| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Х.Дашдэчмаа |
| Хэргийн индекс | 191/2025/10127/И |
| Дугаар | 191/ШШ2025/09943 |
| Огноо | 2025-11-14 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 11 сарын 14 өдөр
Дугаар 191/ШШ2025/09943
2025 11 14 191/ШШ2025/09943
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: ................... тоот хаягт байрлах, Х ХХК /РД:00000000/-ийн хүсэлттэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б овогт Д.М /РД:00000000/-ыг эрэн сурвалжлуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Э оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Х ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Х шүүхэд гаргасан хүсэлтдээ: ...Иргэн Д.М манай компанитай 2022.09.22-ны БЗГ/2022-64537 барьцаат зээлийн гэрээ байгуулан 799,900 төгрөгийг сарын 2,79 хувийн хүүтэйгээр, 12 сарын хугацаатайгаар цахилгаан бараа худалдан авах зориулалтаар зээлж авсан. Зээлдэгч Д.М нь манай байгууллагаас олгосон зээлийн гэрээний дагуу цахилгаан барааг П ХХК-иас худалдан авсан бөгөөд барьцаат зээлийн гэрээнд заасан ёсоор хуваарьт төлбөрийг хугацаанд нь төлөх үүрэг хүлээсэн. Зээлдэгч Д.М нь БЗГ/2022-64537 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулж зээл авснаас хойш 2025.09.16-ны байдлаар зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу 840,097.44 төгрөгийн төлбөрийг төлөөгүй гэрээний үүргээ зөрчин 921 хоног хугацаа хэтрүүлсэн бөгөөд барьцаат зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна. Манай байгууллагаас харилцагчийг зээл авах үедээ бүртгүүлсэн ........... тоот хаягаар Дүүргийн эрүү иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч тус хаягтаа бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй нь тус дүүргийн засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож Дүүргийн эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 197/132025/26329 дугаартай шүүгчийн захирамж гарч хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна. Д.М-ыг бид өөрсдийн боломжоороо эрэн хайх ажлыг хийсэн боловч, Д.М нь зээл авч байх үед бүртгүүлсэн хаяг дээрээ оршин суудаггүй, холбоо барих утасны дугаар холбогдох боломжгүй зэргээс шалтгаалан олж чадахгүй байна.
Иймд Д.М-ыг эрэн сурвалжилж өгнө үү... гэжээ.
Хүсэлт гаргагч нь энэхүү шаардлагатай холбогдуулан 2025.09.17-ны өдрийн 8102 дугаартай Х.Х, Ж.Э, Т.Т, Г.Э, Ж.Б нарт олгосон итгэмжлэл /хх-ийн 3 х/,
-Улсын тэмдэгтийн хураамжид 2025.09.29-ний өдөр 70,200 төгрөг тушаасан баримт /хх-ийн 4-5 х/,
-Улсын бүртгэлийн 00000000 дугаар бүхий хуулийн этгээдийн гэрчилгээ /хх-ийн 6 х/,
-2022.09.22-ны өдрийн БЗГ/2022-64537 дугаартай Барьцаат зээлийн гэрээ /хх-ийн 7-9 х/,
-Зээлийн эргэн төлөлтийн хуваарь /хх-ийн 10 х/,
-2022.09.22-ны өдрийн БЗГ/2022-64537 дугаартай Барьцаат зээлийн гэрээний нэмэлт барьцаа /хх-ийн 11 х/,
-Харилцагчийн анкет /хх-ийн 12 х/,
-Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 13 х/,
-Зээл төлөлтийн дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 14 х/,
-Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025.05.22-ны өдрийн 197/ШЗ2025/26329 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж /хх-ийн 15 х/ зэрэг баримтуудыг хавсарган ирүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүхээс хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно гэж заасан.
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.М-ын оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байгаа тул түүнийг эрэн сурвалжлуулахаар Х ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Хулан шүүхэд хүсэлт гаргажээ.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2022.09.22-ны өдрийн БЗГ/2022-64537 дугаартай Барьцаат зээлийн гэрээнд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.М-ын оршин суух хаягийг ........... тоот гэж тодорхойлсны дагуу Х ХХК нь зээлийн гэрээний үүрэгт 750,397.40 төгрөг гаргуулахаар Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд хандсан байна.
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025.05.22-ны өдрийн 197/ШЗ2025/26329 дугаартай шүүгчийн захирамжаар Д.М нь нэхэмжлэлд дурдсан хаягт ...бүртгэлтэй боловч оршин суудаггүй... гэх хорооны Засаг даргын тодорхойлолтыг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /хх-ийн 15 х/,
Хариуцагчийн оршин суугаа газар мэдэгдэхгүй байна гэдэг нь түүний байгаа газрыг тодруулах талаар нэхэмжлэгч өөрөөс шалтгаалах бүхий л арга хэмжээ авсан боловч үр дүн гараагүй ба тухайн этгээдийн хаягийг төрийн оролцоотойгоор олж авах шаардлагатай болсныг хэлдэг.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлд заасан онцгой ажиллагааны журмаар хэргийг хянан шийдвэрлэхэд талуудын зарчим үйлчлэхгүй тул шүүх хэрэгт ач холбогдол бүхий үйл явдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлт, өөрийн санаачилгаар бүрдүүлэх эрхтэй байдаг тул тус шүүхийн 2025.10.10-ны өдрийн 191/ШЗ2025/42493 дугаартай шүүгчийн захирамжаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газрын Төрийн мэдээлэл солилцооны Хур системээс иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин суух хаягийн лавлагааг гаргуулахаар шийдвэрлэсэн.
Шүүгчийн захирамжийн дагуу Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газрын Төрийн мэдээлэл солилцооны Хур системээс иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б овогт Д.М /РД:00000000/-ын Оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагааг ирүүлжээ.
Дээрх лавлагаагаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.М нь ........... тоот хаягт оршин суудаг гэсэн байх тул түүнийг эрэн сурвалжлах шийдвэр гаргах хуульд заасан үндэслэл тогтоогдсон гэж үзэх боломжгүй. /хх-ийн 19 х/
Иймээс иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б овогт Д.М /РД:00000000/-ыг эрэн сурвалжлуулах тухай Х ХХК-ийн хүсэлт /нэхэмжлэл/-ийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.
Шүүх хүсэлт /нэхэмжлэл/-ийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б овогт Д.М /РД:00000000/-ыг эрэн сурвалжлуулахыг хүссэн Х ХХК-ийн хүсэлт /нэхэмжлэл/-ийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т тус тус зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ДАШДЭЧМАА