2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 191/ШШ2025/09946

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 11 14 191/ШШ2025/09946

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: ................ тоот хаягт байрлах, Х ХХК /РД:00000000/-ийн хүсэлттэй,

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б овогт Б.Н /РД:00000000/-ийг эрэн сурвалжлуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Э оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Х ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э шүүхэд гаргасан хүсэлтдээ: ...иргэн Б.Н нь манай компанитай 2023.05.13-ны өдөр ТВ-СТГ/2023-115579 Санхүүгийн түрээсийн /лизинг/ гэрээ байгуулан 5,224,900 төгрөгийг сарын 2,98 хувийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатайгаар гар утас худалдан авах зориулалтаар зээлж авсан. Зээлдэгч Б.Н нь манай байгууллагаас олгосон зээлийн гэрээний дагуу ............ загварын гар утас П ХХК-иас худалдан авсан бөгөөд Санхүүгийн түрээсийн /лизинг/ гэрээнд заасан ёсоор хуваарьт төлбөрийг хугацаанд нь төлөх үүрэг хүлээсэн. Зээлдэгч Б.Н нь ТВ-СТГ/2023-115579 тоот Санхүүгийн түрээсийн /лизинг/ гэрээ байгуулж зээл авснаас хойш 2025.09.10-ны байдлаар эргэн төлөлтийн хуваарийн дагуу 9,903,533.97 төгрөг төлөх байснаас 308,000 төгрөг төлж, зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу 9,595,533.97 төгрөгийн төлбөрийг төлөөгүй гэрээний үүргээ зөрчин 780 хоног хугацаа хэтрүүлсэн бөгөөд Санхүүгийн түрээсийн /лизинг/ гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна. Манай байгууллагаас харилцагчийг зээл авах үедээ бүртгүүлсэн ........... тоот хаягаар Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хаягтаа амьдардаггүй нь тус дүүргийн засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 193/Ш32025/01408 дугаартай шүүгчийн захирамж гарч хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна. Б.Н-ийг бид өөрсдийн бүхий л боломжоороо эрэн хайх ажлыг хийсэн боловч, Б.Н нь зээл авч байх үед бүртгүүлсэн хаяг дээрээ оршин суудаггүй, холбоо барих утасны дугаар холбогдох боломжгүй зэргээс шалтгаалан олж чадахгүй байна.

Иймд гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардахын тулд хариуцагчийг хаана байгааг тодорхой болгож, нэхэмжлэл гаргах шаардлагатай байгаа тул хариуцагч Б.Н-ийг эрэн сурвалжлах шийдвэр гаргаж өгнө үү... гэжээ.

 

Хүсэлт гаргагч нь энэхүү шаардлагатай холбогдуулан улсын бүртгэлийн 00000000 дугаар бүхий хуулийн этгээдийн гэрчилгээ /хх-ийн 3 х/,

-2025.09.16-ны өдрийн 5201 дугаартай Б.Э, Ж.Б, Х.Х, Ж.Э, Т.Т нарт олгосон итгэмжлэл /хх-ийн 4 х/,

-Улсын тэмдэгтийн хураамжид 2025.09.30-ны өдөр 70,200 төгрөг тушаасан баримт /хх-ийн 5-6 х/,

-2023.05.13-ны өдрийн ТВ-СТГ/2023-115579 дугаартай Санхүүгийн түрээсийн /лизинг/ гэрээ /хх-ийн 7-10 х/,

-Лизингийн эргэн төлөлтийн хуваарь /хх-ийн 11 х/,

-Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 12/

-Зээл төлөлтийн дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 13 х/,

-Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025.04.30-ны өдрийн 193/ШЗ2025/01408 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж /хх-ийн 14-15 х/ зэрэг баримтуудыг хавсарган ирүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүхээс хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно гэж заасан.

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Н-ийн оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байгаа тул түүнийг эрэн сурвалжлуулахаар Х ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э шүүхэд хүсэлт гаргажээ.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2023.05.13-ны өдрийн ТВ-СТГ/2023-115579 дугаартай Санхүүгийн түрээсийн /лизинг/ гэрээнд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Н-ийн оршин суух хаягийг ............ тоот гэж тодорхойлсны дагуу Х ХХК нь зээлийн гэрээний үүрэгт 8,542,310.90 төгрөг гаргуулахаар Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд хандсан байна.

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025.04.30-ны өдрийн 193/ШЗ2025/01408 дугаартай шүүгчийн захирамжаар Б.Н нь нэхэмжлэлд дурдсан хаягт ...бүртгэлтэй боловч оршин суудаггүй... гэх хорооны Засаг даргын тодорхойлолтыг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /хх-ийн 14-15 х/,

 

Б.Н нь Х ХХК-тай 2023.05.13-ны өдөр ТВ-СТГ/2023-115579 дугаартай Санхүүгийн түрээсийн /лизинг/ гэрээ байгуулан 5,224,900 төгрөгийн зээл авсан талаарх баримт хэрэгт авагдсан, энэхүү гэрээтэй холбоотой нэхэмжлэл гаргах Х ХХК-ийн шаардлагад хариуцагч болох үндэслэлтэй байна. /хх-ийн 7-11 х/,

Б.Н нь 2023.05.13-ны өдрийн ТВ-СТГ/2023-115579 дугаартай Санхүүгийн түрээсийн /лизинг/ гэрээнд тусгагдсан дээрх хаягт ...бүртгэлтэй боловч оршин суудаггүй... болох нь Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025.04.30-ны өдрийн 193/ШЗ2025/01408 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, Хэрэглээний зээл ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э-ийн шүүхэд ирүүлсэн хүсэлтээр тус тус тогтоогдлоо.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д Хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана, 155.4-т Хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ гэж тус тус заасан.

 

Иймд Х ХХК-ийн хүсэлтийг хүлээн авч иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Н-ийн оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг түүний сүүлд оршин сууж байсан харьяа дүүргийн Цагдаагийн байгууллагад даалгах нь зүйтэй гэж үзлээ.

 

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааныг өөрийг нь оролцуулахгүйгээр хийж өгөх хүсэлтийг ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасны дагуу түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б овогт Б.Н /РД:00000000/-ийг эрэн сурвалжилсугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Б.Н-ийг эрэн сурвалжлах, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг түүний сүүлд оршин сууж байсан харьяа дүүргийн Цагдаагийн байгууллага болох Налайх дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т тус тус зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ДАШДЭЧМАА