээгүй. 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 789 тоот шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэгч С.Гэрэлмаад 150 000 000 төгрөг өгч байсан, гэрээ байгуулсны дараа худалдан авсан тоосгоны үйлдвэр, түүний тоног төхөөрөмж шаардлага хангахгүй, эвдрэл гэмтэлтэй талаар нэхэмжлэгч нарт мэдэгдэж байсан зэргээр татгалзлын үндэс байгаа байдлын талаархи баримт гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй болно гэж заагдсан байна. Энэ татгалзалтай холбоотой баримтыг өмнө нь шийдвэрлэгдсэн Голденбрик ХХК болон Грави ХЗХоршоотой холбоотойгоор шийдвэрлэгдсэн хэргийн хавтаст хэрэгг авагдсан байгаа болно. Гэтэл шүүхээс энэ баримтуудыг харгалзан үзээгүй болно. Түүнчлэн хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой асуудал дээр Голденбрик ХХК болон Грави ХЗХоршоотой холбоотойгоор шийдвэрлэгдсэн хэргийн хавтаст хэргийн материалыг үнэлэн хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзсэн атлаа хариуцагчийн тавьсан тайлбартай холбоотой нотлох баримтыг авч үзэхгүй байгаа нь хэргийг хэт нэг талын үндэслэл дээр шийдвэрлэсэн учир дутагдалтай байна. Дээрх нөхцөл байдал үндэслэлийг харгалзан үзэж Орхон аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 сарын 24-ны өдрийн 789 тоот шүүхийн шийдвэрийг бүхэлд нь өөрчлөн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагад нийцсэн байна.
Нэхэмжлэгч П.Оюунсүрэн, С.Гэрэлмаа нар нь хариуцагч Б.Баярбатаас 198.500.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч Б.Баярбат нь шаардлагыг зөвшөөрөхгүй маргажээ.
Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2009 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Аргуун Эрдэнэ ХХК-ийн хувьцаа эзэмших эрх шилжүүлсэн гэрээнд үндэслэн тодорхойлжээ.
Зохигчид тухайн гэрээгээр нэхэмжлэгч С.Гэрэлмаа, П.Оюунсүрэн нарын Грави хадгаламж зээлийн хоршоонд төлөх 220.000.000 төгрөгийн өрийг эрх шилжүүлэн авсан хариуцагч Б.Баярбат нь хариуцан төлөхөөр тохиролцсон болох нь 2009 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн компанийн хувь эзэмших эрх шилжүүлэх гэрээгээр тогтоогджээ.
Хариуцагч Аргуун Эрдэнэ ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн хурлын тогтоолоор С.Гэрэлмаа П.Оюунсүрэн нар нь өөрсдийн эзэмших эрхийг худалдах худалдан авах гэрээг үндэслэн 110.000.000 төгрөгөөр худалдаж компанийн гишүүнээс хасагдаж компанийн хувь эзэмшигчээр Б.Баярбат бүртгэгдэж, энэхүү компанийн хувь эзэмшигч Б.Баярбат, Содгэрэл нар нь 2009 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр компанийн нэрийг Голден Брик ХХК болгон өөрчилж, улсын бүртгэлд бүртгүүлсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.
Анхан шатны шүүх хариуцагч Б.Баярбат нь нэхэмжлэгч нартай компанийн эрх шилжүүлэх гэрээгээр эрхээ шилжүүлэн авсан ба Содгэрэлийн хамт Аргуун Эрдэнэ ХХК-ийн хувь эзэмшигч байсан, компанийн нэрийг өөрчилж Голден Брик ХХК болгон өөрчилж улсын бүртгэлд бүртгүүлсэн нь түүнийг гэрээгээр хүлээсэн үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй, хариуцагч нь гэрээ байгуулсны дараа тоосгоны үйлдвэр болон түүний тоног төхөөрөмж шаардлага хангахгүй эвдрэл гэмтэлтэй, доголдолтой байсан талаар нэхэмжлэгч нарт мэдэгдээгүй энэ талаар нотлох баримт байхгүй тайлбартаа ч дурдаагүй сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй, нэхэмжлэлийн шаардлагын талаарх өөрийн татгалзлын үндэслэл болсон нотлох баримтаа гаргаж өгөөгүй, хуульд заасан үүргээ биелүүлээгүй, Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэж Голден Брик ХХК 2012 оны 05 дугаар сарын 14-ний хугацаанд 21.500.000 төгрөг төлсөн нь өр төлөх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж байсан гэж үзэх үндэслэлтэй зэрэг дүгнэлтүүдийг хийж, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 124 дүгээр зүйлийн 124.1-д зааснаар Б.Баярбатаас 198.500.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч нарт олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлтэй хуульд нийцсэн байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхболдын Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэхь хэсэгт заасан гэрээний маргаантай холбоотой хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн нэхэмжлэлийн шаардлагын талаархи татгалзал нь үндэслэлгүй тул хүлээн авах боломжгүй байх ба тухайн гэрээний үүрэгтэй холбоотой маргааны хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д зааснаар шаардах эрх үүссэн үеэс хөөн хэлэлцэх хугацааг тоолно. 79 дүгээр зүйлийн 79.1-д зааснаар тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана. 79 дүгээр зүйлийн 79.2-т шүүхэд нэхэмжлэл гаргасан бол хөөн хэлэлцэх хугацааны тасалдал шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хуулийн үргэлжилнэ гэсэн хэрэглэвэл зохих хуулийн зохицуулалтанд нийцээгүй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 142/ШШ2018/00789 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхболдын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхболдын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.161.000 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ё.БЯМБАЦЭРЭН
ШҮҮГЧ С.УРАНЧИМЭГ