2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 191/ШШ2025/09944

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 11 14 191/ШШ2025/09944

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: ............... тоот хаягт байрлах, Х ХХК /РД:00000000/-ийн хүсэлттэй,

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох А овогт Д.Б /РД:00000000/-ыг эрэн сурвалжлуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Э оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Х ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б шүүхэд гаргасан хүсэлтдээ: ...Иргэн Д.Б нь манай компанитай 2022.09.06-ны өдөр № Х-ЭР-БЗГ/2022-60815 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 1,849,900 төгрөгийг сарын 1,99 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар ........ загварын гар утас худалдан авах зориулалтаар зээлж авсан. Зээлдэгч Д.Б нь манай байгууллагаас олгосон зээлийн гэрээний дагуу ........... загварын гар утас барааг П ХХК-иас худалдан авсан бөгөөд барьцаат зээлийн гэрээнд заасан ёсоор хуваарьт төлбөрийг хугацаанд нь төлөх үүрэг хүлээсэн. Зээлдэгч Д.Б нь 2025.09.05-ны байдлаар зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу 3,051,238.89 төгрөг төлөхөөр байна. Д.Б нь зээл авснаас хойш 2022.11.22-ны өдөр 195,696 төгрөгийн төлөлт хийснээс бусдаар зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлбөр төлөөгүй гэрээний үүргээ зөрчин 995 хоног хугацаа хэтрүүлсэн бөгөөд барьцаат зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна. Манай байгууллагаас харилцагчийг зээл авах үедээ бүртгүүлсэн Орхон аймаг, ........... тоот хаягаар Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч Д.Б нь уг хаягтаа байхгүй БНСУ явсан гэх үндэслэлээр Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.05.21-ний өдрийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон тул Д.Б-г эрэн сурвалжилж өгнө үү... гэжээ.

 

Хүсэлт гаргагч нь энэхүү шаардлагатай холбогдуулан 2025.09.25-ны өдрийн 8415 дугаартай Х.Х, Ж.Э, Т.Т, Г.Э, Ж.Б нарт олгосон итгэмжлэл /хх-ийн 3 х/,

-Улсын бүртгэлийн 0000000000 дугаар бүхий хуулийн этгээдийн гэрчилгээ /хх-ийн 4 х/,

-Улсын тэмдэгтийн хураамжид 2025.09.29-ний өдөр 70,200 төгрөг тушаасан баримт /хх-ийн 5-6 х/,

-2022.09.06-ны өдрийн ЭР-БЗГ/2022-60815 дугаартай Барьцаат зээлийн гэрээ /хх-ийн 7-9 х/,

-Зээлийн эргэн төлөлтийн хуваарь /хх-ийн 10 х/,

-2022.09.06-ны өдрийн Х ХХК-ийн маягт 20-03 дугаартай Мэдэгдэл /хх-ийн 11 х/,

-Зээл төлөлтийн дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 12 х/,

-Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.05.21-ний өдрийн 142/ШЗ2024/03065 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж /хх-ийн 13-14 х/ зэрэг баримтуудыг хавсарган ирүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүхээс хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно гэж заасан.

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.Б-н оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байгаа тул түүнийг эрэн сурвалжлуулахаар Х ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б шүүхэд хүсэлт гаргажээ.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2022.09.06-ны өдрийн ЭР-БЗГ/2022-60815 дугаартай Барьцаат зээлийн гэрээнд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.Б-ын оршин суух хаягийг ............ тоот гэж тодорхойлсны дагуу Х ХХК нь зээлийн гэрээний үүрэгт 2,356,243.25 төгрөг гаргуулахаар Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан байна.

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.05.21-ний өдрийн 142/ШЗ2024/03065 дугаартай шүүгчийн захирамжаар Д.Б нь нэхэмжлэлд дурдсан хаягт ...бүртгэлтэй боловч оршин суудаггүй... гэх багийн Засаг даргын тодорхойлолтыг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /хх-ийн 13-14 х/, 

Д.Б нь Х ХХК-тай 2022.09.06-ны өдөр ЭР-БЗГ/2022-60815 дугаартай Барьцаат зээлийн гэрээ байгуулан 1,849,900 төгрөгийн зээл авсан талаарх баримт хэрэгт авагдсан, энэхүү гэрээтэй холбоотой нэхэмжлэл гаргах Х ХХК-ийн шаардлагад хариуцагч болох үндэслэлтэй байна. /хх-ийн 7-12 х/,

 

Д.Б нь 2022.09.06-ны өдрийн ЭР-БЗГ/2022-60815 дугаартай Барьцаат зээлийн гэрээнд тусгагдсан дээрх хаягт ...бүртгэлтэй боловч оршин суудаггүй... болох нь Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.05.21-ний өдрийн 142/ШЗ2024/03065 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, Х ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б-ийн шүүхэд ирүүлсэн хүсэлтээр тус тус тогтоогдлоо.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д Хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана, 155.4-т Хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ гэж тус тус заасан.

 

Иймд Х ХХК-ийн хүсэлтийг хүлээн авч иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.Б-ын оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг түүний сүүлд оршин сууж байсан харьяа аймгийн Цагдаагийн байгууллагад даалгах нь зүйтэй гэж үзлээ.

 

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааныг өөрийг нь оролцуулахгүйгээр хийж өгөх хүсэлтийг ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасны дагуу түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох А овогт Д.Б /РД:00000000/-ыг эрэн сурвалжилсугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Д.Б-ыг эрэн сурвалжлах, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг түүний сүүлд оршин сууж байсан харьяа аймгийн Цагдаагийн байгууллага болох Орхон аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т тус тус зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ДАШДЭЧМАА