| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Х.Дашдэчмаа |
| Хэргийн индекс | 191/2025/10286/И |
| Дугаар | 191/ШШ2025/09945 |
| Огноо | 2025-11-14 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 11 сарын 14 өдөр
Дугаар 191/ШШ2025/09945
2025 11 14 191/ШШ2025/09945
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: ............. тоот хаягт байрлах, Х ХХК /РД:0000000/-ийн хүсэлттэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох И овогт Б.Л /РД:00000000/-ийг эрэн сурвалжлуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Э оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Х ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т шүүхэд гаргасан хүсэлтдээ: ...Хариуцагч Б.Л нь манай компанитай 2022.08.08-ны өдөр М-БЗГ/2022-53992 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 1,499,900 төгрөгийг сарын 2,55 хувийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатайгаар, гар утас худалдан авах зориулалтаар зээлж авсан. Хариуцагч Б.Л манай байгууллагаас олгосон зээлийн гэрээний дагуу ........... загварын гар утсыг П ХХК-иас худалдан авсан бөгөөд барьцаат зээлийн гэрээнд заасан ёсоор хуваарьт төлбөрийг хугацаанд нь төлөх үүрэг хүлээсэн. Б.Л нь М-БЗГ/2022-53992 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулж зээл авснаас хойш 2025.09.09-ний байдлаар эргэн төлөлтийн хуваарийн дагуу 2,606,335.92 төгрөг төлөөгүй, гэрээний үүргээ зөрчин 999 хоног хугацаа хэтрүүлсэн бөгөөд барьцаат зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна. Манай байгууллагаас харилцагчийг зээл авах үедээ бүртгүүлсэн ........... тоот хаягаар Өмнөговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хаягтаа амьдардаггүй тул Өмнөговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 143/ШЗ2024/01299 дугаартай шүүгчийн захирамж гарч хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна. Б.Л-ийг бид өөрсдийн бүхий л боломжоороо эрэн хайх ажлыг хийсэн боловч, зээл авч байх үед бүртгүүлсэн хаяг дээрээ оршин суудаггүй, холбоо барих утасны дугаар холбогдох боломжгүй зэргээс шалтгаалан олж чадахгүй байна.
Иймд гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардахын тулд хариуцагчийг хаана байгааг тодорхой болгож, нэхэмжлэл гаргах шаардлагатай байгаа тул хариуцагч Б.Л-ийг эрэн сурвалжлах шийдвэр гаргаж өгнө үү... гэжээ.
Хүсэлт гаргагч нь энэхүү шаардлагатай холбогдуулан улсын бүртгэлийн 00000000 дугаар бүхий хуулийн этгээдийн гэрчилгээ /хх-ийн 3 х/,
-Улсын тэмдэгтийн хураамжид 2025.09.29-ний өдөр 70,200 төгрөг тушаасан баримт /хх-ийн 4-5 х/,
-2025.09.24-ний өдрийн 8355 дугаартай Б.Э, Ж.Б, Х.Х, Ж.Э, Т.Т нарт олгосон итгэмжлэл /хх-ийн 6 х/,
-2022.08.08-ны өдрийн М-БЗГ/2022-53992 дугаартай Барьцаат зээлийн гэрээ /хх-ийн 7-9 х/,
-Зээлийн эргэн төлөлтийн хуваарь /хх-ийн 10 х/,
-2022.08.08-ны өдрийн М-БЗГ/2022-53992 дугаартай Барьцаат зээлийн гэрээний нэмэлт барьцаа /хх-ийн 11 х/,
-Зээл төлөлтийн дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 12 х/,
-Өмнөговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.09.27-ны өдрийн 143/ШЗ2024/01299 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж /хх-ийн 13-14 х/ зэрэг баримтуудыг хавсарган ирүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүхээс хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно гэж заасан.
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Л-ийн оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байгаа тул түүнийг эрэн сурвалжлуулахаар Х ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т шүүхэд хүсэлт гаргажээ.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2022.08.08-ны өдрийн М-БЗГ/2022-53992 дугаартай Барьцаат зээлийн гэрээнд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Л-ийн оршин суух хаягийг ............ тоот гэж тодорхойлсны дагуу Х ХХК нь зээлийн гэрээний үүрэгт 1,834,867.75 төгрөг гаргуулахаар Өмнөговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан байна.
Өмнөговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.09.27-ны өдрийн 143/ШЗ2024/01299 дугаартай шүүгчийн захирамжаар Б.Л нь нэхэмжлэлд дурдсан хаягт ...бүртгэлтэй боловч оршин суудаггүй... гэх багийн Засаг даргын тодорхойлолтыг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /хх-ийн 13-14 х/,
Б.Л нь Х ХХК-тай 2022.08.08-ны өдөр М-БЗГ/2022-53992 дугаартай Барьцаат зээлийн гэрээ байгуулан 1,499,900 төгрөгийн зээл авсан талаарх баримт хэрэгт авагдсан, энэхүү гэрээтэй холбоотой нэхэмжлэл гаргах Х ХХК-ийн шаардлагад хариуцагч болох үндэслэлтэй байна. /хх-ийн 7-12 х/,
Б.Л нь 2022.08.08-ны өдрийн М-БЗГ/2022-53992 дугаартай Барьцаат зээлийн гэрээнд тусгагдсан дээрх хаягт ...бүртгэлтэй боловч оршин суудаггүй... болох нь Өмнөговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.09.27-ны өдрийн 143/ШЗ2024/01299 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, Хэрэглээний лизинг ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т-ийн шүүхэд ирүүлсэн хүсэлтээр тус тус тогтоогдлоо.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д Хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана, 155.4-т Хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ гэж тус тус заасан.
Иймд Х ХХК-ийн хүсэлтийг хүлээн авч иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Л-ийн оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг түүний сүүлд оршин сууж байсан харьяа аймгийн Цагдаагийн байгууллагад даалгах нь зүйтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааныг өөрийг нь оролцуулахгүйгээр хийж өгөх хүсэлтийг ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасны дагуу түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох И овогт Б.Л /РД:00000000/-ийг эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Б.Л-ийг эрэн сурвалжлах, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг түүний сүүлд оршин сууж байсан харьяа аймгийн Цагдаагийн байгууллага болох Өмнөговь аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т тус тус зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ДАШДЭЧМАА